Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 478

 

 

Л.Ц, Б.Гнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Анхцэцэг,  

шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

шүүгдэгч Б.Г,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Гнарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Ц, Б.Гнарт холбогдох эрүүгийн 1908045611391 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1719 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгүүлсэн;

 

Л.Ц, Б.Гнар нь бүлэглэн домкрат, торцовыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартайгаар хэрэглэж 2019 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хороо, 41 дүгээр байрны хойно байрлуулсан иргэн Н.Батбөхийн 24-82 УББ улсын дугаартай Тоуота prius-30 маркийн автомашины 4 ширхэг обудтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван шарын 86 дугаар байрны хойд талд байрлуулсан иргэн Б.Эрхбаярын эзэмшлийн 98-73 УБЦ улсын дугаартай саарал өнгийн Тоуота prius-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны хойд талд байрлуулсан иргэн Ө.Ариунжаргалын эзэмшлийн 42-09 УБЯ улсын дугаартай Тоуота prius-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,         

2019 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19
дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 79а байрны баруун талд машины зогсоолд байрлуулсан иргэн О.Дамбийжанцангийн эзэмшлийн 64-54 УБК улсын дугаартай Тоуота prius-20 маркийн тээврийн хэрэгслийн хоёр талын хормойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 360,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

Л.Ц, Б.Гнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 04561 1391 дугаартай шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт холбогдох хэргээс “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1719 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалт дахь тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Цид зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан гурван жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг гурван жил зургаан сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан гурван жилийн, шүүгдэгч Л.Цид оногдуулсан гурван жил зургаан сарын хорих ялыг тус бүрд нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг данхраад, нэг ширхэг тахир төмөр гар, нэг ширхэг дугуйн түлхүүрийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Ц.Басбаярын өмчлөлийн 90-15 УНИ улсын дугаартай, Тоуота загварын prius-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгчид нь буцаан олгож, энэ талаар иргэн Д.Цогтбаярт мэдэгдэж, шүүгдэгч Б.Г, Л.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт урьд авсан "хувийн баталгаа гаргах", "хязгаарлалт тогтоох" таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгч Л.Цийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан "хулгайлах" гэмт хэргийг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон.

А.   Учрах   саадыг   арилгах  зорилгоор   тусгайлан   бэлтгэсэн  зэвсгийн   чанартай   зүйл хэрэглэсэн эсэх тухайд:  

Шүүх дүгнэлт хийхдээ шүүгдэгч нар данхраад, дугуйн түлхүүрийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор зориудаар биедээ авч явсан, ашигласан, ур дүнд нь дугуйг тайлсан буюу гэмт хэргээ төгсгөх боломжтой болсон. Энэ нь хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, хялбарчлах зорилгоор ашигласан байх бөгөөд энэ нь учрах саадыг арилгах зорилгоор ашигласан гэж үзнэ хэмээн дүгнэсэн.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоож, хэргийг зүйлчилсэн байх боловч хулгайлах гэмт хэргийг "зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн" гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт "Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно.” хэмээн тодорхойлсон.

Шүүх дүгнэлт хийхдээ дээрх тайлбарыг эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн хүрээнд хууль тогтоогчоос баталсан тайлбар гэж үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэхүү тайлбарыг   хууль санаачлагч Эрүүгийн хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-ийг тайлбарласан тайлбар гэж үзэж өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан болно.  

Иймээс шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ "домкрат, торцов" зэргийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Б.   Шүүгдэгч   нарт   Эрүүгийн  хуулийн   ерөнхий   ангийн   6.7   дугаар   зүйлийг   хэрэглэх боломжтой эсэх тухайд:

Анхан шатны шүүх шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаантай байсныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Харин шүүгдэгч Б.Гийг болон түүний өмгөөлөгчийг "...шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж оролцсон..." хэмээн дүгнэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйг хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шударга есны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлж авснаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлдэг, харин өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн арга, хэрэгслийн тухайд буюу зэвсэг, зэвсгийн чанартай зүйл мөн эсэх тухайд л маргасан болно. Үүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргасан гэж үзэж ял оногдуулах нь үндэслэлгүй юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие бусдад учруулсан хохирол, хор уршиг, буруутай үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 107 дугаар гудамж, 166 тоотод эцэг, эхийн хамт амьдардаг. “МАК” ХХК-ийн Харуул хамгаалалтын албанд ажиллаж, өрхийн амьжиргаа болон эцэг, эхийн эм тариа, эмчилгээг нь залгуулдаг байсан. Эцэг Лхагвамял нь эрүүл мэндийн улмаас ажил эрхлэх боломжгүй, эх Нурмаасүрэн нь эмчийн хяналтад байдаг болно. Миний бие амьжиргааныхаа түвшинг сайжруулахын тулд 2020 оны 9 дүгээр сард 4 жилийн хугацаатай 20 сая төгрөгийн зээл авсан. Өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ харамсаж, алдаагаа ухамсарлаж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Гдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хүүхэд маань 3 настай. Амьдралаа эхлүүлж яваа залуу хүний хувьд энэ бүхэн хүнд тусаж байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж, хохирол төлсөн. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэв.  

 

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Г, Л.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд машин механизм ашигласан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашигласан гэж дүгнэж ял оногдуулсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч нар нь өөрт учирсан санхүүгийн бэрхшээлээ шийдэх зорилгоор урьдчилан үгсэн тохирч, төлөвлөсний үндсэн дээр машины дугуй тайлах зориулалттай домкрат, түлхүүрийг зөөвөрлөн авчраад түүгээрээ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч, захиран зарцуулсан. Үүнийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл гэж үзэхгүй тохиолдолд шүүгдэгч нарт ял завшуулж байгаа үйлдэл болно гэж үзэж байна. Учир нь, 4 удаагийн үйлдлээс 3 удаагийн үйлдэлд нь домкрат, түлхүүрийг ашиглаж байна. Домкрат, түлхүүрийг ашиглахгүйгээр тухайн автомашинаас дугуйг салгах боломжгүй. Ийм учраас тусгайлан бэлтгэж домкрат, түлхүүрийг авч яваад байна. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй гэсэн байна. Шүүгдэгч Б.Гөмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэн. Эхний удаад шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тэнссэн. Дараагийн үйлдэлд нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Үүний дараа хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн нь ингэж болдог юм байна гэж ойлгоод байгааг нь харуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл гэж бий. Зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж үзнэ гэсэн байна. Шүүгдэгч Б.Гнь урьд үйлдсэн гэмт хэргүүддээ гэмшихгүй байна. Үүнийг прокурорын зүгээс шүүгдэгчийн хувийн байдал гэж ойлгож байна. Шүүгдэгч Л.Ц нь мөн урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээд тэнсэж байсан. Гэтэл тэнссэн хугацаанд дахин бусдын өмчлөх эрхэд халдаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарыг дурдаж байна. Гэтэл гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал өөр. Энэ хэргийн тухайн тусгайлан домкрат, түлхүүрийг авч очоогүй бол энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Л.Ц, Б.Гнарт холбогдох 1908045611391 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил байхгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

 

Л.Ц, Б.Гнар нь учрах саадыг арилгах зорилгоор Л.Цийн өмчлөлийн 90-15 УНИ улсын дугаартай Тоуоtа prius 20 загварын автомашиныг ашиглаж 2019 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хороо, 41 дүгээр байрны хойно байрлуулсан иргэн Н.Батбөхийн 24-82 УББ улсын дугаартай Тоуота prius-30 маркийн автомашины 4 ширхэг обудтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван шарын 86 дугаар байрны хойд талд байрлуулсан иргэн Б.Эрхбаярын эзэмшлийн 98-73 УБЦ улсын дугаартай саарал өнгийн Тоуота prius-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны хойд талд байрлуулсан иргэн Ө.Ариунжаргалын эзэмшлийн 42-09 УБЯ улсын дугаартай Тоуота prius-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 79а байрны баруун талд машины зогсоолд байрлуулсан иргэн О.Дамбийжанцангийн эзэмшлийн 64-54 УБК улсын дугаартай Тоуота prius-20 маркийн тээврийн хэрэгслийн хоёр талын хормойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 360,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

           хохирогч Н.Батбөхийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний 41 дүгээр байранд оршин суудаг. 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 21 цагийн үед өөрийн эзэмшлийн 24-82 УББ улсын дугаартай хар өнгийн "Тоуоtа prius 30" маркийн автомашинаа 41 дүгээр байрны хойд талд байрлуулчхаад гэртээ орж амарсан. Маргааш нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ажилдаа явах гээд гараад иртэл миний машины 4 ширхэг дугуйг хулгайлаад аваад явсан байсан. ...” /1хх 12/ гэх мэдүүлэг,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3/,

хулгайлагдсан 4 ширхэг дугуйг нийт 800,000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 27/,

Л.Цаас төлсөн хохирлын 800,000 төгрөгийг хохирогч Н.Батбөхөд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 47-48/,

 

               хохирогч Ө.Ариунжаргалын “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шар 10 дугаар байранд оршин суудаг. 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр оройны 18 цаг өнгөрч байхад өөрийн байрны баруун талд цонхныхоо харалдаа өөрийн эзэмшлийн 42-09 УБЯ улсын дугаартай Тоуоtа prius 30 маркийн машинаа байрлуулчхаад гэртээ орж амарсан. Маргааш нь 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өглөөний 07 цаг 20 минутын үед ажилдаа явах гээд гараад иртэл миний машины 4 ширхэг обудтой дугуйг тайлаад, хулгайлаад аваад явсан байсан. ...Миний алдсан гэх дугуйнуудын 2 нь 215*60*17 гэсэн хэмжээтэй, 2 нь 215*55*17 хэмжээтэй G Stock загварын обудтай дугуй байсан...” гэх мэдүүлэг /1хх 138/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 126/,

            хулгайлагдсан 4 ширхэг G Stock загварын обудыг 480,000 төгрөгөөр, 4 ширхэг дугуйг 320,000 төгрөгөөр үнэлсэн "Тэнцвэр Эстимэйт" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх141/,

               хохирогч Ө.Ариунжаргалын машины 4 ширхэг G Stock загварын обудтай дугуйнуудыг шүүгдэгч Л.Цийн 90-15 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 157/,

               хохирогч Ө.Ариунжаргалд хохирлын мөнгө болон дугуйнуудыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 169/,

              

               хохирогч О.Дамбийжанцангийн “...21 цагийн үед өөрийн эзэмшлийн 64-54 УБК улсын дугаартай цагаан өнгийн Тоуоtа prius 20 маркийн тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 79а байрны баруун талд машины зогсоол дээр байрлуулчхаад маргааш өглөөний 09 цагийн үед машин дээрээ иртэл машины 2 талын хормой алга болсон байсан. Шөнө намайг 02 цагийн үед тагтан дээрээ тамхи татаад зогсож байхад миний машины хажууд үл таних 2 залуу сэжиг бүхий байдалтай зогсож байсан. Би тухайн 2 залууг байж магадгүй гэж бодож байна. Тэр хоёр залуу саарал өнгийн Тоуоtа prius 20 маркийн автомашинтай явж байсан. Би алдсан гэх хормойгоо 2019 оны 9 сарын эхээр 360,000 төгрөгөөр Өгөөмөр захаас худалдаж авч байсан. Сувдан цагаан өнгийн шинэ хормой байсан. Би тухайн 2 залууг л сэжиглэж байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 1, 9/,

Тоуоtа prius 20 автомашины 2 талын хормойг 360,000 төгрөгөөр үнэлсэн "Тэнцвэр Эстимэйт" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 244/,

шүүгдэгч Б.Гээс өгсөн Тоуоtа prius 20 автомашины 2 талын хормойг хохирогч О.Дамбийжанцанд хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /2хх 18-19/,

 

               хохирогч Б.Эрхбаярын "...Би 2019 оны 9 дүгээр сарын 4-ний орой 22 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын 86 дугаар байранд найзындаа очсон. Байрны хойд талд нь өөрийн эзэмшлийн 98-73 УБЦ улсын дугаартай саарал өнгийн Тоуоtа prius 30 маркийн автомашинаа байрлуулаад найзындаа орж амарсан. Маргааш нь буюу 9 дүгээр сарын 5-ны өглөөний 07 цаг 20 минутад ажилдаа явах гээд гараад иртэл миний машины хоёр ширхэг дугуйг тайлаад хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний алдсан гэх дугуйнууд хоёр нь 215*60*17 хэмжээтэй G Stock загварын обудтой дугуй байсан. Тухайн хоёр дугуйг алдахаасаа 7 хоногийн өмнө худалдаж авсан. Би өөрийнхөө алдагдсан гэх обуд дугуйнуудыг 500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1 хх 198/ ,

               хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 189/,

               хоёр ширхэг дугуй, обудыг нийт 500,000 төгрөгөөр үнэлсэн Тэнцвэр Эстимейт ХХК-ний 1057 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 201/,

               шүүгдэгч Л.Цаас төлсөн 500,000 төгрөгийг хохирогч Б.Эрхбаярт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 216, 217/,

     Л.Цаар дээрх 4 удаагийн хулгайлах гэмт үйлдлийн газруудыг заалгасан мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 85/,

    Б.Гээр өөрийнх дээрх 4 удаагийн хулгайлах гэмт үйлдлийн газруудыг заалгасан мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 92/,

 

            шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шипжих шөнө ...Цэнд-Аюушийн 90-15 УНИ улсын дугаартай Тоуоtа prius 20 машинтай нь шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 41 дугаар байрны хойно авто зогсоолд баирлуулсан 24-82 УББ улсын дугаартай Тоуоtа prius 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтой дугуйг дугуйн түлхүүр, домкрат, гудамжнаас олсон 3 ширхэг тал блок, хавтгай чулуу ашиглан тайлж аваад Цэнд-Аюушийн гэрийн хашаанд хулгай хийсэн дугуйгаа буулгачихаад 05 цагийн үед буцаж Сонгинохайрхан дүүргийн 86 байрны гаднаас мөнгөлөг саарал өнгийн Тоуоtа prius 20 маркийн машины 2 ширхэг дугуйг дугуйн түлхүүр, домкрат, гудамжнаас олсон 3 ширхэг тал блок, хавтгай чулуу ашиглан тайлж аваад дахиж Цэнд-Аюушийн гэрийн хашааны буланд буулгачхаад 06 цагийн үед Цэнд-Аюушаар гэртээ хүргүүлээд салцгаасан. Маргааш нь 12 цагийн үед Цэнд-Аюушийн гэрт очиж фейсбүүк дээр зар тавьж байгаад хулгай хийсэн 6 обудтой дугуйг 600,000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан, зарахдаа миний машины дугуй гэж хэлсэн. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан домкрат, дугуйн түлхүүр нь Цэнд-Аюушийнх, машин доор ивсэн 3 ширхэг блокийг гудамжнаас олсон юм. ...Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна, миний буруу. ...” /1 хх 63/,

 

                шүүгдэгч П.Цэнд-Аюушийн яллагдагчаар өгсөн “...Би ...2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр байж байгаад оройн 20 цагийн үед ах Басбишээс худалдаж авсан 90-15 УНИ улсын дугаартай Тоуоtа prius 20 маркийн машинтайгаа халтуур хийхээр гарсан.  ...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын орчмоор эргэлдэж байгаад 19 дүгээр хороо, 41 дүгээр байрны гадаа ирээд Гансүх буусан. Удалгүй буцаж ирээд ... машины 4 ширхэг дугуй тайлчихлаа, хоёулаа хамт очоод машинд ачъя гэхээр нь би машинаас буух гэсэн чинь Гансүх чи наанаа үлдээд хүн хараад байж бай гэж хэлчихээд миний машиныг унаж яваад байрны хойгуур ороод 5 орчим минутын дараа ирээд чи өөрөө машинаа барьчих гэхээр нь би за гэж хэлээд машиндаа ороод Гансүхээс одоо хаашаа явах юм бэ гэж асуусан чинь танай гэрт хашаанд чинь 4 ширхэг дугуйгаа тавьчихъя гэхээр нь би зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 107-166 тоот гэрийнхээ нүүрсний амбаарт шөнийн 03 цагийн үед буулгасан юм. Тэгээд ...би машинаа бариад дахин Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын автобусны буудлын хойшоо 86 дугаар байрны авто зогсоол дээр очоод зогссон чинь Гансүх машинаас бууж явж байгаад 10 орчим минутын дараа буцаж ирээд энд гайгүй байрлуулсан машин байна. Энэ машины цаад талын 2 дугуйг авъя гэж хэлээд машинаас домкрат, дугуйн түлхүүр аваад явсан. Удалгүй Гансүх машинд домкрат, дугуйн түлхүүр хоёрыг хийчхээд тайлсан дугуйгаа авъя гэж хэлээд намайг дагуулан явсан. ...2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн ...шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын автобусны буудлын хойшоо 10 дугаар байрны хойно машинаа байрлуулсан. Гансүх машинаас бууж яваад хэсэг байж байгаад буцаж ирээд машинаас дугуйн түлхүүр, домкрат авч яваад 20 орчим минутын дараа дугуйн түлхүүр, домкрат буцааж машинд хийчхээд байрны хойно модны хажууд байрлуулсан Тоуоtа prius 20 маркийн машины тайлсан 4 ширхэг дугуйгаа өнхрүүлж ирээд машины тээшинд хийсэн. ..." /1 хх 90/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч Л.Ц, Б.Гнарын бусдын эд хөрөнгийг 90-15 УНИ улсын дугаартай Тоуоtа prius 20 загварын автомашин ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “...учрах саадыг арилгах зорилгоор ...машин механизм ашиглаж үйлдсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмч хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах буюу ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг бөгөөд гэмт этгээд тухайн эд хөрөнгийг байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.

 

Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан болон тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн зэрэг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн аль байдлаар хамааруулах эсэхийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй юм.

 

Прокуророос Л.Ц, Б.Гнарыг бүлэглэн “Хулгайлах” гэмт хэргийг домкрат, торцовыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартайгаар хэрэглэж, 3 удаагийн бусдын автомашины дугуйг хулгайлах үйлдэлдээ машин механизм ашиглаж үйлдсэн, 1 удаагийн хулгайлах үйлдэлдээ ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй гээд тэдний үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэргийн заалтыг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх гэсэн заалтуудыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тугайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн...”  хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ /2 хх 182-189/.

 

Анхан шатны шүүх Л.Ц, Б.Гнарыг “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэн прокуророос зүйлчилсэн  “...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож, “....учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн...” гэж хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүй дүгнэлт байна үзэж өөрчлөн дүгнэхээр шийдвэрлэв.  

 

Учир нь, Л.Ц, Б.Гнар зөвхөн дугуйг машинаас нь салгаж авах багаж болгон домкрат, түлхүүр зэргийг ашигласан тул хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд учрах саадыг арилгах “зэвсэг, зэвсгийн чанартай зүйл” болгон домкрат, торцов түлхүүр зэргийг ашигласан гэж үзэхгүй юм.

 

Харин шүүгдэгч Л.Ц, Б.Гнар нь хохирогч Н.Батбөхийн 24-82 УББ улсын дугаартай Тоуота prius-30 маркийн автомашины 4 ширхэг обудтой дугуйнуудыг,  хохирогч Б.Эрхбаярын эзэмшлийн 98-73 УБЦ улсын дугаартай Тоуота prius-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтой дугуйнуудыг, хохирогч Ө.Ариунжаргалын эзэмшлийн 42-09 УБЯ улсын дугаартай Тоуота prius-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтой дугуйнуудыг тус тус хулгайлан авч, Л.Цийн өмчлөлийн 90-15 УНИ улсын дугаартай “Toyota prius-20” загварын автомашинаар тээвэрлэж буулгасан болох нь шүүгдэгч Л.Ц, Б.Гнарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1 хх 63, 90/-үүд,  яллагдагч нарын мэдүүлгийг нотолж буй хохирогч О.Дамбийжанцангийн “...Шөнө намайг 02 цагийн үед тагтан дээрээ тамхи татаад зогсож байхад миний машины хажууд үл таних 2 залуу сэжиг бүхий байдалтай зогсож байсан. Би тухайн 2 залууг байж магадгүй гэж бодож байна. Тэр хоёр залуу саарал өнгийн Тоуоtа prius 20 маркийн автомашинтай явж байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 5/, “...Л.Цийн амьдардаг хашааны ...төв хэсэгт байрлуулсан 90-15 УНИ улсын дугаартай саарал өнгийн тоёота приус-20 машиныг Л.Цаар чиптэй түлхүүрээр нь онгойлгуулахад ...арын багажны тагийг нээж үзэхэд арын суудлыг урагш хэвтүүлэн ар тал 5 ширхэг автомашины обудтай дугуй ачсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэн тухайн дугуйнуудыг хураан авч, тэмдэглэлд тусгав...” гэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1 хх153/-ээр нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн хохирогч Ө.Ариунжаргалын 2019 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө хулгайд алдсан автомашины “G stock” гэсэн бичигтэй обуд бүхий 4 дугуйг тухайн өдөр нь буюу  2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Л.Цийн өмчлөлийн 90-15 УНИ улсын дугаартай “Toyota prius-20” загварын автомашинд хийсэн үзлэгээр олж авсан байх ба энэ нь уг тээврийн хэрэгсэл ашиглагдсан гэсэн яллагдагч нарын мэдүүлгийг нотолж байна гэж үзэх үндэслэл болж байна.

 

Иймд Л.Ц, Б.Гнар автомашины 4 ширхэг, 2 ширхэг обудтай дугуйнуудын тоо ширхэг, овор хэмжээ зэргээс дүгнэхэд тэдгээрийг автомашинаар зөөж тээвэрлэхгүйгээр өмчлөгч нараас нь холдуулж өөрсдийн мэдэлд авч, захиран зарцуулах боломжгүй тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа учрах саадыг арилгах зорилгоор машин маханизмыг ашигласан гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаархи дээрхи дүгнэлт нь анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд /2 хх 240,243/-д үндэслэн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хийгдэж байгаа ба шүүгдэгч нарын үйлдлийн хүндрүүлэх шинжийг ингэж өөрчлөн дүгнэснээр анхан шатны шүүхээс зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, хүндрэхгүй бөгөөд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.   

 

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт тус бүр оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял нь Л.Ц, Б.Гнарын үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ. 

 

Хэрэгт шүүгдэгч Л.Ц, Б.Гнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 90-15 УНИ улсын дугаартай Тоуоtа prius 20 загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 6 сая төгрөгөөр тогтоож /1 хх 98-100/, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 788 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын зөвшөөрлөөр битүүлжилжээ /2 хх 123-124/.

 

Анхан шатны шүүх улсын бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг үндэслэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тус тээврийн хэрэгслийг Ц.Басбаярын өмчлөлийх гэж дүгнэж, иргэний нэхэмжлэгч Ц.Басбаярт олгохоор шийдвэрлэжээ.

 

Хэрэгт бэхжүүлэгдсэн гэрч Д.Цогтбаярын “...9,200,000 төгрөгөөр 90-15 УНИ улсын дугаартай автомашиныг дүү Басбишид авч өгсөн. 4 сая төгрөгийг нь Ц.Басбаяраас зээлсэн...” /1 хх87/, иргэний нэхэмжлэгч Ц.Басбаярын “...“...Би ААС инвест нэртэй банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг. 90-15 УНИ улсын дугаартай саарал өнгийн Тоуоtа prius 20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Тухайн машиныг Даваасамбуугийн Цогтбаяр гэдэг хүн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр А-18/05/10 дугаартай зээлийн гэрээ хийж манай компаниас 4,000,000 төгрөгийн зээл авч, барьцаанд нь тавьсан. Барьцаанд тавьснаас хойш Д.Цогтбаяр нь нэг ч удаа зээлийн эргэн төлөлт хийгээгүй алга болсон....” /1 хх 26/ , 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А-18/05/10 дугаар “...Гэрээний зорилго нь зээлдүүлэгч зээлдэгчид тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хугацаатай, хүүтэй, барьцаатай тодорхой зориулалтаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь ББСБ-ын зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч зээлийг авах, зээлийг буцаан төлөхтэй холбогдсон харицааг зохицуулна. ...Зээлийн зориулалт: 90-15 УНИ улсын дугаартай, NHW203536542 арлын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй, Toyota prius маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэйгээр барьцаалуулан мөнгийг бизнесийн үйл ажиллагаа /барилга/-д зарцуулна. Зээлийн хэмжээ: 4 000 000 /дөрвөн сая төгрөг/...” гэсэн  Зээлийн гэрээ /2 хх 234/, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “...Toyota prius, улсын дугаар: 90-15 УНИ, хөрөнгийн үнэ: 7 000 000 ...” гэсэн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ зэргээр уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь гэрээ байгуулах үед Д.Цогтбаяр байсан, “ААС Инвест” ББСБ-аас бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээлсэн 4 сая төгрөгийн зээлийн гэрээний барьцаалбар болгож тус автомашины өмчлөгчөөр Ц.Басбаярыг бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.  

 

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний “...өмчлөгч Цагаан Басбаяр...” гэсэн бүртгэлээр уг тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчийг Л.Ц гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, 4 сая төгрөгийн зээлийн гэрээний төлбөрийн төлөөгүй төлбөрийг тус тээврийн хэрэгслийн үнээс биелүүлэх тул бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээлсэн 4 сая төгрөгийн зээлийн гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болгож барьцаалсан эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийг бүхлээр нь зээлдэгчийн /Ц.Басбаярын/ өмч гэж үзэхгүй.

 

Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 90-15 УНИ улсын дугаартай Тоуоtа prius 20 загварын автомашин нь Л.Цийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь:

гэрч Д.Цогтбаярын “...Л.Ц нь миний төрсөн дүү Басбишийн эхнэр Л.Дүүриймаагийн төрсөн дүү. Би 2017 онд Басбишид 9,200,000 төгрөгөөр авч өгч байсан. Манай дүү Басбиш хадам дүү Л.Цид зарсан гэж байсан юм. 90-15 УНИ улсын дугаартай Приус-20 машин бол миний эзэмшлийнх, би удахгүй Басбаярт 4 сая төгрөгийг өгөөд Л.Цийн нэр дээр шилжүүлэн өгнө.” /1 хх 67/, гэрч Д.Басбишийн “...2018 оны  сарын сүүлээр нэрийг нь мэдэхгүй хүнээс 9 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон чинь би орон нутгийн хаягтай байсан болохоор төрсөн ах Д.Цогтбаярын нэр дээр авсан. Дараа нь би өөрөө унаж байгаад хадам дүү Л.Цид 7 сая төгрөгөөр бэлнээр нь зарсан юм. Тэгээд одоо хадам дүү Л.Ц унаж байгаа юм...” /1 хх 69/, гэрч М.Лхагвамялын “...Манай хүү Цэнд-Аюуш хүргэн Басбишээс 900,000 төгрөгөөр худалдаж авсан машин байгаа...” /1 хх 73/, яллагдагч Л.Цийн “...Миний 90-15 УНИ машинаас 5 ширхэг обудтай дугуй гарч ирсэн. Нэг дугуй нь миний өөрийн запас дугуй байсан..” /1 хх 184/ гэсэн мэдүүлгүүд,

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн баримт болох тус тээврийн хэрэгслийн өмнөх өмчлөгчдийн “...90-15 УНИ улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн Тоёота приус маркийн автомашиныг Д.Цогтбаярын нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэсэн хүсэлт, баримтууд /2 хх 46-54/ зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Л.Цийн өмчлөлийн 90-15 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

“ААС-Инвест” ХХК /иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ц.Басбаяр/-ийн зээлийн гэрээний үүргийн асуудлаа жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар зээлдэгч Д.Цогтбаяраас нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.

 

Анхан шатны шүүх Л.Цийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1719 дугаартай шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд ял оногдуулахдаа тус зүйл хэсэгт заасан ялыг оногдуулж байгаагаа орхигдуулан бичсэн байгааг нөхөн зөвтгөх нь зүйтэй байна.

 

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зөвтгөсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн зүйлийг нэмсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураасан өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Гнарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 115 шийтгэх тогтоолын:

 

- тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 04561 1391 дугаартай шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт холбогдох хэргээс “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт холбогдох хэргийн “Хулгайлах” гэмт хэргийн ”...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж...” гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

- тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн...” гэснийг “...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн...” гэж,

 

- тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1719 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалт дахь тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Цид зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан гурван жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг гурван жил зургаан сараар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1719 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан гурван жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Л.Цийн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/-ын хугацаагаар тогтоосугай...” гэж,

 

 - тогтоох хэсгийн 7  дахь заалтад “...Энэ хэрэгт битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Ц.Басбаярын өмчлөлийн 90-15 УНИ улсын дугаартай Тоуоtа загварын Рrius 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгчид нь буцаан олгож, энэ талаар иргэн Д.Цогтбаярт мэдэгдсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Басбаярын өмчлөлд бүртгэлтэй 90-15 УНИ улсын дугаартай “Тоуоtа Рrius 20” загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Гнарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

 

                                                ШҮҮГЧ                                           Д.ОЧМАНДАХ