Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2020/02375

 

  2020         09             08

                  183/ШШ2020/02375

                    

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0  тоотод байрлах “Ж  ББСБ”ХХК /РД0000000 /-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0  дугаар хороо, Рапид харш хотхон, Махатма Ганди гудамж, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Х овогт  Ө-гийн Х /РД:ХД0000000/-д холбогдох,

            зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67.694.666 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э /ШТЭҮД:0000/, хариуцагчийн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь :

    

           Нэхэмжлэгч “Ж ББСБ”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хариуцагч Ө.Х нь манай байгууллагад хандаж өөрийн хэрэгцээнд зориулж 80.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт, холбогдох баримтыг үндэслэж, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 18 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр 80.000.000 төгрөгийг №ЗГ0302180054 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 18 сараар сунгасан.  Зээлдэгч нь  гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож  Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Рапид харш хотхон, Махатма Ганди гудамж, 0 дугаар байрны 0 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, 94.55 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Рапид харш хотхон, Махатма Ганди гудамж, 0 дугаар байрны зоорийн 0 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, 18.48 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч хариуцагч Ө.Х нь өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Ө.Отай 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан №00000 дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүгийн төлбөр 11.694.666 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 56.000.000 төгрөг, нийт 67.694.666 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч А.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн  төлбөр 56.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч,  зээлийн хүүд нэхэмжилсэн 11.694.666 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлхий нийтэд Коронавирус халдварт өвчин тархаж, Монгол улс нь хилээ хаасны улмаас хариуцагч Ө.Оын бизнес нь доголдсон. Засгийн газар болон Монгол банкнаас бүх банк, банк бус санхүүгийн байгууллагыг зээлийн эргэн төлөлт болон хуримтлагдсан хүүг төлөхгүй хойшлуулах шийдвэр гарсан байгаа. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүүг хасч өгнө үү. Анх зээл авч байхад орлого сайн байсан. Сая гаргаж өгсөн баримтаас үзэхэд хариуцагч Ө.Оын дансанд 2020 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл 12 сая төгрөгийн орлого орсон байна. Энэ нь түүний орлого, зарлага хэрхэн муудсаныг харуулж байна. Ө.О нь ам бүл зургаа, сая төрсөн нялх хүүхэдтэй учир яаж зээлээ төлж чадах юм бэ. Үүнд нааштай хандаж өгнө үү. Зээлийн гэрээний 10.2.2-т  зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой  зөрчсөн бол  зээлдүүлэгч хугацаанаас нь өмнө гэрээг дангаар цуцлах эрхтэй  гэж заасан байгаа. Ноцтой зөрчлийг гэрээний 2.1.-т зээлдэгч нь зээлийн үндсэн өр, түүний хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг хэлнэ гэж заасан байна. Ингээд заасан байтал  нэн даруй арга хэмжээ авахгүй яасан юм, санаатайгаар гэрээний заалтыг зөрчиж хүүгийн хуримтлал үүсгэх зорилгоор 2020 оны 05 дугаар сар хүртэл арга хэмжээ аваагүй гэж үзэж байна. Иймд хүүгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

 

          Нэхэмжлэгч “Ж ББСБ”ХХК нь хариуцагч Ө.О-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67.694.666 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.

         Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Ө.О нь нэхэмжлэгч “Ж  ББСБ”ХХК-иас 80.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд Ө.Оын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206030798 дугаартай бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Рапид харш хотхон, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 94.55 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Ө.Оын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 0дугаар хороо, Рапид харш хотхон, 0 дугаар байрны зоорийн 0 тоот хаягт байршилтай, 18.48 м.кв талбай бүхий авто зогсоолыг тус тус бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

            Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дууссаныг зохигчид  2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 18 сарын хугацаагаар сунгажээ.

            Дээрх зээлийн  болон зээлийн нэмэлт гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

            Хариуцагч Ө.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4, 6.2.5-т заасан зээлийг гэрээний Хавсралт 1-д тусгасан эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлж барагдуулах, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үл маргах журмаар төлөх үүргээ  зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Ө.О нь дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу короновирусын улмаас Өмнөговь аймгийн  Ханбогд сумын  Цагаан хад гэдэг газар эрхэлж байсан ундаа, усны бөөний  төвийн үйл ажиллагаа зогссон тул зээлийн төлбөр төлөхөд хүндрэл үүсэж, энэ талаар нэхэмжлэгч “Ж  ББСБ”ХХК-д мэдэгдэж, Засгийн газар, Монгол банкнаас гаргасан шийдвэрийн дагуу зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй тул зээлийн хүүгийн төлбөр 11.694.666 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2-т зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн бол нэхэмжлэгч талын буюу зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцална гэж заасан бөгөөд зээлийн гэрээний 2.1.9-т  ноцтой зөрчил  гэдэг нь зээлдэгч нь зээлийн үндсэн өр, түүний хүүгийн төлбөр, тэдгээртэй холбоотой бусад төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг ойлгоно гэж тодорхойлжээ.

            Зээлдүүлэгч нь зээлийн гэрээг дангаар цуцалж байгаа тохиолдолд нэмэлт хугацаа зайлшгүй тогтоож өгөх, энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэж, урьдчилан сануулах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн үр дүн гараагүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс шаардах эрхтэй.

Гэтэл нэхэмжлэгч “Ж  ББСБ”ХХК нь хариуцагч Ө.О-д  үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул гэрээг цуцлах боломжгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл гэх баримтыг хэн, хэзээ үйлдсэн болох нь тодорхойгүй,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр 44.2, 44.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангахгүй  байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Түүнчлэн  дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу короновирусын улмаас Монгол банк болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл шинэ төрлийн коронавирусын улмаас санхүүгийн салбарт үүсэх сөрөг нөлөөллийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, Банкны активын ангиллын журам, зээлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг дүгнэх журамд өөрчлөлт оруулснаар  зээлд бүтцийн өөрчлөлт хийх буюу зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн төлбөрийг хойшлуулах боломжийг санхүүгийн хүндрэлд орсон зээлийн хэвийн төлөх боломжгүй зээлдэгч нарт олгож шийдвэрлэсэн бөгөөд бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт тул түүнтэй холбоотой баримтыг холбогдох байгууллагаас гаргуулж дахин нотлох шаардлагагүй юм.

            Хариуцагч зээлдэгч Ө.О нь  дээрх шийдвэрийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч “Ж  ББСБ”ХХК-д  зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлж чадахгүй байгааг харгалзан үзэж, зээлийн  эргэн төлөлт, хүүг царцаах зогсоох, зээлийн гэрээг цуцлах  хүсэлт гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд зээлдэгчээс зээлийн нөхцөл буюу зээлийн төлбөр, хүүг болон төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан тохиолдолд хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хүсэлтийг хүлээн авч зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах боломжгүй гэж үзвэл зээлийн гэрээг цуцлах эсхүл үргэлжлүүлэх талаар хариу мэдэгдэх үүрэгтэй.

            Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.4 дэх хэсэгт заасан  үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой тохиолдолд хамаарч байх тул зээлдүүлэгч нь гэрээнээс татгалзаж болохгүй.

            Иймд нэхэмжлэгч “Ж ББСБ”ХХК-иас зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

Хариуцагчийн төлөөлөгч А.А-аас гаргасан нэхэмжлэгч “Ж ББСБ”ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлэх эрхтэй этгээдийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах, шүүх  хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнтэйгээр холбоотойгоор хариуцагчийн төлөөлөгч А.А-гаас шүүгчээс татгалзсан боловч шүүгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн үйл ажиллагаа нь шүүгчээс татгалзах үндэслэл болохгүй.

         Түүнчлэн шүүх хуралдааны явцад шүүгчийн татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжгүй юм.

          Иймд хариуцагчийн төлөөлөгчийн шүүгчийг татгалзах гаргах тухай хүсэлтийг хүлээн аваагүй болно.

          Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                   

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ө.Оаас зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67.694.666 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгч “Ж ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 636.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР