Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 678

 

 

 

 

 

                        

  2020             5              26                                          2020/ДШМ/678

 

                

О.Ө, О.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч О.Ө, О.Ө, тэдний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Ө, О.Ө нарын гаргасан давж заалдах гомдлоор тэдэнд холбогдох 1911004870341 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овгийн О-н Ө, 1979 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүд, дүү, зээ нарын хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Шадивлан ...дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...................../,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

2. Боржигон овгийн О-н Ө, 1981 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан ... дүгээр гудамжны ... тоотод орших бүртгэлтэй, /РД:...................../,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 218 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 6 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 360 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 569 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 7 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 469 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 423 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 469 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж, нийт эдлэх 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор 3 жил 1 сар болгон өөрчилж, 2012 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 290 дугаартай шүүгчийн захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 14 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

1. О.Ө, О.Өлзийбат, О.Ө нар бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр О. Чингэлтэй дүүргийн 12 хороо, Булгийн 3-245а тоотод оршин суух иргэн Г.Эрдэнэбилэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийнх нь хаалганы цоожийг эвдэн орж, хувцас болон бусад эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан,

2. О.Ө, О.Ө нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 07-91 тоот хашаанд оршин суух иргэн Т.Нямаагийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийнх нь цонхоор нэвтрэн орж, Сони загварын 40 инчийн 465.540 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан,

3. О.Ө, О.Ө нар бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 хороо, Нуурын 2-18 тоотод оршин суух иргэн Ж.Галжингийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг эвдэн орж, Самсунг загварын 42 инчийн зурагт, ор хөнжпийн давуу, ноолууран цамц, Түрк наапа зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 882.794 төгрөгийн хохирол учруулсан,

4. О.Ө, О.Ө нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 11 дүгээр гудамжны 649 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийнх нь дээврийн цонхыг хагалан нэвтрэн орж, Сони загварын 42 инчийн зурагт, эмэгтэй, эрэгтэй хүний куртик зэрэг 993.253 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан,

5. О.Ө, О.Ө нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7-437 тоотод оршин суух иргэн С.Болормаагийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж, мөнгөн бөгж, гинжний хослол, гоёлын ээмэг, гоо сайханы хэрэгсэл, сахлын машин, манан хөөрөг, куртик, бугуйн цаг, хонины мах, бууз зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 636.800 төгрөгийн хохирол учруулсан,

6. О.Ө нь ганцаараа 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 2-3-6 тоотод оршин суух иргэн О.Баярсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, нөүтбүүк, нүүрний крем, үнэртэй ус, ойн медаль, ТСL загварын 49 инчийн ЛСД зурагт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.265.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайран дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 2-1-8 тоотод оршин суух иргэн Д.Борхүүгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Самсунг загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 3-2-3 тоотод оршин суух иргэн Г.Ганпүрэвийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Тошиба загварын 42 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 20-766 тоотод оршин суух иргэн Ж.Саранчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, зургийн аппарат, эмэгтэй хүний трико, үсний шампунь, үсний хайч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 182.200 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2-201 тоотод оршин суух иргэн Э.Алтанбаганы хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Самсунг загварын 42 инчийн зурагт, монетон бөгж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 867.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. О.Ө ганцаараа 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 21-803 тоотод оршин суух иргэн Д.Сосорбарамын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Самсунг загварын 40 инчийн 539.400 төгрөгийн үнэ бүхий зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Ө, О.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Өийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Өыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Өийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Өыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Ө, О.Ө нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өын цагдан хоригдсон 307 хоногийг, шүүгдэгч О.Өийн цагдан хоригдсон 256 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өээс 2.221.697 /хоёр сая, хоёр зуун хорин нэгэн мянга, зургаан зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эрдэнэцэцэгт 22.500 /хорин хоёр мянга таван зуу/ төгрөг, хохирогч Ж.Саранчимэгт 182.200 /нэг зуун наян хоёр мянга, хоёр зуу/ төгрөг, Э.Алтанбаганад 507.400 /таван зуун долоон мянга, дөрвөн зуу/ төгрөг, хохирогч Ж.Галжинд 441.397 /дөрвөн зуун дөчин нэг мянга, гурван зуун ерэн долоо/ төгрөг, хохирогч С.Болормаад 318.400 /гурван зуун арван найман мянга, дөрвөн зуу/ төгрөг, хохирогч О.Баярсүрэнд 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Д.Борхүүд 500.000 /таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч О.Өаас 782.297 /долоон зуун наян хоёр мянга, хоёр зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эрдэнэцэцэгт 22.500 /хорин хоёр мянга таван зуу/ төгрөг, Ж.Галжинд 441.397 /дөрвөн зуун дөчин нэг мянга, гурван зуун ерэн долоо/ төгрөг, хохирогч С.Болормаад 318.400 /гурван зуун арван найман мянга, дөрвөн зуу/ төгрөг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Өт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тоолж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж, шүүгдэгч О.Өт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ө, О.Ө нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Миний хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ үнэн шударгаар, гэм буруугаа ухамсарлан ойлгож, ямар нэгэн ээдрээт байдалгүй шүүхэд очсон билээ. Гэтэл шүүгч Г.Алтанцэцэг намайг удаа дараа ял эдэлж байсан, засарч хүмүүжээгүй, нийгэмшээгүй гэж үзэж, Эрүүгийн хуульд заасан удаа дараа ял эдэлж байсан талаарх зохицуулалтыг хэрэглэж яллах биш, хүнд ял оногдуулсан. Иймд ялын бодлогыг эргэн харж, мөн ажил хийж, хохирлоо нөхөн төлөх боломжтой, “нээлттэй” дэглэмд ял эдлэх боломжоор хангаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч О.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хэргийн зүйчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их харамсан гэмшиж байна. Би архаг хууч өвчтэй бөгөөд бөөрний хурц үрэвсэл, мэдрэлийн гаралтай хөл гар мэдээгүйжих хууч өвчтэй тул миний энэ байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч О.Ө, О.Ө нарын өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч О.Өын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд удаа дараа илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй” гэж заасан. Анхан шатны шүүх О.Өыг өмнө удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан гэж үзэж, 5 жилийн хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч О.Ө нь гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал, мөн 2015 оны Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан түүний хорих ангийн дэглэмийг бууруулж өгнө үү. Түүнчлэн шүүгдэгч О.Өийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар болон гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлдэг. Эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэхээр болж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа болгон өөрчлүүлж байсан. О.Өийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд хэрэгт авагдсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох талаар журамласан байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан миний үйлчлүүлэгч шүүгдэгч О.Ө, О.Ө нарын хорих ангийн дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн бөгөөд анхан шатны шүүхээс үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарын гаргасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэх давж заалдах гомдлуудыг шийдвэрлэх боломжгүй. Учир нь, олон удаагийн үргэлжилсэн үйлдэлтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Уг үйлдэлд нь шүүхээс өмнө ял шийтгэгдэж байсан байдлыг хүндрүүлж үзээгүй, хувийн байдал гэдэг талаас нь дүгнэж шүүгдэгч нарт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулна гэсэн зарчмыг баримталж ял шийтгэлийг оногдуулсан. Энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

1. Шүүгдэгч О.Ө, О.Ө нар нь О.Өлзийбаттай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3-245А тоотод оршин суух иргэн Г.Эрдэнэбилэгийн орон байранд нэвтэрч, хувцас болон бусад эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар авахаар завдсан,  

-О.Ө, О.Ө нар бүлэглэн  2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 07-91 тоотод оршин суух иргэн Т.Нямаагийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, Сони загварын 40 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар авахаар завдсан,

-2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 11 дүгээр гудамжны 649 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэцэцэгийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, Сони загварын 42 инчийн зурагт, эмэгтэй, эрэгтэй хүний куртик зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахыг завдсан,

 -2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 хороо, Нуурын 2-18 тоотод оршин суух иргэн Ж.Галжингийн орон байрны хаалганы цоожийг эвдэн орж, Самсунг загварын 42 инчийн зурагт, ор хөнжлийн давуу, ноолууран цамц, турк напан дээл зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 882.794 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7-437 тоотод оршин суух иргэн С.Болормаагийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, мөнгөн бөгж, гинжний хослол, гоёлын ээмэг, гоо сайханы хэрэгсэл, сахлын машин, манан хөөрөг, куртик, бугуйн цаг, хонины мах, бууз зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 636.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.Эрдэнэбилэгийн “...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад 12 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай байшингийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би Улаанаагаас “байшин онгорхой байсан юм уу, хүн орсон юм уу” гэхэд “мэдэхгүй” гэсэн. Намайг байшин руу ороход байшингийн 2 давхарт хүмүүс дуугараад байхаар нь манай хүү ирсэн байх гэж бодоод “Баагий” гээд дуудсан чинь дуугарахгүй чимээгүй болчихсон, дээд давхарт нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн байж байсан. “Та нар юу хийж байгаа юм бэ” гэхэд “өөрөө дараа нь болоорой, бид нар авах юмаа авч байна” гэж хэлсэн. Намайг цагдаа дуудах гэхэд тэд нар зугтаах гээд байхаар нь арай гэж цагдаа дуудаж бариулсан юм. ...Би энэ хүмүүсийг бол манай гэрээс эд зүйл авч явсныг нь бол хараагүй. Гэрт ороод манай байшингийн эд зүйлсийг ухаад хулгай хийхээр завдаж байх үед нь би орж барьж цагдаад өгсөн юм. ...” /1хх 132-133/,

гэрч Ц.Улаанхүүхэний “...Эрдэнэбилэг ахын дуу гараад “Улаанаа, байшин яагаад онгойчихсон юм” гэхээр нь “мэдэхгүй цоожтой л байсан шүү дээ” гэж хэлсэн. Ингээд босоод гадагш гарч байшин руу очиход байшин дотроос 1 эмэгтэй, 2 эрэгтэй нийт 3 хүн гараад ирчихсэн байсан. Тухайн үед гартаа юм бариагүй байсан. ..." /1хх 143-144/,

гэрч Э.Мөнх-Эрдэнийн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Согоот-113” чиглэлд цагдаа жолооч Ч.Билэгсайханы хамтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд тухайн өдрийн 11 цаг 26 минутад 86801066 дугаарын утаснаас ирүүлсэн “Согоот-10-аас Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3-242а тоотод гурван хүн эзэнгүй байшин ухаж байхад нь барилаа” гэх дуудлагын дагуу очиж шалгахад дуудлага өгсөн гэх нэрийг нь үл мэдэх гэрийн эзэн нь гэх эрэгтэй хүн 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүнийг барьчихсан байхад нь барьж Цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. ...” /1хх 145/,

хохирогч Т.Нямаагийн “...би 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүлээрээ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ээж, аав дээрээ очиж цагаан сар хийхээр очсон. Тэгтэл 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хамт ажилладаг Түмэнцэцэг 94111386 гэсэн өөрийн утсаар манай нөхөр лүү залгаад танай гэрт гал түлэх гээд ирсэн чинь хулгай орсон байна, би цагдаа дуудчихлаа гэсэн. Тэгээд би өөрийн төрсөн дүү Давааням, хүргэн дүү Намсрай нарт утсаар “гэрт хулгай орсон байна, та хоёр очоод үз” гэсэн. Манай хоёр дүүг ирэхэд хулгай хийсэн 2 согтуу хүнийг манай ажлын жижүүр Түмэнцэцэг, цэвэрлэгч Нэргүй нар явуулахгүй байлгаж байсан гэсэн. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан гэсэн. ...” /1хх 40-42/,

гэрч Т.Даваанямын “...манай эгч над руу 14 цаг 37 минутад залгаад “манай гэрт хулгай орсон юм шиг байна, яваад оч” гэхээр нь би очсон. ...нэг давхарт байсан зурагтыг нь хоёр давхарын тагтан дээр даавуунд ороогоод тавьсан байсан. ...” /1хх 48-49/,

гэрч Ц.Түмэнцэцэгийн “..би 57 дугаар сургуульд жижүүрийн ажилтай бөгөөд манай сургуульд багшилдаг Замдинбазар, Нямаа гэх эхнэр, нөхөр хоёр 2 хоногийн өмнө Хөвсгөл аймаг руу явах болоод надад түлхүүрээ өгөөд очоод галлаад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрсөн. ...13 цагийн үед ирсэн чинь хашаанд нь танихгүй бүдүүн эмэгтэй явж байхаар нь гайхаад “юу хийж байгаа юм бэ” гэсэн чинь “Баагий гэдэг хүний гэрийг хайж байна” гэсэн ба өөр нэг залуу байшингийн тагтан дээр зурагт буулгах гээд зогсож байхаар нь би хулгай хийж байгааг нь ойлгоод цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд тэр танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр зугтаасан ба цагдаа нар ирээд бариад авсан...” /1хх 43-44/,

хохирогч Б.Эрдэнэцэцэгийн “би 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн үед өөрийн хүүхдээ 17 дугаар сургуульд хүргэж өгөөд алхаад ирж байхад манай гэрийн мансартнаас хар куртиктэй залуу зурагт буулгаж байсан. Би хашааны гадна гүйж ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Би гаднаас нь ажиглаж байхад нөгөө хүн манай байшин дотор дээврийн хэсэгт байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж дээш гарч тэр танихгүй залууг барьж авсан юм. Цагдаа дуудаад хашааны завсраар харж байхад хашаан дотор ногоон куртиктэй эмэгтэй зогсоод байсан. ...” /3хх 80-81/,

хохирогч Ж.Галжингийн “...2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр би орой ажил дээр байж байхад хамтран амьдрагч Лхагвасүрэн өөрийн 88140599 дугаараас “гэрт хулгай орсон байна” гэж хэлэхээр нь би шууд гэртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн зураг, хээ аваад байж байсан. Манай гэрээс зурагт, Турк хар напан богино дээл, саарал өнгийн урдуураа гурвалжин захтай ноолууран цамц, ор хөнжлийн давуу, хар хилэн өмд, сахлын машин зэрэг эд зүйлүүд байхгүй алга болсон байсан. ...” /1хх 201-203/,

гэрч Ц.Лхагвасүрэнгийн “...2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 19 цагийн үед гэртээ ирэх үед манай гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод гэрийн хойморь хэсэгт байсан зурагтыг хулгайч аваад явсан байсан. ...” /1хх 205/,

гэрч Я.Баярманлай “...2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ойролцоогоор 15-16 цагийн орчим намайг ломбард нь дээрээ сууж байхад манай ломбардад 40 орчим насны согтуу эмэгтэй хүн 40-42 инчийн болов уу гэмээр “Самсунг” загварын хар өнгийн зурагтыг бүтээлэгт ороочихсон авч орж ирсэн. Тэр эмэгтэйн царайг харсан чинь нэг л биш санагдаад манайх зурагт авахгүй гэж хэлсэн. Би ажил дээрээ байж байхад орой нь цагдаагийн газраас явж байна гэж хүн ирсэн. ...анх гаднаас орж ирэхэд 1 жижигхэн биетэй залуу орж ирээд зурагтыг нь газарт тавьчихаад камераас нуугдаад байгаа бололтой царайгаа нуугаад гараад явчихсан. ...” /1хх 208-209/,

хохирогч С.Болормаагийн “...би 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7-437 тоот гэрээсээ гараад ажилдаа явчихаад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн таамбарын цонхыг хагалаад зочны өрөөнөөс гоо сайхны ком 1 хос, сахлын машин 1 ширхэг, ногоон өнгийн дунд гарын шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, манай нөхрийн хөх өнгийн хавар намрын куртик 1 ширхэг, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, 1 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг мөнгөн гинж, 2 ширхэг гоёлын ээмэг зэрэг эд зүйлс, мөн хөргөгчид байсан 4-5 кг орчим хонины мах, 4-5 кг бууз зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ...Би тухайн үед бор өнгийн эмэгтэй куртик, мөнгөн бугуйвч, мөнгөн тоногтой ширэн бүс алдсаныг мэдээгүй, сүүлд мэдсэн. Эдгээр зүйлээ нэмж нэхэмжилнэ” гэх мэдүүлгүүд /3хх 22-24/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 29-36,197-199, 2хх 73-76,3хх 12-17, 65-72/,

ломбардын камерын бичлэгийн зургийг дарж авсан ахмад Л.Түвшинбаярын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн мөрдөгчийн илтгэх хуудас /1хх 210/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 230-231, 3хх 32-36, 86-87/,

“...шинжилгээнд ирүүлсэн №2 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь папилон санд MN000510000426, 2712406, 49223, MN005210001266, MN0000НЦГ00335,  MN0000ШШГ03684, MN005210006576 дугааруудаар бүртгэгдсэн Оргойн Өын зүүн гарын долоовор хурууны хээтэй тохирч байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 03/100 дугаартай дүгнэлт /3хх 102-106/,

 “...шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардасууд нь гарын хээний нэгдсэн санд Оргой овогтой Ө нь MN000510000426 дугаараар 1 удаа, Оргой овогтой Ө нь MN000510007387, MN000510010193, MN005210010252,  MN005310001199,  MN000НЦГ00475, 2508501 дугааруудаар 6 удаа бүртгэгдсэн байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 06/566 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 224-227/,

“...шинжилгээнд ирүүлсэн №6 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь папилон санд MN005310001199, MN0000НЦГ00475, MN000510007387, MN000510010193, 2508501, MN005210010252 дугааруудаар бүртгэгдсэн Оргойн Өийн зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирч байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 03/081 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх 41-46/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч нар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч О.Ө ганцаараа 5 удаагийн үйлдлээр буюу 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 2-3-6 тоотод оршин суух иргэн О.Баярсүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, зөөврийн компьютер, нүүрний крем, үнэртэй ус, ойн медаль, ТСl загварын 49 инчийн ЛСД зурагт зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 1.265.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 2-1-8 тоотод оршин суух иргэн Д.Борхүүгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Самсунг загварын 42 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 3-2-3 тоотод оршин суух иргэн Г.Ганпүрэвийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Тошиба загварын 42 инчийн ЛСД зурагтыг нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дуүргийн 12 дугаар хороо, Хангай 20-766 тоотод оршин суух иргэн Ж.Саранчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, зургийн аппарат, эмэгтэй хүний трико, үсний шампунь, үсний хайч зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 182.200 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 хороо, Рашаантын 2-201 тоотод оршин суух иргэн Э.Алтанбаганы монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Самсунг загварын 42 инчийн зурагт, монетон бөгж зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 867.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Баярсүрэнгийн “...2019 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 9 цагт гэрээ цоожлоод эхнэрийн хамт ажил руугаа явсан. Тэгээд 11 цаг 40 минутын үед хадам эх Эрдэнэцэцэг 90264949 гэх дугаарын утаснаас залгаад “гэрт чинь хулгай орсон байна, гэр рүүгээ хурдан оч” гэсэн. Гэртээ очиход хажуу айлын Мөнхбаяр хулгай хийсэн хүнтэй хамт сууж байсан ба эргүүлийн хоёр цагдаа ирээд хулгай хийсэн гэх эмэгтэйн биед үзлэг хийхэд эхнэрийн үнэртэй ус, нүүрний крем, миний Чингэлтэй дүүргийн медаль гарч ирсэн. ...” /2хх 14-15/,

хохирогч Д.Борхүүгийн “...би 2019 оны 5 дугаар сарын 14-ний орой Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2-1-8 тоотод байрлах гэртээ ирчихээд явсан ба тухайн үед бүх зүйл зүгээр байсан. Тэгтэл маргааш нь хадам эгч Ариунжаргал утсаар залгаад “гэрт чинь хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд харахад хаалганы цоожийг лоомоор цохиж онгойлгоод 42 инчийн ЛСД зурагтыг цэнхэр, ягаан өнгийн цэцэгтэй хөнжлийн даавуунд боогоод явсан байсан. ...” /2хх 103-104/,

хохирогч Г.Ганпүрэвийн “...2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад хаалга түгжээд өдөр 14 цагийн үед ирэхэд хаалганы цоож газар унасан байхаар нь яваад ороход “Тошиба” брендийн 42 инчийн зурагтыг орны цэнхэр, бор өнгийн цэцэгтэй бүтээлгэнд боогоод аваад явсан байсан. Хар өнгийн “Тошиба” гэсэн бичигтэй, зурагт асаахад зүүн талын дэлгэц дээр хар өнгийн 5x5 хэмжээтэй толботой байгаа. ...” /2хх 149-150/,

хохирогч Ж.Саранчимэгийн “...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 11 цагаас 14 цаг 40 минутын орчим гэрийн хаалганы цуурга эвдэж хулгай орж Самсунг загварын мөнгөлөг саарал зургийн аппарат, үсний олон үйлдэлт индүү, шинэ трико, шампунь зэрэг эд зүйл байхгүй байсан. ...Хүү маань гэрээс гарахдаа гэрийнхээ хаалганы цүүнд нь зузаан төмөр даруулга хийгээд Хятад төмөр цоожоор цоожлоод гарсан байсан. Тэгтэл цоожийг нь хөшиж эвдэж ороод эд зүйл хулгайлан авсан байсан юм.” /2хх 192-196/,

хохирогч Э.Алтанбаганын “...2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 06 цагийн үед ажилдаа яваад 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 2-201 тоот гэртээ эхнэр, хүүхдүүдээ дагуулаад ирэхэд манай хашааны хаалга онгорхой, хашаан дотор ороход гэрийн хаалга онгорхой байдалтай байсан. Тэгээд манай эхнэр гэрт хулгай орсон байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /3хх 129-130/,

гэрч Ө.Батцэцэгийн “...нөхөр бид хоёр буцаад гэртээ ирээд байж байхад ээж Ө утсаар залгаад “нөхрийг гараад ир” гэж хэлсэн. Манай нөхөр Эрдэнэ-Очир гарч яваад удалгүй ягаан, цэнхэр өнгийн цэцэгтэй орны нимгэн даавуунд боосон зурагт тэврээд ороод ирсэн. Тэгэхээр нь би нөхрийгөө гарсан хойгуур ээжээс хаанаас авсан талаар нь асуухад “найзын зурагт” гэж хэлсэн. Тухайн зурагт нь саарал өнгийн хүрээтэй 40 инчийн ЛСД зурагт байсан ба 1 хоногийн дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ээж Ө зурагтыг аваад гарсан. ...” /2хх 133-134/,

гэрч Ц.Эрдэнэ-Очирын “...намайг гэртээ байж байхад хадам ээж дахиж залгаад “хойд гудамжинд уначихсан байна, ирээд ав” гэхээр нь би гараад очтол ахиад нэг зурагтыг ягаан цэнхэр өнгийн цэцэгтэй орны даавуунд боочихсон байсан. Тэгэхээр нь би ахиад юун зурагт хаанаас авчихсан юм гэхэд намайг “дуугүй аваад яв, хэргийг нь би өөрөө хүлээчихнэ” гэхээр нь би тухайн зурагтыг гэртээ оруулаад орны доогуур хийсэн. ...” /2хх 127-129/,

гэрч Ц.Эрдэнэ-Очирын “...2 дугаар хороо, орбитын 32-597г тоотод байх гэртээ унтаж байтал 11 цагийн үед хадам ээж Ө нь эхнэрийн 80168199 дугаар луу залгаад эхнэр ярьсан ба эхнэр “ээж чамайг хойд талын гудамжны үзүүр дээр хүрээд ир гэж байна” гэхээр нь очиход хадам ээж Ө зогсож байсан ба нэг бор өнгийн цэцэгтэй орны бүтээлгэнд боосон зурагт хашааны буланд тавьчихсан байсан. Тэгээд би тухайн зурагтыг тэврээд гэртээ орсон. “Төгөлдөрбуян” дэлгүүрийн хажуу талын зурагт засварт 20.000 төгрөгөөр худалдаад хадам ээж Өт 20.000 төгрөгийг өгсөн. ...” /2хх 86-88/,

гэрч Ө.Батцэцэгийн "...ээж Ө 11 цагийн үед утсаар залгаад Очироог гаргачих гэхээр нь би Очироог гаргатал удалгүй Очироо ээжийн хамт бор цэнхэр өнгийн орны бүтээлгэнд боосон нэг зурагт бариад аваад ороод ирсэн. ...Толгойтын эцсийн буудлын Тунамал гээд шар хаягтай ломбардад өгөх гээд бүтээлгээс нь гаргатал Тошиба гэсэн бичигтэй 42 инчийн зурагт байсан ба манай нөхөр зурагтыг нь асаатал дэлгэцэн дээрээ хар толботой байсан, ломбардын хүн манайх ийм зурагт авахгүй гэсэн гэтэл тэгвэл наад зурагтыг чинь засварт өгнө гээд Толгойтын хажуу талын засварт 20.000 төгрөгөөр өгчихсөн. ...” /2хх 91-93/,

насанд хүрээгүй гэрч Э.Анхбаярын “...өглөө 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2-3-7 тоотод байрлах гэрээсээ гартал ногоон өнгийн куртик өмссөн, шар бор өнгийн үстэй 40-50 орчим насны үрчгэр царайтай эмэгтэй хүн манай хажуу талын 2-3-6 тоотоос ягаан саарал холимог өнгийн орны бүтээлгэнд боосон зурагт тэврээд гарч байхаар нь Жаранхайч гэх эгчид “хажуу талын айлын хашаанаас нэг танихгүй эгч зурагтыг нь тэврээд гарч байна” гэж хэлэхэд Жаранхайч эгч гараад манай гудамжны хойд талын айлын ахад хэлсэн. Тэр ах гарч тэр хулгай хийсэн хүнийг барьж авсан. ...” /2хх 27-28/,

насанд хүрээгүй гэрч М.Тэмүүлэнгийн “...намайг гэртээ ирэхэд манай гэрийн хашааны хаалганы цоож зүгээр байсан ба би хашааныхаа хаалгыг цоожоор нь онгойлгож дотогш ороход манай хашаанд байх таван ханатай монгол гэрийн цоож нь газарт хэвтэж байсан. Би гайхаад гэр лүүгээ яваад орсон чинь гэрийн бүх юм сандайчаад цацаад хаячихсан байсан. Би тухайн үедээ айж сандраад уйлаад ээж рүүгээ утсаар ярьж хэлсэн...” /2хх 197-198/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 5-9, 73-76, 2хх 119-122, 185-189, 3хх 119-124/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 38-41, 47-49, 105-107, 152-154/, “Дамно” ХХК-ийн хөренгийн үнэлгээний тайлан /2хх 201-204, 3хх 140-141/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 212-214/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 24-25, 32-35/,

шүүгдэгч О.Өээс 2 хүний хэмжээтэй орны бүтээлгийг хураан авсан тухай тэмдэглэл /2хх 139/, иргэн П.Элбэгзаяагаас Тошиба хар өнгийн 42 инчийн ЛСД зурагт /дэлгэцийн баруун дээд буланд хар өнгийн толботой/ хураан авсан тухай тэмдэглэл /2хх 143/, хохирогч Г.Ганпүрэвт “Тошиба” загварын зурагт, орны бүтээлэг зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх155/, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

3. Шүүгдэгч О.Ө ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангай 21-803 тоотод оршин суух иргэн Д.Сосорбарамын байшингийн цонхыг хагалан нэвтэрч, Самсунг загварын 40 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Сосорбарамын “...би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 21-803 тоотод хашаа байшинтай бөгөөд тэндээ амьдрахгүй, эхнэрийнхээ дүүг буулгачихсан байгаа юм. Тэгтэл өнөөдөр 18 цаг өнгөрч байхад эхнэрийн дүү Шагдарсүрэн миний утас руу залгаад “танай байшингийн цонхыг хагалаад хулгайч ороод зурагт аваад гарч байхад нь барьж авлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь байшиндаа ирсэн бөгөөд урд талын гурван цонхны голын цонхыг хагалаад дотогш нэвтэрч гэрийн эд зүйлүүдийг ухаж төнхсөн байсан. ...” /2хх 237-238/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 242-243/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч О.Өийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч дангаараа болон бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Өыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч дангаараа болон бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч О.Өийн ганцаараа болон бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан үйлдлийг, шүүгдэгч О.Өын ганцаараа болон бүлэглэж бусдын орон байранд нэвтэрч эд хөрнгө хулгайлсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Өт 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Өт 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч О.Өын “...нээлттэй хорих байгууллагад ял эдлэх боломжоор хангаж өгнө үү...”, шүүгдэгч О.Өийн “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн бөгөөд хэргийг зүйлчилсэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч О.Ө, О.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ө, О.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

                    ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ