Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Л.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч А.Оюунгэрэл,

Хохирогч Л.Энхбат,

Гэрч Ш.Нэргүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0165/,

Шүүгдэгч Д.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Долгорын Гантөмөрт холбогдох эрүүгийн 201626031617 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1960 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, зээгийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 26 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ШД60030112 / Барга овогт Долгорын Гантөмөр нь:

- 2016 оны 11 дүгээр сарын 26-ний шөнө 20-21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Жаргалантын 11 дүгээр гудамжны 275 тоотод оршин суух Ш.Нэргүйгийн гэрт согтуугаар, “архины мөнгө нэхпээ” гэх шалтгаанаар Л.Энхбатын хэвлий хэсэг рүү өшиглөж, түүний биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цооролт, өтгөний үрэвсэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.Энхбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Яармагийн хуучин эцсээс дээд 52-ын захын орчим явж байгаад 4 дүгээр цахилгаан станцад хамт ажилладаг байсан Д.Гантөмөр ахтай тааралдсан. Д.Гантөмөр ах бага зэргийн согтолттой байсан. Тэгээд бид хоёр мөнгө нийлүүлээд “Монгол стандарт” нэртэй архи авч уусан. Тэгээд Д.Гантөмөр ахад “намайг Нэргүйгийн гэрт хүргээд өгөөрэй” гэж хэлсэн. Нэргүйгийн гэрт хүргүүлэхэд нилээн бүрий болчихсон байсан. Нэргүй нүүрсээ ялгаад зогсож байсан. Халуун газар орж ирээд жаахан ухаан балартаад согтоод тасрах гээд байж байсан чинь Д.Гантөмөр ах миний гэдэс рүү хөлөөрөө хүчтэй тийрэх шиг болсон. Тэгээд би унахдаа тавиур дээр хойшоо дараад уначихсан. Би тасарсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. Д.Гантөмөр ахтай зүгээр танилын холбоотой. Би Д.Гантөмөр ахын хэлсэн шиг архи нэхсэн байж магадгүй...” гэжээ./ хх 27-30/,

Гэрч Ш.Нэргүй мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Д.Гантөмөр манай найз Л.Энхбатыг хүргэж ирсэн. Тэр хүн сугадчихсан манай гэрт орж ирсэн. Тэгээд тэр хоёр манай гэрийн том өрөөнд байх ширээний захад суучихсан юм яриад байж байсан. Тэгээд би нүүрсээ авах гээд гэрээсээ гараад 5 минут болоод буцаад гэр рүүгээ орох гээд эргэтэл Л.Энхбатыг гэрт хүргэж ирсэн Д.Гантөмөр “хөөе” гэхийн завдалгүй миний хажуугаар гараад яваад өгчихсөн. Тэгээд гэртээ ороод ирсэн чинь Л.Энхбат том өрөө жижиг өрөө хоёрын хаалганы зааг дээр баруун талаараа доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд босгох гээд өргөсөн чинь дийлээгүй. Тэгэхээр нь хашаанд байдаг хүү Ц.Батбилэгийг дуудаад хамт босгосон чинь Л.Энхбат “бие засмаар байна” гэсэн. Тэгээд бие засуулаад орон дээр хэвтүүлсэн чинь 2 удаа жаахан шингэн зүйлээр бөөлжсөн. Тэгээд ёолоод орилоод байхаар нь түргэн тусламж дуудсан. Түргэний эмч ирээд гэмтэл яв гэсэн. Тэнд очиж үзүүлсэн эход харуул цээжний зураг авахуул гэсэн. Тэгээд гэртээ ирээд байж байтал ёолоод болохгүй байхаар нь дахин түргэн дуудсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эход харуулсан чинь хэвлий хэсэгтээ шингэнтэй байна гэсэн. “...гэртээ ороход шар өнгийн тавиур голоороо хугарчихсан байхаар нь тавиур дээр унасан юм байх гэж бодсон...” гэжээ. / хх 39 /,

Гэрч Ц.Батбилэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Ээж Ш.Нэргүйг дуудаад манай ээжтэй хамтран амьдардаг Л.Энхбатыг бие засах гээд байна гэхээр нь ээжийн гэр рүү орсон чинь Л.Энхбат ах шалан дээр хэвтчихсэн ямар нэг дуу чимээгүй доошоо хараад хэвтэж байсан. Босгох гэсэн босохгүй байхаар нь арай гэж босгоод шээлгэх гэсэн шээхгүй байхаар нь оруулаад хэвтүүлсэн...” гэжээ. /хх 42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16201 тоот дүгнэлтэнд.

1. Л.Энхбатын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, өтгөнөөр бохирлогдсон хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, 1 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэжээ./ хх 48 /,

Шинжээч эмч Т.Сэлэнгэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Л.Энхбатын биед учирсан гэмтэл ямар нэгэн хавтгай гадаргуутай зүйл дээр унахад үүсэх боломжгүй ер нь баталгаа муутай дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна...” гэжээ. / хх 69 /,

Шүүгдэгч Д.Гантөмөрийг 2016.12.10-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 76-80/,   2017.02.02-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 82-85/,

Шүүгдэгч Д.Гантөмөрийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 104 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гантөмөр мэдүүлэхдээ: “... 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн үед Л.Энхбаттай тааралдахад “Эрүүлжүүлэхээс гараад ирлээ. Архи ууя, орой ажилтай” гэсэн. Тэгэхээр нь би “орой ажилтай юм бол архи ууж яах гээд байгаа юм” гэхэд “ ажлаасаа чөлөө авна” гэсэн. Би тухайн үед дэлгүүр орж талх авахаар явж байсан ба эрүүл байсан. Ингээд Л.Энхбат дэлгүүрээс “Монгол Стандарт” гэдэг нэртэй 0.5гр архи авч, бид хоёр гудамжинд хамт уусан. Ингээд Л.Энхбат дахин дэлгүүрээс нэг шил архи авч бид хоёр тэдний гэр рүү нь хамт явсан. Би өмнө нь Л.Энхбатыг согтуу явж байхад нь гэрт нь хүргэж өгч байсан болохоор намайг дайлж байна гэж ойлгосон. Ингээд Л.Энхбат “ Би архи авсан. Одоо чи архи ав” гэхээр нь би “Тэтгэвэр буугаагүй байна. Тэтгэвэрээ буухаар дайлъя” гэж хэлсэн. Тэгтэл миний толгой руу нүдээд байхаар нь би мөр рүү нь нэг цохиод гэдэс рүү нь өшиглөсөн юм. Тухайн үед Ш.Нэргүй нүүрс авахаар гэрээсээ гараад явчихсан байсан. Л.Энхбат бид хоёр өмнө нь хамт ажиллаж байсан юм. Бидний хооронд бие биедээ хар буруу санасан болон өгөө аваа, өс хонзон байхгүй. Би 3 хоногийн дараа Л.Энхбатыг эмнэлэгт очиж эргэсэн. Л.Энхбатын хохиролд 2.500.000 төгрөг өгсөн. Одоо бидний хооронд гомдол санал байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад тэнсэнгийн ял оногдуулж өгөөч гэж гуйя. Би даралт ихтэй болохоор хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Энхбат мэдүүлэхдээ: “...Д.Гантөмөрт надад гомдол санал байхгүй. Бидний хооронд өс хонзон байгаагүй. Тэр өдөр архи уусан нь үнэн. Тэр архинаас л боллоо. Д.Гантөмөр намайг санаатайгаар цохиогүй санамсаргүйгээр цохисон. Би тэр өдөр ажлаасаа чөлөө авчихсан явж байсан юм. Тэгээд Д.Гантөмөртэй таарч “хоёулаа архи ууя” гэсэн. Би Д.Гантөмөрөөс архины мөнгө нэхээгүй, түүний толгой руу цохиогүй. Д.Гантөмөр намайг өшиглөөд би хойшоо унахдаа тохойгоороо жижиг тавиур дээр дараад унасан. Д.Гантөмөрөөс эмчилгээний зардлаа авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Нэргүй мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед манай гэрт энэ хоёр ирсэн. Хоёулаа согтуу орж ирсэн. Гэхдээ Д.Гантөмөр арай гайгүй, Л.Энхбат нилээн согтуу байсан. Би нүүрс оруулахаар гарахад  Д.Гантөмөр, Л.Энхбат хоёр ширээний наана цаана суучихсан байсан. Би гэр рүүгээ орох гэтэл Д.Гантөмөр шууд гараад явчихсан. Гэрт ортол  Л.Энхбат газар уначихсан байсан. Миний гар хугархай болохоор хүүхдээ дуудаж Л.Энхбатыг босгосон. Тэгтэл Л.Энхбат “бие засмаар” байна гээд манай хүү өргөөд гаргасан. Гэтэл эргэж орж ирээд “ Л.Энхбат ах бие засаж чадахгүй байна” гэж хэлсэн. Ингээд түргэн дуудаж гэмтэлд очиж үзүүлэхэд рентген зураг аваад, эход харуул гээд эм бичиж өгөөд явуулсан. Гэрт ирээд өглөө 8 цагаас эхлээд бие нь өвдөөд 9 цагт дахин түргэн дуудсан. Би Л.Энхбатыг тавиуранд дээр уначихсан юм байна л гэж ойлгож байсан. Одоо Л.Энхбатын биеийн байдал гайгүй болсон гэв.

Шүүгдэгч Д.Гантөмөр нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ний шөнө 20-21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Жаргалантын 11 дүгээр гудамжны 275 тоотод оршин суух Ш.Нэргүйгийн гэрт согтуугаар, “архины мөнгө нэхпээ” гэх шалтгаанаар Л.Энхбатын хэвлий хэсэг рүү өшиглөж, түүний биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цооролт, өтгөний үрэвсэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

 - “...Д.Гантөмөр ах бид хоёр мөнгө нийлүүлээд “Монгол стандарт” нэртэй архи авч уусан. Тэгээд Ш.Нэргүйгийн гэрт хүргүүлэхэд нилээн бүрий болчихсон байсан. Халуун газар орж ирээд жаахан ухаан балартаад согтоод тасрах гээд байж байсан чинь Д.Гантөмөр ах миний гэдэс рүү хөлөөрөө хүчтэй тийрэх шиг болсон, Тэгээд би унахдаа тавиур дээр хойшоо дараад уначихсан. Би Д.Гантөмөр ахын хэлсэн шиг архи нэхсэн байж магадгүй...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Л.Энхбатын мэдүүлэг / хх 27-30/,

- “...2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Д.Гантөмөр манай найз Л.Энхбатыг хүргэж ирсэн. Тэгээд тэр хоёр манай гэрийн том өрөөнд байх ширээний захад суучихсан юм яриад байж байсан. ...Л.Энхбат том өрөө жижиг өрөө хоёрын хаалганы зааг дээр баруун талаараа доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд босгох гээд өргөсөн чинь дийлээгүй. Хүү Батбилэгийг дуудаад хамт босгосон чинь Л.Энхбат бие засмаар байна гэсэн. Тэгээд бие засуулаад орон дээр хэвтүүлсэн чинь 2 удаа жаахан шингэн зүйлээр бөөлжсөн. Тэгээд ёолоод орилоод байхаар нь түргэн тусламж дуудсан түргэний эмч ирээд гэмтэл яв гэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эход харуулсан чинь хэвлий хэсэгтээ шингэнтэй байна гэсэн. “...гэртээ ороход шар өнгийн тавиур голоороо хугарчихсан байхаар нь тавиур дээр унасан юм байх гэж бодсон...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ш.Нэргүйн мэдүүлэг / хх 39 /,

- “...Ээжийн гэр рүү орсон чинь Л.Энхбат ах шалан дээр хэвтчихсэн ямар нэг дуу чимээгүй доошоо хараад хэвтэж байсан. Босгох гэсэн босохгүй байхаар нь арай гэж босгоод шээлгэх гэсэн шээхгүй байхаар нь оруулаад хэвтүүлсэн...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ц.Батбилэгийн мэдүүлэг / хх 42/,

- “...Л.Энхбатын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол, өтгөнөөр бохирлогдсон хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл бүхий хүнд гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16201 тоот шинжээчийн дүгнэлт...” / хх 48 /,

- “...Л.Энхбатын биед учирсан гэмтэл ямар нэгэн хавтгай гадаргуутай зүйл дээр унахад үүсэх боломжгүй ер нь баталгаа муутай дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шинжээч эмч Т.Сэлэнгийн мэдүүлэг / хх 69 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Гантөмөрийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэргийн улмаас хохирогч Л.Энхбат нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаар 5.455.394 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан нотлох баримтын хуульд заасан шаардлага хангасан зардлын баримтуудыг үндэслэн тооцож үзэхэд 1.573.804 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байх ба шүүгдэгч Д.Гантөмөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх 152/, хохирогч Л.Энхбат нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантөмөрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэхгүй гэсэн зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Гантөмөр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Долгорын Гантөмөрийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Долгорын Гантөмөрийг 3 /гурван/ жил 4 / дөрвөн / сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантөмөрт оногдуулсан 3 /гурван/ жил 4 / дөрвөн / сар, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Д.Гантөмөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Д.Гантөмөрт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Гантөмөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЛЗОД

                 ШҮҮГЧИД                                             Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                                Б.БАТБОЛОР