Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01212

 


                                              “ ****” ХК-ийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 138/ШШ2020/01192 дугаар шийдвэр, 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2021/06 дугаар магадлалтай, 

“ ****” ХК-ийн нэхэмжлэлтэй,

****ид холбогдох 

Гэм хорын хохиролд 11,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гангамөрөн, өмгөөлөгч Д.Галтогтох нарын хамтран гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ ****” ХК нь ****ид холбогдуулан гэм хорын хохиролд 11,300,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 138/ШШ2020/01192 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т тус тус зааснаар хариуцагч ****оос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 7,910,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ****” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,390,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,750 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****оос улсын тэмдэгтийн хураамжид 141,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ****” ХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2021/06 дугаар магадлалаар ****, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 138/ШШ2020/01192 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар нэхэмжлэгч “ ****” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “ ****” ХК-аас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Д.Урансувд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гангамөрөн, өмгөөлөгч Д.Галтогтох нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалд “...Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай /тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасантай/ холбоотой хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримталж шийдвэрлэсэн нь буруу байна..., Нэхэмжлэгч “ ****” ХК, хариуцагч ****той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “Ажилтан өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133, 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ.” гэх заалт нь дангаараа хариуцагч ****ид эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч ****ид эд хөрөнгийн бүрэнхариуцлага хүлээлгэхийн тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасан “эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тухай” гэрээ байгуулах байсан гэж үзнэ...”гэж тус тус дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх “ ****” ХК-ийн нэхэмжлэлтэй ****ид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруутайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж байна. 2016 онд түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2019.08.15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Тус компанид ****оос гадна 9 малчин ажилладаг бөгөөд бүх малчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулдаг. Учир нь компанийн зүгээс жилийн эцэст ажилчдын үр дүнг тооцон 13-р сарын цалин олгох, улирлын нэмэлт урамшуулал олгох, удаан жил ажилласны нэмэгдэл олгох гэх мэт олон төрлийн нэмэлт, урамшуулалд хөдөлмөрийн гэрээтэй ажилчид хамрагддаг. тул ажилчдаа гэсэн сэтгэлээр, тэдэндээ нэмэр тус болох гэж хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Малчидтай хөлсөөр ажиллах гэх мэт хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулж ажиллуулах тохиолдолд дээрх нэмэлт урамшуулалд хамрагдах боломжгүй болдог. Энэ байдлыг ч малчид маань ойлгож сэтгэл хангалуун байдаг. “ ****” ХК-ийн зүгээс ****оор 2016-2020 он хүртэл мал маллуулсны цалинд нийт 35,221,694 төгрөг олгосон байдаг. Үүнээс гадна мал маллахад нь зориулж хашаа, хороо, худаг ус, цахилгаан эрчим хүчээр хангаж нормын хувцас, бензин түлш, үнэгүй нүүрс, малын өвс, тэжээл өгч байсан. ****ийн гол үүрэг нь компаниас маллуулахаар олгосон малын тоо толгойг хорогдуулахгүй байх, тарга хүч авахуулах байсан. Үүний хариуд нь компанийн зүгээс цалин, нэмэлт урамшуулал, бусад зүйлээр хангадаг байсан. **** нь 2020.01 сараас 2020.06 сар хүртэл өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас 2019 оны хавар төрсөн 171 хурга, 26 ишиг үхүүлж, зүй бус хорогдол гаргасан. Малчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилчид өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх талаар зааж өгсөн. Малчдын хувьд компанийн малыг хариуцан маллаж байгаа учир хариуцуулж өгсөн малыг дутагдуулах, үрэгдүүлэх тохиолдолд төлж барагдуулна гэдгээ бүрэн ойлгож, ухамсарлаж ирсэн. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т “Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх хэм хэмжээ нь ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй байх, хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх талаар огт тусгаагүй тохиолдолд хэрэглэгдэх учиртай юм. Гэтэл “ ****” ХК нь ажилтан ****той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Ажилтан өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133, 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ.” гэж хариуцуулан өгсөн малаас зүй бус хорогдол гаргасан тохиолдолд малчин өөрөө хариуцах талаар заасан. Үүнийг ****ид эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх талаар хөдөлмөрийн гэрээнд тусгасан гэж үзэж байна. Малчид бол жирийн ажилчид биш. Тэдний үүрэг нь компанийн малыг байх ёстой тоо, хэмжээнд байлгах, дутагдуулахгүй байх, хариулга маллагааг сайжруулж малд тарга, хүч авхуулах үүрэгтэй юм. Хэрэв энэ үүргээ хангалтгүй биелүүлж мал хорогдуулсан тохиолдолд компанийг хохиролгүй болгох ёстой. ****ийн хувьд өөрийн буруугаас, хариулга маллагаа дутагдуулснаас, малд хорголжин тэжээлийг буруу өгснөөс компанийн 171 хурга, 26 ишиг үхүүлсэн болох нь нотлогдсон учир тэрээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх, компанид учирсан гэм хорыг арилгах нь хуульд бүрэн нийцнэ. Нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гангамөрөн, өмгөөлөгч Д.Галтогтох нарын хяналтын журмаар хамтран гаргасан “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн утга бүхий гомдлыгхангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

6. Анхан шатны шүүх ****оос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 7,910,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ****” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,390,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар нэхэмжлэгч “ ****” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. 

7. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад хангалттай дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралтай нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүйн улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал: 

8. Нэхэмжлэгч “ ****” ХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компанийн малчин **** нь 2020 оны 01 сараас 6 сарын хооронд 171 хурга, 26 ишиг үхүүлж малын зүй бус хорогдол гаргасан. ...хохирол 11,300,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн агуулгаар тодорхойлжээ. 

Хариуцагч **** “...”Малын хорогдол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. 171 хурга, 26 ишиг үхсэн гэх тоог би өөрөө гаргаж өгсөн. Гэвч манай нутаглаж байсан газарт их хүйтэн байсан. Шөнийн цагаар их хүйтэн болж байсан. Хурга, ишигний хувьд голдуу хэвтэртээ үхсэн байгаа. Хорогдсон малын хувьд дан ишиг, хурга байсан. “ ****” ХК-ийн зүгээс эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Би хурга, ишгийг хүлээж авах үед малын эмч, малын дарга нар бүгд хамт байсан. ...Тэр үед ч би малын даргад нь он гаргахааргүй малнууд байна гэж хэлж л байсан. Би “ ****” ХК-ийн захирал Баясгаланд ч гэсэн ийм нөхцөл үүсэх боломжтой гэдгийг хэлж ирсэн. ...Миний буруугаас болж мал үхээгүй учраас би хариуцахгүй...” гэсэн агуулгатай тайлбарыг гаргаж мэтгэлцсэн байна. 

9. Зохигчийн хооронд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болсон байна 

10. “ ****” ХК, **** нарын хооронд байгуулагдсан 2019.08.15-ны өдрийн №2019/98 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2-т “ажилтан өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133, 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ” гэж харилцан тохиролцжээ. 

Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 133, 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлагын зохицуулалтууд эрх зүйн ялгаатай үр дагаврыг бий болгох бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т ажилтан эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээхээр заасан нь тодорхойгүй байдлыг үүсгэж байх тул хариуцагчийг эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. 

11. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.6-д “Энэ гэрээгээр зохицуулаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, “ ****” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, бусад эрх зүйн акт, хууль тогтоомжоор зохицуулна” гэж харилцан тохиролцжээ. 

**** нь “ ****” ХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оноос 2020.06.02-ны өдөр хүртэл тус компанид малчнаар ажиллаж байсан, ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 01 сараас 05 сарын хооронд 171 хурга, 23 ишиг, нийт 197 тооны бог малын хорогдол гаргасан үйл баримт хэрэг авагдсан баримтын хэмжээнд тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна. 

Анхан шатны шүүх “... **** эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтад орсон ажилтан мөн эсэх талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй боловч хариуцагч малын тарга хүч, арчилгаа, маллагааг дээшлүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх үүргээ биелүүлж, бусдад гэм хор учруулахгүй байх ерөнхий үүргээ зөрчсөнөөс болж малын зүй бус хорогдол гаргасан үйлдэл нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсантай шалтгаант холбоотой “ ****” ХК өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрхтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, ...хөдөлмөрийн дотоод журам, ...нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй”, 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 132.2-т “Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй” гэж зохицуулан заасныг талууд гэрээнийхээ 3.4.1, 3.4.2, 3.4.3-т тус тус тусгасан бөгөөд **** “ ****” ХК-д малчнаар ажиллах хугацаандаа хариуцан авсан малыг халдвартай болон халдваргүй өвчин, гэнэтийн аюул зэргээс бусад буюу малын хариулга, арчилгаа, маллагаатай холбоотой хорогдол гаргахгүй байх үүрэгтэй. 

Малын генетик нөөцийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т тус тус зааснаар мал хамгаалах талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь бүс нутгийн онцлогийг харгалзан өвөлжих, хаваржих бэлчээрийн малд зориулж хадлан тэжээл бэлтгэх, ус, хашаа байраар хангах, малыг байгалийн эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх, мөн эрчимжсэн мал аж ахуйн малд ашиг шимийн чиглэл, биологийн онцлогт тохирсон арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологи мөрдөх, малыг өлдөөхгүй байх, аюулгүй нөхцөлөөр хангах үүргийг **** малчин хүний хувьд зохих ёсоор биелүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д  “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө. 

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол нь хариуцагч ****ийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй хохирол хэмжээ тогтоогдсон байх учиртай.   

Хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд хариуцагч **** эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын хэмжээний талаар маргах эрхтэй. 

13. Гэм хорын хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна. 

14.  **** ХК иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн гэм буруу, учирсан гэм хор, хохирлын хэмжээг нотлох үүрэг хүлээдэг. 

Анхан шатны шүүх ****ид 2019 оны 7-8 дугаар саруудад төл мал хүлээлгэн өгөх үед хурга, ишигний тарга тэвээрэг сайн, тухайн жилийн өвөл цас зудгүй байсан, хариуцагч өөрийн хариуцаж авсан төл малын хариулга, маллагаа хангалтгүй байсны улмаас малын зүй бус хорогдол гарсан нь гэрч Д.Амаржаргал, Б.Пүрэвжав, С.Болдбаатар, Ү.Дорж нарын мэдүүлэг, 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 5 сар хүртэл Чойбалсан сумын нутгийн цаг агаарын байдлын талаар Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн албан бичиг, Чойбалсан сумын Зайрт БГБХН-ийн малын эмч Ү.Доржийн мал хорогдсон тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул  **** ХК-д гэм хор учруулсан гэм буруутай гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

15. Хариуцагч **** “...надад хүлээлгэж өгсөн хурга ишиг он гарахааргүй, ногоондоо цадаагүй, туранхай, хэнз мал байсан, тухайн өвөл цас ихтэй, хүйтэн өвөл байсан тул мал үхэж хорогдсон нь миний мал маллагаанаас болоогүй...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ. 

16. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн “Вендо” ХХК-ийн 2020.07.09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг үнэлж, хариуцагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг 11,300,000 төгрөгийн 70 хувь болох 7,910,000 төгрөгөөр тогтоосон нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарт үндэслэгдсэн байх тул хууль зөрчөөгүй байна.

17. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, ****оос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 7,910,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ****” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,390,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

18. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гангамөрөн, өмгөөлөгч Д.Галтогтох нарын хамтран хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2021/06 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 138/ШШ2020/01192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гангамөрөн, өмгөөлөгч Д.Галтогтох нарын хамтран гаргасангомдлыгхангасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээсхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                     Н.БАЯРМАА 

                                                                                                   Б.МӨНХТУЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ