Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0081/З |
Дугаар | 284 |
Огноо | 2017-09-11 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 284
“М И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдбаатар, хариуцагч Нийслэлийн Тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0411 дүгээр магадлалтай, “М И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо, Нийслэлийн Тээврийн газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар шийдвэрээр: 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан “М И” ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, түүний Тендерийн үнэлгээний хороо, Нийслэлийн Тээврийн газарт тус тус холбогдуулан гаргаснаар “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/0191 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “МБИ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил, НХААГ-14/0191 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “М И” ХХК-ийн саналаас татгалзсан шийдвэрийг хууль бус байсан болохыг, “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/0191 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд тендерийн үнэлгээний хорооны “МАЗ” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлтийг хууль бус байсан болохыг, “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, НХААГ-14/0191 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “МБИ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хохирлын хэмжээнд талууд маргасан тул энэ талаарх маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэйг дурдаж, 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0411 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтын 106.3.13 гэснийг 106.3.14 гэж, 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М И” ХХК-ийн “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил НХААГ-14/0991 тоот тендерийн багц №1 дугаартай ажилд тендерийн үнэлгээний хорооноос “МАЗ” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлт, “М И” ХХК-ийн саналаас татгалзсан тухай шийдвэр, “МАЗ” НХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”, “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулах”-ыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил НХААГ-14/0991 тоот тендерийн багц №1 дугаартай ажилд “МАЗ” НХК-тай Нийслэлийн тээврийн газрын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “төгрөгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн магадлалыг хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд “тухайн тендерт оролцогч нарын ирүүлсэн тендерийн баримт бичгийг тендерийн шаардлагад нийцсэн эсэхийг шалгаж тогтоох” ажиллагааг зохицуулсан, харин хуулийн 28 дугаар зүйлд “тендерийн шаардлагад нийцсэн тендерт үнэлгээ хийх” тухай зохицуулсан. Өөрөөр хэлбэл хуулийн 27 дугаар зүйлд заасан тендерийн шаардлагад нийцсэн тендерийг хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлэх тухай маш тодорхой зохицуулсан. Гэтэл энэхүү маргаж буй тендер шалгаруулалтаар шалгаруулсан гэх “МАЗ” НХК- ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь тендерийн шаардлагыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага болох Сангийн яамны шийдвэрээр тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргахдаа тус нотлох баримтыг хуулийн агуулгаас зөрүүтэй байдлаар буруугаар тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэгт авагдсан баримт, хуулийн зохицуулалтыг үзэхэд тендерийн шаардлага хангаагүй тохиолдолд түүнийг үнэлэх тухай асуудал яригдахгүй ба тендерээс татгалзах үндэслэл бүрдэх ёстой. Гэтэл хариуцагч байгууллага нь тэгэлгүйгээр 2 компанийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэн үнэлсэн ба хамгийн бага үнэтэйг нь шалгаруулсан гэж тайлбарласныг хүлээн авч байгаа нь үндэслэлгүй ба нэхэмжлэгчид ирүүлсэн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1786 тоот албан бичгээр “...өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж”, “МАЗ” НХК-г шалгаруулсан гэх мэдэгдэл өгсөн ба үүнээс үзэхэд дахин татгалзсан гэж ойлгогдож байгаа ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үнэлгээ хийсэн тэгээд хамгийн бага харьцуулах үнийг санал болгосноор нь “МАЗ” НХК-г шалгаруулсан гэж тайлбарласныг нотлох баримттай нь харьцуулж үнэлэлгүйгээр шууд хүлээн авч уг ажиллагаа тэгж явсан мэтээр дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд тендерээс нь татгалзаагүй, харин үнэлгээ хийсэн нь ТҮХ-ны хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна гэх боловч тус тэмдэглэлд өмнөх хуралдаан дээр яригдсан зүйлийг дахин ярьж шийдвэрийг хэвээр үлдээх тухай гэж шийдвэрлэснийг тэмдэглэсэн байхад хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбарыг дэмжих байдалтайгаар нотлох баримтыг үнэлсэн гэж үзэж байна. Шүүхүүд хариуцагч байгууллага Сангийн яамны шийдвэрийг биелүүлэх нэр төдий үйлдлийг хийж хуулийн 27 дугаар зүйлд заасан баримт бичгийн шаардлагыг “МАЗ” НХК хангаагүй байна гэж маш тодорхой дүгнэсэн байхад тендерийн үнэлгээ өгөх шаардлагад нийцсэн гэж үзсэнийг зөвтгөж, хуулийн дагуу гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0411 дүгээр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч “М И” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороо, Нийслэлийн Тээврийн газарт холбогдуулж “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил, НХААГ-14/0991 тоот тендерийн Багц №1 дугаартай ажилд “МБИ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, НХААГ-14/0191 тоот тендерийн үнэлгээний хороо “МАЗ” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлт, “М И” ХХК-ийн саналаас татгалзсан тухай шийдвэрүүд хууль бус байсан болохыг тогтоолгож, түүнээс болж нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сангийн яамнаас 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5/6589 дугаар бүхий “Тендер шалгаруулалтын тухай” албан бичгийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсний дараа Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхдээ Беларусь улсын Хууль зүйн яамны дэргэдэх Хуулийн этгээд болон хувиараа аж ахуй эрхлэгчдийн улсын нэгдсэн бүртгэлийн удирдах газрын бүртгэлийн хуулбар, ТЕГ-ын Минск хотын дүүргийн хяналт шалгалтын газрын тодорхойлолт, банкны бичгүүд зэргийг ТШӨХ-ийн 12.1/ё/-д нийцсэн, тендерт оролцогчдын техникийн чадавх туршлагыг “МАЗ” НХК-ийг илүү хангаж байна гэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж анхан болон давж заалдах шүүх зөв дүгнэсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4-т заасны дагуу тендерт оролцогчдын ирүүлсэн үнийн саналыг харьцуулан хамгийн бага үнийн санал ирүүлсэн “МАЗ” НХК-ийг тендерт шалгаруулсан нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “...өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана” гэснийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...тендерийн баримт бичиг нь тендерийн шаардлага хангаагүй болохыг Сангийн яамны шийдвэрээр тогтоосон тул сонгон шалгаруулалтаас хасах байсан...” гэсэн гомдол үндэслэлгүй юм.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн тээврийн газарт 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 1785 дугаар албан бичгийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/597 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны “Гүйцэтгэгчийг сонгох, гэрээ байгуулах тухай” 03 дугаар зөвлөмжийн хамт хүргүүлсэн байна. Энэхүү албан бичиг, зөвлөмжийн дагуу нэг талаас Нийслэлийн тээврийн газар /захиалагч/, нөгөө талаас Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотын “Б” холдингийн удирдах компани – Минскийн автомашины үйлдвэр /нийлүүлэгч/ харилцан тохиролцож Багц1: Угсраа автобус нийлүүлэх гэрээ дугаар №2014/04-г байгуулжээ. Уг гэрээг захиалагчийг төлөөлж Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат, нийлүүлэгчийг төлөөлж “МАЗ” НХК-ийн гадаад эдийн засгийн харилцааг удирдах экспортын хэлтсийн дарга Р.А.И нар гарын үсэг зурсан байхад гэрээг “МБИ” ХХК-тай байгуулсан гэж үзэж хууль бус болохыг тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Энэ гэрээний улмаас “М И” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлал буруу юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2017/0411 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтын 106.3.13 гэснийг 106.3.14 гэж, 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М И” ХХК-ийн “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил НХААГ-14/0991 тоот тендерийн багц №1 дугаартай ажилд тендерийн үнэлгээний хорооноос “МАЗ” НХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулсан дүгнэлт, “М И” ХХК-ийн саналаас татгалзсан тухай шийдвэр, “МАЗ” НХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил НХААГ-14/0991 тоот тендерийн багц №1 дугаартай ажилд “МАЗ” НХК-тай Нийслэлийн тээврийн газрын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”, “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулах”-ыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан “төгрөгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй”
гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН