Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 02683

 

 

 

 

 

 

 

 

 

2020            09             21                                                   102/ШШ2020/02683                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.С

Хариуцагч: Б.О нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,887,000 /дөрвөн сая найман зуун наян долоон мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.С, Б.О нарын хүсэлтээр 2019.12.19-нд 3.0 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдэгчийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн хүүг сар бүр, үндсэн зээлийг зээлийн хугацааны эцэст өгөхөөр тохиролцсон ч гэрээний 3 сарын хугацаанд огт хүү төлөөгүй, мөн зээлийн гэрээний хугацаа дууссан ч үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг огт төлөлгүй е-өөдрийг хүрлээ. Зээлдэгч болон хамтран зээлдэгчээс удаа дараа төлөлтөө хийхийг шаардсан боловч утсаа авахгүй, дугаарыг маань блоклон холбогдохгүй болсон. Бид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаанд орсон ч Д.С, Б.О нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, авсан зээл, хүү, алдангийг төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Д.С, Б.О нараас зээлийн үндсэн төлбөр 3.0 сая төгрөг, 3 сарын хүү 720.000 төгрөг, алданги 1.167.000 төгрөг, гэрээнд заасан 1 сарын 19-ний өдрөөс 117 өдрийн алданги 140.400 төгрөг, 2 сарын 19-ний өдрөөс 86 өдрийн алданги 103.200 төгрөг, 3 сарын 19-ний өдрөөс 57 өдрийн алданги 68.400 төгрөг, үндсэн зээлийг гэрээнд заасан хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй 57 өдрийн алданги 855.000 төгрөг, нийт 4.887.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний сайн танил Энх-Амгалан 2019.12.18-ны өдөр над руу залган мөнгө хэрэгтэй байна, 2,0 сая төгрөг зээлээч гэсэн. Надад тухайн үед мөнгө байгаагүй. Гэтэл маргааш нь надад би нэг дүүтэйгээ ярьчлаа, очоод авчих, гэхдээ зээлийн гэрээ хийнэ гэж байна, чи төлбөрийн үлдэгдэл 1,0 сая төгрөгийг нэмээд авчих гэсэн. Би түүнд туслахаар болоод Бтэй гэрээ байгуулж, дансаар 3,0 сая төгрөг аваад 2,0 сая төгрөгийг Энх-Амгаланд шилжүүлсэн. Иймд би өөрийн авсан 1,0 сая төгрөгийг хүүтэй, алдангитай төлөхөд татгалзахгүй, харин Энх-Амгалангийн 2,0 төгрөгийг хүү, алдангийн хамт төлөхгүй. Манай нөхөр О энэ хэрэгт хамаагүй, намайг гэрээ байгуулахдаа орон нутгийн хаягтай юм байна, нөхрөө дууд гэхээр нь ирүлж гарын үсэг зуруулсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Б нь Д.С, Б.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,887,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь өөрийн авсан 1,000,000 төгрөгийг хүүтэй, алдангитай төлөхөд татгалзахгүй, харин 2,000,000 төгрөгийг Энх-Амгаланд шилжүүлсэн үндэслэлээр хүү, алдангийн хамт төлөхгүй гэж маргаж байна.

 

Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.С, Б.О нарт 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь Д.Солонгын Хаан банк дахь 5114167749 дугаар данс руу шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 3,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хүү тохиролцож болно гэж заасан ба гэрээний 1.4 дэх заалтаар 8 хувийн хүү тохиролцсон байх тул гэрээний 3 сарын хугацааны хүүний төлбөрт 720,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Зээлийн гэрээний 3.2.2 дахь заалт нь Иргэний хуулийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүйгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсонд нийцжээ.

 

Хариуцагч нь гэрээний 3 сарын хугацаанд хүү төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул сард төлөх хүү 240,000 төгрөгт болон үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 3,720,000 төгрөгт 0,5 хувийн алданги тооцоход нэхэмжлэгчийн тодорхойлсноос илүү байгаа боловч алдангид 1,167,000 төгрөг гэж тодорхойлсноор тооцох үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Д.Сос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд /3,000,000+720,000+1,167,000/ нийт 4,887,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй ба харин хариуцагч Б.Од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Хэдийгээр хариуцагч Д.С нь мөн өдрөө бусдад 2,000,000 төгрөгөө шилжүүлсэн байгаа боловч энэ нь тухайн зээл болон хүү, алдангиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 93,142 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 93,142 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Сос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,887,000 /дөрвөн сая найман зуун наян долоон мянга/ төгрөг гаргуулан Б.Бт олгож, хариуцагч Б.Од холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 93,142 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 93,142 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ