Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 517

 

 

Б.Иэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Ариунболд,  

шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Минжмаа, П.Болортуяа,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, П.Болортуяа нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Б.Иийн гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Иэд холбогдох эрүүгийн 1807000270014 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Б.И нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ заалтыг, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь /Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/ заалтыг, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь /үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалтыг, мөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 "Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийн дагаж, мөрдөж, ослоос урьдчилсан сэргийлэх" заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний бичил уурхайд ажиллаж байсан Н.Гантөр нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн үед шороонд дарагдаж улмаар амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас:

Б.Иийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иэд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Иээс 535,050.2 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэгт олгож, 43,292,698 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасан хугацаа хүртэл шүүгдэгч Б.Иээс сар бүр 89,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нүүрсний бичил уурхайн ажилчдын ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй өдөр тутмын давтан зааварчилгааны 22 хуудас бүхий дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хариуцагч Ч.Энхбаатар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т зааснаар 3,944,812 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Иэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, П.Болортуяа нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Шүүгдэгч Б.Иэд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэгийн зүгээс хохирогчийн цалин хөлсний хохиролд  шүүгдэгч Б.И болон Н.Гантөр нарын мэдүүлгээс үндэслэн дундажлан өдрийн цалинг 40,000 төгрөгөөр, сарын орлогыг 880,000 төгрөгөөр тооцож өвчтэй байх үе буюу 23 сарын турш нийт цалингийн хохиролд 20,240,000 төгрөгийг иргэний хуулийн 497.1, 505.1-д зааснаар нэхэмжилсэн. Хохирогчийн энэхүү хохирол нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч,  гэрч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч Мягмарсүрэн нарын мэдүүлгээр нотлогдож байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа гэмт хэрэг болохоос өмнө хохирогчийн сарын орлогыг 880,000 төгрөг олж байсан талаар нотлох цалин хөлсний баримтгүй байна хэмээн дүгнэж энэхүү баримт нь хохирогчид бус шүүгдэгчид гаргаж өгөх ёстойг харгалзалгүй, нөгөө талаар шүүгдэгч цалин хөлсний талаар маргаагүй байхад хэт нэг талыг барьж нийт нэхэмжилсэн дүнгээс 13,840,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно:” тус зүйлийн 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;” хэмээн тус тус заасантай нийцэхгүй байна.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн нас барсантай холбогдуулан гэм хор учруулсны төлбөрт Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн насанд хүрээгүй 4-14 насны 4 хүүхэд болон 4 настай хүүхдээ ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр асран хүмүүжүүлж байгаа эхнэрт хохирогчийн цалин хөлсийг сарын 880.000 төгрөгөөр тооцож, тэдгээрийн авч байгаа тэтгэмжийн хэмжээг хасан нийт 38,990,880 төгрөгийн шаардлагыг өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Учир нь хохирогчийн цалин хөлсийг хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр өдрийн 40,000 төгрөг, сарын 880,000 төгрөгөөр бүрэн тогтоох боломжтой байхад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өөрчилсөн нь үндэслэлгүй байна.

3. Хохирогч Гантөр нь тус гэмт хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авч олон сар өвчинтэйгээ тэмцэж байгаад амь насаа алдсанаар түүний Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх зөрчигдөж, түүний ойр дотныхон болон эхнэр О.Отгонцэцэг, түүний насанд хүрээгүй 4 хүүхдэд нөхөж болошгүй хохирол бий болсон байхад Иргэний хуулийн 497.1, 511.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 3 сая төгрөгийг анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас нөхөн төлөх зардалд хамаарахгүй хэмнээн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

4. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж зааны дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн төлсөн хохирогчийн 3,500,000 төгрөгийн өмгөөллийн зардал нь тус гэмт хэргийн улмаас үүссэн хохирол тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Иээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар 20,240,000 төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар 6,500,000 төгрөг, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар 38,990,880 төгрөг буюу нийт 65,473,880 төгрөгийг гаргуулах өөрчлөлтийг оруулж өгнө үү.

Хохирогч О.Отгонцэцэг миний зүгээс шүүгдэгч Б.Иэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа бөгөөд шүүгдэгч Б.И нь энэ хэрэг болсоноос хойшхи хугацаанд болон миний нөхөр өвчтэй байх хугацаанд эргэж тойрч байгаагүй, үхэх гээд эмнэлэгт эмчилгээ хийлгүүлэх гээд хүний нүднээс гарам хэцүү байдалтай байхад нь утсаар ярих болон биеэр ирж биеийн байдлыг нь асууж байгаагүй. ...надад болон миний 4 хүүхдэд нөхөж барашгүй хохирол учирсан тул туйлийн их гомдолтой байна. ...” гэв.  

 

Шүүгдэгч Б.И нь давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Би хэрэг гарснаас хойш хохирогчтой уулзаж эмчилгээний зардал болон бусад зардлыг өөрийн боломжийн хэрээр төлж эхэлсэн. Анхнаасаа ийм байдалд хүрнэ гэж би огт мэдээгүй, талийгаачийг эмчлүүлээд эдгэрээсэй гэж хичээж ирсэн. Гэмтээд гэртээ байхад нь надад эмчилгээний зардлаас бусад зардлыг төлөх боломж үнэхээр байхгүй байсан учир тухай бүрд нь төлбөрийг төлж явсан. Одоо би 29 настай, эхнэр гурван хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр маань 2 сартай хүүхэд хараад ажил хийх боломжгүй, би гэр бүлийнхээ ахуй амьдралыг авч явдаг юм. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид засарч хүмүүжих бүрэн боломжтой, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.  

 

  Шүүгдэгч Б.Иийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Иийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хохирогчийн өмгөөлөгч нар мэдээгүй байж магадгүй. Гэхдээ хэрэг шийдэгдсэнээс хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй шүүгдэгчийн ар гэр удаа дараа уулзаж шүүхээс тогтоосон 5.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Хохирогчийн ар гэртэй тохиролцож хохирол төлөгдсөн гэж бичиг хийлгэж авсан. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гаргасан хүсэлт, хохирол төлсөн баримт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нөхцөлийг хангаж байгаа учраас түүний хувийн байдал болон бусад байдлыг харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одоо надад хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Минжмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн цалин хөлсний хохиролд шүүгдэгч Б.И болон Н.Гантөр нарын мэдүүлгээс дундажлан өдрийн цалинг 40,000 төгрөгөөр, сарын орлогыг 880,000 төгрөгөөр тооцож өвчтэй байх үе буюу 23 сарын турш нийт цалингийн хохиролд 20,240,000 төгрөгийг Иргэний хуулийн 497.1, 505.1-д зааснаар нэхэмжилсэн. Анхан шатны багасгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно:” тус зүйлийн 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал тогтооно” хэмээн тус тус заасантай нийцээгүй.

Мөн хохирогч Гантөр нь тус гэмт хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авч олон сар өвчинтэйгөө тэмцэж байгаад амь насаа алдсанаар түүний Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх зөрчигдөж, түүний ойр дотныхон болон эхнэр О.Отгонцэцэг, түүний насанд хүрээгүй 4 хүүхдэд, ойр дотныхонд нөхөж болошгүй хохирол бий болж сэтгэл зүйн хувьд бодит хохирол бий болсон тул сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 497.1, 511.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог. Хохирогч хохироогүй байсан бол өмгөөллийн эрх зүйн харилцаанд оролцох үндэслэлгүй байсан  учир гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг гэж үзэн өмгөөллийн зардал 3.500.000 төгрөг нэхэмжилсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэг 4-13 насны хүүхдүүдээ харж хамгаалдаг. Өөрөө тодорхой эрхэлсэн ажилгүй, айлын хашаанд гэр барьж гуйж амьдардаг. Амьдралын нөхцөл байдал их хүнд, хохирогчоос өөр энэ гэр бүлийг тэжээн тэтгэх хүнгүй байсан. Гэтэл хохирогчийн цалинг буруу тогтоосноос болж эдгээр хүүхдүүдийн тэтгэмжийг багаар тогтоосонд гомдолтой байна. Шүүгдэгчийн гэр бүлийн зүгээс хохирогчид 5.000.000 төгрөг өгсөн. Үүнд хохирогч тайлбар хэлсэн тул өмгөөлөгчид тайлбар байхгүй байна. ...” гэв.   

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Банкны зээлийн үлдэгдэл 1,022,000 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний зээлдэгч нь хохирогч Гантөр байсан. Уг зээл нь үе залгамжлагдаж хохирогчийн ар гэрийнхэнд үлдэх учраас хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийг хэрэглэсэн нь зөв. Гэхдээ хөдөлмөрийн харилцаатай байсан уу, эсхүл хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр хохирогч ажиллаж байсан уу гэдэг дээр анхан шатны шүүх хуралдаан дээр маргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан гэсэн. Мэргэжлийн хяналтын байцаагчийн зүгээс энэ нь үйлдвэрийн осол гэж дүгнэсэн. Үйлдвэрийн осол гэдэг нь ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа учраас 36 сарын цалинтай тэнцэхүйц 31.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн нөхөрлөл гэж 5 этгээд дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулчихсан байсан. Энэ 5 хүн нь нөхөрлөл гэж албан ёсоор байгуулаагүй. Энхбаатар гэдэг хүнийг хариуцагчаар татсан боловч шүүх Энхбаатарт холбогдуулж нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй гэснийг шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байна. Хэдийгээр цалин хөлсний зөрүү гэж 5.500.000 төгрөг авсан боловч цаашдын тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт орох боломжтой. Үүнийг Б.Иээс гадна Энхбаатар ч мөн төлөх ёстой. Учир нь, өөрөө төлнө гээд Нийслэлийн засаг дарга болон бусад гишүүдийнхээ өмнө баталгаа гаргасан. ...” гэв.   

 

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Б.Иэд 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэж байна. Өмгөөлөгчийн зардал гэж 3.500.000 төгрөг нэхэмжилсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш учир үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж гэж 174.000 төгрөгөөр тогтоосон. Хохирогч сар болгон 880.000 төгрөгийн цалин хөлс авдаг талаар гэрчүүд ярьдаг хэдий ч үүнийг нотлох баримт байхгүй  тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Иймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. ...” гэв.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Иэд холбогдох эрүүгийн 1807000270014 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилгүй байна.

 

 Шүүгдэгч Б.И нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ заалтыг, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь /Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/ заалтыг, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь /үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалтыг, мөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 "Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийн дагаж, мөрдөж, ослоос урьдчилсан сэргийлэх" заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний бичил уурхайд ажиллаж байсан Н.Гантөр нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн үед шороонд дарагдаж, энэхүү хүнд гэмтлийн улмаас түүний амь нас хохирсон болох нь:

 

хохирогч Н.Гантөрийн: "...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгсжаргалын уурхайд ажиллахаар очсон. Ингээд Төгсжаргал бид нарт зааварчилгааны дэвтэр өгөөд гарын үсгээ зурцгаа гэхээр нь бүгдээрээ зураад орсон. Хамт ажилладаг хүмүүсийнхээ нэрийг сайн мэдэхгүй. Учир нь тухайн аманд ажилд ороод удаагүй байсан. Дөрөв нь уурхай дээр үлдээд доошоо уурхайн гүн рүү наймуулаа орсон ба 2 хүн ковшинд яваад эхлээд гурав гурваараа 2 салаад ажиллаж байтал 22 цагийн үед байх ковшинд ажиллаж байсан залуу 3 салаанд ороод яв гэхээр нь нэг залуугийн хамт нэг салаа руу ороод ажиллаж байгаад 05 цагийн үед утасныхаа цагийг харчихаад ковшинд нүүрс хийж байхад гэнэт дээрээс шавар унаад, дараад би босож чадахгүй нуруу огт мэдээгүй босох гэтэл босож чадахгүй бөгсөн бие мэдээгүй болчихсон. Тэгээд цаанаас бас нэг залуу ирээд надтай хамт ажиллаж байсан залуутай хамт өргөөд ковшинд дээш гаргаад Төгсжаргалын машинд суулгаад шууд гэрт очиж эхнэрийг аваад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн..." /1 хх 13-15/,

 

гэрч Т.Мэндсайханы: "... 05 цагийн үед болов уу ковш дээшээ татаад би ардаас нь дагаад алхаж явтал доороос хүн орилохоор нь ковшоо зогсоо гэж байгаа юм болов уу гэж бодоод зогсоогоод эргээд хартал Мягмарсүрэн байсан ба "наашаа хүрээд ир" гэхээр нь яваад очтол салаанд ковшин дээр бага зэрэг шавар унасан хажууд нь сүүлд нэрийг нь мэдсэн Гантөр ковшин дээр гараараа тулсан хагас суусан байдалтай байхаар нь "яасан бэ" гэхэд "шаварт цохиулчихлаа хөдөлж болдоггүй ээ" гээд зогсож байтал Ганзориг ирээд бид нар нийлж дээрээс ковш авч ирээд Гантөрийг ковшинд суулгаад дээш гаргаж ирэхэд Төгсжаргал аваад шууд эмнэлэг явсан..." /1 хх 19-20/,

 

гэрч Б.Ганзоригийн: "...ямарч байсан нэг харахад 3 дахь салаанд Гантөр, Мягаа нар орчихсон ажиллаж байсан. Ингээд би ковш аваачиж өгөөд нүүрсээ хийлгээд дээшээ татаж байсан ба 06 цагийн үед би ковш салаанд оруулж өгчихөөд буцаад гараад дээшээ багалзуур руу дараагийн ковш авахаар явж байтал доороос Мягаа "хүн шаварт цохиулчихлаа" гэхээр нь буцаад гүйгээд хамгийн түрүүнд би очсон. Намайг очиход Мягаа, Гантөр ахыг гаргаад ирчихсэн цаана нь бага зэрэг шавар мухартаа унасан харагдсан. Ингээд л бусад салаанд байсан хүмүүс гарч ирээд Гантөр ахыг өргөөд ковшинд суулгаад дээшээ гаргаад эмнэлэг авч явсан..." /1хх 21-22/,

 

гэрч Б.Төгсжаргалын: "...Миний бие Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүмбэр хутаг” ХХК-ийн газар дээр нүүрсний уурхайг дүү Итгэлийн хамт хамтарч ажиллуулдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цаг 30 минутын үед шөнийн ээлж оруулаад 06 цагийн үед бригадын дарга Мөнгөнтуяаг доор мөргөцөг дээр Гантөрийг шаварт цохиулчихлаа гээд ковшинд Гантөрийг суулгасан гараад ирэхээр нь шууд машиндаа суулгаад замаараа Гантөрийн эхнэрийг гэрээр нь орж аваад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд нуруу хугарсан хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлсэн..." /1 хх 25-26/,

 

гэрч Ч.Мөнгөнхуягийн: "...Орж ажиллахын өмнө Төгсжаргал хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд дэвтэрт бүгдэнгээр нь гарын үсэг зуруулаад орсон. Ингээд доор 3 салаанд хоёр хоёроороо орж ажилласан ба Буянаа бид хоёр нэг салаанд, Мягаа шаварт цохиулдаг залуу хоёр нэг салаанд, танихгүй хоёр залуу нэг салаанд тус тус ороод Зоригоо танихгүй залуугийн хамт ковшинд явсан. Ингээд өглөө 06 цагийн үед Зоригоо Буянаа хоёр бид хоёр дээр хамт ажиллаж байсан залуу нь шаварт цохиулчихлаа гэхээр нь яваад очиход газар хэвтэж байсан ба яаж байна гэж асуухад нуруу өвдөөд байна гэхээр нь ковшинд өргөж суулгаад дээшээ гаргахад Төгсжаргал машиндаа суулгаад шууд Улаанбаатар хот руу явсан. Бид нар үлдсэн..." /1 хх 27-28/,

 

гэрч Т.Мягмарсүрэнгийн: "...шөнийн 4, 5 цагийн үед дээрээс шавар унаж Гантөр ах дарагдсан. Би молдок барьж нүүрс ховхлоод Гантөр ах нүүрсээ хүрздэж ковш руу хийж байсан юм. Тэгтэл дээрээс шавар унахдаа намайг шүргэж би эргээд хартал Гантөр ах ковшны булан дээр суугаагаараа даруулсан, эргэн тойронд нь шавар унаж бутарсан байдалтай байсан. Гантөр ахынх нь хөл мэдээгүй болчихлоо татаад босгоорой гэхээр нь би шаврыг нь холдуулж босгоод ковшинд суулгаж дээшээ татуулж гаргасан. Тэгээд нүүрсний амны эзэн залуу Төөжий Гантөрийг машинд суулгаад авч явсан..." /1 хх 29/,

 

шүүгдэгч Б.И нь яллагдагчаар өгсөн: "...Би 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр "Сүмбэр худаг" ХХК-ийн эзэмшлийн талбайд нэг нүүрсний ам хариуцаж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энхбаатар ахлагчтай "Билгүүн сар" нөхөрлөлийн гишүүнээр 2017 оны 10 дугаар сард ороод шинээр уурхайн цооног гаргаж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж уурхайн цооногийг хариуцан ажиллаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ээлжийг хариуцаж ажиллаж байгаад 28-ны өглөө бууж Төгсжаргалд ээлжээ өгөөд Налайхын төвд гэртээ амарч байхад 29-өдрийн үүрээр Төгсжаргал над руу утсаар ярьж "уурхайд хүн шаварт цохиулчихлаа" гэж хэлэхээр нь би уурхайн аманд очтол Гантөр гэмтэж түүнийг эмнэлэг рүү авч явсан байсан... Хохирогч Н.Гантөр нас барсанд маш их харамсаж байгаа..." /1 хх 64-65, 3 хх 3/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 816 дугаартай: "...Н.Гантөрийн биед сээрний 10-11-р нугалмын түвшингийн нугасны няцрал, доод мөчдийн саажил, сээрний 7, 11-р нугалмуудын их биеийн хугарал, сээрний 10, 11-р нугалмуудын арын нумны хугарал, сээрний 10-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 9-10-р хавирганы хугарал гэмтэл, сээрний нугалмын хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 3.1.6-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 10-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 60% алдагдуулна." /1  хх 48-49/,

 

Шинжээчийн 02-06-366/03 дугаартай: "...2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 05 дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээнд нөхөрлөлийн ахлагчаар Ч.Энхбаатар, нөхөрлөлийн гишүүнээр осол гарсан уурхайн эзэн иргэн Б.И бүртгэлтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ заалтыг, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь /Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх; болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх" заалтыг, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь /Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалтыг, мөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 “Бичил уухайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөж, ослоос урьдчилан сэргийлэх" заалтуудыг тус тус зөрчсөн байна." /1 хх 53/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 шэ/04 дугаартай: "1. Талийгаачийн биед шинэ механик гэмтэл тогтоогдсонгүй. 2. Талийгаач нь удаан хугацаанд хэвтрийн байсны улмаас ууц болон баруун шагайн үенд цооролт шарх үүсч цусан үжлийн улмаас нас баржээ. 3. Талийгаач нь сээрний 11-р нугалмын их биеийн хугарал, нугас тасралт гэмтлийн улмаас бүсэлхийнээс доош хэсгийн саа саажилт архаг өвчтэй байсан нь үхэлд нөлөөлсөн байна. 4. Талийгаачийн цус болон эд эрхтэнд ялзралын өөрчлөлт үүссэний улмаас цусны бүлэг тогтоох шинжилгээ хийгээгүй болно." /3 хх 16/ гэх дүгнэлтүүд,

 

ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ /1 хх 166-169/,

 

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах баталгаа /1 хх 170/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч Б.Иийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 "Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийн дагаж, мөрдөж, ослоос урьдчилсан сэргийлэх" заалтуудыг тус тус зөрчсөн үйлдлийн улмаас түүний хариуцан үйл ажиллагаа явуулж байсан нүүрсний бичил уурхайд ажиллаж байсан Н.Гантөр нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн үед шороонд дарагдаж, улмаар “...сээрний 10-11-р нугалмын түвшингийн нугасны няцрал, доод мөчдийн саажил, сээрний 7, 11-р нугалмуудын их биеийн хугарал, сээрний 10, 11-р нугалмуудын арын нумны хугарал, сээрний 10-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 9-10-р хавирганы хугарал гэмтэл, сээрний нугалмын хугарал...” гэсэн хүнд гэмтэлтэй болж, уг гэмтлээрээ удаан хугацаанд хэвтрийн байсны улмаас ууц болон баруун шагайн үенд цооролт шарх үүсч цусан үжлийн улмаас нас барсан үйл баримт хэрэгт нотлогдон тогтоогдсон байх ба Б.Иийг тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэж, Б.Иийн үйлдлийг зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Иэд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн хэр хэмжээ зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн шүүгдэгч Б.Иийн “...Ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэг, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, П.Болортуяа нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн асуудлаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч Б.Гантөр нь улирлын чанартайгаар бичил уурхайд ажиллаж байсан ба уг уурхайд ажиллагсдын өдрийн орлогыг дан ганц гэрчийн мэдүүлгээр тогтоох, эсхүл таамаглан багасгаж тогтоох үндэслэлгүй. Учир нь, амь хохирогчийн олж байсан орлогын хэмжээнээс хамааран түүнийг нас барсны дараа тэжээгчээ алдсаны тэтгэлэг, цалин хөлсний зөрүү, ажилгүй байсан хугацааны хохирлын тооцоог үндэслэлтэй зөв шийдвэрлэх учиртай.

 

Амь хохирогчийн ажиллаж байсан хугацааны орлогыг хэрэгт авагдсан “Хөлсөөр ажиллах гэрээ, “Хөдөлмөрийн гэрээ”-г үндэслэн тооцох, энэхүү эрүүгийн хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар эцэслэн дүгнэж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон өмгөөлөгчийн хөлс, зээлийн гэрээний төлбөр, ослын төлбөр зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх боломжтой төдийгүй, нэхэмжлэлийн шаардлагаа хэнд холбогдуулан гаргах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал юм.

 

Иймд нотлох баримтаа гарган иргэний нэхэмжлэлийн талаархи асуудлаа жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэснийг буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “...43,292,698 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ...сар бүр 89,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, ...иргэний хариуцагч Ч.Энхбаатар нь бусдад төлөх төлбөргүй...” гэснийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Харин Б.Иийн болгоомжгүй үйлдлийн улмаас амь хохирогч Б.Гантөр нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүнд гэмтсэн, уг хүнд гэмтлийн сээрний 11-р нугалмын их биеийн хугарал, нугас тасралт гэмтлийн улмаас бүсэлхийнээс доош хэсгийн саа саажилт архаг өвчтэй байсан нь үхэлд нөлөөлсөн, удаан хугацаанд хэвтрийн байсны улмаас ууц болон баруун шагайн үенд цооролт шарх үүсч цусан үжлийн улмаас 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр нас барсан /2 хх 172/ болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг  хүнд гэмтлийн улмаас амь хохирогчийн болон ар гэрийнхний зовж шаналсан, сэтгэл зүйн хүнд шаналалтайгаар өнгөрсөн хугацаа зэргийг дүгнэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Иийн зүгээс хохирогчид өгсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол гаргуулсан нэхэмжлэлийн шаардлагын дүн дээр нэмсэн өөрчлөлтийг энэхүү магадлалаар оруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

- 4 дүгээр заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Иээс 5,350,502 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэгт олгож, 43,292,698 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иээс 10,350,502 /арван сая гурван зуун тавин мянга таван зуун хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Отгонцэцэгт олгосугай...” гэж өөрчилж,

 

- 8 дахь заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т зааснаар 3,944,812 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэснийг “Энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдээгүй гэм хорын хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж өөрчилж,

 

- 4 дэх заалтын “...43.292.698 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг, 5 дахь заалтыг бүхэлд нь, 7 дахь заалтын “...иргэний хариуцагч Ч.Энхбаатар нь бусдад төлөх төлбөргүй...” гэснийг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Иийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

                      ШҮҮГЧ                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ