Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0028

 

Цагаан өвөлжөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одончимэг, Ч.Амгалан нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 816 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Цагаан өвөлжөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 816 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан ашигт малтмалын хайгуулын ХВ-005264 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн “Цагаан өвөлжөө” ХХК-ийн NM-025587 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын ХВ-005264 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн өргөдөл гаргасан солбицол бүхий хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй, “Цагаан өвөлжөө” ХХК-ийн хүсэлтэд хариу өгөөгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. “Цагаан өвөлжөө” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, 26.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараах зүйлийг тодруулна” гэж заасны дагуу өргөдлийн материалыг хянахад Цагаан өвөлжөө ХХК-ийн нөөц бодуулсан талбай “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-иар хориглосон, хязгаарласан талбайтай бүхэлдээ давхацсан байсан. Кадастрын хэлтэс тус компанийн өргөдлийг хянан үзээд 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, 106.4-т заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэсэнтэй нийцжээ.

Нэхэмжлэгч “Цагаан өвөлжөө” ХХК нь “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн NM-025587 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс эс зөвшөөрч, “тус хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр “Цагаан өвөлжөө” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан нь хууль бус” гэж маргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ”, 21.1.3-д “Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заажээ.

“Цагаан өвөлжөө” ХХК нь өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээрээ ашиглалтын өмнөх үйл ажиллагааны хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучнаар/ даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хязгаарласан талбайтай давхцалтай гэх үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байх ба “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу батлагдсан Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор дээрх 194 дүгээр тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүсийн хилийн заагт өөрчлөлт орсноор “Цагаан өвөлжөө” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай давхцалгүй болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.

 “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан ...хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж зааснаар “Цагаан өвөлжөө” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлт, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл тус тус гаргасан байх ба хариуцагч нь уг өргөдлийг хүлээн авч хуульд зааснаар зохих ажиллагаа хийсэн атлаа өргөдлийг шийдвэрлээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчсөн, энэ талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарласан байна.

Иймд анхан  шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсонтой холбоотой гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж энэ талаар дүгнэлт өгөөгүйг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 816 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр      хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

                              ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ

                              ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ

                              ШҮҮГЧ                                                      О.НОМУУЛИН