Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/11

 

                                   

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Бамбадорж

Амь хохирогч Б. хууль ёсны төлөөлөгч

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 2,  эхнэрийн хамт, Дорнод аймгийн Дашбалбар сумын ********** гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* овогт ******* *******. /РД:*******/

 

Шүүгдэгч ******* ******* нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 01 цагийн үед Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг “” гэх газарт ДОУ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ иргэн дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр бид нар тарваганы мах идэж архи ууж суусан. Ингээд намайг явах гэж байхад хамт явъя гэхээр нь за гээд миний автомашины ард гараад намайг ухраарай гэхээр нь би ухрахад тийм үйл явдал болсон. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Хохирлоо гаргуулах хүсэлтэй байна. Надад нэмж хэлж яриад байх зүйл байхгүй... гэв.

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумаас хүнд мал зарах хувийн ажилтай явж байгаад оройн 18 цагийн үед эхнэр болон хамт гэр рүүгээ харьж оройн 21 цагийн үед гийнд очиход тэдний гэрт ******* нь талийгаач хамт байж байсан бөгөөд тэднийд сумаас авч очсон 2 шил Агар хэмээх нэртэй 0,5 литрийн 1 шил архи 0,75 литрийн 1 шил архи бид 3 хувааж уугаад дуусч байтал талийгаач нь манайд тарваганы мах байгаа бас манай хонь хаших ажил байна гэхээр нь цагийг нь сайн мэдэхгүй байна тэднийхээс бид 3 гарсан. Гэрээс гараад эзэмшлийн Бонго-3 маркийн ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* нь жолоодож талийгаачийн гэр рүү хөдөлсөн. Бид 3 талийгаачийнд очиж гэрт нь ороход түүний эхнэр нь байсан бөгөөд бид 3 тэднийд тарваганы мах идэж гэрээс авчирсан “Агар” хэмээх нэртэй 0,75 литрийн архинаас гурав, гурав татчихаад сууж байтал талийгаач нь над руу хандаж хоёулаа хонь хаагаад ирье гээд намайг дагуулаад гарсан. Гэрт ******* болон талийгаачийн эхнэр 2 үлдсэн. Бид 2 гэрээс гарахад харанхуй байсан би мотоцикл унаж гэрээс баруун хойшоо ойролцоогоор 100 метрийн зайд тэдний хонь байгаа газар очиж хонийг нь туугаад гэрийн баруун урд талд байх хонины хашаа руу урдаас нь оруулсан.  ******* машинаа асаагаад хөдлөөд хонины хашааны зүүн урд ирээд зогсоход хонь машины гэрэлд үргэх шиг болж тасраад хашааны баруун талаар хойшоо гүйхээр нь би араас нь мотоциклтой явж эргүүлээд хонио авчраад хаах гэж байтал мотоциклын гэрэлд машиныг ойртоод харсан чинь талийгаачийн толгой машины хойд талын дугуйны урд талаар харагдаж байхаар нь *******а чи хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлэхэд ******* нь арай үгүй байлгүй дээ гээд машинаасаа бууж ирээд харчхаад ахаа гээд дуудахад урдаас ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. ******* нь машиндаа сууж машинаа асаагаад урагшаа болон хойшоогоо хөдлөх гэхэд ямар нэгэн хөдөлгөөн хийж болохгүй дугуй нь хөндийрөөд ухсан байдалтай байсан болохоор нь машинаасаа бууж хараад талийгаачийг гаргах ямар ч боломжгүй юм байна гэдгийг ойлгосон...” гэжээ. /хх-ийн 39 тал/

 

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 сарын 28-ны өдрийн 96 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач Н. цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний 2, 3-р нугалмын салсан хугарал, нугас дарагдал, няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, өвчүүний хугарал, уушги, бөөрний хальсны цус хуралт, дагз хэсгийн хуйхны цус хуралт, баруун чихний дэлбээ, цээжний цус хуралт, зүүн чихний дэлбээ, зүүн чихний ар хэсэг, эрүүний доод хэсгийн язарсан шарх, хүзүү, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тээврийн хэрэгсэлд дайрагдахад үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.7-д заасан хүзүүний 2, 3-р нугалмын салсан хугарал, нугас дарагдал, няцрал нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.3.1-т зааснаар өвчүүний хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-т зааснаар хүзүүний зөөлөн эдийн няцрал, уушги, бөөрний хальсны цус хуралт, дагз хэсгийн хуйхны цус хуралт, баруун чихний дэлбээ, цээжний цус хуралт, зүүн чихний дэлбээ, зүүн чихний ар хэсэг, эрүүний доод хэсгийн язарсан шарх, хүзүү, цээжний зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Талийгаач нь хүзүүний 2, 3-р нугалмын салсан хугарал, нугас дарагдал, няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүдийн улмаас нас баржээ. Нас бараад 6-с дээш цаг өнгөрсөн байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

 5. Н. цогцосноос авсан цус 2-р бүлгийн харьяалалтай байна.

6. Н.нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /хх-ийн 53-56 тал/,

            Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн магадлагаанд:

 Аливаа зам тээврийн осол нь олон хүчин зүйлээс нөлөөлөн гардаг боловч нэг гол хүчин зүйл бол жолооч нарын ЗХД-ийн мэдлэг, жолоодлогын чадвар муу, хайхрамжгүй байдлаас болж гардаг. ДОУ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хөдөлгөөнд оролцсон нь самбаачлах хугацаанд нөлөөлж богино хугацаанд зөв шийдвэр гаргаж чадаагүй, харанхуй нөхцөлд анхаарал болгоомжгүй байдлаас болж осол гарах нэг үндсэн шалтгаан болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн:

1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй,хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт,шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.

3,7а Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй жолооч./.эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

            12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.

            12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

            12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

18.1а-д Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана гэсэн дүрмийн заалтууд зөрчигдсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл 150 метр орчим зайд буюу бусад жолооч нарыг гялбуулахаар бол зай үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Эдгээр Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.” гэжээ. /хх-ийн 88-91 тал/

 

- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-14 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 16-17 тал/

- Ч. яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-99 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг “” гэх газарт ДОУ улсын дугаартай “Bongo”-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарууд, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, амь хохирогч Ж. цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Ч. хууль бус үйлдлийн улмаас Ж. амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс замын зардал болон бусад зардалд нийт 7,500,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн,  үлдэгдэл 5,500,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч *******ас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар 5,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгох нь зүйтэй байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийг шүүгдэгч *******ас нэхэмжлэхгүй гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

                                                                                                                             

Шүүгдэгч Ч. гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, ДОУ улсын дугаартай “Bongo”-3 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ч. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ас нийт 5,500,000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар баг гэх газарт оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч //-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, ДОУ улсын дугаартай “Bongo”-3 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлсүгэй.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.БАТЖАРГАЛ