Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 87

 

Н.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар магадлалтай, Н.Э-д холбогдох 1710000000129 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Ариунаагийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Н-ийн Э нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Э-г хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Э-гээс 157,000 төгрөг гаргуулан хохирогч П.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Ариунаа гаргасан эсэргүүцэлдээ “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн заалт нь шүүх ялтанд оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд төлөхөөр тогтоохдоо түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор хуульчилсан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх Н.Э-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг ямар хугацаанд төлж барагдуулахыг заагаагүй орхигдуулсан атлаа “торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж” Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шийтгэх тогтоолд ялтан торгох ялыг ямар хугацаанд төлөхийг, өөрөөр хэлбэл шүүхээс хугацаа тогтоож өгөлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар тусгах заалтыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 3.1-д заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хохирогч П.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Э нарын мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Н.Э нь гэм буруугийн талаар маргаж байхад анхан шатны шүүх “шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй” гэж үзэж шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2, 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй. Хоёрдугаарт, прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дэмжихгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь их хэмжээний торгуулийн ял оногдуулсан ялтанд хамаарах зохицуулалт юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг зөв ойлгож хэрэглэх тал дээр практикт маргаан үүсч байгаа учраас хяналтын шатны шүүх энэ асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийж, хууль хэрэглээний асуудлаар шүүхийн практик тогтоож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Ариунаагийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Н.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Н.Э нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын Х тоотод өндөр настай эх П.Б-тэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар маргалдах явцдаа биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Н.Э-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Н.Э-гийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил тогтоогдсонгүй.

Прокурор “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн заалтыг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь торгох ялыг даруй, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр боломж олгож буй зохицуулалт юм.

Н.Э-гийн хувьд торгох ялын 450,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага үүсээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг торгох ял оногдуулсан тохиолдол бүрт заавал хэрэглэхгүй бөгөөд торгох ялын заавал биелэгдэх боломжийг хангах зорилготой тусгайлан заасан, эдийн засгийн байдлыг харгалзан хэсэгчлэн төлөхөөр тогтоох хугацаа гэж ойлгоно.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 326 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Ариунаагийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН