Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 102/2022/00502/И |
Дугаар | 001/ХТ2022/01048 |
Огноо | 2022-11-04 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2022/01048
Б.Алтанзул, Б.Тэмүүлэн нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01781 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2022/01369 дүгээр магадлалтай,
Б.Алтанзул, Б.Тэмүүлэн нарын нэхэмжлэлтэй
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Ү.Уламбаяр нарт холбогдох
Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Баяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Алтанзул, Б.Тэмүүлэн нараас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ш.Янжмаагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/2 дугаар байрны 704 тоот хаягт байрлах 37.83 м.кв талбайтай, нэг өрөө бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү.Уламбаярт холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01781 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасныг баримтлан Ш.Янжмаагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/2 дугаар байрны 704 тоот хаягт байрлах 37.83 м.кв талбайтай, нэг өрөө бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Б.Алтанзул, Б.Тэмүүлэн нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ү.Уламбаяраас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2022/01369 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01781 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.31-ний өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 181/ШШ2017/00358 дугаар захирамжид дурдсан төлбөр бүрэн төлөгдөөгүй, Ү.Уламбаярын барьцаанд тавьсан Ш.Янжмаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/2 байр, 704 тоот хаягт байршилтай орон сууцыг 2020.05.15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгох тухай нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 9 төрлийн эд хөрөнгөөс нэгийг нь чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Үүнийг төлбөр авагч Хас банк нь хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгөөс Ш.Янжмаагийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлээ өгсөн байдаг. Иргэн Ш.Янжмаа нь төлбөр авагч Хас банк ХХК-тай харилцан тохиролцож 58,000,000 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлж, банк бүрэн хүлээн зөвшөөрч барьцаа хөрөнгийг чөлөөлөх бичиг өгсөн. Уг мөнгийг төлөхөд төлбөр төлөгч нь Ү.Уламбаяр тул Ү.Уламбаяраар дамжуулж дээрх мөнгийг төлбөр авагч Хас банканд шилжүүлж барьцаа хөрөнгийг чөлөөлсөн тухай бичиг баримтыг НШШГГазарт өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийн хүсэл зоригийн асуудал нэн түрүүнд яригддаг. Төлбөр төлөгч нь авах төлбөрөө авахгүй байх, бууруулах байдлаар төлбөр төлөгчтэй эвлэрэх эрхтэй байдаг.
Дээрх тохиолдолд 48,000,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулагдсан мөнгийг авахгүйгээр, иргэн Ш.Янжмаагаас 58,000,000 төгрөгийг аваад үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн 9 төрлийн хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгөнөөс ганц орон сууцыг нь барьцаанаас чөлөөлөх нь төлбөр авагч Хас банканд ашигтай нь тодорхой юм. Гэтэл НШШГГазар нь Хас банканд заавал 48,000,000 төгрөгийг олгох гээд байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг дордуулж байгаа үйлдэл юм. Учир нь ингэсэн тохиолдолд Ш.Янжмаа болон түүний өв залгамжлагч нар нь Хас банкнаас 58,000,000 төгрөгөө эргүүлэн нэхэмжлэх асуудал үүсэх нь тодорхой ба энэ нь Хас банкны хүсэл зориг биш юм. Нэгэнт төлбөр авагч Хас банктай харилцан тохиролцож нэхэмжилсэн төлбөрийг төлж барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж авсан байтал НШШГГазар дээрх орон сууцыг чөлөөл гэх мэдэгдэх хуудас 2021.10.29-нд явуулсан нь дуудлага худалдааны ялагчийн эрх ашгийг хамгаалаад байгаа үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна. Үүний улмаас иргэн Ш.Янжмаа нь сэтгэл санаагаар унаж, ямар ч дархлаагүй болж үүний улмаас ковидын халдвар авч мөн хүндрэлээр 2021.11.23-нд нас барсан.
4.2. Ү.Уламбаярт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барьцаа хөрөнгө нь Ш.Янжмаагийн өмчлөлийн Ү- 2205024324 улсын бүртгэлийн дугаартай БГД-н 8-р хороо, 4-р хороолол, Чингүнжавын гудамж 25/2 байрны 704 тоот орон сууцнаас гадна 8 нэр төрлийн машин механизм байдаг ба дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангах бүрэн боломжтой. Учир нь битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдээс заавал үл хөдлөх хөрөнгийг сонгож үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.
4.3. Анхан шатны шүүх нь шийдвэртээ нэхэмжлэгч нар нь талийгч Ш.Янжмаагийн хөрөнгийг өвлөж аваагүй байх бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн талаар шаардах эрхтэй эсэх нь тодорхой бус байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв гэснийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэснээс өөр тодорхой үндэслэл магадлалдаа заагаагүй.
Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан үед маргаантай байгаа шаардлага буюу үүрэг эрх залгамжлагчид шилжих ёстой байвал түдгэлзүүлнэ гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг түдгэлзүүлж, өвлөх эрхтэй эсэхийг нь тодруулах боломжтой байсан атал нэхэмжлэгч нарыг Ш.Янжмаагийн хөрөнгийг өвлөж аваагүй байх бөгөөд энэхүү үл хөдлөх хөрөнгийн талаар шаардах эрхтэй эсэх нь тодорхой бус гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын өвлөх эрх, өмчлөх эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж, эсхүл шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргалын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.10.10-ны өдрийн 001/ШХТ2022/01052 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч Б.Алтанзул, Б.Тэмүүлэн нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ...бидний ээж Янжмаа нь Ү.Уламбаярын гуйлтаар өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8-р хороо, Хөгжил хотхон, 25-2-1-704 тоот байрыг Хас банкнаас авсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, Ү.Уламбаяр зээлээ төлөөгүй тул шүүхийн шийдвэр гарч, НШШГГ-аас шийдвэр гүйцэтгэлийн журмаар орон сууцыг битүүмжилж үнэлгээ хийлгэсэн, ...үнэлгээг болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх хэрэгсэхгүй болгосон. Янжмаа нь Хас банктай харилцан тохиролцсны улмаас зээлийн гэрээний үүрэгт 58,000,000 төгрөгийг шилжүүлж, байрыг чөлөөлүүлэхээр болсон. ...Хас банк барьцааны хөрөнгийг чөлөөлж өгсөн байтал НШШГГазар дээрх орон сууцыг чөлөөл гэх мэдэгдэх хуудас явуулж, үүний улмаас ээж минь сэтгэл санаагаар унаж, ямар ч дархлаагүй болж улмаар ковидын халдвар авч нас барсан. Иймд НШШГГазарт ажиллагаанд байгаа Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил хотхон 25-2-1-1-704 тоот байрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү... гэж тайлбарласан,
Хариуцагч Ү.Уламбаяр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч,
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар: ...Хан-Уул дүүргийн Ирганий хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.31-ний өдрийн 181/ШШ2017/00358 дугаартай захирамжаар Мижид ХХК, Ү.Уламбаяр нараас 141,872,337 төгрөгийг гаргуулан Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болон Ш.Янжмаагийн өмчлөлийн маргаж буй орон сууцыг битүүмжлэн, хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулахад 2020.05.15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 48,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон, мөн төлбөр төлөгч нарт 2020.05.29-ний өдрийн дотор төлбөрөө бүрэн төлөөгүй тохиолдолд өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхийг мэдэгдсэн, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо: ...төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө 2020.05.15-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон, дуудлага худалдааг хүчингүйд тооцсон аливаа шийдвэргүй байна, ...дуудлага худалдаа явагдснаас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрсний дараа төлбөр авагчийн хүсэлтээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй гэж, мөн нэхэмжлэгч нар нь нас барагч Ш.Янжмаагийн өвийг хүлээн авсан эсэх, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон талаар баримт авагдаагүй тул нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна... гэжээ.
9. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлсэнгүй, ...төлбөр авагчийн хүсэл зоригийг анхаарсангүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... тул шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/
10. Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
11. Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно, 178.3-т өмчлөх эрх шилжснээр үүрэг гүйцэтгүүлэгчийн албадан гүйцэтгүүлж байгаа ипотекоос хойш бүртгүүлсэн бусад ипотек болон тухайн хөрөнгийн хувьд хязгаарлагдсан эд хөрөнгийн бүх эрх дуусгавар болно гэж заасан.
Хариуцагчаас ...маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон, ...дуудлага худалдааны ялагч нь 2020 оноос хойш жил гаруйн хугацаанд байраа авсангүй гээд яваад байгаа... гэж тайлбарлах боловч тэрээр шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, орон сууцны өмчлөх эрх өнөөдрийг хүртэл дуудлага худалдааны ялагчид шилжсэн үйл баримт тогтоогдоогүй, дуудлага худалдаанаас олсон орлого үүрэг гүйцэтгүүлэгчийн төлбөрт төлөгдөөгүй байна.
12. Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болохоор Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д тус тус зохицуулжээ.
Барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол Чингүнжавын гудамж 25/2 дугаар байрны 704 тоот 37.83 м.кв нэг өрөө орн сууц нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, 2020.05.15-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 48,000,000 төгрөгөөр худалдан борлогдсонд өмчлөгч Ш.Янжмаа албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2020.05.29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, шүүх хэргийг хянаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн 2021.09.09-ний өдрийн 001/ХТ2021/00982 дугаар тогтоол гарснаар хүчин төгөлдөр болсон байна.
Өмчлөгч Ш.Янжмаа албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа 2021.11.02-ны өдөр Хас банкинд хандаж, орон сууцны төлбөр 58,000,000 төгрөгийг өөрийн эх үүсвэрээс төлж, орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасныг Хас банк 2021.11.15-ны өдөр зөвшөөрсөн үндэслэлээр Ш.Янжмаа 2021.11.18-ны өдөр 58,000,000 төгрөгийг банкинд төлснөөр Хас банк 2021.11.23-ны өдрийн №9/568 тоотоор Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай хүсэлтийг хүргүүлсэн, Ш.Янжмаа 2021.11.23-ны өдөр нас барсан үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байна. /хх-8-10/
13. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон үндэслэлээр барьцааны зүйлийг барьцаалагчид буцаан өгөхөөр харилцан тохиролцож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөх хүсэлтийг Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт хүргүүлснээр маргаж буй орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрх дуусгавар болсон гэж үзнэ.
14. Хоёр шатны шүүх ...төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон, дуудлага худалдааг хүчингүй болгосон бол аливаа шийдвэр гараагүй, хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдснаас хойш нэг жил гаруй хугацааны дараа төлбөр авагчийн хүсэлтээр дуудлага худалдааг хүчингүй болгох, барьцааны хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй... гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үйл баримтыг бүрэн дүгнээгүй, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үндэслэл бүхий үнэлээгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасан дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй, улмаар дуудлага худалдааны ялагч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч болоогүй үйл баримтын талаар маргаагүй байх тул өмчлөгч Ш.Янжмаагийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх хэвээр байна, иймд төлбөр авагчаас тухайн барьцааны үүрэгтэй холбоотой төлбөр төлөгдсөн үндэслэлээр хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, өмчлөгчийн барьцааны үүргийг дуусгавар болгосон шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр Мижид ХХК, Ү.Уламбаяр нарын зээлийн гэрээний үүрэгт Хас банкинд барьцаалагдсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хөгжил хотхоны 25/2 байрны 704 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй.
15. Нэхэмжлэгч Б.Алтанзул, С.Тэмүүлэн нар нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ш.Янжмаагийн төрсөн хүүхдүүд, улмаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар тэдгээр нь хууль ёсны өвлөгч, уг өвийг хүлээн авсан этгээд тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
16. Нэхэмжлэгч нараас зөвхөн тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр хангагдах барьцааны үүрэг дуусгавар болсон үндэслэлээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шаардлага гаргасныг шүүх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Дээр дурдснаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Мижид ХХК, Ү.Уламбаяр нарын зээлийн төлбөрт Хас банкинд барьцаалагдсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол Хөгжил хотхоны 25/2 байрны 704 тоот орон сууцны барьцааны эрх дуусгавар болсон үндэслэлээр Хас банкны барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Ү.Уламбаярыг шийдвэр, магадлалын удиртгал хэсэгт бичээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2022/01369 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01781 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т зааснаар Мижид ХХК, Ү.Уламбаяр нарын зээлийн гэрээний үүрэгт Хас банкинд барьцаалагдсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хөгжил хотхоны 25/2 байрны 704 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсүгэй. гэж, 3 дахь заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргалын гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Алтанзулаас 2022.08.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД