Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2020/02468

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

 

 

                                     2020         11          03

      182/ШШ2020/02468

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  З ХХК

 

Хариуцагч:Д ХХК

 

Гуравдагч этгээд: “Э” ТӨААТҮГ

 

худалдах, худалдах авах гэрээг хэсэгчлэн цуцалж, гэрээний үүрэгт төлөх 78,000,000 төгрөгийг хүчингүй болгуулах, хохиролд 120,595,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 89,856,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагчийн төлөөлөгч Э.Б, өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч Б.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Талууд 2018 оны 06 сарын 12 өдөр дугаар 21 тоот худалдах худалдан авах гэрээ байгуулан ОХУ Биробиджанск заводод үйлдвэрлэсэн 2 КТП-2500-6/04 ДУ/11н трасформатор худалдан авах гэрээ байгуулсан эхний удаа 2018 оны 06 сарын 25-ны өдөр 137,500,000 /нэг зуун гучин долоон сая таван зуун мянга/ төгрөг, дараагийн удаа 2018 оны 09 сарын 03 ны өдөр 60,000,000 /жаран сая/ төгрөгийг шилжүүлэн уг трансформаторыг аваад Багануурын цахилгаан станцад суурилуулан тавихаар болоход уг худалдан авсан трансформаторын ячейкууд /хуваарилах хайрцаг/ хуучин, залгуурууд ажиллахгүй, гаалийн эрхийн бичиг баримтууд нь бодитоор байхгүй, интернетээс татаж авсан зүйл байсан тул захиалагч тал уг тоног төхөөрөмжийг суурилуулахаас татгалзсан. Бид тоног төхөөрөмжийг 07 сарын 07-ны өдөр Тавилан ХХК-ийн агуулахад очиж ЭХХТ хяналтын 2 инженер болох Ц.Э, С.Ж, ашиглагч тал болох Багануур дүүргийн дулааны станцын цахилгааны инженер Н.Гманай инженер техникийн ажилтнууд болон худалдагч тал болох ДХХК захирал Э.Б нар бүгд байсан. Төслийн ахиалагч нь“Э” ТӨААТҮГ юм. ЭХХТ-ийн хяналтын инженерүүд, Багануур дүүргийн дулааны станцын цахилгааны инженер, гүйцэтгэгчийн инженер техникийн ажилтнууд хуралдаж зөвлөлдөж байсан. Худалдагч талд энэ талаар учир байдлыг хэлсэн боловч бид шинэ тоног төхөөрөмж нийлүүлсэн, эрхийн доголдолгүй, гаалийн бичиг баримтыг олж өнгө гэж хэлээд утсаа ч авахгүй алга болсон. Арга буюу 2018 оны 09 сарын 03-ны өдөр уг тоног төхөөрөмжийг Багануурын дулааны станцад суурилуулахаар авч явсан. Энэ тоног төхөөрөмжийн 1 хэсэг болох /ячейк/ хуваарилах хайрцагны дээд тал мөн, хайрцагны дотор талдаа битүу зэв, очоод угсархад 0.4 кв нам талын оруулгын 4000А электрон 2 автомат эвдэрхий, 600А 2ш автомат, мөн холбогч 4000А автоматикийн автомат залгуур ажиллахгүй байсан. Багануурын дулааны станцын цахилгааны инженер Н.Гнэхэмжлэгч нар ДХХК-ийн захирал Э.Бруу нийлүүлсэн тоног төхөөрөмж чинь эвдэрхий ажиллахгүй байгааг угсралтын үед ирж үзэж танилц хэмээн /96960770,86860770/ гэсэн дугаарын утасруу олон удаа залгасан боловч үргэлж утac нь хаалттай байсан. Э.Бы туслах Бороотой утсаар холбогдоход би хэлье, дамжуулъя гэж олон удаа хэлсэн сүүлд 1 удаа залгахад Э.Бтай ярьсан, маргааш цуг Багануур явъя гэж яриад дахиад л утсаа авахаа больсон. 2018 оны 09 сарын 17-ны өдөр техникийн комиссын хурал хуралдаж тоног төхөөрөмж, хуучин эвдэрхий байна гэснээр техникийн комисс хүлээж аваагүй.

 

ДХХК-д гэрээний үүргийн дагуу төлөх 78.000.000 /далан найман сая\ төгрөгийг хүчингүй болгож гэрээг хэсэгчлэн цуцалж өгнө үү. Бид хариуцагчийн трансформаторыг нь суурилуулаад ячейкийг нь суурилуулаагүй. Ячейка  нь хэлхээний битүү утастай төхөөрөмж бөгөөд зарим автоматууд нь ажиллахгүй байсан, гаргаж тавьсан. Хариуцагчид мэдэгдэж байсан ба өөрсдөө 60 саяар хүн авах эд гэж ярьж байсан. Өмнө 2019 оны 01 сарын 03-нд тус шүүхэд ЗХХК-иас хариуцагч ДХХК-тай хийсэн 2018.06.12-ны өдрийн дугаар 21 тоот худалдах худалдан өгөх гэрээг хэсэгчлэн цуцлаж гэрээний үүрэгт төлөх 78,000,000 /далан найман сая/ төгрөгийг төлөх үүргийг хэсэгчлэн цуцлах хүсэлт гаргаад шүүхээр уг маргаанаа шийдвэрлүүлэх явцад, хариуцагч талтай хамтран Эрчим Хүчний Яам, Э болон Багануурын дулааны Станцын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр чармайсан боловч хариуцагч тал болох ДХХК нь хэдэн арван жил гадаа хадгалж зэвэрч хуучирсан тоног төхөөрөмжүүдээ цоо шинэ мэтээр муйхарлан тайлбарлаж, шүүхээс хэргийн газарт үзлэг хийж зургийг хавтаст хэрэгт аваад гэрчүүд болон ЭХХТөв, Багануурын дулааны станц ТӨХК нь техникийн бичиг баримтгүй хуучин гэж тодорхойлоод эдгээр 0.4-н кВа-н хуваарилах хайрцгуудыг тавиулахгүй гээд байхад ч шүүхэд шинэ, бичиг баримтаа алга болгочихсон юм гэж тайлбарлаад байгаа нь цаг хожиж бидэнд учирсан хохирлыг төлөхгүй байх гэсэн санаархал юм. Иймд хариуцагчийн худалдагчийн буруугаас болж гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул БНХАУ-аас гэрээ хийж шинээр оруулж ирсэн 0.4-н кВа-н хуваарилах хайрцаг, гаалийн татварын зардал нийт 120,595,000 төгрөг гарсан тул эдгээрийг хариуцагч талаар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгаа. ДХХК-ийн захирал Э.Бд манай ХХК-ийн зүгээс 2018.08.06-ны 01/61 дугаартай албан тоот бичгээр тоног төхөөрөмжийн бичиг баримтууд болон гаалийн бичгийг эх хувиар нь хүлээлгэж өгнө үү гэсэн хүсэлт хүртэл явуулсан боловч хариу өгөөгүй. Бид нийлүүлсэн тоног төхөөрөмжөө буцаан авч, авсан мөнгөө эргүүлэн төл гэж хэлэхэд чадахгүй гэж байсан. Эд хөрөнгө доголдолтой хэсгээр гэрээг цуцалж буй тул үлдэгдэл мөнгийг манай ЗХХК төлөх боломжгүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДХХК ЗХХК-тай 2018 оны 06 сарын 12-ны өдөр КТП-2500-6/04 ДУ/11н трансформаторыг нийт 275,000,000 /НӨАТ орсон/ төгрөгөөр худалдахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2018 оны 06 сарын 25-ны өдөр урьдчилгаанд 137,000,000 төгрөгийг, 09 сарын 03-ны өдөр 38,000,000, 09 сарын 04-ний өдөр 19,000,000 төгрөг шилжүүлэн авч сүүлд 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Худалдах худалдан авах гэрээний дагуу тоног төхөерөмжийг бүрэн бүтэн ямар нэг эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлж өгсөн.

 

Гэрээний дагуу тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг худалдан авагчид хүлээлгэж өгөх хүртэл бүтэн 3 cap худалдан авагчийн инженер техникийн ажилчид болон захиалагч тал гэгдэх хөгжлийн төвийн инженер техникийн ажилчид цөм байлцан хүлээж авч авч суурилуулсан. Хоёр автомат ажиллахгүй байсныг солих боломжтой. Гэтэл үлдсэн 78,000,000 төгрөгийн төлбөрөө төлөхгүй гэрээг хэсэгчлэн цуцлах тухай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн эөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч захиалагч Эөөс санхүүжилт  75 сая төгрөгөө авч чадахгүй ийм асуудал үүсгэж байна. Тэгсэн атал 120 сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж оруулж ирсэн гэдэг нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. ЗХХК нь гэрээний үнийн үлдэгдэл 78,000,000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулахгүй зайлсхийж, янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж өнөөдрийг хүрсэн байх тул тус компаниас 78,000,000 төгрөг, алдангид 11,856,000 төгрөг, нийт 89,856,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:  Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд Багануур дулааны станцын ерөнхий цахилгаан тэжээлийн, шинэчлэлт, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинэчлэн суурилуулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар-аас явуулсан тендер шалгаруулалтаар ЗХХК нь шалгарч барилга угсралтын ажил гүйцэтгэхээр 2018 оны 05 сарын 16-ны өдрийн ЭХА-002/2018 тоот гэрээ байгуулсан.

 

Төсөл хөтөлбөрийн барилга угсралтын ажил нь ажлын зургийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:

 

         6 кВ-ын 60 м хүчний кабель, гаргалгааны гүйдлийн трансформатор,

         6/0.4 кВ-ын 2x2500 кВА чадалтай хүчний трансформатор,

         0.4 кВ-ын оруулгын 2, секц холбогч 1, гаргалгааны 12 ячейк, 0.4 кВ-ын секц холбогч АВР угсрах, гаргалгааны ячейк бүрт 0.4 кВ-ын гүйдэл, хүчдэл, бодит болон хуурмаг чадал, давтамж, чадлын итгэлцүүр, фазын дараалал зэрэг параметрүүдийг хэмжих хэрэгсэл, 0.4 кВ-ын хуваарилах байгууламжийн I ба II секцийн хүчдэлийн утгыг харах, хадгалах, хянах хэмжих хэрэгслүүдийг хянах хяналтын HMI холболт хийх

Дэд станцын барилгын дотор завсар, дотор гэрэлтүүлэг, галын функт хийх

 

Хийгдсэн ажил: Гүйцэтгэгч ЗХХК нь 2018 оны 09 сарын 04-нөөс 15-ны өдрүүдэд төслийн талбайд өөрийн худалдан авсан трансформатор, 0.4 кВ-ын ячейкуудыг угсарсан. Төслийн угсралтын үед Багануурын дулааны станцын цахилгаан тэжээлийг таслаж тус станцыг бүрэн зогсоож хуучин тоноглолыг буулган шинээр угсрах тоноглолыг суурилуулсан. ЗХХК-ийн төслийн талбайд угсарсан тоноглол болох хүчний трансформатор болон ячейкуудыг шалгаж үзэхэд уг транмформаторууд нь 2007 онд үйлдвэрлэгдэж 2016 онд Монгол Улсад импортлогдож ирсэн гэсэн мэдээлэл өгсөн боловч хадгалалтын горим хангаагүй, хуучин, гаалийн бүрдүүлэлт, техникийн паспорт, ашиглалтын заавар зэрэг гарал үүслийн баримт бичиггүй мөн техникийн нөхцөлд тусгагдсан IEC 6000076-10 стандарт, КЕМА гэрчилгээтэй байх, өмнө ашиглагдаж байгаагүй шинэ байх зэрэг шаардлагыг хангаагүй тул хүчний трансформатор болон автомат хянах хэмжих хэрэгсэл нь ажиллагаагүй 0.4 кВ-ын ячейкуудыг солих үүрэг даалгаврыг тус компанинд тавьсан. Захиалагч байгууллагын шаардлагын дагуу ЗХХК нь 2019 онд 0.4 кВ-ын хуваарилах байгууламжийн ячейкуудыг бүрэн сольсон бөгөөд хүчний трансформаторыг солих хүртэл техникийн комиссоор хүлээн авах боломжгүй тухай гүйцэтгэгч компанинд мэдэгдэл хүргүүлсэн гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЗХХК нь хариуцагч ДХХК-д холбогдуулан худалдах, худалдах авах гэрээг хэсэгчлэн цуцалж, гэрээний үүрэгт төлөх 78,000,000 төгрөгийг хүчингүй болгуулах, худалдагчийн буруугаас гэрээний хэсэг цуцлагдсанаас учирсан хохиролд 120,595,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч ДХХК нэхэмжлэгч ЗХХК-д холбогдуулж худалдан авсан эд зүйлийн үнийн үлдэгдэл 78,000,000 төгрөгийг алданги 11,856,000 төгрөгийн хамт, нийт 89,856,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Зохигчид 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч ДХХК нь ОХУ Биробиджан завод-д үйлдвэрлэсэн 2КТП-2500-6/0,4 ДУ/11н трансформатор, автомат бүхий ячейкуудыг ЗХХК-д нийлүүлэх, ЗХХК нь трансформаторын үнэ 275,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. ЗХХК нь Багануур дулааны станцын ерөнхий цахилгаан тэжээлийн шинэчлэлт, цахилгаан хөдөлгүүрүүдийн инвертер шинэчлэн суурилуулах төсөл хэрэгжүүлэх этгээдийг шалгаруулах Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тендерт шалгарч барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр 2018 оны 05 сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан этгээд байна.

 

Талуудын хооронд хийгдсэн энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байх ба хуульд зааснаар худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээх юм.

 

ЗХХК 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 197,500,000 төгрөгийг ДХХК-д төлж, мөн өдөр тоног төхөөрөмжийг хадгалуулж байсан газраас нь Багануур дулааны станцад аваачиж 10 хоногийн хугацаанд суурилуулах явцад трансформаторын цахилгаан хуваарилах байгууламж /ячейк/-ийн зарим автоматууд, залгуур ажиллахгүй байсан байдал тогтоогдож байна. Энэ ажиллагаанд төслийн захиалагч Эийн хяналтын 2 инженер, ашиглагч тал болох Багануур дүүргийн дулааны станцын цахилгааны инженер, худалдан авагч талын инженер техникийн ажилтнууд болон худалдагч талын захирал Э.Б нар байлцсан байх боловч тоног төхөөрөмжийг худалдагчаас худалдан авагчид хүлээлгэн өгсөн тухай баримт үйлдээгүй, тоног төхөөрөмжийн дагалдах бичиг баримтыг хүлээлгэн өгсөн байдал харагдахгүй байна. Энэ талаар тоног төхөөрөмжийг хүлээн авахаас өмнө тоног төхөөрөмжийн бичиг баримт, гаалийн бичиг баримтыг хүлээлгэж өгөхийг хүсэж ЗХХК-иас ДХХК-д явуулсан 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01/61 дугаартай албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гүйцэтгэлийн талаарх ярилцлага дээр дутуу бичиг баримтыг Э.Б авчирч өгөх талаар хэлж байсныг тэмдэглэсэн тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын ”..0.4 кВ-ийн ячейкуудыг солиулж хүлээн авч ашиглалтанд оруулах”-аар шийдвэрлэсэн акт зэргийг нэхэмжлэгч хэрэгт ирүүлсэн байх ба 2018 оны 08 дугаар сард болон тоног төхөөрөмж суурилуулагдсанаас хойш ДХХК-ийн захирал Э.Бд нэхэмжлэгчийн зүгээс бичиг баримтыг тэдэнд өгөх, эсхүл тоног төхөөрөмжийг буцааж, төлсөн мөнгийг эргүүлж төлөхийг, мөн тоног төхөөрөмж нь доголдолтой, ажиллахгүй байгаа тухай удаа дараа мэдэгдэж байсан боловч арга хэмжээ аваагүй  тухай нэхэмжлэгч тайлбарлаж байна.

 

Суурилагдсан тоног төхөөрөмжийг ашиглагч байгууллага болох Багануур дулааны цахилгаан станцын сольсон тоног төхөөрөмжийн эд ангиас зарим зүйлийг авч сэлбэж тоног төхөөрөмжийг ажиллуулж өвлийг өнгөрөөсөн тухай нэхэмжлэгч болон тоног төхөөрөмж суурилуулахад оролцсон гэрч С.Мөнхбат нар тайлбарлаж мэдүүлж байна. Тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд 2019 оны 05 дугаар сард нэхэмжлэгч БНХАУ-аас шинээр цахилгаан хуваарилах байгууламжийн төхөөрөмжийг оруулж ирж суурилуулж ажиллуулсан нь барааг худалдан авч хилээр нэвтрүүлсэн тухай гаалийн мэдүүлэг, холбогдох этгээдүүдийн тайлбараар тогтоогдож байна. Энд гарсан зардлаа хохирол гэж 120,595,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас нэхэмжилдэг.

 

Дээрх байдлуудаар хариуцагч буюу худалдагч ДХХК нь доголдолтой цахилгаан хуваарилах байгууламж бүхий трансформаторыг нэхэмжлэгч буюу худалдан авагч ЗХХК-д шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байх ба эд хөрөнгө доголдолтой хэсгээр нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх шаардлага үндэслэл бүхий байна. Шүүх гэрээгээр худалдан авагчид шилжүүлсэн цахилгаан хуваарилах байгууламж-ячейкуудыг худалдагчид буцааж, худалдагчид төлөгдөөгүй байсан тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 78,000,000 төгрөгийг худалдагчид худалдан авагчаар төлүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзнэ. Тоног төхөөрөмжийн нийт үнэ 275,000,000 төгрөг ба хариуцагч трансформаторын эд ангийг тусад нь үнэлээгүй, нэхэмжлэгч гэрээг хэсгээр цуцалж, төлөх 78,000,000 төгрөгийг хүчингүй болгуулахаар шаардсан, ячейкуудын оронд суурилуулах тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч худалдан авсан гэж 120,595,000 төгрөгийн баримтыг ирүүлсэн зэргээс ячейкуудыг  78,000,000 төгрөгтэй дүйцэхүйц үнэтэй байна гэж үзэх боломжтой байна.

 

Дээрхтэй холбоотойгоор тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 78,000,000 төгрөгийг, түүнийг төлөлгүй хугацаа хэтрүүлсний алданги гэж 11,856,000 төгрөгийн хамт нэхэмжилсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгчийн доголдолтой эд хөрөнгийн доголдлыг арилгаж тоног төхөөрөмж дахин худалдан авч хохирсон гэсэн 120,595,000 төгрөгийн шаардлагын тухайд, энэ шаардлагыг үндэслэж буй хил гаалиар бараа нэвтрүүлсэн мэдүүлгийг үндэслэн хариуцагчид буцааж буй ячейкийн оронд суурилуулах тоног төхөөрөмжийг худалдан авч оруулж ирсэн байна гэж үзэх үндэстэй ч тоног төхөөрөмжийн эд ангийн нэр, тус бүрээр үнэ тодорхой бичигдээгүйгээс үнийн зөрүү гарах эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Энэ тоног төхөөрөмж нь угаас нэхэмжлэгчээс зардал гарч суурилагдах байсан тоног төхөөрөмж тул ячейкийг БНХАУ-аас авчирч суурилуулахад гарсан зардал гэх 120,595,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Харин тоног  төхөөрөмжийг БНХАУ-аас хилээр оруулж ирэхэд гарсан зардал-татвар хураамжид төлсөн 1,787,632 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид төлүүлэх үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243

дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан гэрээ хэсгээр цуцлагдсан тул доголдолтой 0.4 кВ-ийн ячейкуудыг ЗХХК-иас гаргуулж ДХХК-д, ДХХК-аас 1,787,632.77 төгрөгийг гаргуулж ЗХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч ЗХХК-ийн ДХХК-иас хохиролд 118,807,368 төгрөг нэхэмжилсэн шаардлага, ДХХК-ийн ЗХХК-аас тоног төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 78,000,000 төгрөгийг алдангийн хамт нийт 89,856,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу ЗХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,308,875 /547,950+760,925/ төгрөг, хариуцагч ДХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  607,230 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДХХК-аас 591,502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          С.БУД