Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/02625

 

2020 09 30 183/ШШ2020/02625

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .............. тоотод оршин суух Г овогтой О.Э /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................. давхарт байрлах Н ХХК /000000/-д холбогдох

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, Орон сууц захиалгын гэрээний үүрэгт 150.450.897 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Э нь Хан-Уул дүүргийн ............ тоот 169.7мкв 5 өрөө орон сууцыг худалдан авахаар Н ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Захиалгын гэрээгээр урьдчилгаа төлбөр 10 хувь буюу 78.290.000 төгрөгийг Н ХХК-д шилжүүлсэн. 2016 оны 4 дүгээр сард уг орон сууцанд амьдарч эхэлсэн. Үүний дараа 2018 оны 4 дүгээр сард .............. тоот орон сууцыг миний бие хүлээн авсан. Уг орон сууцыг хүлээн авсны дараа 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Н ХХК-тай харилцан тохиролцож Орон сууц захиалгыг гэрээг цуцалж дуусгавар болгосон. Орон сууц захиалгыг гэрээг цуцалж дуусгавар болгосон үндэслэл нь 000 тоот орон сууцанд хүүхдийн өрөөний радиатор халдаггүй, ариун цэврийн өрөө шалны халаалтгүй, гал тогооны хэсгийн бохирын сипон дээр суусан, холболт хийгдэхэд хүндрэлтэй, цонх сийгэгчтэй зэрэг эд хөрөнгийн доголдол байсан тул хариуцагч талтай харилцан тохирч 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Харилцан тохиролцсон хэлцлийн протокол үйлдэж, уг орон сууц захиалгын гэрээг цуцалж дуусгавар болгосон. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколоор хариуцагч Н ХХК нь урьдчилгаа 78.290.000 төгрөгөөс 25.000.000 төгрөгийг надад өгсөн. Үлдэх 54.000.000 төгрөгийг хариуцагч нь орон сууцыг түрээсэлж суусанд тооцож түрээсийн төлбөрт суутган авсан. Тухайн үед мөнгөний хэрэгтэй байсан тул 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн орон сууц захиалгыг гэрээг цуцалж дуусгавар болгож, Харилцан тохиролцсон хэлцлийн протоколд гарыг үсэг зурж 25.000.000 төгрөгийг буцаан авсан. Хариуцагчтай орон сууц захиалгын гэрээ байгуулж, тухайн орон сууц захиалгын гэрээг цуцалж дуусгавар болгосон. Түүнээс тухайн орон сууцыг түрээсэлж суусан зүйл байхгүй, ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй. Иймд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид О.Этай харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн ..............., нийт 169.7 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг худалдахаар 2016 оны 3 дугаар сард Орон сууц захиалгын RG442308201 дугаар гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр нэхэмжлэгч О.Э нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөх үүргийг Н ХХК-ийн өмнө хүлээсэн бөгөөд орон сууцны төлбөрөөс урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 78.290.000 /далан найман сая хоёр зуун ерэн мянган/ төгрөгийг 2016 оны 3 дугаар сард, харин үлдэх төлбөр болох гэрээний үнийн дүнгийн 90 хувь буюу 704.610.000 /долоон зуун дөрвөн сая зургаан зуун арван мянган/ төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч О.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд энэхүү орон сууцны төлбөрөөс урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэх төлбөрийг төлнө гэсээр бүтэн 2 жил орон сууцандаа амьдарсан болно. Ийнхүү бид нэхэмжлэгч О.Этай байгуулсан Орон сууц захиалгын гэрээг цуцлахдаа түүнтэй харилцан тохиролцож, гэрээг цуцлах хүртэлх хугацааны алданги 156.5 сая төгрөг /орон сууц захиалгын гэрээний 6.4-т/ болон тухайн орон сууцанд 2 жил амьдарсан засварын зардал зэргийг тооцохгүйгээр 2018 оны 9 дүгээр сард байгуулсан гэрээг дүгнэж, улмаар тухайн орон сууцанд бүтэн 2 жил үнэ төлбөргүйгээр амьдарсны зардлыг түрээс тооцох хэлбэрээр харилцан тохиролцож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид О.Этай харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол Улсын гудамжинд байрлах ............ дугаар байр, нийт 169.7мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг худалдахаар 2016 оны 3 дугаар сард Орон сууц захиалгын RG442308201 дугаар гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын гэрээгээр нэхэмжлэгч О.Э нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөх үүргийг Н ХХК-ийн өмнө хүлээсэн бөгөөд орон сууцны төлбөрөөс урьдчилгаа төлбөрт, гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 78.290.000 далан найман сая хоёр зуун ерэн мянган/ төгрөгийг 2016 оны 3 дугаар сард, харин үлдэх төлбөрт гэрээний үнийн дүнгийн 90 хувь буюу 704.610.000 /долоон зуун дөрвөн сая зургаан зуун арван мянган/ төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч О.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд энэхүү орон сууцны төлбөрөөс урьдчилгаа төлбөрөөс урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэх төлбөрийг төлнө гэсээр бүтэн 2 жил орон сууцандаа амьдарсан болно. Иймд талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээг цуцлах хүртэлх хугацаа /2016.07.01-2018.09.28/-ны алданги 140.922.000 /нэг зуун дөчин сая есөн зуун хорин хоёр мянган төгрөг/ орон сууц захиалгын гэрээний 6.4-т болон тухайн орон сууцанд 2 жил амьдарсан засварын зардал 9.528.897 /есөн сая таван зуун хорин найман мянга найман зуун ерэн долоон/ төгрөг, нийт 150.450.897 /нэг зуун тавин сая дөрвөн зуун тавин мянга найман зуун ерэн долоон/ төгрөгийг нэхэмжлэгч О.Эаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, засвар хийсэн баримтыг нь харахаар нэхэмжлэгчийг амьдарч байх үед хийгдсэн байна. Ийм засвар хийгдэж байгаагүй тул үндэслэлгүй, бас гэрээ нэгэнт цуцлагдчихсан байхад гэрээний үүрэг алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

          ҮНДЭСЛЭХ нь:

О.Э нь Н ХХК-д холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай, мөн Н ХХК нь 150 450 897 төгрөгийг О.Эаас гаргуулахаар сөрөг шаардлага гаргасныг дараах хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

О.Э нь Н ХХК-д холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж, түүнийхээ үндэслэлийг хариуцагчтай орон сууц захиалгыг гэрээ байгуулж, тухайн орон сууц захиалгын гэрээг цуцалж дуусгавар болгосон, түүнээс тухайн орон сууцыг түрээсэлж суусан зүйл байхгүй, ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй, мөнгөний хэрэгцээ байсан тул энэ протоколд гарын үсэг дүр үзүүлж зурсан гэж тайлбарлан дэмждэг.

Хариуцагчийн тухайд ...нэхэмжлэгч О.Этай байгуулсан Орон сууц захиалгын гэрээг цуцлахдаа түүнтэй харилцан тохиролцож, гэрээг цуцлах хүртэлх хугацааны алданги 156.5 сая төгрөг болон тухайн орон сууцанд 2 жил амьдарсан засварын зардал зэргийг тооцохгүйгээр 2018 оны 9 дүгээр сард байгуулсан гэрээг дүгнэж, улмаар тухайн орон сууцанд бүтэн 2 жил үнэ төлбөргүйгээр амьдарсны зардлыг түрээс тооцох хэлбэрээр харилцан тохиролцож шийдвэрлэсэн гэсэн агуулгаар мэтгэлцэж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцдог.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч О.Э нь Н ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр RG442308201 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээнд зааснаар гүйцэтгэгч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ривер гарден хотхоны 308 дугаар байрны 201 тоот 169.7 кв метр квадрат талбай бүхий орон сууцыг 2016 оны 02 дугаар улиралд багтаан барьж дуусгахаар, захиалагч тал ажлын хөлсөнд 782 900 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Талууд гэрээгээ орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч уг гэрээ худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан буюу нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо байна.

Иймд зохигчид худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан энэхүү гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ буюу орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ 2014 оны 6 дугаар сард гүйцэтгэсэн, нэхэмжлэгч орон сууцны үнэд урьдчилгаа 78 290 000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь тус орон сууцанд 2018 оны 4 дүгээр сарыг хүртэл амьдарч байгаад талууд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг цуцалсан байх бөгөөд тийнхүү цуцлахдаа Харилцан тохиролцсон хэлцлийн протокол гэх нэртэй бичиг баримтыг үйлдсэн байна.

Энэхүү протоколын агуулга нь талууд тухайн орон сууцны хүүхдийн өрөөний радиатор халдаггүй, ариун цэврийн өрөө шалны халаалтгүй, гал тогооны хэсгийн бохирын сипон дээр суусан, холболт хийгдэхэд хүндрэлтэй, цонх сийгэгчтэй, түүнчлэн захиалагч талын хувьд цаашид төлбөр төлөх боломжгүй болсон гэх шалтгаануудаар гэрээг цуцалжээ.

Ийнхүү гэрээг цуцалж дуусгавар болгож байгаатай холбогдуулан 2016 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл 24 сар амьдарсан тул түүнийг түрээсэлсэн хугацаанд тооцон /сарын 2 250 000 төгрөг/ 54 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн, халаалт муу байснаас цахилгааны хэрэглээ өндөр гарсан 710 000 төгрөгийг гүйцэтгэгч тал хариуцахаар тохиролцжээ.

Тодруулбал захиалагчийн үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 78 290 000 төгрөгөөс түрээсэлж, суусанд тооцсон 53 290 000 төгрөгийг хасаад 25 000 000 төгрөгийг буцаан шилжүүлэх замаар талууд санал гомдолгүйгээр гэрээний харилцаагаа дуусгахаар харилцан бичиг үйлдсэн байна.

Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэдэг бөгөөд гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болгох хүсэл зориг агуулагддаг. Энэ утгаараа гэрээг цуцлах тохиолдолд Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалт үйлчлэх буюу аль нэг тал нь гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар талууд энэ журмыг баримталж 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Харилцан тохиролцсон хэлцлийн протокол гэх нэртэй бичиг баримтыг үйлдсэн байна.

Энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэх заалттай нийцэж байна. Түүнчлэн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх боломжгүй буюу дүр үзүүлсэн гэх шинж тогтоогдохгүй байна.

Дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй байдаг бол 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Харилцан тохиролцсон хэлцлийн протокол гэх нэртэй бичиг баримтын агуулгаас дүгнэхэд талууд үр дагавар, үүрэг хариуцлагаа нэг бүрчлэн тохирч, хүсэл зоригоо илэрхийлжээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

О.Э нь Н ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр RG442308201 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан байх бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг цуцалсан байна. Энэхүү цуцалсан үйл баримт дээр талууд маргадаггүй болно.

Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно. Иймээс 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр RG442308201 тоот Орон сууц захиалгын гэрээний 6.4-т заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх алданги 140.922.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Харин тухайн орон сууцанд 2 жил амьдарсан засварын зардал 9.528.897 төгрөг нэхэмжилж, түүнийгээ дэмжих зорилгоор гаргаж өгсөн заслын ажлын гүйцэтгэл гэх баримтууд нь 2018 оны 02 дугаар сарын 12 болоод 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөр тус тус огноологдсон байна.

Өөрөөр хэлбэл талууд гэрээг дуусгавар болгосон цаг хугацаа болох 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө хийгдсэн засварын ажлуудыг Харилцан тохиролцсон хэлцлийн протокол-доо оруулж дүгнээгүй байх тул О.Эаас шаардах эрхгүй байна.

Дээрхийг нэгтгээд үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, талуудын урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн О.Эын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Харилцан тохиролцсон хэлцлийн протоколын 54.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр үүссэн болно гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, Н ХХК-ийн орон сууц захиалгын гэрээний үүрэгт 150.450.897 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 427 950 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 910 205 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                        О.ЧУЛУУНЧИМЭГ