Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2019/01213/И |
Дугаар | 183/ШШ2020/00176 |
Огноо | 2020-01-21 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2020/00176
2020 оны 01 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2020/00176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00-р хороо, Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Их гүрний эрин үе ХХК-ийн байр, 0 тоот хаягт байрлах, Шинэ Хими ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, үйлдвэр Чингисийн өргөн чөлөө 0а байр, 00 тоотод оршин суух, О овогт Ж.Д /РД:000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, үйлдвэр Чингисийн өргөн чөлөө 0а байр, 000 тоот хаягт байрлах, М.У ХХК/РД:0000000/ нарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,013,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Ж.Д, М.У ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь хариуцагч М-У ХХК болон Ж.Да нартай 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 18,342,500 төгрөгийн үнэ бүхий 12,650 литр дизель түлш нийлүүлсэн. Гэрээ байгуулсан өдөр 5,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн бөгөөд үлдэх төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч төлөөгүй тул талууд 2017 он, 2018 онуудад 13,342,500 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөөр тооцоо нийлсэн. Уг төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож, 500 хоногийн алданги 6,671,250 төгрөг, хариуцагчаас нийт 20,013,750 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч тал 2019 онд дээрх гэрээний төлбөрөөс хасахаар УАЗ Пургон маркийн автомашин өгсөн, манайх хүлээн авч төлбөртөө суутгахаар өмчлөлдөө шилжүүлэх гэтэл уг тээврийн хэрэгсэл нь өөр хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлд битүүмжлэгдсэн байсан тул өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэх боломжгүй байсан тул төлбөрөөс хасах боломжгүй болсон, хариуцагч уг Пургон машиныг манай өмчлөл эзэмшилд шилжүүлж өгөөгүй тул төлбөрийн үлдэгдлээс хасах боломжгүй гэв.
Хариуцагч М-У ХХК, Ж.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай М-У ХХК нь Ш.Х ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ГТА0000 гэдэг дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж дизель түлш зээлээр худалдаж авсан нь үнэн, гэрээ байгуулсан өдөр 5,000,000 төгрөг төлсөн байдаг. Гэрээ байгуулсан эсэх дээр хариуцагч тал маргадаггүй. Харин нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Тухайлбал хариуцагч Ж.Д хувьд М-У ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийнхээ хувьд энэ гэрээнд гарын үсэг зурснаас биш Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээсэн этгээд биш. Иргэн Ж.Д хувьд энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэрээнд иргэнийхээ хувьд гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн шаардаж байгаа гэрээний үлдэгдэл 13,342,500 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 он, 2018 онд тооцоо нийлсэн акт үйлдсэн, үлдэгдэл байсан. Ингээд 2019 оны эхээр гэрээний үлдэгдлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар УАЗ Пургон маркийн автомашин нэхэмжлэгч талд гэрээ байгуулаад шилжүүлсэн. Манай тал үүнийг баримтаар нотлох гэсэн боловч нотолж чадсангүй. Гэхдээ нэхэмжлэгч тал энэ тээврийн хэрэгслийг авч явснаа үгүйсгэдэггүй. Тэгэхээр 2019 оны эхээр 8,000,000 төгрөгийн үүргийг гүйцэтгэлийг хангасан байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал нь түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т бичгээр хийх хэлцэл хүчин төгөлдөр болох талаар заасан байдаг. Бид нар бичгээр хэлцэл хийснээ нотолж чадаагүй ч гэсэн хэлцэл хийсэн эсэх талаар талууд маргадаггүй, нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг аваад явсан гэхдээ тухайн үед нэр шилжигдээгүй, танай тал энийгээ буцаагаад аваад явж болно гэж хэлсэн. 2019 оны эхээр авч явчхаад нэг жилийн дараа та нар энийгээ ав, үүргийн гүйцэтгэлээ бэлэн мөнгөөр хангуул гэж албан бичиг ирүүлж байгаагүй. Тийм учраас хэлцэл хийсэн гэж үзээд, үндсэн төлбөрөөс хасах, алдангийг хасах боломжтой гэж бодож байна. Хэрвээ энэ тээврийн хэрэгслийг 8,000,000 төгрөгт тооцоод хасах юм бол үндсэн үүргийн гүйцэтгэл нь 5,342,500 төгрөг болоод үүний алдангийг хоногийн 0.1 хувиар тооцоод тээврийн хэрэгслийг 2019 оны 1 дүгээр сард авч явсан гээд 365 хоног алданги тооцвол 1,949,830 төгрөг, нийт 7,292,330 төгрөгийг манай тал төлөх боломжтой гэв.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч М-У ХХК, Ж.Д нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,013,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ш.х ХХК шүүхэд гаргажээ. Ш.х ХХК болон М.У ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ГТН-0000 дугаар газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Ш.х ХХК зуны дизель түлшийг худалдан авагч М.У ХХК нд нийлүүлэх, худалдан авагч барааны төлбөрийг гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 15-ны дотор худалдагчид төлөх үүрэг хүлээж, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцсон хүү төлөхөөр тохиролцсон талуудын хооронд үүссэн харилцаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцэж байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-д Худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцсон хүүг худалдагчид төлнө, мөн гэрээний 3.3-т Энэ зүйлийн 3.3-т заасан алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаас үзвэл гэрээний 3.3-д заасан агуулга нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан агуулга, шинжийг илэрхийлээгүй, харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан агуулгыг илэрхийлсэн байна гэж шүүх дүгнэж, зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ./х.х-ийн 10-15/, Нэхэмжлэгч Шинэ хими ХХК нь нийт 18,342,500 төгрөгийн дизель түлшийг хариуцагч Мөнх Улз ХХК-нд нийлүүлсэн бөгөөд хариуцагч барааны төлбөрөөс 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр болох 13,342,500 төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа, талуудын тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 7-9,15/, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Мөнх-Улз ХХК 13,342,500 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч хариуцагчаас уг үүргээ шударгаар биелүүлэхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар тус тус шаардах эрхтэй байх тул хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 13,342,500 төгрөг, гэрээгээр тохиролцсон алдангид 6,671,250 төгрөг нийт 20,013,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Хариуцагч М-У ХХК нь гэрээний үүргийг гүйцэтгэлд 8,000,000 төгрөгт тооцуулан УАЗ Пургон маркийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй тул шүүх төлбөр гүйцэтгэх үүргээс хасаж тооцох үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Ш.х ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ГТН-0000 дугаар газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээг хариуцагч М.У ХХК-тай байгуулсан, гэрээний харилцаанд хариуцагч Ж.Д оролцоогүй байх тул хариуцагч Ж.Дшаардсан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,013,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,013,750 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ш.х ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М-У ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,013,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш. х ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 258,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 258,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.х ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ