Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2020/01623/И |
Дугаар | 001/ХТ2022/01131 |
Огноо | 2022-11-22 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2022/01131
*******н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02394 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0008 дугаар магадлалтай,
*******н нэхэмжлэлтэй
Мон-Элс ХХК-д холбогдох
13,015,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, С.Буянхишиг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч *******гаас*******-д холбогдуулан 13,015,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02394 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч*******-иас 11,125,083 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,890,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-иас 192,951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Уак овогт Нурсанхааны Төлеубай /ЧИ40082313/-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0008 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02394 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 395 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч*******-аас 11,125,083 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,890,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, С.Буянхишиг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэргийг хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.
Давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ ...Нэхэмжлэгч Н.Телебай нь хариуцагч байгууллагад 2015-2017 онд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр уулын инженерээр ажиллаж байсан гэх шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна. Тодруулбал хэрэгт нэхэмжлэгч 2006 онд Улаанбаатар хот, Налайх дүүргийн*******-ийн элсний ордны 883А тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, уг төлөвлөгөөнд тус компанийн захирал Б.Батбаяр болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөц удирдлагын газрын дарга гарын үсгээ зурж, байгууллагын тамгаар баталгаажуулсан баримт байна. Мөн нэхэмжлэгчийн тухайн онд бичсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчдын*******-ийн үйл ажиллагаанд явуулсан шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар хийсэн ажлын тайланг*******-ийн захирал Б.Батбаяр хянаж, байгууллагын тамга баталгаажуулсан байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь Ширээгийн шугуй недра ХХК-ийн боловсруулсан Мон-Элсний ордын 2015, 2017 оны ашиглалтын план зураг болон биологийн нөхөн сэргээлт хийх талбайн зургийг хянасан зэрэг баримтууд авагджээ. Эдгээр нотлох баримтуудыг хариуцагч тал үгүйсгээгүй болно. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь тус компанид хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан гэж үзэхээр байх ба хөлсөөр ажиллах гэрээг талууд харилцан тохиролцож амаар байгуулж болох тул энэ талаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэв... гэжээ.
Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой, ойлгомжтой тодорхойлох нь маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоох, улмаар хууль зүйн бодит үндэслэлтэй нотлох баримт бүрдэх нөхцөл болдог. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн этгээдийн зөрчигдсөн эрхэд хамааралтай бөгөөд нэхэмжлэгч шүүхэд юу хүсэж буйг тодорхойлдог бол нэхэмжлэлийн үндэслэл нь тухайн шаардлагын боломж нөхцөлийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад тухайн этгээд өөрийнхөө ямар эрх, юуны улмаас, яаж зөрчигдөж байгааг болон шаардлагаа зөвтгөж буй үндэслэл тусгагдсан байх ёстой. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч тал байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээний үүрэгт 2015-2017 онуудын цалин 11,125,083 төгрөг, ээлжийн амралтын олговор 1,890,000 төгрөг, нийт 13,015,000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Үүнийгээ ч давж заалдах шатны шүүхдээ дэмжиж тайлбарласан.
Хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримтууд цугларсан бөгөөд хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариу тайлбар гаргаж мэтгэлцсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэргийн 51-52 дугаар талд авагдсан Н.Телеубайн Хаан банкны 5026589624 дугаартай дансны хуулганд хариуцагчаас ямар нэгэн цалин ажлын хөлс гэсэн төлбөрүүд ороогүй, мөн хэргийн 7 дугаар талд авагдсан өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй буюу албан ёсны нягтлангийн гарын үсэг зурагдаж, гүйцэтгэх захирлын гарын үсэг тамга тэмдэгтээр баталгаажаагүй баримт байхад шүүх дээрх баримтуудыг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль ёсны шийдвэр гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Мөн давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ ...Хаан банкны депозит дансны хуулгаас 2014.06.09-ний өдрөөс 2015.12.01-ний өдрийн хооронд цалин, амралтын мөнгө н.Наранцэцэгээс гэх утгаар нэхэмжлэгчид ажлын хөлсийг шилжүүлж байсан байна. н.Наранцэцэг нь хариуцагч байгууллагад менежерээр ажилладаг болох нь тогтоогдсон энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар гомдол үндэслэлгүй... гэжээ.
Нэхэмжлэгч нь н.Наранцэцэг гэдэг хүнтэй хувийн хөдөлмөрийн харилцаа үүсгэж түүнийхээ ажлын хөлсийг авсан мэт харагдаж байна. Дан ганц Наранцэцэг гэх нэртэй хүн хариуцагч байгууллагад ажилладаг байсан ч менежер ажилтай хүн хувь дансаараа цалин олгох ёсгүй байхад шүүх зөвхөн нэртэй нь тохирсон, таамаг төдий баримтад үндэслэн шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа гэж дүгнэж*******-ийн элсний ордны 883А тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тус хуулийн этгээдийг төлөөлж уулын инженер Н.Телебуай гэж гарын үсэг зурагдсан, хэргийн 47-50 дугаар талд авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч нарын 2017.05.18-ны өдөр*******-ийн үйл ажиллагаанд явуулсан шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар хийсэн ажлын тайланг Ө.Телеубай гаргасан, 2011 оны*******-ийн уулын ажлын тайланд боловсруулсан уулын инженер Н.Телеубай гэж бичигдсэн, 2017 оны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөв гэх баримтуудад төлөвлөгөө гаргасан ерөнхий инженер, баяжуулагч инженер гээд Телеубай гэж гарын үсэг зурагдсан зэрэг баримтуудыг үндэслэжээ.
Хөлсөөр ажиллах гэрээ нь ямар ажил үйлчилгээ гүйцэтгэхээр тохирсон, хэзээнээс хэдийг хүртэл хөлсөөр ажиллах болсон, түүний үнийг хэрхэн тохирсон зэрэг асуудал маш тодорхой байх ёстой. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ хөлсөөр ажиллах гэрээ гэж тайлбарлаагүй, хэргийн материалд авагдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд он цаг хугацаа таарахгүй, дээрх хийсэн ажлуудыг хөлсөөр ажиллуулж төлбөр мөнгийг өгсөн эсэх талаар тодруулаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагаас гадуур хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэтэрхий нэг талыг барьж, нотлох баримтыг буруу дүгнэж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
6. Нэхэмжлэгч Н.Телеубай нэхэмжлэлийн үндэслэлээ: ...2010 онд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг*******-д уул уурхайн Инженер-Геологич мэргэжлээр томилогдож, 2010-2017 он хүртэл тасралтгүй 8 жил ажилласан. 2015 он хүртэл компани ашигтай ажиллаж байсан, 2015 оноос эхэлж цалингаа өгч чадахаа больж, сар бүр 100,000-200,000 төгрөг олгож, ажилчдыг тогтоон ажиллуулж байсан боловч энэ хугацаанд ашигтай ажилласан болох нь хэмжилтээр тогтоогдсон. Иймд 2015-2017 оны хугацаанд дутуу олгогдсон цалин 11,125,083 төгрөг, ээлжийн амралт аваагүй тул 1,890,000 төгрөг, нийт 13,015,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,
Хариуцагчаас: ...нэхэмжлэгч нь манай компанид ажиллаж байгаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох баримтад дурдсан Алтантуяа гэж нягтлан бодогч тухайн үед ажиллаж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт найруулгын болон хуулийн нэр томъёог зөвтгөсөн өөрчлөлт оруулжээ.
8. Нэхэмжлэгч Н.Телеубай нь*******-ийн элсний ордны 883А тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 2016 оны байгаль орчны менежмент төлөвлөгөөнд хуулийн этгээдийг төлөөлж гарын үсэг зурсан, 2017 оны Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар хийсэн ажлын тайланг гаргасан, 2017 оны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөв гэх баримтуудад төлөвлөгөө гаргасан ерөнхий инженер, баяжуулагч инженерээр гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчийг хариуцагч компанид хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, үйл баримтад нийцсэн байна.
9. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зохицуулсан тул нэхэмжлэгч ажилласан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй байна.
10. Нэхэмжлэгчийн 2015-2017 онд дутуу авсан цалин хөлс 11,125,083 төгрөг болохыг тус компанийн нягтлан бодогч С.Алтантуяа тооцож, компанийн тамгыг дарсныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн ба харин нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажил үүргийг гүйцэтгэсэн тул амралтын мөнгө шаардах эрхгүй гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
11. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзал, хэрэгт цугларсан баримтыг үгүйсгэж няцаасан үндэслэлээ нотлоогүй, хэрэгт энэ талаар баримтгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/
12. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, анхан шатны шүүхийн алдааг залруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0008 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, С.Буянхишиг нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигээс 2021.01.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Х.ЭРДЭНЭСУВД