Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01241

 

 Н.Отгонжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02534 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар магадлалтай,

 Н.Отгонжаргалын нэхэмжлэлтэй

Н.Энхтөрд холбогдох,

 262,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Н.Энхтөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Отгонжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батхүлэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч Н.Отгонжаргалаас хариуцагч Н.Энхтөрд холбогдуулан 262,200,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02534 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Энхтөрөөс 262,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Отгонжаргалд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Отгонжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,554,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Энхтөрөөс 1,468,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02534 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч Н.Энхтөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: ...Ланд круйзер маркийн автомашиныг Н.Энхтөр нь 2015.10.06-ны өдөр Л.Хандмаагаас 96,000,000 төгрөгөөр худалдан авч байсан нь үнэн байх боловч тухай автомашин нь Н.Отгонжаргал руу шилжигдэж улмаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсантай холбоотойгоор Н.Энхтөр рүү 366,000,000 төгрөгийн 80,000,000 төгрөгт тооцон буцаан шилжүүлсэн байна. Мөн хэрэгт 2015.05.28-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр автомашиныг Н.Отгонжаргалыг төлөөлж Н.Энхтөр иргэн Г.Баярцэнгэлд 80,000,000 төгрөгөөр худалдсан байна. Иймд автомашины үнийн зөрүү 16,000,000 төгрөгийг талуудын тооцооноос хасаж тооцох үндэслэлгүй гэжээ.

Иргэн Н.Энхтөр нь иргэн Н.Отгонжаргалд 96 сая төгрөгөөр авсан машиныг авснаас хойш хэсэг хугацааны дараа 96 сая төгрөгөөр тооцож зарсан. Н.Отгонжаргал нь төлбөрийг бөөнд нь төлөөгүй бөгөөд хэсэг хэсгээр цувуулж өгсөн. Нийт шилжүүлсэн мөнгө нь 80 сая төгрөг болсон буюу үлдэгдэл 16 сая төгрөгийг орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулах өдөр хүртэл өгөөгүй юм. Тиймээс тооцооноос иргэн Н.Энхтөрөөс Н.Отгонжаргал руу машин шилжих үеийн дутуу авсан 16 сая төгрөгийг тооцооноос суутгах нь зүйтэй.

4.2. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарсан асуудлаар хэргийг шийдвэрлэсэн нь процессын алдаа болсон.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: ...Зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэх 21,200,000 төгрөгийн шаардлагын тухайд нэхэмжлэгч Н.Энхтөрд зээлдүүлсэн гэдэг бол, хариуцагч нь зээлж аваагүй боловч данс руу орж ирсэн нь үнэн гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг тул хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Гэхдээ нэгэнт хариуцагч нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй байх тул хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр буюу иргэн Н.Энхтөрөөс үндэслэлгүйгээр 21,200,000 төгрөгийг олж авсан байна гэж үзээд буцаан гаргуулахаар шийдвэрлэв гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж 21,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. ИХШХШтХуулийн 25 зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэдэг нь тогтоогдсон байхад шүүх хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь процессын алдаа болж шүүх ИХШХШтХуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх 2 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, тус дүнгээр хасаж тооцох нь хуульд нийцнэ гэжээ.

 5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батхүлэг хяналтын гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлыг эс зөвшөөрч байна.

5.1. Хяналтын гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т хяналтын журмаар гомдол гаргах 3 үндэслэлийг заасан байдаг. Үүнд: анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулийг УДШ-ийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, процессын ноцтой зөрчил гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн гэжээ.

Гэтэл хариуцагчийн гаргасан хяналтын гомдол нь эдгээр үндэслэлийн алинд ч хамаарахгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, эсхүл УДШ-ийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан зүйл байхгүй байна.

Харин гомдолд зээлийн гэрээ байгуулаагүй байхад зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэх 21.2 сая төгрөгийг Н.Энхтөр үндэслэлгүйгээр олж авсан гэж үзээд түүнээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах асуудлаар хэргийг шийдвэрлэсэн процессын алдаа болсон, зээл олгосон гэдгээ нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй гэжээ.

5.1.1. 21.2 сая төгрөгийг Н.Энхтөрөөс гаргуулах шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах асуудал бус, нэхэмжлэлийн шаардлагад багтаж байгаа асуудал.

5.1.2. Тухайн төлбөрийг Н.Энхтөрөөс гаргуулж шийдвэрлэхдээ шүүх эрх зүйн үндэслэлийг ямар байдлаар тодорхойлж байгаа нь процессын зөрчил болохгүй, харин хууль хэрэглээний асуудал асуудал болно.

5.1.3. Нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлсэн эсэх талаар буюу үйл баримтын талаарх асуудал нь хяналтын гомдлын үндэслэл болохгүй.

Тиймээс процессын ноцтой зөрчил гаргасан, уг зөрчил нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөсөн зүйл байхгүй, хяналтын гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5.2. Автомашины үнийн зөрүү 16 сая төгрөгийн тухай.

Хяналтын гомдолд хариуцагч 2015 онд 96 сая төгрөгөөр бусдаас худалдан авсан автомашинаа нэхэмжлэгчид 96 сая төгрөгөөр худалдсан, нэхэмжлэгч нь худалдан авсан төлбөрөөс 16 сая төгрөгийг дутуу төлсөн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 16 сая төгрөгийг хасах ёстой гэж гомджээ.

ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Хэргийн материалд тухайн автомашиныг хариуцагч нь нэхэмжлэгчид 96 сая төгрөгөөр худалдсан, уг гэрээний төлбөр тооцоо 16 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар ямар нэг нотлох баримт авагдаагүй байна.

Хэрэв хариуцагч нь нэхэмжлэгчээс өмнө нь авлагатай байсан бол энэ нь нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралгүй асуудал тул хариуцагч тийм авлагаа тогтоолгох, нэхэмжлэгчээс талаар шаардлага, нэхэмжлэлээ шүүхэд гаргаж хянан хэлэлцүүлэх шаардлагатай байсан. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

5.3. Хариуцагчид зээлдүүлсэн 21.2 сая төгрөгийн тухай.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны төлбөрөөс гадна 2018.07.29-ний өдөр 20 сая төгрөг, 2018.05.26-ны өдөр 1.2 сая төгрөгийг хариуцагчид өгсөн байдаг. Энэхүү мөнгө авсан үйл баримтын талаар хариуцагч маргадаггүй.

Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч уг мөнгийг хүлээн авсан тухай тайлбар өгсөн байна. XX-107 хуудсанд шүүх хуралдааны тэмдэглэлд 21.2 сая төгрөгийн талаар: Түүхий эдийн мөнгө гэж өгсөн. Гэхдээ зээлээр аваагүй. Төлбөрт бол орсон гэсэн байна. Автомашины үнийн зөрүү 16 сая, түрээсийн төлбөр 43.2 сая, нийлүүлсэн бараа материалын зөрүү 17.2 сая төгрөгийг хасаад үлдсэнийг төлье гэжээ.

Талуудын хооронд 2019.06.07-ны өдөр байгуулсан Орон сууц худалдан авах харилцаатай холбогдох талуудын тохиролцоо ба баталгаа хэлцэл хэрэгт эх хувиараа авагдсан байна. /ХХ-94, 95 хуудас/ Энэхүү хэлцлийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гол нотлох баримт болгон үндэслэдэг. Хариуцагч уг хэлцлийг зөвшөөрөхгүй гэдэг ч хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар маргаагүй, хүчин төгөлдөр бус гэж шүүх дүгнэсэн зүйл байхгүй байна.

Уг хэлцлийн 2.2-т дээрх мөнгийг хариуцагч хүлээн авснаа баталгаажуулснаас гадна уг мөнгийг зээл болохыг хүлээн зөвшөөрч, буцаан төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зээлийн гэрээний харилцааг зохицуулахдаа заавал бичгээр хийх шаардлага тавиагүй. Зөвхөн хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Тиймээс уг мөнгийг шилжүүлэх үед талуудын хооронд бичгээр гэрээ хийгээгүй нь зээлийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй, уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөхгүй юм. Зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, зээл нь хүүгүй тул нэхэмжлэгч зөвхөн өгсөн мөнгөө буцаан шаардаж буй.

Хариуцагч мөнгө авсан боловч зээл биш гэж маргаснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлгүй болохыг шүүх дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг /үндэслэлгүй хөрөнгөжих/ үндэслэсэн тухайн мөнгөн дүнг буцаан төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм. Учир нь зээлийн харилцаа байна уу, үгүй юу гэдгээс үл хамаарч аль тохиолдолд тухайн мөнгөн дүнг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй болохыг шүүх тогтоож, мөн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг ижил хэмжээгээр сэргээж байна. Энэ нь Иргэний хуулийн зарчим, ИХШХШТХ-ийн зорилгод нийцэж байна гэж үзэж байна.

Шаардаж буй тодорхой мөнгийг хариуцагчаас гаргуулах тухай асуудлыг шийдвэрлэж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гадуур зүйл шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Тиймээс шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болжээ. Хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 6. Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 7. Нэхэмжлэгч Н.Отгонжаргал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2017.09.22-ны өдөр Н.Энхтөртэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Кинг таур хотхоны 126 дугаар байрны 102 тоот, 141 м.кв талбайтай, 366,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2017.12.10-ны өдөр Г.Отгонжаргалд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож, гэрээний дагуу 2017.12.08 гэхэд 286,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 80,000,000 төгрөгт өөрийн өмчлөлийн Тоёото ланд круйзер маркийн автомашиныг шилжүүлж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн.

Мөн 2018.07.29-ний өдөр 20,000,000 төгрөгийг үйлдвэрийн түүхий эд авахад нь зориулж, мөн оны 05 сарын 26-ны өдөр түүний хүсэлтээр хувийн хэрэгцээнд нь 1,200,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн.

Н.Энхтөр нь орон сууцыг тохирсон хугацаанд шилжүүлээгүй тул гэрээнээс татгалзсанд хүлээн зөвшөөрч, нийт 387,200,000 төгрөгийг харилцан буцааж өгөхөөр тохиролцсон.

Дээрх үнийн дүнгээс Эко констракшн ХХК-д Н.Отгонжаргалын нэрийн өмнөөс нийлүүлсэн нийт 107,800,000 төгрөгийн хөөсөнцөр хавтангийн үнийг хасч, үлдэгдэл 279,400,000 төгрөгийн өр төлбөртэй байсан тул энэ мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Н.Энхтөрийн нийлүүлсэн хөөсөнцөрийн үнэ 125,607,195 төгрөг болох нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж, хариуцагчаас 262,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон,

 Хариуцагч: ...нэхэмжлэлийн шаардлагаас автомашины үнийн зөрүү 16,000,000 төгрөг, хөөсөнцөрийн үнийн зөрүү 17,805,195 төгрөг тус тус хасагдаж тооцогдох ёстой... гэж маргажээ.

 8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 9. Хэрэгт цугларсан баримтыг үзвэл, 2017.09.22-ны өдөр нэхэмжлэгч Н.Отгонжаргал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Кинг таур хотхоны 126 дугаар байрны 102 тоот 141 м.кв талбайтай орон сууцыг 366,000,000 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч Н.Энхтөртэй харилцан тохирч, 286,000,000 төгрөгийг бэлнээр, 80,000,000 төгрөгт тооцож Тоёото ланд круйзер маркийн автомашиныг худалдагч Н.Энхтөрийн эзэмшилд шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч Н.Энхтөр нь 2017.12.10-ны өдөр орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болох нь тодорхой болсон тул худалдан авагч гэрээнээс татгалзсныг худалдагч хүлээн зөвшөөрч, 2019.06.07-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авахтай холбогдох талуудын Тохиролцоо ба Баталгаа гэсэн баримт үйлдсэн, тус баримтаар Н.Энхтөр нь орон сууцны үнийн дүн дээр өөрийн зээлж авсан 21,200,000 төгрөгийн хамт нийт 387,200,000 төгрөгийг төлөхөөс 107,800,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 279,400,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогджээ.

 10. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч буюу худалдагч гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн хүлээн авсан боловч эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлээр худалдан авагч гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шаардах эрхтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

 11. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, ямар нэг үр дүн гарахгүй болох нь илт бол нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй, хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцааж өгөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зохицуулсан.

 12. Хэрэг шүүхэд хянагдах нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагчаас 262,000,000 төгрөгийг гаргуулах өөрчилснийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 402 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 13. Хариуцагч талаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул автомашины үнийн зөрүү 16,000,000 төгрөг, үндэслэлгүй олж авсан гэх 21,200,000 төгрөгийн үнийн дүнгээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 Нэхэмжлэгч нь Тоёото Ланд круйзер автомашиныг хариуцагчаас 80,000,000 төгрөгөөр худалдаж авсан, улмаар энэ үнийн дүнгээр тооцож хариуцагчид шилжүүлсэн тул тус автомашиныг анх 96,000,000 төгрөгөөр худалдан авч нэхэмжлэгчид шилжүүлэхэд 16,000,000 төгрөгийг төлөөгүй тул зөрүү мөнгийг суутгаж, тооцооноос хасна гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, түүнчлэн зохигчийн хооронд байгуулсан Тохиролцоо ба Баталгаа гэх баримтад хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлдүүлсэн 21,200,000 төгрөгийг буцааж төлөхөө хүлээн зөвшөөрсөн/хх-6/ бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэж, хариуцагч нь гэрээний үүрэг үүсээгүй байхад нэхэмжлэгчээс шилжүүлсэн 21,200,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

 Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан үнийн дүнгээс 37,200,000 төгрөгийг хасч тооцуулахыг хүссэн хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. /хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэг ижил гомдлыг хоёр хувь үйлдэж, тусдаа гарын үсэг зурсан болохыг тэмдэглэх нь зүйтэй./

 14. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02534 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Н.Энхтөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Энхтөрөөс 2021.02.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,759 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.МӨНХТУЯА

                ШҮҮГЧИД           Н.БАЯРМАА

                                           П.ЗОЛЗАЯА

                                          Д.ЦОЛМОН

                                                  Х.ЭРДЭНЭСУВД