Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01176

 

                                               ****гийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 142/ШШ2020/01100 дугаар шийдвэр, 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаар магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

Гэм хорын хохирол 850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний

хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****д холбогдуулан гэм хорын хохиролд 850,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01100 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч ****гээс 322,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 528,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 24,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч ****гийн 16,490 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн 10,310 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2020.04.08-ны өдөр хариуцагч ****гийн хууль бус үйлдлийн улмаас өрөөсөн ээмгээ гээгдүүлж хохирсон гэж үнийг гаргуулахаар шаардсан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтуудыг үнэлэх шаардлагад нийцээгүй. Учир нь хэрэгт 2020.04.08-ны өдөр **** Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдолдоо ээмгээ гээгдүүлсэн талаар огт дурдаагүй, биед халдаж, нүүр маажсан гэдэг. Нэхэмжлэгч **** Орхон аймгийн Цагдаагийн газарт 2020.04.08-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Миний нүүрийг урж, толгой зулгааж, утсыг минь шидсэн. Бие сэтгэл санаа, мөнгө төгрөгийн хохирол учруулсан...” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн байдаг. Хацар маажихад ээмэг алга болсон байсан гэсэн атлаа нэхэмжлэлдээ машины хаалга онгойлгох үед ээмэг алга болсон гэсэн байгаагаас харахад нэг зүйлийн талаар гурван өөрөөр мэдүүлсэн байхад хоёр шатны шүүх бодит дүгнэлт хийгээгүй. “Ашид билгүүн” ХХК-ийн ээмэг үнэлсэн үнэлгээнээс харахад уг өрөөсөн ээмгийг үнэлэхдээ харьцуулаагүй, мөрдөгчийн тогтоолыг үндэслэсэн. Хэрэгт ****гийн алга болсон гээд байгаа ээмэг нь түүнд байсан эсэх нь тодорхойгүй, тухайн үед ээмэгтэй байсан эсэх нь ч нотлогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Анхан шүүх хуралдаанаас хойш нэхэмжлэгч **** алга болсон гэсэн ээмгээ зүүгээд “Эрдэнэтийн зорилготой дайчин бүсгүйчүүд” гэсэн Facebook хаягаар сугалаа анартай үсний ком гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулахын зэрэгцээ нөгөө ээмгээ зарна гэсэн зар ч гаргаж байгаа юм. Байгаа эд зүйлээ алга болсон гэж хүнийг гүтгэж, хий хоосон өрөнд оруулж үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёс байхгүй шүү дээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх ****гээс 322,000 төгрөгийг гаргуулан ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 528,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал: 

8. Нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2020.04.08-ны өдөр цохиж зодуулсны улмаас зүүж явсан өрөөсөн ээмэг алга болсон, зүүн нүдний доор шарх үүссэн. ... өрөөсөн ээмэгний үнэ 322,000 төгрөг, сорви арилгах эмчилгээ хийлгэхэд гарсан зардал 528,000 төгрөг, нийт 850,000 төгрөгийг гаргуулах...” гэж тодорхойлжээ. 

9. Хариуцагч **** “...цохисон зүйл байхгүй, ээмэг тухайн үед алга болсон нь тогтоогдоогүй...” гэж мэтгэлцсэн байна. 

10. Зохигчийн хооронд хариуцагч нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор уруулсан эсэх нь маргааны зүйл болжээ. 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д  зааснаар бусдын ...эрүүл мэнд, …эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө. 

11.1. Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа хохирогчийн эрхийг өмнөх байдалд сэргээх, гэмтсэн эд хөрөнгийг засах, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг. 

Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардана. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол нь хариуцагч ****гийн учруулсан гэх үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай.    

11.2. Гэм хорын хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна. 

Нэхэмжлэгч **** хариуцагч ****д холбогдуулж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 9.4.5-д зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Харин хариуцагч **** ****гийн эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан эсэх, шаардаж буй төлбөрийн хэмжээнд маргах эрхтэй. 

12. **** нь 2020.04.08-ны өдөр **** руу утастад 1,600,000 төгрөгийн зээл чөлөөлүүлэх хүсэлт гаргасны дагуу 1,600,000 төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэй өгч зээлийг чөлөөлсөн ба ****гийн дахин авах зээл тухайн өдрөө гараагүйгээс худал хэлж мөнгө авсан гэсэн маргаан зохигчийн хооронд үүсэж ****гийн зүүн нүдний доор урагдсан шарх бий болсон, мөн өрөөсөн монетон ээмэг нь алга болсон үйл баримт тогтоогдсон байна. 

13. Цагдаагийн байгууллагаас 2020.05.08-ны өдрийн Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ****г 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруу, гэм хорыг нотолно. 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч ****г ****гийн  эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтад үндэслэгдсэн байх тул хууль зөрчөөгүй байна. 

14. “Ашид билгүүн” ХХК-ийн 2020.04.09-ний өдрийн ОРХ 20-33 тоот үнэлгээний тайланг шүүхээс үнэлж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 322,000 төгрөг гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

15. **** ****гийн хууль бус үйлдлийн улмаас зүүн нүдний доорх  сорви арилгах эмчилгээ хийлгэсэн 528,000 төгрөгийн зардал гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдоогүй талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

Харин ****гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 528,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо шүүхээс Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхгүй хэдий ч цаашид анхаарвал зохино. 

16. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, ****гээс 322,000 төгрөгийг гаргуулан ****д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 11-16 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. 

18. Иймд хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гомдлыг гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 142/ШШ2020/01100 дугаар шийдвэрОрхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Д.ЦОЛМОН