Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/01133

 

****- **** **** **** ****

**** **** замын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

**** Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02629 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр магадлалтай, 

****- **** **** **** **** **** **** замын нэхэмжлэлтэй,

“ ****” ХХК-д холбогдох, 

Вагоны зам, талбай ашиглалтын хөлс 194,023,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа, Д.Сонин-Учрал, хариуцагчийн төлөөлөгч Б.Чинзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч ****- **** **** **** **** **** **** зам нь хариуцагч “ ****” ХХК-д холбогдуулан вагоны зам, талбай ашиглалтын хөлс 194,023,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02629 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3, 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар хариуцагч “ ****” ХХК-аас вагоны зам, талбайн ашиглалтын хөлс 194,023,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****- **** **** **** **** “ **** **** зам”-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ****- **** **** **** **** “ **** **** зам”-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,128,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ****” ХХК-аас 1,128,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****- **** **** **** **** “ **** **** зам”-д олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02629 дүгээр шийдвэрийн 1 дэх хэсгийн заалтын “194,023,000 төгрөгийг гаргуулж” гэснийг “159,012,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,011,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн, 2 дахь хэсгийн заалтын “1,128,065” гэснийг “953,010” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,128,065 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн төлөөлөгч Б.Чинзоригт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 183/ШШ2020/02629 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 34 дүгээр магадлал зэргийг эс зөвшөөрч хариуцагч, түүний өмгөөлөгчөөс шүүх нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйл 172.2.1-д заасныг зөрчиж хэргийг үйлдвэрлэсэн үндэслэлээр мөн хуулийн 172.1-д заасныг үндэслэн доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Шүүх нь зохигчийн хооронд байгуулсан Зам ашиглалтын болон талбай ашиглалтын гэрээний хугацаа дуусгавар болсон, талууд гэрээг сунгаагүй, цаашид зам ашиглах талаар шинээр гэрээ байгуулаагүй, **** зам ашиглалтын талаар талууд гэрээ байгуулж үнэ тохироогүй, “ ****” ХХК нь **** **** **** **** **** “ **** **** зам”-тай Вагон хадгалалтын, түрээслэх болон эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулаагүй байтал төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

4.2. Нэхэмжлэгч нь Өрсөлдөөний тухай хууль, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зохих дүрэм, журмыг зөрчин өөртөө давуу байдлыг бий болгон “ ****” ХХК-ийг тээвэр хийхгүй, сул зогсолттой байгааг мэдсээр 2015.04.17-ны өдрөөс өдөр тутамд 20,000 төгрөгөөр тооцож, тарифт өөрчлөлт орсон тухай бүрийн тооцоогоор мөн 2020.05.15-ны өдрөөс хойш вагон, талбай ашиглалтын хөлсийг нэмэгдсэн тарифаар тус бүр тооцож нийт 194,023,000 нэхэмжилснийг анхан шатны шүүх гаргуулж шийдвэрлэсэнд давж заалдах шатны шүүх 35,011,000 төгрөгийг хасаж 159,012,000 болгон өөрчилж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

4.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь ямар нэг эрх бүхий байгууллагын акт гараагүй байхад шууд өөрсдөө тооцоог дураар гаргаж нэхэмжилснийг шүүх анхаарч үзсэнгүй.

4.4. Нэхэмжлэгчээс “ ****” ХХК нь 20 гаруй сая төгрөгийн авлагатай байсан бөгөөд энэ талаар тооцоо нийлье гэхэд авч үзээгүй, эвлэрэн хэлэлцье гэхэд мөн авч үзээгүй монопол байдлаар хандсан. Шүүх “ ****” ХХК нь УБТЗ-н эзэмшлийн талбай дээр зогсож буй вагонуудаа бие даан хөдөлгөөн хийх буюу өөр байгууллагын эзэмшлийн зам дээр аваачиж байрлуулах ямар ч боломж бололцоогүй 1м ч хөдлөх эрхгүй байдаг гэдгийг харгалзан үзээгүй. Учир нь УБТЗ эзэмшлийн вагон ч бай ба бусад байгууллагын эзэмшлийн вагон ч бай ямар ч вагоныг 1 жилээс дээш хөдөлгөөн тээвэр хийхгүй зогссон л бол тухайн Техник Үйлчилгээний Газраас хос дугуйнд бүрэн магадалгаа хийсний дараа шаардлагатай засвар үйлчилгээг тухайн вагоны тэргэнцэр дээр хийсний дараа хөдөлгөөнд оролцуулдаг. УБТЗ бол удирдлагын босоо тогтолцоотой байгууллагын ****д дээд шийдвэр гаргах түвшний дарга нараас зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд шат шатны нэгжүүд ямарваа үйл ажиллагааг бие даан явуулах, өөрийн шийдвэрийг хэрэгжүүлэх эрхгүй байдаг. “ ****” ХХК-аас 2016 оноос эхлэн 2017, 2018, 2019, 2020 онуудад УБТЗ-д удаа дараа албан бичиг илгээж энэхүү асуудлыг шийдвэрлэх галаар янз бүрийн санал санаачилга гарган ажиллаж байсан ба өөрийн эзэмшлийн вагоноороо тээвэр хийж олсон орлогоосоо график гарган хэсэгчлэн төлөх /2017 оноос эхлэн тээврийн захиалгууд ирж эхэлсэн/, эсвэл УБТЗ-д эдгээр вагонуудаа түрээслэх бүр эдгээр вагонуудаа худалдах талаар өөрсдийн илгээсэн санал хүсэлтдээ тусгаж байсан нь шүүхийн хавтаст хэрэгт хавсрагдсан УБТЗ-д хандсан бидний албан бичгүүдэд тодорхой тусгагдсан байгааг анхаарч үзсэнгүй.

4.5. УБТЗ-аас бидний хүсэлтийн хариуд байнга бүх тооцоогоо бэлэн тушаасны дараа зохих засвар үйлчилгээ хийх боломжтой хариу өгдөг байсан ба бид удаан хугацааны турш тээвэрлэлт хийгээгүй өөр орлогын эх үүсвэргүй учраас бэлэн төлөх боломжгүй, банк санхүүгийн байгууллагуудад хандаж зээл авъя гэхэд эдгээр вагонууд нь банкны зээлийн барьцаанд байгаа тэгээд ч үйл ажиллагаагаа явуулаагүй учраас зээл гаргах боломжгүй гэсэн хариу өгдөг талаараа УБТЗ-н удирдлагуудад амаар болон албан бичгээр тайлбарлан 2007-2015 оны хооронд “ ****” ХХК нь УБТЗ-д 1 тэрбум 500 сая орчим төгрөгийн орлого оруулсан байдлыг минь харгалзан үзэж бидний асуудлыг нааштай шийдвэрлэж өгөхийг гуйж байсан ч ОХУ-д вагоноо явуулж их засварт оруулах, УБТЗ-н Ерөнхий Хороонд хандаж энэ төлбөрийн асуудлаа тавь гэх мэтчилэн тоймтой хариу өгөхгүй байсаар өдий хүрсэн. Энэ хооронд эдгээр вагонууд нь хоногт 120,000 төгрөг, сард 3,600,000 төгрөгийн зам ашиглалтын төлбөрт унаж өнөөдөр хүртэл хохирсоор байна. Энэ нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3-т “Төмөр замын тээврийн үйлчилгээний үнэ, тарифыг улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хэрэглэгчийн ашиг сонирхлыг харгалзан энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоож мөрдөх” гэсэн заалтыг зөрчин УБТЗ өөрийн зах зээл дэх монопол эрхээ ашиглан манай компанийг хохироож байна гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээс 35,011,000 хасаж, нэхэмжлэлээс 159,012,000 төгрөгийг хариуцагчаар гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

4.6. Түүнчлэн УБТЗ нь удирдах албан тушаалтны хамаарал бүхий компанийн вагонуудын зам ашиглалтын төлбөрийг нэг удаа тэглэсэн байдаг нь хэрэглэгчдэд ялгавартай ханддаг хэрэг гэж үзэж байна. Эцэст нь энэ бүгдийн анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарлан нэхэмжлэгч талтай мэтгэлцэх хүсэлтэй байсан боловч бидний итгэмжлэгдсэн төлөөлөгч маань тухайн өдөр УБ хотод их хэмжээний цас орж тэг зогсолт хийсэн өдөр бөгөөд шүүх рүү очих явцад замын түгжрэлээс үүдэлтэй 1 цаг 30 минут явах хооронд шүүх хуралдаан эхэлсэн учир шүүх хуралдаанд оролцож чадаагүй, бид итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө итгэж найдаж байсан учраас өөрийн биеэр тухайн шүүх хуралдаанд оролцоогүйн улмаас бид өөрийн эрх ашгаа хамгаалан мэтгэлцэх боломж гараагүй, Давж заалдах шатны шүүх хуралдаан нь ковидын хатуу хөл хорионы үед хуралдсан бөгөөд шүүхээс компани, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алийг оролцуулах нь ойлгомжгүй байгаад мөн хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцож эрх ашгаа хамгаалж чадаагүй болно.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 183/ШШ2020/02629 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 34 дүгээр магадлал зэргийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч ****- **** **** **** **** “ **** **** зам” нь хариуцагч “ ****” ХХК-д холбогдуулан вагоны зам, талбай ашиглалтын хөлсөнд 194,023,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үндэслэлийг ...хариуцагч нь өөрийн эзэмшлийн 53700548 дугаартай вагоныг 2007.10.01-ний өдрөөс, 500017 дугаартай вагоныг 2015.06.19-ний өдрөөс, 510024 дугаартай вагоныг 2015.04.17-ны өдрөөс манай **** зам дээр зогсоосон, гэвч дээрх вагонуудыг татаж авахгүй, вагоны зам, талбай ашигласны хөлсийг төлөхгүй байна гэж маргажээ. 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...3 вагоныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016.09.13-ны өдрийн 01, 2017.01.12-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан тул ямар нэгэн хөдөлгөөн хийх, өөр бусад төлбөргүй зам руу шилжүүлэх боломжгүй... гэсэн тайлбарыг гаргасан байна. 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3, 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар хариуцагчаас вагоны зам, талбайн ашиглалтын хөлсөнд 194,023,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...хариуцагчаас 159,012,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх 35,011,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг оруулжээ. 

Давж заалдах шатны шүүх маргаанд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, ...нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт хариуцагчаас 159,012,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцсэн байна. 

8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, талууд 2020.05.15-ны өдөр зам талбай ашиглалтын хөлсний талаар тооцоо нийлж, төлбөрийн акт үйлдсэн байх ба уг актаар тогтоогдсон өр төлбөр болох 2400024 вагоны зам талбай ашиглалтын хөлс 50,500,000 төгрөг, 500017 вагоны зам талбай ашиглалтын хөлс 35,940,000 төгрөг, 53700548 вагоны зам талбай ашиглалтын хөлс 72,572,000 төгрөг, нийт 159,012,000 төгрөгийн өрийг хариуцагч “ ****” ХХК нь хүлээн зөвшөөрч, тооцооны баримтад эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 19, 20 тал/ 

Давж заалдах шатны шүүх дээрх тооцоо нийлсэн баримтад үндэслэн хариуцагч “ ****” ХХК-аас вагоны зам, талбай ашиглалтын хөлсөнд 159,012,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****- **** **** **** **** “ **** **** зам”-д олгон, үлдэх 35,011,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасанд нийцсэн байна.  

9. Хариуцагчаас ...манай эзэмшлийн 3 вагоныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласнаас зогсоолын төлбөрийг төлөх боломжгүй гэж тайлбарлах боловч энэхүү нөхцөл байдал нь хариуцагчийг вагоны зам, талбай ашиглалтын хөлс төлөхөд саад болохгүй, уг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ. 

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.25-ны өдөр төлсөн 953,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ЗОЛЗАЯА 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД                                                                  Г.БАНЗРАГЧ 

                                                                                                Б.МӨНХТУЯА 

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ