Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 505

 

                                                                                   

Б.Дод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Онолт,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/166 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Онолтын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Дод холбогдох эрүүгийн 1908021780814 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

гэх;

 

- 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 3, 6 дугаар байрнаас учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн отверк ашиглаж 4 ширхэг хяналтын камерыг, 2019 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө тус хорооллын 2 дугаар байрнаас 3 ширхэг хяналтын камерыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 325.500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 7 давхрын 26 тоот хаалганы үүдэнд байсан иргэн Б.Очирсүхийн "Блак кат" загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

  • 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 28в байрны Б1 давхраас иргэн Э.Эрхэмбаярын “Гост” загварын цагаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 хохирол учруулсан,

- 2019 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35в байрны 7 давхраас иргэн М.Өлзийбаатарын "Мерида" загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...Хэрэгт ...хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргээр хохирогч нар дугуйгаа эд зүйлтэй холбон цоожилсон болохоо мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь торосыг гараараа нэг нэгээр нь салгаж авсан гэж мэдүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээрийг багаж зэвсэг хэрэглэхгүйгээр гараар авах боломжтой эсэх нь эргэлзээтэй, хэрэгт үүнийг нотлосон баримт авагдаагүй байна.

Мөн Б.Д нь 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд дээрх тогтоолд цагдан хоригдсон хоноггүй байна. Шүүгдэгч Б.Дын ял шийтгэлийн тэмдэглэлд дурьдсанчлан хугацаанаас өмнө сулласан захирамж, тогтоол хэрэгт авагдаагүй, тэмдэглэлд бичсэн хугацааг Б.Д нь зөвшөөрөхгүй байгаа ба хорихоос суллагдаад ажил хийж байтал хэрэгт сэрдэж хүлээлгийн өрөөнд байлгах үед зугтаж, хотод ирсэн. Ингээд мөнгөгүй учир хулгай хийсэн гэж мэдүүлсэн тул эдгээрийг хэрэгт хавсаргах шаардлагатай байна.

Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. ...” шийдвэрлэсэн байна.  

Прокурор Х.Онолт бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгчийн захирамжид "...шүүгдэгч Б.Дыг хохирогч Б.Очирсүх, Э.Эрхэмбаяр, М.Өлзийбаатар нарын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлүүдэд тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татсан байна." гэж зөрүүтэй дүгнэсэн.

Мөн "...хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хохирогч нар дугуйгаа эд зүйлтэй холбон цоожилсон болохоо мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь торосыг гараараа нэг нэгээр нь салгаж авсан гэж мэдүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээрийг багаж хэрэгсэл хэрэглэхгүйгээр гараар авах боломжтой эсэх нь эргэлзээтэй, хэрэгт үүнийг нотолсон баримт авагдаагүй байна..." гэсэн байх боловч хулгайлах гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгддэг онцлогтой бөгөөд Б.Д нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тухайн унадаг дугуйг ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглалгүйгээр хулгайлсан гэж тогтвортой мэдүүлсэн. Хэргийн газрын үзлэг болон бусад мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх иргэдийн унадаг дугуйг Б.Д нь багаж хэрэгсэл ашиглаж хулгайлсан болох нь тогтоогдоогүй. Түүнчлэн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэснээр дээрх нөхцөл байдлыг тогтоох боломжгүй, хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орох үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бус 2018 оны 7 дугаар сард суллагдсан гэж мэдүүлсэн боловч Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүухийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 4 сар 14 хоногийн өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр суллагдаж, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тэнссэн хугацаа дуусгавар болсон байх бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул дээрх нөхцөл байдал нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхгүй, хугацаанаас өмнө сулласан захирамжийг авч хэрэгт хавсаргах нь ач холбогдолгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу уг захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.  

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх  үндэслэлтэй байна.

 

Б.Д нь торосыг гараараа нэг нэгээр нь салгаж авсан гэж мэдүүлсэн  мэдүүлгийн эх сурвалжийг тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Б.Д нь 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд дээрх тогтоолд зааснаар үзэхэд Б.Д цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Мөн шүүгдэгч Б.Дын ял шийтгэлийн тэмдэглэлд дурьдсанчлан хугацаанаас өмнө сулласан захирамж, тогтоол хэрэгт авагдаагүй нь түүний хувийн байдлыг бүрэн тогтоосон гэж үзэхэд эргэлзээг үүсгэж байна. Учир нь, Б.Д нь ял шийтгэгдсэн эсэх лавлагаагаар “Сул огноо:2018.07.16; 2018.04.27 үлд:4 с 14 хо...” гэж эргэлзээтэй гарсан байх ба яллах дүгнэлтэд прокурор түүний хувийн байдлыг “...Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 4 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан...” гэж тодорхойлсон байна.

 

Иймд түүний ял шийтгэгдсэн хугацааг зөв тогтоолгохоор буцаасныг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Түүнчлэн, шүүгдэгч Б.Д нь хэрэгт Хэнтий аймагт хулгайн гэмт хэрэгт холбогдсон талаараа мэдүүлж байсан /хх 25, 169/. Түүний энэхүү мэдүүлэг нь АСАП санд бүртгэгдсэн эсэх мэдээлэлд “...Эрэн сурвалжлалтын төрөл:Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, Оргон зайлсан огноо:2018-12-11; Товч утга: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р багт байрлах Ноосны үйлдвэрийн цонхоор 2018.12.11-12-ны өдрийн хооронд хулгайн эд зүйл алдагдсан; Анхаарах зүйлс: Хуучин зурагт;...” гэж гарсан /хх 208/ байхад энэ байдлыг нь тодруулах ажиллагааг хийгээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ ажиллагааг хийх нь Б.Дын үйлдсэн гэмт хэргийг нэг мөр шалгаж шийдвэрлэх, ял оногдуулах зэрэгт шаардлагатай нотолбол зохих ажиллагаа мөн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Дод холбогдох хэрэгт дээрх шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцэх төдийгүй 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал мөн гэж давж заалдах шатны шүүх дүгнээд 1908021780814 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/166 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Онолтын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ