| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 185/2020/0065/Э |
| Дугаар | 504 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 14.1.1., 17.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл, Э.Бадрал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 504
2020 4 23 2020/ДШМ/504
Г.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Мөнхгэрэл, Э.Бадрал,
яллагдагч Г.Гийн өмгөөлөгч Ц.Туул,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 624 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Мөнхгэрэл, Э.Бадрал нарын хамтран бичсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Гт холбогдох эрүүгийн 1902007800323 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
;
Яллагдагч Г.Г нь:
үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд "Эко хэлхээ" ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж, мэдээлэл тарааж сүрдүүлэн, тус компанийн ерөнхий захирал Б.Энхбатаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөг авсан, хохирогч Б.Дамдинсүрэнг "Босоо Хөх Монгол" төрийн бус байгууллагын хөдөө орон нутагт байрлах салбарт автомашин авч өгөхийг шаардаж, өгөхгүй бол 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тулга" зочид буудлын 303 тоот өрөөнд түүний гар утаснаас хуулбарлан авсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг үр дагавар бий болохуйц баримт, мэдээллийг ашиглан олон нийтийн сүлжээгээр тараан сүрдүүлж, бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардсан,
2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Ганзоригийн Ганхуяг гэх фэйсбүүк буюу нүүр хуудастай хаягаас олон нийтийн цахим хуудсанд "...Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж халдварт өвчин тараахаас өгсүүлээд, бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж, буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир бид цаашдаа муусайн нийгмийн хог шааруудыг хэлж байгаад янзлаад өгнө. Илчилж ил гаргана..." гэх мэдээллийг байршуулж Б.Дамдинсүрэнг хүйс, үзэл бодол, бэлгийн хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж, эрх, эрх чөлөөг хязгаарласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас:
Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
“...Яллагдагч холбогдох эрүүгийн 1902007800323 дугаартай хэргийн 2 дугаар хавтасны 231-234 дүгээр талд гэрч Б.Дэлгэрсайханы мэдүүлэг авагдсан байх ба уг мэдүүлэгт хохирогч Б.Энхбатыг "Энхболд" гэж нийт 7 удаа мэдүүлсэн байгаа нь прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлуулахаар тусгасан хэрэгт ач холбогдол бүхий байж болох нотлох баримтыг эргэлзээ төрүүлэхээр баримтжуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Мөн түүнчлэн яллах дүгнэлт болон яллах дүгнэлтийн хавсралтад олон тооны үсэг болон найруулгын алдаатай байгааг дурдах нь зүйтэй байна.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Барнууд овогт Ганзоригийн Ганхуягийг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж
ирүүлсэн ба хохирогч болох Б.Дамдинсүрэнгийн мэдүүлэгт хохирогчийн ямар эрх, эрх
чөлөө хэзээ, хэрхэн яаж хязгаарлагдсаныг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж,
тодруулж тогтоогоогүй байгаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм.
Хохирогч Б.Дамдинсүрэн, гэрч Б.Дэлгэрсайхан нарыг шүүхэд албадан ирүүлж шүүх хуралдаанд мэдүүлэг авах замаар нотлох баримтыг үнэлж болох хэдий ч яллах дүгнэлтэд дурдагдсан техникийн шинжтэй үг, үсэг, найруулгын алдааг анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж нэг бүрчлэн засварлах боломжгүй юм.
Хохирогч Б.Дамдинсүрэн нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн тов мэдэгдэхээр шүүгчийн туслах утсаар залгахад "шүүх хуралдаанд оролцохгуй, өмгөөлөгчтэй харьц" гэж тайлбар өгсөнийг дурдах нь зүйтэй байна.
Яллах дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий байхаас гадна төрийн албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлагад нийцсэн үг, үсэг, найруулгын алдаагүй байх нь зүйд нийцэх ба шаардлагатай тохиолдолд засч зөвтгөх, техник ажиллагааг хийлгэж монгол хэлний дүрмийн болон техникийн олон дахин давтагдсан алдаагүй шүүхэд ирүүлэх нь зүйтэй байна.
Яллагдагч Г.Гт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдагдсан 1) үг, үсэг найруулгын болон монгол хэлний дүрмийн алдааг засч гэрч Б.Дэлгэрсайханы мэдүүлэгт дурдсан Г. Энхболд" гэх нэр хохирогч Б.Энхбат мөн эсэхийг эргэлзээгүйгээр тогтоох; 2) хохирогч Б.Дамдинсүрэнгийн ямар эрх, эрх чөлөө хэзээ, хэрхэн яаж хязгаарлагдсаныг тогтоох нь зүйтэй байх ба эдгээр нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч Г.Гт холбогдох эрүүгийн 1902007800323 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ...” шийдвэрлэсэн байна.
Прокурор С.Мөнхгэрэл, Э.Бадрал хамтран бичсэн эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шүүгчийн захирамжийн ТОГТООХ хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон, ТОДОРХОЙЛОХ хэсэгт "яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарлаж гаргасан зарим үндэслэлийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэж боломжтой байсан тул хэлэлцэлгүй орхиж" гэж дүгнэснээс үзэхэд өмгөөлөгч Ц.Туулаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан хүсэлтээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн мэт харагдаж байгаа боловч дурдсан хуулийн заалт, хууль зүйн дүгнэлтийг хавтас хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг зөрчсөн гэж үзнэ.
Мөн захирамжид "...хэргийн 2 дугаар хавтасны 231-234 дүгээр талд гэрч Б.Дэлгэрсайханы мэдүүлэг авагдсан байх ба уг мэдүүлэгт хохирогч Б.Энхбатыг "Энхболд" гэж нийт 7 удаа мэдүүлсэн байгаа нь прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлуулахаар тусгасан хэрэгт ач холбогдол бүхий байж болох нотлох баримтыг эргэлзээ төрүүлэхээр баримтжуулсан" гэж заасан атлаа "хохирогч Б.Дамдинсүрэн, гэрч Б.Дэлгэрсайхан нарыг шүүхэд албадан ирүүлж шүүх хуралдаанд мэдүүлэг авах замаар нотлох баримтыг үнэлж болох..." гэж дүгнэсэн атлаа хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлиин 3 дахь хэсэгт заасныг зөрчсөний зэрэгцээ тухайн гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой нь мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа" биш юм.
Хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Г.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Ганзоригийн Ганхуяг гэх фейсбүүк буюу нүүр хуудастай хаягаас олон нийтийн цахим хуудсанд “...Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж, халдварт өвчин тараахаас өгсүүлээд, бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир бид цаашдаа муусайн нийгмийн хог шааруудыг хэлж байгаад янзлаад өгнө, Илчилж ил гаргана..." гэсэн мэдээллийг байршуулж, Б.Дамдинсүрэнг хүйс, үзэл бодол, бэлгийн хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж, эрх, эрх чөлөөг хязгаарласан үйл баримт нь нотлогдсон өөрөөр хэлбэл тухайн мэдээллийг цахим хуудсанд байршуулснаар түүний эрх, эрх чөлөөг нь хязгаарласан гэж прокурор дүгнэж, шийдвэр гаргасан бөгөөд прокурорын шийдвэрийн хууль зүйн дүгнэлтийг шүүх хуралдааны явцад нотлох баримт, түүгээр батлагдаж буй үйл баримтын талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийх замаар шийдвэрлэх асуудал байтал шүүгдэгчийн гэм буруутай эсэх, яллах талын яллаж буй байр суурийг няцаасан шийдвэрийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу ... тай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн хязгаарыг зөрчсөн гэж үзнэ.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 624 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Яллах дүгнэлт нь үг үсгийн болоод найруулгын алдаатай байсан. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанаар засч залруулах боломжгүй. Мөн гэрч Дэлгэрсайхан нь энэ хэргийн гэрч мөн эсэх нь тодорхойгүй. Улсын Их Хурлын гишүүн хувийн өш хонзон санаж өөрийн компанийн оффист Дорноговь аймгийн засаг дарга Энхтүвшин гэх хүнийг хажуудаа суулгачихаад “Эко хэлхээ” ХХК-ийн захирал Энхбатыг дуудсан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан Энхбатын мэдүүлэгт маш тодорхой дурдагдсан. Оффист нь очиход “би Босоо хөх Монгол төрийн бус байгууллагын талаар мэдээлэл цуглуулж байна” гээд Энхбатаас мэдээлэл авсан байсан. Тэгээд “Эко хэлхээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Нандинцэцэгээр гомдол гаргуулж, Дэлгэрсайхан нь өөрөө гэрчээр мэдүүлэг өгсөн байсан. Өөрөө мэдээлэл цуглуулж авч байхад гэрчээр мэдүүлэг авч байгаа нь ямар учиртай юм бэ. Би яагаад Улсын Их Хурлын гишүүн Дэлгэрсайханыг ярьсан бэ гэхээр өөрийнх нь өгсөн мэдүүлэгт “Эко хэлхээ” ХХК-ийн захирал Энхбат гэдэг хүнийг 7 удаа Энхболд гэж мэдүүлсэн. Тэгэхээр Ганхуяг Энхбат гэдэг хүнийг айлган сүрдүүлээгүй болж таарч байна. Мөн Энхболд гэдэг хүнийг огт танихгүй юм. Энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор С.Мөнхгэрэл, хэргийг шалгаж байсан мөрдөгч Анарчулуун нар “та Энхболд гэж яриад байна. Энхбат шүү дээ” гээд засуулж болоогүй юм уу. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17 дахь заалтад зааснаар яллагдагчаар татсан тогтоол ойлгомжгүй байна. Мөн яллах дүгнэлтэд хохирогч Б.Дамдинсүрэнгийн ямар эрх, эрх чөлөө яаж зөрчигдсөнийг нэмэлт ажиллагаа хийж тодруулж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Үүнийг шүүх хангаж шийдвэрлэсэн тул шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Хууль зүйн хувьд гадуурхагдсан, эрхийг нь хязгаарласан гэх ойлголтууд тодорхой байж хэргийг бүрэлдэхүүн болох ёстой. Яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйл ангиар зүйлчилж байгааг шалгаж, тогтоох ёстой гэж үзэж байна. Мөн Ганхуягийн биеийн байцаалтад түүнийг 3 удаагийн ял шийтгэлтэй гэж бичсэн байна. 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэсэн. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Ингээд Ганхуягт ял шийтгэл хүлээлгээгүй байхад ял шалгах хуудаст 3 удаагийн ял шийтгэлтэй гэж тэмдэглэгдсэн байсан. Хамгийн сүүлд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасаж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 99 дугаартай тогтоолоор Ганхуягт холбогдох уг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр эдгээрийг урьд ял шийтгэлтэй гэж үзэх юм уу. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг тал бүрээс нь бодитой тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Ганхуягийн хувийн байдлыг нэг ч удаа тогтоогоогүй, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг гэх хорооны тодорхойлолт л авагдсан байсан. Иймээс мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн захирамжинд заасан үндэслэлээр хэргийг прокурор буцаах шаардлагагүй байна.
Шүүх хуралдаанд оролцогч талуудын хүсэлтээр хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах замаар шүүхийн шатанд тэдний мэдүүлгийг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжтой.
Шүүгчийн захирамжийн яллах дүгнэлт нь төрийн албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлагад нийцээгүй үг, үсэг, найруулгын алдаатай байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй ба шаардлагатай бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-д зааснаар яллах дүгнэлтийн үг, үсгийн алдааг засуулах хүсэлтийг шийдвэрлэж болно.
Иймд Г.Гт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд 1902007800323 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 624 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Гт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ