Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/01129

 

 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02361 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар магадлалтай,

 

*******ийн нэхэмжлэлтэй

Н.Цэдэвсүрэнд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029153 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 дүгээр байр, 21 тоот хаягт байршилтай, 46.74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хохирол 34,541,896 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Орон сууцны төлбөрт шилжүүлсэн 43,000,000 төгрөг, хохирол 17,223,583 төгрөг, нийт 60,223,583 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхмандахын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******ээс*******д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029153 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 дүгээр байр, 21 тоот хаягт байршилтай, 46.74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хохирол 34,541,896 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны төлбөрт шилжүүлсэн 43,000,000 төгрөг, хохирол 17,223,583 төгрөг, нийт 60,223,583 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02361 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******гийн эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029153 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 дүгээр байр, 21 тоот хаягт байршилтай, 46,74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******ээс орон сууцны төлбөрт хүлээн авсан 43,000,000 төгрөг буцаан гаргуулж, хариуцагч*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 34,541,896 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Саранцэцэгээс хохирол 60,223,583 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 839,985 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602,235 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02361 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...нэхэмжлэгч Ж.Саранцэцэгээс... гэснийг ...нэхэмжлэгч *******ээс... гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...602,235 төгрөгийг гэснийг ...459,068 төгрөгийг гэж тус тус өөрчлөн ...төсөвт хэвээр үлдээж гэсний дараа ...илүү төлсөн 143,167 төгрөгийг хариуцагчид буцаан олгож гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхмандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийн эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзсантай холбогдуулан өөрт учирсан хохиролд тооцож дараах шаардлага гаргасан.

а. Хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл 33 сарын хугацаанд зээлийн хүүнд 8,917,918 төгрөг төлсөн.

б. Зээлтэй холбоотой амь нас, эд хөрөнгийн даатгалд 2018 онд 124,209 төгрөг, 2019 онд 122,769 төгрөг, бүгд 246,978 төгрөг төлсөн.

в. Одоо өөрөө түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд 2020 оны 04 дүгээр сараас хойш сар бүр түрээсийн төлбөрт 750,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөг төлсөн.

г. Хариуцагч орон сууцыг эзэмшээгүй байсан бол зах зээлийн ханшаар сар бүрийн 700,000 төгрөгөөр түрээсэлж олох байсан орлого 23,100,000 төгрөг, нийт 34,541,896 төгрөгийг учирсан хохиролд тооцон гаргасан шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс а, б дугаар зардал нэхэмжлэгч гуравдагч этгээд банктай байгуулсан орон сууцны зээлийн үүргийг хариуцагч хариуцахгүй, 2-д байгаа олох байсан орлого нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнэж шийдвэрлэсэнтэй хяналтын шатанд маргахгүй.

Харин нэмэгдүүлсэн шаардлагын в-д байгаа одоо өөрөө түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд 2020 оны 04 дүгээр сараас хойш сар бүр түрээсийн төлбөрт 750,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөг гэдэг шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж тодорхойлон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар шаардлагын үндэслэлээ болгож байхад анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ /шийдвэрийн 5 дахь хуудасны дороосоо 2 дахь догол мөр/ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т .... гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч .... баримтаар нотлоогүй гэж хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ дүгнэсэн.

Нэхэмжлэгч тал байр түрээслэн амьдарч байгаа, төлбөрт 2,250,000 төгрөг төлсөн зэрэг холбогдох баримтаа хэрэгт гаргаж өгсөн, үүнийг үнэлээгүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ /магадлалын 6 дахь хуудасны дороосоо 1 дэх догол мөр/ харин нэхэмжлэгч ******* нь худалдан авагч талаас шилжүүлсэн орон сууцны төлбөрийг банкны зээлд тушааж, орон сууцны өмчлөх эрхийг*******д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай тул хохирол шаардах эрхгүй гэж дүгнээд шаардлага хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөрчихгүй гэжээ.

Хоёр шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхийн хууль зүйн үндэслэлийг хэрэгт цугларсан баримтыг үндэслэн үнэлэхдээ анхан шатанд эрхтэй гээд нотлох баримтыг буруу үнэлсэн хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатанд эрхгүй гэж нотлох баримтыг буруу үнэлэн өөр өөр дүгнэлт хийсэнтэй санал нийлэхгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан нь хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс болсон гээд 227.1-д заасан эрхтэй гэж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн боловч хохирол шаардсан баримт байхгүй гэж үзэхдээ нэхэмжлэгчээс гаргаж өгсөн одоо байр түрээслэн амьдарч байгаа түрээсийн гэрээ, төлбөрт 2,250,000 төгрөг төлсөн баримтыг үнэлээгүй.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч орон сууцны зээлийг хариуцагчаас авсан мөнгөөр төлөөгүй буруутай нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, үүнээс болж эрхгүй гэж дүгнэж байгааг үндэслэлгүй гэж үзнэ. Тогтоогдсон үйл баримтаар бол хариуцагч үлдэгдэл төлбөрөө төлж байж зээлийг нэхэмжлэгч төлж дуусгаж өмчлөх эрхийг шилжүүлэхээр талууд тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгчийг буруутгаж өмчлөх эрхээ шилжүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй, талууд нөхцөл байдлыг бие биедээ мэдээллэсэн, мэдэж байсан, үүнийг үндэслэн эзэмших, ашиглах эрхийг хариуцагчид шилжүүлсэн нь хэрэгт байгаа баримтаар нэгэнт тогтоогдсон.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг буруу үнэлж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хууль болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгийг хэрэглэн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн байр түрээслэн амьдарсан зардал 2,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч Ж.Саранцэцэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Н.Цэдэвсүрэнд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 байрны 21 тоот, 46.74 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиолцож 2017.09.13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, худалдагч 28,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн тул үлдэх төлбөрийг 2017.10.20-ны дотор төлж барагдуулах, өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирч, орон сууцны эзэмшлийг шилжүүлэн өгсөн.

2017.11.28-ны өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлснээс өөр төлбөр хийгээгүй, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй атлаа өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд орон сууцанд амьдарч байгаа тул*******гийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү,

Орон сууцыг 2014 онд жилийн 8 хувийн хүүтэй зээлээр авч, 70,000,000 төгрөгийн зээлийн сар бүрийн төлбөрийг гэрээ хийсэн хугацаанаас хойш******* төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй тул сар бүр 412,000 төгрөгийн төлбөрийг төлж байна, мөн өөрийн орон сууцгүй болсон тул хүүхдүүдийн хамт түрээсийн байранд амьдарч байна, өөрийн байрыг зах зээлийн ханшаар сард 700,000 төгрөгөөр түрээсэлсэн бол 30 сарын хугацаанд 21,000,000 төгрөгийг олох боломжтой байсан. Иймд зээлийн хүүд 8,917,918 төгрөг, Зээлийн гэрээтэй холбоотой амь нас, эд хөрөнгийн даатгалд төлсөн 246,978 төгрөг, 2020 оны 04 дүгээр сараас хойш орон сууцны түрээсийн төлбөрт төлсөн 2,250,000 төгрөг, өөрийн орон сууцыг бусдад түрээсэлсэн бол олох байсан орлого 23,100,000 төгрөг, нийт 34,541,896 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,

 

Хариуцагч*******: ...нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үед урьдчилгаанд өгсөн 28,000,000 төгрөг, сүүлд өгсөн 15,000,000 төгрөгийг ч зээлийн төлбөрт төлөөгүй тул түүнд банкны зээлээ төлж, байрыг надад шилжүүлэх хүсэл, зориггүй байна гэж үзэн үлдэх 27,000,000 төгрөгийг төлөөгүй. Улмаар энэ асуудлыг ярилцахаар уулзахад байрны үнэ нэмэгдсэн үндэслэлээр нэмж 20,000,000 төгрөг өгөхийг шаардаж, зөвшөөрөхгүй бол байраа буцааж авна гэсэн. Иймд нэхэмжлэгчид байраа худалдах санаа зорилго байгаагүй, дүр үзүүлж хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй... гэж тайлбарлаж,

 

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ...тухайн орон сууцыг худалдаж авсан гэж ойлгосон тул засвар хийсэн, нэхэмжлэгчид өгсөн 43,000,000 төгрөгийг өөрийн хадгаламж болон бусад орлогоос бүрдүүлж өгсөн тул хэрэв дээрх мөнгө хадгаламжид байсан бол арилжааны банкнуудын хадгаламжийн дундаж хүүгээр тооцоход 12,473,583 төгрөгийн орлого олох байсан, энэ хэмжээний хохирол учирсан гэж үзэж байна.

Иймд орон сууцны төлбөрт төлсөн 43,000,000 төгрөг, олох байсан орлого буюу хохирол 12,473,583 төгрөг, засварын хөлс 4,750,000 төгрөг, нийт 60,223,583 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна... гэж тайлбарласан,

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...хариуцагч төлбөрөө бүрэн төлөөгүй буруутай тул тэрээр хохирол, олох байсан орлого шаардахгүй, мөн өөрийн амьдарч байсан байранд засвар хийж, 3 жил амьдарсан тул засварын зардлыг зөвшөөрөхгүй... гэжээ.

 

7. Анхан шатны шүүх маргаж буй орон сууцыг*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчээс 43,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, үндсэн нэхэмжлэлийн бусад шаардлагыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг ташаа бичсэн алдааг залруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 143,167 төгрөгийг буцаан олгуулахаар өөрчлөлт оруулжээ.

 

8. Давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалд хариуцагч гомдол гаргаагүй, харин нэхэмжлэгчээс бусдын орон сууцыг түрээслэн амьдарсан зардал 2,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар хяналтын журмаар гомдол гаргасан байна. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 

9. Зохигч 2017.09.13-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч буюу нэхэмжлэгч ******* өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол ХД71-р байрны 21 тоот орон сууцыг худалдан авагч буюу хариуцагч*******д 70,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч урьдчилгаа 28,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэх 42,000,000 төгрөгийг 2017.10.20-ны дотор төлж дуусгахаар, орон сууц Худалдаа хөгжлийн банкны зээлийн 45,000,000 төгрөгийн барьцаанд байгаа тул байрны зээлийг төлж дуусган, орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

10. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ, 110 дугаар зүйлийн 110.1-д ...уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж зохицуулсан.

 

11. Талууд гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн тул гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, гэрээний дагуу хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүргийн харилцаа үүснэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас өгсөн орон сууцны төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлээгүй буруутай гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болсон орон сууц Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах ба хариуцагчийн орон сууцны үнэд өгсөн 43,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч нь банкны зээлийг төлсөн үйл баримт тогтоогдоогүй тул төлбөр бүрэн төлөгдсөн ч орон сууцыг барьцаанаас чөлөөлөх боломжгүй гэх үндэслэлээр хариуцагч төлбөрийг төлөх үүргээ зогсоосон байх бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанд дан ганц хариуцагчийг буруутгах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

12. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, зохигчийн хооронд байгуулсан гэрээ цуцлагдсанд талууд хэн аль нь буруутай байх тул талууд хохирол шаардах эрхгүй, энэ үндэслэлээр хариуцагч орон сууцыг суллаж өгөөгүйгээс 2020.04 дүгээр сараас хойш түрээсийн байранд амьдарч, түрээсийн төлбөрт төлсөн 2,250,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

13. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхийн техникийн шинжтэй алдааг залруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхмандахын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2021.01.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН          Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                         Г.БАНЗРАГЧ

                                              Б.МӨНХТУЯА

                                                   Х.ЭРДЭНЭСУВД