Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/02334

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           09            04                                                 183/ШШ2020/02334

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр, 00 давхарт байрлах, И ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Жаргалан хотхон, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, Ш овогт Д.Э /РД:0000/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, Б овогт Г.Б /РД:0000/ нарт холбогдох,

 

 Зээлийн гэрээний үүрэгт 388,510,583.27 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Г.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч нар нь 2016 онд  И-тай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 200.000.000 төгрөгийг сарын 0.3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээл авсан байдаг. Зээлдэгч нар  нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 240.91 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн Г.Б-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00-р хороонд байрлах орон сууцыг барьцаалуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход хариуцагч нар зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр үндсэн зээл 200.000.000 төгрөг зээлийн хүү 166.049.213 төгрөг нэмэгдүүлсэн хүү 22.460.396 төгрөг нийтдээ 388.510.583 төгрөгийг нэхэмжилсэн. Зээлийн гэрээний үүрэгт зааснаар төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагатай байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 53.754.356 төгрөг хасагдаж нийтдээ 334.756.247 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.

 

Хариуцагч Г.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: “Шүүхэд 2019.04.23-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Үүнийг 2016.08.02-ний өдрийн зээлийн гэрээний төлбөр гэж тайлбарладаг. Мөн хоёр дахь шаардлага гаргахдаа 2017.03.02-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэсэн хоёр шаардлага гаргаж байгаа. Уг шаардлагуудын хүрээнд хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэхээр манай зүгээс зээлийн хүүгийн төлөлтийн асуудал мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах асуудал юм. Хэдийгээр Г.Б болон Д.Э нар хамтарч авсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг гэрээгээр шилжигдсэн мөнгө Г.Б-д огт орж ирээгүй зөвхөн Д.Э-д шилжигдсэн байдаг. Банк эрх бүхий этгээд зээл олгохдоо зээлдэгчийн дансанд шилжсэнээр уг зээлийг олгогдсонд тооцно гэж хуульд заасан байдаг. Тиймээс Д.Э хариуцах хууль зүйн үндэслэлтэй байгаа. Үнэхээр хоёр хариуцагч зээл авахаар хүссэн бол хоёуланд нь зээл хүссэн баримт байх ёстой. Гэтэл Г.Б-д зээл хүссэн нэг ч баримт байдаггүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгсэл шилжигдэж зээлийн төлбөр тооцоо төлөгдсөн гэж яригддаг. Нэхэмжлэгч тал 57.754.356 төгрөг төлөгдсөн гэж ярьдаг боловч түүний дараа тээврийн хэрэгсэл шилжигдэж зээлийн төлбөрөөс хасагдана гэж тохирсон байдаг. Тэгэхээр зээлийн төлбөр тээврийн хэрэгслээр төлөгдөж тодорхой хэмжээний үнийн дүн хасагдсан байх ёстой. Гэтэл өмнөх төлөөлөгч зээлийн төлбөр хасагдаад дуусаж байгаа гэсэн байхад өнөөдөр зээлийн төлбөр тооцоонд тээврийн хэрэгсэл хамааралгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэг талаасаа хариуцагч Г.Б зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй. Харин зээлийн үлдэх хэсгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухайд барьцааны гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэдэг нь үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: “И-ийн удирдах албан тушаалтан надтай холбогдож надтай фидуцийн гэрээ хийгээд гарын үсэг зурчих манайхыг шалгаад байна гэж хэлээд уг гэрээнд гарын үсэг зуруулсан. Уг гэрээ нь зээлээ төлж чадахгүй байгаа иргэдийн барьцаа хөрөнгийг шилжүүлж авах гэрээ байсан юм байна лээ. Мөн миний тээврийн хэрэгслийн үнийн дүн уг зээлийн төлбөрөөс илүү гарсан үнийн дүнтэй тээврийн хэрэгсэл юм. Мөн индүүний төлбөрийг багасгаж төлөлтөд бодсон. Энэ нь намайг боловсон аргаар дээрэмдсэн үйлдэл юм. Би хуулийн талаар ямар нэгэн мэдлэг байхгүй учир тус гэрээнд мэдэлгүй гарын үсэг зурсан. Миний тооцоогоор 60-аад сая төгрөгийн үлдэгдэл байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

    Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ  нь:

 

          Шүүх И ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч И ХХК нь үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 166,049,213 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,460,396 төгрөг нийт 388,510,583 төгрөг шаардаж, хариуцагч Г.Батмөнхийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 00 байрны 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэлтэй, 240.91 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 байрны 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэлтэй 46 мкв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Э, Г.Б нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2016.08.02-ны өдрийн №В16080201 дугаар зээлийн гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 200,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын үндсэн хүү 3.5%-ийн, нэмэгдүүлсэн хүү 0.7%-ийн байхаар тохиролцож, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 00 байрны 0 давхрын 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэлтэй, 240.91 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 байрны м4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэлтэй 46 мкв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалж 2017.03.21-ний өдөр 0000 тоот барьцааны гэрээг байгуулсан байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.04.27-ны өдрийн 0000 албан тоотоос үзэхэд 2017.03.21-ний өдрийн 0000 тоот зээлийн барьцааны барьцааны гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  0000 дугаарын бүртгэл, мөн орон сууцны эрхийн улсын бүртгэлийн 0000 дугаарын бүртгэлд тус тус бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй,  зохигчдын хооронд зээл, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээл, хүү төлөлтийн тооцоолол гэх баримтуудаас үзэхэд хариуцагч Д.Э, Г.Б нар нь 2016.08.02-ны өдрийн 0000 дугаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 200,000,000 төгрөгийн зээлд үндсэн зээлийн хүү 166,049,213 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,460,396 төгрөг төлөхөөс үндсэн зээлийн хүү 70,246,246.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,911,890.41 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна

 

Хариуцагч Д.Э өмнө нь 2016.06.08-ны өдөр И ХХК-тай байгуулсан 0000 тоот зээлийн гэрээний дагуу сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар, 130,000,000 төгрөгийг зээлж авсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн 2019.06.14-ний өдрийн 0000 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байна.

 

Дээрх шүүгчийн захирамжаас үзэхэд 2016.06.08-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 26,245,664.55 төгрөгийг хариуцагч Д.Э хүлээн зөвшөөрч, энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох 0000 улсын дугаартай зам индүүдэх зориулалтын хөдлөх эд хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлага 26,245,664.55 төгрөгийг түүний үнийн дүнгээс суутгаж, үлдэх 53,754,356 төгрөгийг 2016.08.02-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасуулж тооцохоор тохирч эвлэрсэн байна.

 

Түүнчлэн 2019.07.01-ний 0000 дугаартай И ХХК-ийн Д.Э-д хүргүүлсэн мэдэгдэлд “...2019.06.19-ний өдөр 0000 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, зам индүүдэх зориулалт бүхий техник хэрэгслийг хүлээн авсан бөгөөд үүгээр 2016.06.08-ны өдөр таны авсан 130,000,000 төгрөгийн зээлийн үүрэг дуусгавар болж байгаа болно. Дээрх хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцсоны дагуу 80,000,000 төгрөгөөр тооцон, шилжүүлэн авч байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.14-ний өдрийн 0000 тоот захирамжийн дагуу 2016.08.02-ны өдөр авсан 200,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрөөс 53,754,356 төгрөгийг суутган тооцох болохыг мэдэгдэж байна” гэжээ.

 

           Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 0000 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017.08.02-ны өдөр дууссан, хариуцагч нарыг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 53,754,356 төгрөгийг хасч, үлдэх 334,756,227.27 төгрөгийг нэр бүхий хариуцагч нараас гаргуулж И-д олгож, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

 Хариуцагч Г.Б-н “...мөнгө хүлээн аваагүй, барьцааны гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүй” гэх тайлбар хуулийн үндэслэлгүй, хариуцагч Д.Э-н “...экскаваторыг 186,000 доллароор үнэлэх байсан, тооцоогоор 60-д сая төгрөгийн үлдэгдэлтэй” гэх тайлбарыг нотолсон баримтгүй тул хүлээн авах боломжгүй бөгөөд экскаваторын талаар жич нэхэмжлэх гаргах эрхтэй болно.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 1,831,731 төгрөгийг гаргуулж И ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 2,170,703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.Э, Г.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 334.756.247.27 төгрөг гаргуулж И ХХК /РД:0000/-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 000 байрны 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэлтэй, 240.91 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 байрны м4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэлтэй 46 мкв талбай бүхий орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 1,831,731 төгрөгийг гаргуулж И ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 2,170,703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭНХЦЭЦЭГ