Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 609

 

                                                                                   

Н.М, У.Снарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Оюунжаргал,  

шүүгдэгч Н.М,

шүүгдэгч У.С, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Сын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.М, У.Снарт холбогдох эрүүгийн 190000001364 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

шийтгүүлсэн,

 

Шүүгдэгч Н.М нь А.Тэмүүжин, Э.Мөнхбаатар нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 нэрийн бараа худалдааны төвийн 2 давхарт байрлах “Smile” дэлгүүрийн 204 дүгээр лангуун дотроос Самсунг жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Л.Мөнхцэцэгт 726,700 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч У.С нь Э.Мөнхбаатар, Э.Билгүүтэй нартай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 6-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн харьяа СU /Си Юү/ нэртэй дэлгүүрээс Мобиком, Скайтел, Юнителийн гар утасны нэгжийн картуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-д 889,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас:

Н.М, У.Снарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч нарыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ст 6 /зургаан/ сар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Ст Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 90 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Сын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Н.Мын 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх
хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Саас 211.666 төгрөг гаргуулж, хохирогч
“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК /хууль ёсны төлөөлөгч Ц.Батцэрэн/-д олгож, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-д 254.000 төгрөгийн үнэ бүхий нэгжийн картуудыг хүлээлгэн өгсөн, шүүгдэгч Н.М нь хохирогч Л.Мөнхцэцэгт 242.500 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ст өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэсэн байна. 

 

Шүүгдэгч У.С нь давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие У.С нь энэ хэрэгт шалгагдаж байх явцдаа дахин хэрэг үйлдэж, өөр дүүрэгт шалгагдаж байгаагаа нэгтгүүлж шийдүүлэх хүсэлтэй байгаагаа байцаагч Ө.Дүүрэнбаярт хэлсэн. Иймд эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сүхбаатарт дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст тус тус шалгагдаж байгаа хэргийг нэгтгэн шийдүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч У.Сын өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хорих 461-р ангиас лавлагаа аваад Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Баасанбаатартай хоёр удаа холбогдсон байгаа. Мөн хэрэг бүртгэлтийн нэг хэрэг байгаа боловч яллагдагчаар бол татаагүй, холбогдогч нь тодорхойгүй гэх хариу өгч байсан. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс бол өмгөөлөгчийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдээлэл бол олж авч чадаагүй. Тэгэхээр У.Сын гаргасан гомдлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

  

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...У.Сыг одоогоор эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан, яллагдагчаар татсан байдал тогтоогдоогүй байна.  ..” гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч У.С нь Э.Мөнхбаатар, Э.Билгүүтэй нартай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 6-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн харьяа СU /Си Юү/ нэртэй дэлгүүрээс Мобиком, Скайтел, Юнителийн гар утасны нэгжийн картуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-д 889,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

 

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одончимэгийн: “...2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр СU /Си Юү/ дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад гаднаас сэжиг бүхий 3 хүн орж ирээд 2 хүн нь цаашаагаа юм үзэхээр нь би тэр 2 сэжигтэй байхаар нь очоод харахад надаас тэр 2 хүн “ажлын бээлий өөр загвар байна уу” гэхээр нь би “байхгүй” гэсэн чинь дэлгүүрээс гараад явчихсан юм. ...менежер Оргилсайхан гаднаас орж ирэхээр нь би “ТҮЦ”-ний эгчийн хэлснийг хэлээд хяналтын камерын бичлэгийг шүүж шалгахад уг 3 хүний нэг нь текний араас жижиг хайрцагтай нэгжийн картууд хулгайлсан  байсан...   Манай дэлгүүрээс 889,000 төгрөгийн  Мобиком,  Юнител, Скайтелийн нэгжийн картууд хулгайд алдсан байсан...” /1 хх 83-87/,

яллагдагч Э.Мөнхбаатарын: “... СU нэртэй дэлгүүр байсан бөгөөд Билгүүтэй ийшээ орж шоколад хулгайлъя гэсэн. Тэгээд бид гурав дэлгүүр лүү ороод Сүхбаатар бид хоёр оймс бээлий байсан тасагт нь очоод оймс үзээд зогсож байсан. Тэгсэн Билгүүтэй би гарлаа гэж хэлээд гараад явчихсан. Бид хоёр араас нь гарахад Билгүүтэй зам гараад гүйгээд араас бид хоёр алхсан...” /1 хх 136-138/,

яллагдагч Э.Билгүүтэйгийн: “...СU дэлгүүр байхаар нь бид гурав орсон. ...Худалдагч нь лангуугаа тойруулаад барааныхаа зургийг дарж байгаад цаана байсан Сүхбаатар, Мөнхбаатар хоёр дээр очсон. Тэгэхээр нь би текэн дээр очсон чинь хайрцагтай нэгжүүд харагдахаар нь хайрцагтай нь аваад, би гарлаа гээд гараад явсан. ...” /1 хх 139-141/ гэх мэдүүлгүүд,

шүүгдэгч У.Сын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  /1 хх 144-145,

СU /Си Юү/ дэлгүүрийн худалдагчдын нэгж хүлээлцсэн бүртгэл, алдагдсан нэгжийн талаарх тооцоо /1 хх 105-107/,

“...Энхболдын Билгүүдэйгээс ...Мобикомын ...нийт 30.000, Скайтелын ...нийт 73.000, Юнителын ...нийт 151.000 нэгжийн картууд хураасан...” тухай тэмдэглэл /1 хх 113/, уг картуудыг “...хууль ёсны төлөөлөгч ...Даваа овогтой Одончимэгт Мобикомын ...нийт 30.000, Скайтелын ...нийт 73.000, Юнителын ...нийт 151.000 нэгжийн картууд тус тус хүлээлгэн өгсөн...”  тухай тэмдэглэл /1 хх 115-118/,

СU дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1 хх 99-104 зэргээр,

 

шүүгдэгч Н.М нь А.Тэмүүжин, Э.Мөнхбаатар нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 нэрийн бараа худалдааны төвийн 2 давхарт байрлах “Smile” дэлгүүрийн 204 дүгээр лангуун дотроос Самсунг жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Л.Мөнхцэцэгт 726,700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Л.Мөнхцэцэгийн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн үед 1000 нэрийн бараа дэлгүүрийн 2 давхарт Смайль шопийн 204-р лангуун дотроос Самсунг Жи-7 маркийн гар утсаа хувцасны халаасан дотроос алдсан...” /1 хх 29-30/,

өсвөр насны яллагдагч А.Тэмүүжингийн: “...нэг цамцны лангуун дээр цамц үзсэн бөгөөд үзэж байгаад Мөнх-Очир нь Мөнхбаатар бид хоёрт хандан “энэ худалдагч эгчийн цамцных нь зүүн халаасанд нь гар утас байна” гэсэн. Тухайн эгч ажлын цамцтай байсан. Мөнхбаатар бид хоёроос холдоод цахилгаан шатны дэргэд очоод бид хоёрыг ажиглаад зогссон. Харин Мөнх-Очир нь тухайн эгчээс цамцны үнэ чанар асууж саатуулж эхэлсэн. Тэгэхээр нь би тэр эгчийн зүүн халааснаас гар утсыг нь авсан. ...” /1 хх 153-156/ гэх мэдүүлгүүд,

шүүгдэгч Н.Мын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1 хх 171-172/

“...Самсунг жи 7- загварын гар утсыг 726.700 төгрөгөөр үнэлэв...” гэх “Уваа уул аудит” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /1 хх 37-45/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шүүгдэгч Н.М, У.Снарын бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бүлэглэн гүйцэтгэх...” гэсэн заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “......Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэсэн “Хулгайлах...” гэмт хэргээр зүйлчилэн шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Н.М, У.Снарт холбогдох эрүүгийн 190000001364 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Н.Мт, хорих ялыг шүүгдэгч У.Ст сонгон оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

 

Шүүгдэгч У.Сын өөр дүүрэгт шалгагдаж байгаа хэргүүдээ энэ хэрэгт нэгтгүүлж шийдвэрлүүлэх талаархи давж заалдах гомдол нотлох баримтаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Харин, анхан шатны шүүх шүүгдэгч У.Сын урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг “...нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялыг 1 хоногоор тооцож...” зөв нэмж нэгтгэсэн атлаа хоёр төрлийн ялыг нэмж нэгтгэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсгийн заалтуудыг орхигдуулсан байх тул энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Ст Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 90 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Шүүгдэгч У.Ст Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 90 хоногийн хорих ял болгож, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Сын нийт эдлэх ялыг 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч У.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

                      ШҮҮГЧ                                                              Д.МЯГМАРЖАВ

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ