Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/02627

 

2020 09 30 183/ШШ2020/02627

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ............ тоотод оршин суух, Б овогт Э.С /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ............. тоотод оршин суух, О овогт Ю.Т /РД:00000000/-д холбогдох,

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцлах, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.С болоод түүний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Т нь иргэн Э.С миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн ........... тоот 79,6 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 238 800 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2018.11.27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэсэн ч Ю.Т нь нэг ч төгрөг төлөлгүй явсаар худалдан авагчийн гол үүрэг болох эд хөрөнгийн үнийг төлөлгүй 4 сар өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа 2018.11.27-ны өдрийн гэрээний дүнг 80 000 000 төгрөгөөр бууруулсан гэрээг дахин байгуулах тухайн саналыг Ю.Т нь гаргаж удаа дараа гуйсны эцэст би зөвшөөрсөн. Учир нь үнийн дүнг бууруулах өр зээл ихтэй байгаа түүнд ашигтай төдийгүй 1 600 000 төгрөгийн татварын хөнгөлөлтийг бий болгосон. Ингээд 2018.11.27-ны өдрийг үл хөдлөх эд хөрөнгө худалдан худалдан авах гэрээ хүчинтэй үлдсэн ба 2019.03.04-ний гэрээ бол дүр үзүүлсэн халхавчилсан хэлцэл ба 2019.03.11-ний өдөр 158 800 000 төгрөг шилжүүлээд одоог хүртэл үлдэгдлээ өгөхгүй байна. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцлах, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан ба байраа буцааж өөрийн нэр дээр аваад, 158 800 000 төгрөгийг түүнд буцаан өгөхөөр шийдвэрлэж өгнө үү. Шүүхэд анх 2 хэлцлээ хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан ч 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоож, 2019.03.04-ний гэрээ бол дүр үзүүлсэн халхавчилсан хэлцэлд тооцуулах ба оюуны өмчийн газарт нэр шилжүүлэх асуудлыг даалгуулах хүсэлтэй байна гэв.

 Харин хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гардан авсан байх ба шүүхээс хариу тайлбар ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоосон байдаг боловч шүүхэд огт хариу тайлбар ирүүлээгүй болно.

       Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор , бүрэн шинжлэн судлаад 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Э.С нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, орон сууцаа буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр худалдан авагч Э.С нь Хан-Уул дүүргийн ............ тоот 79,6 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 238 800 000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч Ю.Т нь урьдчилгаа 71 640 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дансаар шилжүүлж, үлдэх 167 160 000 төгрөгийг банкны зээлээр эцсийн байдлаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлөх, худалдагч Э.С нь уг орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

Гэрээний үндсэн шинж, хэлбэр, зохицуулж буй харилцаанаас дүгнэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж дээрх гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар Ю.Т нь уг өдөр 71 640 000 төгрөг дансаар шилжүүлсэн гэж бичигдсэн байх боловч уг мөнгийг дансаар шилжүүлээгүй, мөн үлдэгдэл 167 160 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дотор шилжүүлээгүй байна.

Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар олгосон тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг хуулийн энэ зохицуулалтад нийцсэн гэж үзлээ.

Нэхэмжлэгч ийнхүү гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасан гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх хууль зүйн үр дагавар үүсгэх боловч талуудад энэ гэрээний дагуу харилцан шилжүүлсэн эд зүйл, мөнгө, эрх байхгүй байна.

Улмаар талууд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дахин Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан байх ба Хан-Уул дүүргийн ........... тоот 79,6 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнийг 158 800 000 төгрөг байхаар тусгажээ.

Нэхэмжлэгч энэ гэрээг байгуулах болсон шалтгаанаа өмнөх гэрээний үүргээ биелүүлэхгүй 4 сар өнгөрсөн тул Ю.Т удаа дараа гуйсан, энэ нь түүнд ашигтай буюу 1 600 000 төгрөгийн татварын хөнгөлөлтийг бий болгосон гэж тайлбарласныг хариуцагч хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир шүүх үндэслэлтэй гэж үнэлнэ.

 

2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн ба утга агуулгаараа хууль зөрчсөн, эрх зүйн хэлбэрт ороогүй, талуудын эрх ашгийг хохироосны улмаас эрх зүйн үр дагаварт хүрч чадаагүй байна.

 

Тодруулбал талуудын хооронд өмнөх хэлцлийн үүргийг биелүүлэх зорилгоор дээрх худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байх ба орон сууцыг Э.С нь 158 880 000 төгрөгөөр худалдах хүсэл зориг байгаагүй, өмнөх гэрээний үүрэг 238 800 000 төгрөгийг олж авахын тулд байгуулсан байна.

 

Талууд хэрэв орон сууцыг 238 800 000 төгрөгөөр бус 158 880 000 төгрөгөөр худалдах, худалдан авах хүсэл зоригтой байсан бол өмнөх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзах ёстой байсан.

 

Аль нэг тал нь гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд нөгөө талдаа мэдэгддэг ба хэрэгт ийнхүү татгалзсан талаарх нотлох баримт авагдаагүй болно.

 

Иймээс гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгодог шинжтэй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна.

Уг гэрээний дагуу Ю.Таас 158 800 000 төгрөг Э.Сийн Төрийн банкин дахь 91033010582 дугаартай дансанд орж, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орж ирсэн байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 -д зааснаар талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй юм.

Иймд хэлцлээр харилцан шилжүүлсэн Хан-Уул дүүргийн ........... тоот 79,6 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Э.Сд буцаан шилжүүлж, орон сууцны төлбөрт шилжүүлэн авсан 158 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Ю.Тд мөн адил буцаан шилжүүлэх нь хуульд нийцнэ.

 

Нэгэнт хариуцагчид нэхэмжлэл гардуулсан баримтаас харахад шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүрэг хүлээлгэжээ.

Гэвч хариуцагч нь эрх, үүрэг тайлбарласан баримт дээр гарын үсгээ зурж, шүүхээс тайлбар ирүүлэх хугацааг мэдсэн атлаа тайлбар ирүүлээгүй, хуралдааны товыг мэдсэн атлаа хуралдаанд удаа дараа ирж оролцоогүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ цуцлагдсан болохыг тогтоож, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Хан-Уул дүүргийн .......... тоот 79,6 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Ю.Ты нэр дээрх бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, Э.Сийн өмчлөх эрхийг сэргээж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, орон сууцны үнэд шилжүүлсэн 158 800 000 төгрөгийг Э.Сэс гаргуулан Ю.Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 351 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Таас 1 351 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Сд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл нэхэмжлэгч заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш, хариуцагч шийдвэрийг хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                  О.ЧУЛУУНЧИМЭГ