Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2018/0989/З |
Дугаар | 128/ШШ2019/0185 |
Огноо | 2019-03-19 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2019/0185
2019 оны 03 сарын 19 өдөр Дугаар 128/ШШ2019/0185 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э Т Э ХХК,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.С , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ...Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Т.О , Д.С нарын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 230013886 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-О, хариуцагч татварын улсын байцаагч Д.С , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э Т Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.О , Д.С нар 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд 2012 оны Нэмэгдсэн өртөгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд хэсэгчилсэн шалгалт хийсэн болно.
Уг шалгалтаар манай компанийн худалдан авалт хийж Д ХХК-иас бичүүлж авсан 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10079521 дугаартай, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10079522 дугаартай, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10079523 дутаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бүхий 181,818,182.20 төгрөгийн гүйлгээг төлбөл зохих татварыг бууруулж Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь ... падаан... гүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн гэж үзээд 230013886 дугаартай актаар 18,181818.30 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг эс хүлээн зөвшөөрч актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Татварын хяналт шалгалт хийхээс өмнө Баянгол дүүргийн Прокурорын газраас Д ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцдаа тус компаниас бичиж олгосон нэмэгдсэн өртөгийн албан татварын 3 ширхэг падааныг эх хувиар нь манай компаниас гаргуулан авсан байсан ба энэ учир явдлыг татварын улсын байцаагч нарт тайлбарлан хэлсээр байтал падаангүйгээр өөрийн төлөх нэмэгдсэн өртөгийн албан татвараас хасч тооцон төлөх естой татварыг бууруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Э Т Э ХХК нь 2012 онд өөрийн үйлдвэрийн болон конторын барилгаа барьж байсан ба үүнд зориулан Д ХХК-аас Барилгын материал, цахилгаан болон сантехникийн материалууд худалдан авч 181,818,182.20 төгрөгийн үнийн дүн бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын 3 ширхэг падаан бичүүлэн авч тухайн 2012 оны 04 дүгээр сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа үнэн зөвөөр тусган тайлагнасан болно.
Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь үнэн зөв, хуурамч эсэх, хий бичилт хийсэн эсэхийг татвар төлөгч аж ахуйн нэгж шалгах боломжгүй ба ийм эрх гагцхүү татварын алба, түүний ажилтанд байдаг.
Д ХХК-иас олгосон Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хий бичилттэй эсэхийг болон олгосон компани нь уг падааныг татварын тайландаа үнэн зөв тусгасан эсэхийг нь мэдэх боломжгүй тул Э Т Э ХХК өөрийн хийсэн худалдан авалтад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг өөрийн төлөх Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч, тайлагнасныг буруутгах буюу Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Зөрчил бүхий гэж үзсэн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10079521 дугаартай, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10079522 дугаартай, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10079523 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 2012 оны 04 дүгээр сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусган үнэн зөв тайлагнасан гэж дээр дурдсан.
Тэгвэл Татварын алба, Татварын улсын байцаагч нь тайлан хүлээн авахдаа Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасан нөхцөлүүдээр хяналт хийж, буруу байвал засуулж авахыг шаардсан байна.
Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Татварын алба нь татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа төлж буй эсэхэд хяналт тавина, 46.3.1-д хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл, хувь хүний хувьд орлого, татварын бүртгэлийн дэвтрийг үндэслэн тайлангаа үнэн зөв гаргасан эсэх, 46.4.1-д нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, 46.4.2-т татварын тайланд тусгасан тоон үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, тооцооны алдаа буй эсэх, 46.4.3-д тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож тодорхойлсон эсэх, 46.4.6-д татварын албаны бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухайн татвар төлөгчийн тайланд хамаарах хөндлөнгийн мэдээлэл байгаа эсэх...
Тиймээс 2012 оны 04 дүгээр сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын албанаас нэгэнт хүлээн авч баталгаажуулсан тул дээр дурдсанаар тайлангаа хугацаандаа гаргаж, татвараа үнэн зөв тодорхойлж, Нэмэгдсэн өртгийн албан татварын хасагдуулгыг хуульд нийцүүлэн тооцож тодорхойлсон, хасагдуулга хийхэд үндэслэл болсон хөндлөнгийн мэдээлэл буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг шалгаж улмаар тайланг үнэн зөв гэж үзэн баталгаажуулсан гэж үзэх үндэслэл болно.
Нэгэнт татварын алба тайлан хүлээн авахдаа холбогдох хянах, шалгах хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлж баталгаажуулсан байхад Татварын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 230013886 дугаар актаар нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.С , Т.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан, 2 гишүүнтэй, 40,000,000.00 төгрөгийн дүрмийн сантай, 2037... тоот регистрийн дугаартай, улсын бүртгэлийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 9011064... дугаарын гэрчилгээтэй, Э Т Э ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх еренхий удирдамж, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 23160400132 тоот томилолтын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл, Баянгол дүүргийн Прокурорын Газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 тоот прокурорын тогтоолд үндэслэн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.О , Д.С нар Нэмэгдсэн өртгийн албан татварын хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн.
Э Т Э ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч Л.Д , Г.О нар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж 181,818,182.20 төгрөгийн зөрчил илрүүлж, 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 230026 тоот дүгнэлт бичин цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн ба тус комнани нь мөрдөн байцаалтын явцад Д ХХК-аас хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бусаар авч компанийн санхүү, татварын тайланд тусгаж, татварын албанд тайлагнан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдуулан тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Баянгол дүүргийн Прокурорын газраас эрүүгийн 2015260000225 дугаартай хэргийг Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд Татварын улсын байцаагч Т.О , Д.С нар Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн 230013886 тоот актыг тогтоосон байна
Шалгалтаар дараах зөрчил илэрсэн. Д ХХК-аас ямар ч бараа, ажил үйлчилгээ аваагүй, төлбөр төлөөгүй атлаа 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын 10079521 дугаартай падаанаар 59,074,972.70 төгрөгийн, 2012 оны 04 дүгээр сарын 17-ын өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын 10079522 дугаартай падаанаар 56,704,545.50 төгрөгийн, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын 10079523 дугаартай падаанаар 66,038,664.00 төгрөгийн, нийт 181,818,182.20 төгрөгийн бараа материалыг худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд: ... 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь ... падаан ... гүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн тул Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна ... 74.1.4-д тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх 74.3-т Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна, мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.7-д Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж заасныг үндэслэн төлбөл зохих татвараа бууруулсан зөрчилд 18,181,818.30 төгрөгийн нөхөн татвар, 0.00 төгрөгийн торгууль, 0.00 төгрөгийн алданги ногдуулсан болно.
Жич: Тус компани нь нэхэмжлэлдээ Татварын хяналт шалгалт хийхээс өмнө Баянгол дүүргийн Прокурорын газраас Д ХХК-д холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцдаа тус компаниас бичиж олгосон нэмэгдсэн өртөгийн албан татварын 3 ширхэг падааныг эх хувиар нь манай компаниас гаргуулан авсан байсан ба энэ учир явдлыг Татварын улсын байцаагч нарт тайлбарлан хэлсээр байтал падаангүйгээр өөрийн төлөх Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцон төлөх ёстой татварыг бууруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж бичжээ.
Тухайн нэмэгдсэн өртөгийн албан татварын 3 ширхэг падааныг эх хувиар нь байхгүй тул нэмэгдсэн өртөгийн албан татвараас хасч тооцон төлөх ёстой татварыг бууруулсан гэж үндэслэл болгоогүй ба актын бичиглэлд: Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь, ..падаан...гүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэсэн нь ...1 4.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж гурван цэгээр (...) дэлгэрэнгүйг хураангуйлж бичдэг актын еренхий бичиглэл юм. /Үүнийг татвар төлөгч шууд утгаар ойлгосон бололтой./
Татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ба үзэх боломж, цаг хугацаа байдаггүй.
Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 4.1-д Татварын хяналт шалгалтыг Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын төлөвлөгөөг үндэслэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн 2 хэлбэрээр татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ Татварын алба, татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хянаж нягтлан тайланг хүлээн авахдаа анхан шатны баримтыг нэг бүрчлэн зохистой гэж гэж үзсэн үедээ хийж гүйцэтгэнэ гэсний дагуу татварын хяналт шалгалтыг хийдэг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э Т Э ХХК нь ... Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Т.О , Д.С нарын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 230013886 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Э Т Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.С , Т.О нар нь Э Т Э ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаад, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 230013886 дугаар актаар 18,181,818.3 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр тогтоосон байна.
Улмаар Э Т Э ХХК нь татварын улсын байцаагч нарын актыг эс зөвшөөрч, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 037 дугаар тогтоол гарч Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн татварын улсын байцаагчийн 230013886 дугаар актаар 181,818,182.2 төгрөгийн зөрчилд 18,181,818.3 төгрөгийн нөхөн татвар нийт 18,181,818.3 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Үүнтэй холбоотой нэхэмжлэгч нь ... Д ХХК-аас олгосон нэмэгдсэн өртөгийн албан татварын падаан нь үнэн зөв, хуурамч эсэх, хий бичилт хийсэн эсэхийг татвар төлөгч аж ахуйн нэгж шалгах боломжгүй, Э Т Э ХХК өөрийн хийсэн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртөгийн албан татварыг өөрийн төлөх нэмэгдсэн өртөгийн албан татвараас хасч, тайлагнасныг буруутгах боломжгүй, татварын улсын байцаагч тайлан хүлээн авахдаа хяналт хийж, буруу байвал засуулж авах боломжтой байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэлд бичсэнээс өөрчлөн шүүх хуралдаанд тайлбарлан маргаж татварын улсын байцаагчийн 2016 оны 230013886 дугаар актыг хүчингүй болгуулахыг хүссэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар Э Т Э ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч Л.Д , Г.О нар хэсэгчилсэн хяналт шалгалт хийснээр 181,818,182.20 төгрөгийн зөрчлийг илрүүлэн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 230026 дугаар дүгнэлтийг бичиж Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.
Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч ...Д ХХК... гэх аж ахуйн нэгж нь нэмэгдсэн өртөгийн албан татварын падаан дээр хуурамч бичилт хийж, бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан, мөн Э Т Э ХХК-ийн захирал Ц.М , нягтлан бодогч Т.У нар нь 2012 онд Д ХХК-аас хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бусаар авч компанийн санхүү, татварын тайланд тусгаж, татварын албанд тайлагнан татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б ийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 267 дугаар тогтоол үйлдэж Э Т Э ХХК-ийн захирал Ц.М , нягтлан бодогч Т.У нарт холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харин Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих ... гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.
Үүнээс үзвэл 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын 10079521 дугаартай падаанаар 59,074,972.70 төгрөгийн, 2012 оны 04 дүгээр сарын 17-ын өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын 10079522 дугаартай падаанаар 56,704,545.50 төгрөгийн, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын 10079523 дугаартай падаанаар 66,038,664.00 төгрөгийн, нийт 181,818,182.20 төгрөгийн бараа материалыг худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т "Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй гэж заасныг зөрчсөн болох нь дээрх Прокурорын тогтоолоор тогтоогдож байна.
Мөн хариуцагч Татварын улсын байцаагчийн ... Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.4-д тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, 74.3-т Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.7-д Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж заасныг үндэслэн төлбөл зохих татвараа бууруулсан зөрчилд 18,181,818.30 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан гэх тайлбар үндэслэлтэй, харин падааны бичилтийн үнэн зөвийг нотлоход ач холбогдолтой нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд байхгүй байхад нэмэгдсэн өртөгийн албан татвар нөхөн ногдуулсан гэх үндэслэл үгүйсгэгдэх бөгөөд нэхэмжглэгч компанийг бараа материал худалдан авалт хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч буюу хий бичилттэй падаануудыг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч компанийн санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалт нь үнэн зөв баримтад үндэслэсэн нь тогтоогдоогүй байхад шүүх улсын байцаагчийн актыг хууль бус гэж дүгнэх нь хуульд нийцэхгүй тул Э Т Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуул/тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/-ийн 33 дугаар зүйлийн 33.2.6, 33.5, 74.1, 74.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э Т Э ХХК-ийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Т.О , Д.С нарын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 230013886 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА