Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2020/00062/И |
Дугаар | 183/ШШ2020/000703 |
Огноо | 2020-03-23 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2020/000703
2020 оны 03 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2020/00703 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Ж.Сэмжид тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0-р хороо, 00-р хороолол, Эрэл хотхонд байрлах, Э-3 СӨХ /РД:0000000/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00-р хороо, Хаан банк тауэр Хурд оффисд байрлах, Х.г ХХК /РД:0000000/-д холбогдох
Гэм хорын хохиролд 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, иргэдийн төлөөлөгч М.Х нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э-3 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э-3 СӨХ нь Хан-Уул дүүргийн 0-р хороо Энх тайваны гүүрний баруун талд байрладаг бөгөөд авто замын ард тус хотхоны айлуудын цэвэр, бохир ус, дулаанд холбогдсон үл хөдлөхийн гэрчилгээтэй 80 авто машины гараж байдаг. Хан-Уул дүүрэг 1 хороо, Чингисийн өргөн чөлөө, Дунд голын гудамж 47 хаягт "Х.г ХХК нь Энхтайван хороолол нэртэй 23 давхар 2 блок орон сууц, автомашины 3 давхар гаражийн барилга угсралтын ажил гүйцэтгэх явцдаа гаражийн барилга доор орсон Эрэл хотхоны оршин суугчдын 80 авто машины гаражийн байнгын хэрэглээтэй бохирын усны шугамын хоолойн төгсгөлийн худгийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр шууд дарж бөглөсөн. Энэ талаар уг барилгыг ашиглалтанд орохоос өмнө 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн засаг дарга Нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан бичгээр мэдэгдэж арга хэмжээ авахыг хүссэн боловч бидний хүсэлтийг үл хайхран 2018 оны 1 дүгээр сард улсын комисс хүлээн авсан. Үүнээс хойш бид дээрхи холбогдох газруудад 8 удаа албан бичиг өгсөн.Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар Хурд групп ХХК-ийн удирдлагатай уулзсан зохих ажлыг хийж өгнө, хохиролгүй болгож өгнө гэсэн хариу байнга өгдөг боловч асуудал шийдэгдэхгүй 2 жил болж байна. Х. г ХХК-ний удирдлагуудтай холбогдож уулзаж шаардахад эхний жил инженерээ явуулж шийдэл гаргаж байна санхүүжилтийг шийднэ, дарга амраад явсан байна гэх мэтчилэн шалтаг тоочдог байсан бол сүүлдээ бид барилгаа хүлээлгэж өгсөн учир хийх боломжгүй гэсэн хариултыг шууд өгдөг болсон. Нэгэнт Х. Г ХХК нь уг шугамыг засварлаж хэвийн болгож өгөхгүй байх ба шугамыг хэвийн ажиллагаатай болгох шаардлагатай, уг шугамыг засварлахад 25,000,000 төгрөгийн зардлын тооцоо гарсан тул гэм хорын хохиролд 25,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Х.г ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х. г ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хэдий ч Хан-Уул дүүрэг 1 хороо, Чингисийн өргөн чөлөө, Дунд голын гудамж 47 хаягт Энхтайван хороолол нэртэй 23 давхар 2 блок орон сууц, автомашины 3 давхар гаражийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгээгүй, мөн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан үйл баримт нь манай компанийн үйл ажиллагаатай огт хамааралгүй юм. Х. г ХХК нь Э-3 СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Х.г ХХК-нд холбогдуулан гэм хорын хохиролд 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Э-3 СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э-3 СӨХ нь ... Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Энх тайваны гүүрний баруун талд байрлах Э-3 хотхоны айлуудын цэвэр, бохир ус, дулаанд холбогдсон 80 авто машины гаражийн бохирын усны шугамын хоолойн төгсгөлийн худгийг "Х. г ХХК Энхтайван хотхон нэртэй 23 давхар 2 блок орон сууц, автомашины 3 давхар гаражийн барилга угсралтын ажил гүйцэтгэх явцдаа худгийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр шууд дарж бөглөсөн бөгөөд уг худгийн шугамыг хэвийн ажиллагаатай, сэргээн засварлахад учирсан хохиролд 25,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.
Хариуцагч Х.г ХХК нь ...Хан-Уул дүүрэг 1 хороо, Чингисийн өргөн чөлөө, Дунд голын гудамж 47 хаягт байрлах Энхтайван хотхон нэртэй 23 давхар 2 блок орон сууц, автомашины 3 давхар гаражийн барилга угсралтын ажлыг Х. г ХХК гүйцэтгээгүй, манай компани уг орон сууцыг худалдан борлуулах ажлыг гүйцэтгэсэн, барилга угсралтын ажлыг Хаус инвест ХХК гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэргийн баримтаас үзвэл Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Энхтайван хотхоны 145 машины дулаан зогсоолтой, 10 агуулах бүхий үйлчилгээний барилга 46/Г/, 41 агуулахтай 160 айлын орон сууцны барилга /2 блок 46А, 46Б/ гэх барилга байгууламжийг Хаус инвест ХХК-ийн захиалгаар барьж ашиглалтад оруулсан болох нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2016/501 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах коммиссын актаар тогтоогдож байна./хх 32-34/
Э-3 СӨХ-ны удирдах зөвлөл, Х. г ХХК нар нь Э-3 СӨХ-ны талбайд Х.гХХК цэвэр усны шугамын шилжүүлэлт холболт хийхээр харилцан тохиролцож 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулжээ./хх36-37/
Хариуцагч Х. г ХХК нь Э-3 СӨХ-ны харьяа авто гаражийн барилгын ариутгах татуургын гадна шугам, үзлэгийн худгийг дарж, шугам сүлжээг ашиглах боломжгүй болгосон, засварлаж хэвийн болгоогүй болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0/0000 тоот албан бичиг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 00/0000 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх 7,8/
Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Энхтайван хотхоны 145 машины дулаан зогсоолтой, 10 агуулах бүхий үйлчилгээний барилга 46/Г/, 41 агуулахтай 160 айлын орон сууцны барилга /2 блок 46А, 46Б/ гэх барилга байгууламжийг Хаус инвест ХХК-ийн захиалгаар ашиглалтад оруулсан гэх улсын комиссын акт байх боловч уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах явцад хариуцагч Х. гХХК цэвэр усны шугамын шилжүүлэлт холболт хийхээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан, Э-3 СӨХ-ны харьяа автогаражийн барилгын ариутгах татуургын гадна шугам, үзлэгийн худгийг дарж, шугам сүлжээг ашиглах боломжгүй болгосон, зөрчил арилгах талаар зохих төрийн байгууллагаас Хурд групп ХХК-нд холбогдох шаардлагыг хүргүүлсэн нь баримтаар тус тус тогтоогдож байх тул Х.гХХК нь гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин Э-3 СӨХ-ны харьяа авто гаражийн барилгын ариутгах татуургын гадна шугам, үзлэгийн худгийг дарж, шугам сүлжээг сэргээн засварлахад 25,000,000 төгрөгийн зардал гарсан эсэх, ийм хэмжээний зардал гарах эсэх, гэм хорын хохиролд 25,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлох баримтаар нотлогдохгүй, тогтоогдохгүй байх тул шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, ... эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөгийн хохирол гаргуулахтай холбогдуулан уг баримтыг нотлох өөр баримт байгаа эсэхийг тодруулахад байхгүй гэж тайлбарлаж байх тул шүүх уг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Учир нь шүүх хуралдааныг хойшлуулсан ч нэхэмжлэгчээс өөр баримт өгөх боломжгүй гэж тайлбарлаж байх тул шинээр нотлох баримтыг шүүх гаргуулах боломжгүй тул хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Э-3 СӨХ-ны харьяа автогаражийн барилгын ариутгах татуургын гадна шугам, үзлэгийн худгийг дарж, шугам сүлжээг сэргээн засварлаж эсвэл засварлахад гарах зардал, өөрт учирсан хохирлоо нотлох, нотлох баримтын хамт нэхэмжлэлээ шүүхэд гаргах, шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлэхэд уг шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.г ХХК-иас гэм хорын хохиролд 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э-3 СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 282,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ж.СЭМЖИД