Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/03171

 

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/03171

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3-р хороонд байрлах, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, өөрийн байранд байрлах,У нийгэмлэгт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50 923 839 төгрөг гаргуулах, Б ХХК-нд холбогдох төлбөрөөс 41 271 071 төгрөгийг хүчингүй болгохыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК болон У нийгэмлэгийн хооронд 2018 оны 12-р сарын 24-ний өдөр 18/434 тоот худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 12-р сарын 25-ны өдөр 18/436 тоот худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. 18434 тоот гэрээгээр Б ХХК нь нийт 29 734 000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн, 18/436 тоот гэрээгээр 38 331 737 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг тус тус нийлүүлсэн. Мөн 2018 оны 09-р сарын 07-ны өдрийн 18/274 тоот гэрээгээр 94 728 175 төгрөгийн бараа нийлүүлсэн ба гэрээний 2.2.3-т ...Гэрээний 2.1.1-т заасан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нийт үнийн дүнгийн 5 хувийг гэрээний 3.2.1-т заасан баталгаат хугацаа дуусгавар болох хүртэл барьцаа болгон авч үлдэнэ... гэж заасны дагуу У нь 4 536 410 төгрөгийг барьцаа болгон авч үлдсэн. Гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг 2018 оны 10-р сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн ба үүнээс хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн, мөнгийг буцааж төлөөгүй байна. У нийгэмлэг нь 18/434, 18/436 тоот гэрээгээр Ул нийгэмлэг нийт 68 075 737 төгрөг, 18/274 тоот гэрээний барьцаа 4 536 410 төгрөг нийт 72 612 147 төгрөгийг төлөх байснаас 2020 оны 04-р сарын 20-ны өдрийн байдлаар 29 475 087 төгрөгийг төлсөн. У нийгэмлэг мөнгөө дутуу төлсөн шалтгаанаа: -Талуудын хооронд өмнө нь байгуулагдаж байсан 18/035 тоот гэрээгээр нийлүүлэгдсэн Fish eye брэндийн гадна камер, бичигч гэх мэт бараа бүтээгдэхүүнийг тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлсэн үнийн зөрүү 32 480 000 төгрөг,

-18/274 тоот гэрээний дагуу суурилуулалтын зардал 5 294 028 төгрөг, алданги 1 607 836 төгрөг нийт 6 901 867 төгрөг,

-18/434 тоот гэрээний үнийн дүнгээс 1 953 600 төгрөгийн алданги,

-18/436 тоот гэрээний алдангид 1 801 592 төгрөг нийт 43 137 059 төгрөгийг суутгаж шилжүүлсэн гэж тайлбарладаг. Үүнээс суутгасан гэх 32 480 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь У нийгэмлэг нь 18/035 дугаар гэрээний дагуу хяналтын камер, холбогдох бараа бүтээгдэхүүний үнийн саналыг авахаар хандсаны дагуу манайх үнийн санал илгээсэн. Худалдан авагч нь манайхтай адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад компаниас үнийн санал авч харьцуулалт хийсний үндсэн дээр манайхтай гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Манай компаний хувьд бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг шаардсан эсхүл дарамталж, хууль бус аргаар гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл, талууд харилцан тохиролцож тогтоосон үнийн дүнгээр уг гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 243.1-т ...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ... гэж заасны дагуу үүргээ биелүүлсэн, У 18035 тоот гэрээний дагуу үнийг төлсөн. У нийгэмлэг гэрээний үндсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хэрнээ манайхаас алданги нэхэмжилсэн тул манайх бас алданги нэхэмжлэх болсон. Энэ гэрээний 2.3-т ...Барааг нийлүүлснээс хойш 10 хоногийн дотор төлбөрийг шилжүүлнэ... гэж заасан, манайх 2018 оны 04-р сарын 02-ны өдөр бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч худалдан авагч үнийг 2018 оны 06-р сарын 14-ний өдөр шилжүүлж 62 хоног хэтрүүлсэн. 1 хоногийн алданги 85 701 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоногт тооцвол 5 313 462 төгрөгийг бидэнд төлнө. Харин 2018 оны 09-р сарын 07-ны өдөр байгуулсан 18274 тоот гэрээний 2.2.1-т зааснаар бараа бүтээгдэхүүнээ хүлээж авснаас хойш календарийн 10 хоногийн дотор худалдан авагч нь төлөхөөр байсан. Манай компани 2018 оны 10-р сарын 01-ний өдөр бараагаа хүлээлгэж өгсөн, харин үнийг 2018 оны 12-р сарын 31-ний өдөр шилжүүлсэн. Тэгвэл 2018 оны 10-р сарын 11-нээс 2018 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл 1 хоногийн алданги 86 191 төгрөгийг 81 хоногоор тооцож 9 981 471 төгрөгийг төлөх үүрэг хүлээж байгаа юм. 2 дахь гэрээний алдангийн хувьд гэрээний 2.2.3-т заасан барьцаа 4 536 410 төгрөгийг хасаж тооцоод үлдэх 86 000 000 төгрөгөөс алданги тооцох нь зүйтэй. Гэрээний 2.2.3-т ...Бараа бүтээгдэхүүн худалдан авах нийт үнийн дүнгийн 10 хувийг гэрээний 3.2.1-т заасан баталгаат хугацаа дуусгавар болох хүртэл хугацаагаар барьцаа болгон үлдэнэ, 3.2.1-т ...Бараа бүтээгдэхүүн хүлээн авснаас хойш 12 сарын хугацаанд үйлдвэрийн доголдол илэрвэл худалдагч нь тухайн доголдлыг арилгах буюу газар дээр нь ижил төрлийн шинэ бараа бүтээгдэхүүнээр сольж өгнө... гэж заасан байдаг. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хувьд баталгаат хугацаа болох 12 сарын хугацаанд ямар нэг доголдол илрээгүй, гэтэл 4 536 410 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээний 2.2.2-т зааснаар алдангийг 2019 оны 10-р сарын 02-ны өдрөөс хойш 2020 оны 10-р сарын 02-ны өдөр хүртэл тооцож 1 655 780 төгрөгийг манайд төлөх үүрэгтэй. Үүнээс харвал хариуцагч нь 18/274 тоот гэрээний дагуу 8 637 251 төгрөгийн алданги, 18/035 тоот гэрээний алдангид 5 313 462 төгрөг нийт 13 950 713 төгрөгийг төлөх байсан. Харин Б ХХК нь 18/035 тоот гэрээний 1.1-т заасны дагуу барааг 10 хоногийн дотор нийлүүлэх хугацаагаа 17 хоногоор хоцроосон тул 1 542 618 төгрөгийг, 18/274 тоот гэрээний хугацааг 9 хоногоор хоцроосон тул 816 555 төгрөгийг тус тус зөвшөөрч Иргэний хуулийн 238.1-т зааснаар харилцан тооцох юм. Үүнээс тооцвол У нийгэмлэгээс гэрээний үүрэгт 43 087 491 төгрөг, алданги 7 836 348 төгрөг нийт 50 923 839 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У нийгэмлэг нь Б ХХК-тай 2018 оноос хойш 18/035, 18/274, 18/434, 18/436 дугаартай худалдах, худалдан авах 4 гэрээ байгуулсан. У нийгэмлэг 18/035 дугаартай гэрээний төлбөрийг шилжүүлсний дараа Дотоод аудит, хяналтын албанаас Б ХХК-тай байгуулсан гэрээнд хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар дараах нөхцөл байдлыг тогтоогдсон байдаг. Үүнд: 18/035 дугаартай гэрээний дагуу нийлүүлсэн бараа нь гэрээнд заасан нийлүүлэх ёстой бараанаас загвар зөрүүтэй, зах зээлийн ханшаас өндөр үнээр нийлүүлсэн байна. Гэрээгээр 9 нэр төрлийн бараа нийлүүлэх байсан ба 1 ширхэг камерыг 1 770 000 төгрөгөөр тооцож 14 ширхгийг нийлүүлсэн. Гэтэл камерын ширхгийн үнэ 350 000-900 000 төгрөгийн ханштай байсан. Мөн цагдаагийн байгууллага 1 бүрийн үнийг 1 150 000 төгрөг гэж тогтоосон. Б ХХК нь Fish eye гэх камерыг 1 770 000 төгрөгөөр нийлүүлэх байсан хэдий ч PTC-3DM Don гэх камерыг нийлүүлсэн байдаг. Мөн Fished гэх камерыг 1 бүрийн үнийг нь 1 200 000 төгрөгөөр үнэлж 14 ширхгийг нийлүүлсэн боловч зах зээлийн үнэ нь 1 053 000 төгрөг, MVR-8 гэх камерыг 1 070 000 төгрөгөөр 14 ширхгийг нийлүүлсэн боловч 600 000 төгрөг байсан нь тогтоогдсон. Үүнээс харвал Б ХХК нь 18/035 тоот гэрээгээр 32 480 000 төгрөгийн илүү үнээр бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байдаг. Харин энэ тухай мэдэх үед 18035 дугаартай гэрээний төлбөр төлөгдсөн байсан тул дараагийн гэрээний төлбөрөөс хасаж тооцсон. Зах зээлийн үнэ ханшнаас өндөр үнэтэй бараа нийлүүлсэн гэдгийг О компанийн захирал Батмөнхийн гэрчийн мэдүүлэг байдаг. Б ХХК нь манай байгууллагыг хууран мэхлэх замаар буюу өөрийнхөө харьяа компаниас үнийн санал ирүүлж арай бага үнийн саналыг хүлээн зөвшөөрүүлэх замаар 18035 дугаартай гэрээг байгуулсан нь тогтоогддог. 18/274 дугаартай гэрээний 3.3.2-т зааснаар ...Худалдагч бараа бүтээгдэхүүнийг хавсралтад заасан газар өөрийн зардлаар үнэ төлбөргүй хүргэж угсарч, суурилуулж өгнө... гэж заасан. Б ХХК нь угсарч, суурилуулах үүргээ биелүүлээгүй, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Иймд суурилуулалтын зардлыг төлсөн 29 000 000 төгрөгт оруулж өгсөн. У нийгэмлэг төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манайх 18/035 дугаартай гэрээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнэ ханшнаас өндөр үнээр нийлүүлсэн гэж үзээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаа үндэслэлдээ тайлбарласан. Үүнд: 18/035 дугаартай гэрээний 3.1.2-т заасны дагуу бараа, бүтээгдэхүүн хугацаандаа нийлүүлээгүй барааны алданги 3 428 040 төгрөг, зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлсэн 32 480 000 төгрөгийг хүчингүй болгуулах, 18274 дугаартай гэрээний 3.2.1-т заасны дагуу бараа бүтээгдэхүүн хугацаандаа нийлүүлээгүйгээс үүссэн алданги 1 607 839 төгрөг, 18434 дугаартай гэрээний 1 953 600 төгрөг, 18436 дугаартай гэрээний алданги 1 801 592 төгрөг нийт 41 271 070 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Э.Т сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б ХХК нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй 18/035 дугаар гэрээ байгуулахдаа үнийн санал илгээсэн, үнийн саналыг адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад компанийн үнийн саналтай харьцуулалт хийсний үндсэн дээр Иргэний хуулийн 243-р зүйлд заасан гэрээ байгуулж, бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Б ХХК-ийн хувьд У нийгэмлэгтэй тохирсон үнээс илүү үнээр бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй. У нийгэмлэг барааны үнийг шилжүүлсэн байдаг. У зам нийгэмлэг гэрээний үндсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй атлаа манай байгууллагаас алданги нэхэмжилсэн. Харин Б ХХК-ийн хувьд 18/035 тоот гэрээний 1.1-т заасны дагуу барааг 10 хоногийн дотор нийлүүлнэ гэж заасныг зөрчиж бараа нийлүүлэх үүргээ 17 хоногоор хоцроосон тул 1 542 618 төгрөгийн, 18/274 тоот гэрээний 1 дүгээр хавсралтад зааснаар бараа бүтээгдэхүүнийг 2018 оны 09-р сарын 21-ний өдөр хүлээлгэж өгөх байсан үүргээ 9 хоногоор зөрчиж 2018 оны 10-р сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч 816 555 төгрөгийг хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 238.1-т зааснаар харилцан тооцох юм. Талууд гэрээг 2018 онд байгуулсан, үнэ нь бага зэрэг зөрүүтэй боловч бид өөрсдийнхөө эрсдэлийг даван туулах шаардлага үүснэ. Сөрөг нэхэмжлэлээр 41 271 070 төгрөгийг хүчингүй болгуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь У нийгэмлэгт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 43 087 491 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч У нийгэмлэг нь Б ХХК-нд холбогдох төлбөрөөс 41 271 071 төгрөгийг хүчингүй болгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 50 923 839 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 49 152 247 төгрөгийг гаргуулахаар хангаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Б ХХК нь У нийгэмлэгтэй 2018 оны 2-р сарын 28-ны өдөр 18/035 тоот худалдах, худалдах гэрээ байгуулж 85 701 000 төгрөгийн үнэ бүхий хяналтын камер нийлүүлэх, худалдан авагч барааг хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор үнийг төлөх /хх 12-22/,

 

-2018 оны 09-р сарын 07-ны өдөр 18/274 тоот гэрээгээр 90 728 175 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч гэрээ байгуулснаас хойш 10 хоногийн дотор 50 хувь буюу 45 364 088 төгрөг, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор 50 хувь буюу 45 364 088 төгрөгийг төлөх /хх 23-32/,

 

-2018 оны 12-р сарын 24-ний өдөр 18/434 тоот худалдах, худалдан авах гэрээгээр 29 744 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч барааг хүлээн авсны дараа календарийн 21 хоногийн дотор үнийг төлөх /хх 33-50/,

 

-2018 оны 12-р сарын 25-ны өдөр 18/436 тоот худалдах худалдан авах гэрээгээр 38 331 937 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч барааг хүлээн авсны дараа календарийн 21 хоногийн дотор үнийг төлөхөөр /хх 51-62/ тус тус тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Худалдагч гэрээгээр тохирсон бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчид шилжүүлсэн, харин худалдан авагч үнийг дутуу төлснөөс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Б ХХК нь 2018 оны 2-р сарын 28-ны өдрийн 18/035 тоот гэрээгээр тохирсон камер, дагалдах хэрэгслүүдийг 2018 оны 4-р сарын 2-нд актаар хүлээлгэн өгсөн байх ба худалдан авагч 85 701 000 төгрөгийг 2018 оны 6-р сарын 14-ний өдөр /хх 20-22, 153/ төлжээ. Харин худалдагч бараа бүтээгдэхүүнийг 14 хоногийн дотор нийлүүлэх, худалдан авагч хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор төлбөрийг шилжүүлэхээр тохирсон боловч хэн аль нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй байна. Гэвч төлбөр төлөгдсөнөөр гэрээ дуусгавар болсон байх ба тухайн үед алдангийн талаар талууд маргаагүй байжээ. Иймд алданги гаргуулахаар шаардсан хэсгийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Талууд 2018 оны 09-р сарын 07-ны өдрийн 18274 тоот гэрээний 2.2.3-т зааснаар худалдан авагч нь бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нийт үнийн дүнгийн 5 хувийг гэрээний 3.2.1-т заасан баталгаат хугацаа дуусгавар болох хүртэл барьцаа болгон авч үлдэхээр тохирсон байх ба баталгаат хугацааг 12 сар байхаар тогтоожээ. Баталгаат хугацаа нь бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн хугацаанаас тооцвол 2019 оны 10-р сарын 2-ны өдөр дууссан байна. Энэ хугацаанд доголдол илрээгүй боловч худалдан авагч нь 4 536 410 төгрөгийг буцааж шилжүүлээгүй байна. Иймд гэрээний 2.2.2-т зааснаар 2019 оны 10-р сарын 2-ноос 2020 оны 6-р сарын 15-ныг хүртэл хугацаанд 0.1 хувийн алданги тооцож 1 147 608 төгрөг, үндсэн төлбөр 4 536 410 төгрөг нийт 5 684 018 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь 18/434 тоот гэрээний үүрэг 29 744 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж маргажээ. У нийгэмлэг нь 2020 оны 4-р сарын 18-нд 14 251 087 төгрөг, 2020 оны 4-р сарын 20-нд 9 680 000 төгрөг, 2020 оны 3-р сарын 30-нд 5 544 000 төгрөг /хх 128-130/-ийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн байх ба төлбөрийг Иргэний хуулийн 216-р зүйлд зааснаар 18/434 тоот гэрээний үндсэн үүрэгт тооцох нь зүйтэй. /хх 73-78/

 

Б ХХК нь 2018 оны 12-р сарын 25-ны өдрийн 18/436 тоот гэрээгээр тохирсон барааг 2019 оны 1-р сарын 15-ны өдөр худалдан авагчид актаар хүлээлгэн өгсөн нь хэргийн 59-62 дахь хуудсанд авагдсан актаар тогтоогдсон байна. Харин У нийгэмлэг нь 38 331 737 төгрөгийг төлөөгүй байжээ. Иймд 2019 оны 1-р сарын 15-наас 2020 оны 6-р сарын 15-ныг хүртэлх хугацааны хоногийн 0.1 хувийн алданги 5 684 018 төгрөг, үндсэн төлбөр 38 331 737 төгрөг нийт 43 468 229 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.

 

Б ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 18/274 тоот гэрээний үүрэгт 5 684 018 төгрөг, 18/436 тоот гэрээний үүрэгт 43 468 229 төгрөг нийт 49 152 247 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч нь 18/035 дугаартай гэрээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнэ ханшнаас өндөр үнээр нийлүүлсэн гэх 32 480 000 төгрөг, 18/274 тоот гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг хугацаандаа нийлүүлээгүй алданги 1 607 839 төгрөг, 18/434 дугаартай гэрээний алданги 1 953 600 төгрөг, 18/436 дугаартай гэрээний алданги 1 801 592 төгрөг нийт 41 271 070 төгрөгийг хүчингүй болгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан ноцтой төөрөгдлийн улмаас 18/035 тоот гэрээг зах зээлийн үнээс өндөр үнээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, нөгөө талаас, гэрээний 3.1.2-т заасны дагуу бараа, бүтээгдэхүүнийг хугацаандаа нийлүүлээгүйн алданги 3 428 040 төгрөг, 18/274 тоот гэрээний 3.2.1-т заасан алданги 1 607 839 төгрөг, 18/434 тоот гэрээний алданги 1 953 600 төгрөг, 18/436 тоот гэрээний алданги 1 801 592 төгрөг нийт 41 271 070 төгрөгийн нэхэмжлэл хүчингүй гэж тайлбарлажээ.

 

Харин шүүх хуралдааны шатанд гаргасан ...ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, худалдах, худалдан авах гэрээний улмаас гарсан доголдол, нөгөө талаас, гэрээний үүрэгт алданги шаардсан гэж өөр өөрөөр тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь үндсэн нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэл гэж үзэхээр байна.

 

Нөгөөтэйгүүр, гэрээний талуудын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон төлбөр төлөх үүргээ хэн аль нь зөрчсөн талаар үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ дүгнэсэн бөгөөд алданги тооцож төлбөрөөс хасч тооцсон сөрөг шаардлага үндэслэлгүй байна.

 

Талууд 18/035 тоот гэрээ байгуулахдаа гэрээний чөлөөт байдал буюу хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан, гэрээний үүргийг хэн аль нь биелүүлсэн, худалдагч бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан авагч төлбөрийг төлбөр төлөх үүргээ биелүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болсон, нөгөө талаас, бараа бүтээгдэхүүний доголдлын талаар гэрээнд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй байна.

 

Түүнчлэн, гэрээгээр нийлүүлсэн бараанууд нь зах зээлийн үнээс өндөр буюу 350 000-900 000 төгрөгийн ханштай барааг барааг 1 070 000-1 770 000 төгрөгөөр нийлүүлж 32 480 000 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн гэх зөрчлийн акт, баримт хэрэгт авагдаагүйгээс гадна энэ нь худалдах, худалдан авах гэрээний эрхийн доголдлыг нотлохгүй, гэрээг талууд харилцан тохиролцож гэрээний чөлөөт байдлыг хангаж байгуулсан, ноцтой төөрөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, замын дарга нь У нийгэмлэгийн дүрмийн 22-р зүйлийн б заалтад заасан эрхийн хэмжээнд гэрээ хийж гарын үсгээ зурсан гэж дүгнэлээ.

 

Гэрч У нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын байцаагч Ж.Б нь бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс өндөр байсан гэдгийг шалгалтаар илрүүлсэн гэж мэдүүлсэн боловч хяналт шалгалтын талаар эрхийн акт гараагүй нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Харин тайлан бичсэн гэх боловч хариуцагч энэ талаарх баримтыг гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан 190300210 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХк-ний үнэлгээний тайлан зэрэг баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бөгөөд эрүүгийн хэрэгт хэн нэгнийг гэм буруутай гэж тооцоогүй /хх 215-237/ байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан  У нийгэмлэгээс 49 152 247 /дөчин есөн сая нэг зуун тавин хоёр мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөг гаргуулж Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 771 592 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.1, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б ХХК-ний нэхэмжлэлээс 41 152 247 төгрөгийг хүчингүй болгохыг хүссэн У нийгэмлэгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513 750 төгрөг, хариуцагч У нийгэмлэгээс төлсөн 347 165 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 406 280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА