Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 142/2020/00990/И |
Дугаар | 001/ХТ2022/01217 |
Огноо | 2022-12-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2022/01217
“ **** ****” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01245 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 207/МА2021/00009 дүгээр магадлалтай,
“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
****д холбогдох
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 24,577,315.24 төгрөг гаргуулах тухай
нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ууганбямбын гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Булгансайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. “ **** ****” ХХК нь ****д холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 24,577,315.24 төгрөг төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01245 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасныг баримтлан ****гаас 23,167,770.24 төгрөг гаргуулан “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,409,545 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 280,837 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****гаас 273,789 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 207/МА2021/00009 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “ **** дистрибиюшн” ХХК-ийн ****гаас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 24,577,315.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ****гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,837 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ууганбямба хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй байна.” гэж үндэслэсэн нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3-т заасны дагуу 2019.12.26-ны өдрийн тооллогын баталгаа, 2020.04.16-ны өдрийн тооллогын баталгаа, 2020.04.23-ны өдрийн тооллогын баталгаа, хариуцагчтай байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг үндэслэн уг тооллогуудаас дутагдсан дүнгээр эд хөрөнгийг хариуцлага хүлээлгэж, энэ тухай компанийн санхүүгийн программд бүртгэсэн. Мөн хариуцагч ажиллаж байх хугацаандаа буюу өөрийн хариуцаж байсан Орхон аймаг дахь салбарын агуулахаас бараа, бүтээгдэхүүнийг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр гаргаж байсан нь тогтоогдсон тул энэ тухай “ **** ****” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.11.20-ны өдрийн 18/2/86 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ ногдуулсан байдаг. Энэ тухай хариуцагч шүүх хуралдаан дээр маргаагүй. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотлох баримт болон үндэслэл бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байдаг. Гэвч хариуцагч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүчин төгөлдөр бүхий хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж буй нотлох баримт хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй тайлбараа үндэслэл бүхий тайлбараар болон нотлох баримтаар гаргаж чадаагүй. Мөн дээр дурдсан тооллоготой холбоотой баримтыг үгүйсгэх өөрийн гар тооллогын баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан ч гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл бүхий тайлбар болж чадахгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Гэвч давж заалдах шатны шүүх өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, судалж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.
4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Хэрэгт авагдсан тооллогын баримт гэх нотлох баримтаар хариуцагч ****г буруутгах боломжгүй бөгөөд тооллогын баримт нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байна. Хэрэгт нягтлан бодох бүртгэлийн анхан шатны ямар ч баримт /Нягтлан бодох бүртгэлд аж ахуйн нэгж байгууллагын аж ахуйн бүх ажил, гүйлгээ, хөрөнгө оруулалт, авлага, өр төлбөр, бүх орлого зардал зэргийг заавал бүртгэх ёстой/ авагдаагүй, нөгөө талаар тооллогын баталгаа гэх баримтад тоолсон зарим нэр төрлийн барааны үнийн дүн зөрүүтэй тухайлбал хх-21 дэх талд авагдсан тооллогын баталгааны 19 дэх мөрөнд бичигдсэн барааны үлдэгдэл, дутсан үнийн дүн зөрүүтэй.” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан 3 удаагийн тооллогын баталгаа, уг тооллогоос гарсан илүүдэл, дутагдлыг нягтлан бодох бүртгэлд заасны дагуу бүртгэж, авлага үүсгэн, хариуцагчаар удаа дараа баталгаажуулах гэсэн боловч хариуцагч өөрөө гарын үсэг зураагүй байдаг. Мөн давж заалдах шатны шүүх хэргийн 21 дэх талд авагдсан 2020.04.16-ны өдрийн тооллогын баталгааны 19 дэх мөрөнд барааны үлдэгдэл 1130 ширхэг нь 2,796,655.95 төгрөг байхад барааны дутагдал хэсэгт дутуу тоо хэмжээ 1130 ширхэг нь 3,333,500.00 төгрөг байгаа нь зөрүүтэй байна гэж үндэслэсэн нь: Барааны үлдэгдэлд хэсэгт 2,796,655.95 төгрөг нь 1,130 ширхэг “Чанамал Аньс 860 гр /Агрико/”-ны өртөг үнээр бодсон нийт үнэ, барааны дутуу хэсэгт 3,333,500.00 төгрөг нь 1130 ширхэг “Чанамал Аньс 860гр /Агрико/”-ны,зарах үнээр бодсон нийт үнэ юм. Энэ нь Орхон аймгийн салбарын агуулахад байх ёстой 1130 ширхэг “Чанамал Аньс 860 гр /Агрико/” үлдэгдлээс 1130 ширхэг дутсаныг хариуцагч уг дутагдлын талаар ажил олгогчид үндэслэл бүхий тайлбар болон баримтыг гаргаж нотолж чадаагүй тул ажил олгогч талаас ЭТ. 17.10 тоот Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 5.1, 5.3, 5.8-д заасны дагуу ажил олгогч нь хариуцагчид эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээлгэсэн. Гэвч давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу ойлгож тайлбарлан, хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Мөн ЭТ-17-10 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 5.2-т “байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг нягтлан бодох бүртгэлийн тайланд тусгагдсан өртгөөс зохих нормоор бодит элэгдэл хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно” гэж эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлээ заасан боловч байгууллага энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.” гэж үндэслэсэн нь хариуцагч нь дээр дурдсан тооллого болон тооллогын дутагдлын талаар ажил олгогчид үндэслэл бүхий тайлбар болон баримтыг гаргаж өгөөгүй, уг үйлдэл нь их хэмжээний дутагдал гаргахдаа санаатайгаар ашиглан шамшигдуулсан гэж үзсэн тул ажил олгогч талаас ЭТ.17.10 тоот эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 5.1, 5.3, 5.8-д заасны дагуу ажил олгогч нь хариуцагчид эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон хүлээлгэсэн. Гэвч давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу ойлгож тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ууганбямбын хяналтын журмаар гаргасан “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэсэн утга бүхий гомдлыгхангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
6. Анхан шатны шүүх ****гаас 23,167,770.24 төгрөг гаргуулан “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,409,545 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
7. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтын талаар хангалттай бүрэн дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралтай нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүйн улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал:
8. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Орхон аймаг дахь салбарын нярав **** нь 2020.04.16-ны өдрийн санхүүгийн албаны хуваарьт тооллогоор 23,990,100 төгрөгийн бараа, материалын дутагдалтай гарсан ба 2020.04.23-ны өдөр агуулах дахь бараа материалыг хүлээлцэх тооллого хийхэд 1,409,545 төгрөгийн бараа, материалын дутагдалтай гарч нийт 24,577,315.24 төгрөгийн дутагдал гарсан нь тооллогын баталгаагаар нотлогдож байгаа тул “ **** ****” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.05.28-ны өдрийн Б20-223 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэг нийт 24,577,315.24 төгрөгийг ****гаас гаргуулах...” гэсэн агуулгаар тодорхойлсон байна.
Хариуцагч **** “...ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод гарын үсэг зураагүй, Дорнод аймаг дахь салбарын агуулахын нярав гэсэн байдаг бөгөөд “ **** ****” ХХК-ийн тайланд тухайн жилийн санхүүгийн үзүүлэлтүүдийг ерөнхий, нийлбэр байдлаар тайлагнасан байдаг гээд салбар хоорондын өглөг авлага, дутагдал гэх мэт нарийвчилсан үзүүлэлтүүдийг тусгаагүй, ...Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу буюу хууль, дүрэм журмаа мөрддөггүй хэн нэгнийг ажлаас халахын тулд хууль бусаар тооллого оруулж өр төлбөрт унагаж бусдын эрхэнд халдаж хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчиж байгаагаа зөв гэж тайлбарлан холбогдох нотлох баримтуудаа гаргаж ирүүлэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна...” гэсэн агуулгатай тайлбар гарган мэтгэлцжээ.
9. Зохигчийн хооронд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан болон ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх эсэх нь маргааны зүйл болсон байна.
10. “ **** **** ХХК, **** нарын хооронд 2017.09.12-ны өдөр ЭТ.17.10 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Эрдэнэт салбарын нярвын албан үүргийг энэ өдрөөс эхлэн гүйцэтгэхээр болсон ба Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон барьцааны гэрээ байгуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-16-71 тоотод байрлах Ү-2101009690 улсын бүртгэлийн дугаартай Ц.Бямбасүрэнгийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд бариулж, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байна.
11. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.4-т “Ажил үүргийн дагуу хариуцсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах”, 6.6-д “Ажилтан нь гүйцэтгэх захирал болон шууд харьяалагдах албан тушаалтны өмнө ажлаа хариуцан тайлагнах”, 6.8-д “...эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, ...чанд мөрдөж ажиллах”, 6.17-д “Ажилтан, ажилчийн нь өөрийн буруугаас компанид ямар нэгэн хохирол учруулбал түүнийг хариуцаж төлж барагдуулах үүрэгтэй”, 7.5-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг хамаарч хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ” гэж харилцан тохиролцжээ.
Улмаар дээрх хөдөлмөрийн гэрээг үндэслэж, талууд ЭТ.17.10 тоот Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1-д зааснаар ажилтан эд хөрөнгө хадгалах, албан хэрэгцээнд ашиглах зэрэг үүрэг гүйцэтгэх зорилгоор түүнд хариуцуулан өгсөн эд хөрөнгө, бараа материал тоног төхөөрөмж, үнэ бүхий зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадаагүй бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр гэрээний гол нөхцөлийг тусгасан байна.
12. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцахаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 12.2.3-т эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг заавал хийнэ гэж заажээ.
“ **** ****” ХХК-аас ****гийн хариуцсан бараа, материал, үнэ бүхий зүйлд тооллого явуулж, 2020.04.16-ны өдрийн БТ120026 дугаартай тооллогын баталгаагаар нийт 40,275 тоо хэмжээтэй 99,290,578.77 төгрөгийн эд зүйлсийг тоолсон бөгөөд илүү 7,727 тоо хэмжээ бүхий 21,020,670 төгрөгийн бараа материал, дутуу 18,563 тоо хэмжээтэй 45,010,770 төгрөгийн бараа материал тоологдож, нийт 23,990,100 төгрөгийн дутагдал гарсан байна.
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.3-т “Сар тутмын үндсэн хөрөнгийн тооллого, хөрөнгө хүлээн авах болон хүлээлгэн өгөх үед эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнийн дүн, тооллогын тайлан зэргийг буруу бичсэн нь үндэслэлтэй тогтоогдож байвал ажилтан гарын зурж баталгаажуулахаас татгалзан, шалгуулах, дахин тооллого хийж үнэлүүлэх эрхтэй” гэж талууд тохиролцжээ.
Хариуцагч **** 2020.04.16-ны өдрийн БТ120026 дугаартай тооллогын баталгаанд “тухайн тооллогыг дахин шалгах шаардлагатай байгаа тул энэ гарсан зөрүү өрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Зөвхөн тоолсон тоон дээр гарын үсэг зурав” гэж бичсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс дахин хийсэн 2020.04.23-ны өдрийн БТ120029 дугаартай тооллогын баталгаагаар өмнөх тооллогоор дутагдсан бараа материалын үнээс гадна 1,409,545 төгрөгийн дутагдал илэрсэн байна.
13. “ **** ****” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.05.28-ны өдрийн №Б20-223 дугаар тушаалаар ****г агуулахаас их хэмжээний бараа, бүтээгдэхүүний дутагдал үүсгэсэн нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсон гэж буруутган Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3.1.3-т заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халжээ.
14. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болохоор заасан.
Ингэхдээ зөвхөн Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4-т зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан ажилтанд мөн хуулийн 135.1.1-135.1.5-д заасан үндэслэл байгаа бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх буюу байгууллагад учруулсан хохирлыг ажилтнаар нөхөн төлүүлэх боломжтой юм.
15. “ **** ****” ХХК нь талуудын хооронд байгуулсан 2017.09.12-ны өдрийн ЭТ.17.10 тоот хөдөлмөрийн гэрээний 7.5, мөн дугаар бүхий Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4.10, 5.1, 5.8.2-т зааснаар **** хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр дээрх хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Гэрч Э.Сайнзаяагийн “...Улаанбаатар хотод **** ирж төв оффист программ дээр сууж шалгасан, ...өөрөө программ дээрээ хянаж, шүүж үзээрэй гэсэн хариу өгсөн боловч үйлдэл хийгээгүй, түүний дараа Орхон аймагт очиж тооллого хийхэд өртэй гарсан...” гэсэн мэдүүлэг, 2020.04.16-ны өдрийн БТ120026 дугаартай тооллогын баталгааг үнэлж, хариуцагч 23,990,100 төгрөгийг “ **** ****” ХХК-д төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
16. Анхан шатны шүүх “ **** ****” ХХК-аас шүүхэд ирүүлсэн 2020.04.16-ны өдрийн БТ120026 дугаартай тооллогын баталгаагаар хэчнээн ширхэг бараа дутсан, мөн илүү тоологдсон бараа байсан эсэх талаарх баримт байхгүй, уг баталгааг ****д танилцуулаагүй, эрх бүхий этгээдүүд албажуулаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй, 1,409,545 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.
17. Хариуцагч **** гарсан өрийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч уг тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, ****гаас 23,167,770.24 төгрөг гаргуулан “ **** ****” ХХК-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас 1,409,545 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна.
Хэрэгт цугларсан баримтаар дээрх нөхцөл байдал хангалттай нотлогдож байхад давж заалдах шатны шүүх холбогдох баримтыг үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ууганбямбын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
18. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ууганбямбын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 207/МА2021/00009 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Ууганбямбын гаргасангомдлыгхангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээсхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,789 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ