Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2020/03363

 

 

 

 

 

 

 

         2020 оны өдөр

  11 сар      05  р                                              184/ШШ2020/03363

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Б.Б /РД: /. Хаяг: Хан-Уул дүүрэг, дугаар хороо,  тоот

Хариуцагч: “Х” ХХК /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Мон лаа дугаар гудамж, тоот        

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж хохиролд 26,100,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 16,874,800 төгрөг болон түрээсийн гэрээгээр авсан бараа материал гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, гэрч Л.Б, Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.                                          

                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь “Э” ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд энэхүү нэхэмжлэлд дурдагдаж буй хамтын ажиллагааны гэрээг хариуцагч “Х” ХХК-ийн хүсэлтийн дагуу иргэнээр байгуулсан. Гэрээний үүргийн хэрэгжилт нь “Э” ХХК-ийн барилгын төслийг гүйцэтгэх юм. Манай компани нь сонгодог хөгжмийн сургалтын чиглэлээр 11 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба бид Монгол улсынхаа нийтийн боловсролын салбарт зориулан төгөлдөр хуурын анхны цуврал сурах бичгүүдийг бүтээж байсан туршлагатай хамт олон. Миний бие тус хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” ХХК-ийн эзэмшлийн 249 м2 талбай бүхий газар дээр Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу, холбогдох бүхий л мэргэжлийн байгууллагуудаас албан ёсоор зөвшөөрлөө авч Улаанбаатар хотын шинэ соёл урлагийн цогцолбор, “Сонгодог хөгжмийн сургалтын төв”-ийн барилгыг бүтээн байгуулахаар ажиллаж байсан. Энэхүү төслийн барилга угсралтын гүйцэтгэгчээр “Х” ХХК нь 140,000,000 төгрөгийн өртгөөр барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Гэвч “Х” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж барилгын талбайн бүхий л дүрэм журмыг ноцтой зөрчиж, алдаа гаргаж, эцэстээ барилгын талбайг хүний амь нас эрсдэж болохуйц аюултай байдалд орхин, гэрээний үүргээсээ зугтан ажлаа хаяж явсан. Барилгын талбайд Хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй ажил эхлүүлэн барилгын ажлыг явуулсан. Хожим нь албан ёсны хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй байсан нь илэрснээс гадна талбай дээр ажиллаж байсан бүх ажилчид нь хамгаалах хэрэгсэлгүй, малгай, бээлийгүй ажиллаж байсан. Барилгын талбайд галын цэг,тамхины цэгийг гаргаагүйгээс гадна аюулгүй байдлын ямар ч заавар, дүрэм журамгүйгээр ажлыг явуулсан. Барилгын ерөнхий инженергүйгээр ажлыг эхлүүлэн барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулсаар байсан. Анх гэрээ байгуулахдаа талбайн инженер гэж танилцуулсан н.Б гэгч нь хожим мэдэгдсэнээр тухайн компанитай албан ёсны хөдөлмөрийн гэрээгүй байсан ба өөр компаниас түр хугацаанд гуйлгаар ирсэн хүн болох нь илэрсэн. Барилгын ажил нь талбайн инженергүй яваад байсан тул бид гүйцэтгэгч компанийн захирал Б.Г-д удаа дараа шаардлага тавихад тэрбээр ямар ч асуудалгүй, танай барилга жижигхэн, битгий санаа зов, бид наадахаас чинь хэд дахин том олон барилга барьсан, ямар ч асуудалгүй гэж хэлсээр байсан. Гэвч барилгын талбай дээр олон асуудал байгааг зургийн авторын хяналтаар илрүүлж дахин сануулж хэлэхэд, хүлээж авахгүй байснаас гадна сүүлдээ утсаа авахаа болсон. Иймээс бид өөрсдийн биеэр тухайн компанийн инженер н.Буянаа гэгчийг нь хайж явсаар олоход тухайн инженер н.Буянаа нь “Х” ХХК-тай ямар ч хөдөлмөрийн гэрээгүй байснаас гадна Дүнжингарав худалдааны төвийн урд баригдаж буй иргэн Н.Е өөрийн ажилтнаа үе үе ажлаа таслаад өөр тийшээ зөвшөөрөлгүй явахыг нь хориглож бидний дэргэд ажилтандаа хатуу шаардлага тавьсан. Барилгын суурийн ажлыг хийхдээ мэргэжлийн инженергүй ажиллаж зургийн дагуу 4.5 метр байх ёстой суурийн гүний хэмжээг 1 метрийн  өндөржилтийн алдаа гаргаж 3.5 метр гүнтэй хийсэн. Улмаар энэ алдаагаа нуух зорилгоор суурийн арматурыг мөн адил 1 метрийн дутуу тайрч хийсэн нь зургийн авторын шалгалтаар илэрсэн ба үүнээсээ болж манай компани 10 тонн арматурын алдагдал хүлээж мөн газар шорооны ажлыг дахин хийх, арматурыг дахин шинээр худалдан авч тайрах хэрэгтэй болсон. Суурийн арматурыг зангидахдаа ноцтой алдаа гаргасан нь зургийн авторын шалгалтаар илэрсэн. Суурийн шороог бүрэн гаргалгүй мэргэжлийн инженерийн удирдамжгүй ажилласанаасаа болоод ул бетоныг шороо, чулуу бүхэлдээ бүрхсэн байхад дээр нь арматур хийцлэлийг зангидан суурийн бетон цутгалтыг авахаар захиалга өгсөн байсныг илрүүлж зогсоосон. Хэрвээ зургийн автор болон захиалагч талын хяналтын инженер шалгаагүй бол суурийн ажлыг стандартын дагуу биш, сул шороо, чулуун дээр бетон цутгалт хийж хожим барилга нурах ч аюултай байдлыг үүсгэж байсан. Суурийн арматурыг хийхдээ сэнстэй далий хийснээс гадна зүүн урд талын суурийн гол баганыг 10 см-ийн хэмийн алдаатай хийснийг мөн адил зургийн автор болон захиалагч талын хяналтын инженер тогтоон ажлыг засах даалгавар өгч улаан дэвтэрт нь тэмдэглэгээ хийж тухайн ажлыг түр зогсоох болсон. Гүйцэтгэгч компани нь барилгын ажлын зураг төсөлтэйгээ танилцаагүй аль эсвэл мэргэжлийн инженергүй учраас зургаа ойлгоогүй байсан ба тухайн барилгын суурийн аяган бүтцийн хамгийн чухал хэсэг болох даацын гол багана буюу батлагдсан зургийн дагуу бол 3м х 3м хэмжээтэй байх ёстой суурь баганыг 50см х 50см хэмжээтэй хийж ноцтой алдаа гаргаж, бүр бетон цутгалтыг хийх гэж байсныг зургийн авторын хяналтын шалгалтаар тогтоож ажлыг нь цутгалт авахаас 1 цагийн өмнө зогсоосон. Захиалсан бетоныг цуцалсан хэмээн бетон зуурмагийн компаниас 15 хувийн алданги торгууль тавьсныг мөн “Э” ХХК төлж барагдуулсан. Барилгын суурийн ажлыг хийхдээ зэргэлдээ байрлах барилгуудын суурийг хамгаалж тухайн барилгуудын аюулгүй байдлыг хангах ёстойгоос гадна барилгын талбайд ажиллаж буй ажилчид хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд хамгаалах ёстой байтал үүнийг хариуцсан хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй ажлыг явуулж байсан нь зургийн автор болон хяналтын инженерийн шалгалтаар тогтоосон. Захиалагчийн зүгээс аюулгүй байдал, суурийн хамгаалалтыг бүрэн хийсний дараа ажлыг үргэлжлүүлэх тухай шаардлагыг тавихад хүлээн аваагүйгээс гадна ямар нэгэн албан бичиг өгөлгүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр гэрээт ажлаа орхин явж гэрээний үүргээсээ зугтаж, барилгын ажлын талбайг хүний амь нас, эд хөрөнгө эрсдэж болохуйц  аюултай байдалд үлдээсэн. Барилгын талбай дээр аюулгүй байдлын нэг ч норм дүрмийг сахилгүй ажилчдаа хамгаалах хэрэгсэлгүй, малгай, бээлийгүй, мөн насанд хүрээгүй хүүхдийг барилгын талбайд ажиллуулахаар оруулсан байсныг шалгалтаар тогтоон ажлыг зогсоосон. Зургийн автор болон захиалагч талын хяналтын инженерийн бичсэн дээрх бүхий л шүүмж, шаардлагууд, ажлын даалгаврыг тэмдэглэсэн улаан дэвтрийг барилгын талбай дээрээс хулгайлан авч явж өөрсдийн хийсэн алдаа дутагдлыг нуухыг оролдсон. Барилгын ажил анх эрхэлсэн өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тухайн гүйцэтгэгч компани ажилдаа алдаа дутагдал гарган ажлаа хаяж явсан өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 23 хоногийн хугацаагаараа хохирсон. Мөн тухайн гүйцэтгэгч компанийн алдаатай, стандартын дагуу бус хийсэн ажлаас болж газар шорооны ажлыг дахин шинээр хийх, арматурын бэлдэцийг талбайгаас зөөж гаргах, суурийн гол арматуруудыг дахин шинээр худалдан авч, шинээр хийх гээд санхүүгийн хувьд асар их эрсдэл, цаг хугацааны алдагдалд орсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Х” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн урьдчилгаа 10,000,000 төгрөг, мөн гэрээний 4.6-д зааснаар хариуцлага тооцож гэрээний нийт үнийн дүн 0.5 хувиар ажил тасалдуулсан хоног бүрт алданги тооцуулж 16,100,000 төгрөгийн нөхөн төлбөр нийт 26,100,000 төгрөгийг “Х” ХХК-аас гаргуулж өгнө үү.

Хариуцагч “Х”ХХК-ийн захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х”ХХК-ийн захирал Б.Г би 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Б-тэй Сүхбаатар дүүргийн дугаар хороонд Хөгжмийн сургалтын төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр АГ2020/05-01 дугаартай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд манай компанийн ажилтнууд гэрээнд заасны дагуу барилга барих газрын гадна буюу хамгаалалтын хашааг барьсан, барилгын суурийн нүх ухах ажлыг компанийн 8 ажилтан 4 өдөр, 15 ажилтан 4 өдөр, нийт 8 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэсэн, барилгын ул бетон цутгасан, суурийн арматур бэлдцийг бэлтгэсэн, барилга угсралтын ажлын явцад барилгын хажуу талд байрлах Хотын нийтийн номын сангийн чулуун хана нурсан тул тоосгон ханыг буцааж өрсөн, Номын сан, И барилгын хооронд холбосон хүзүүвчний ус орох хэсгийг бетондож бэхэлж цутгасан, барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай 380 квт-ын цахилгаан шугамыг татсан, түр тог татах ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т зааснаар захиалагч буюу Б.Б нь манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхэд шаардагдах ажлын зураг, баримт бичиг, бусад мэдээллийг өгөх үүрэгтэй. Гэтэл барилгын зургийг авч Хөгжмийн сургалтын төвийн барилга барих газар дээр хэмжээ цэгийг тавиулж барилгын газрыг ухаж эхлэхэд барилгын зураг нь барилга барих газар дээр багтахгүй зэргэлдээх барилга буюу Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Их Монгол рестораны барилгатай хэт ойртож, барилгын ажлыг үргэлжлүүлэхэд тухайн барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулах, аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл үүссэн тул энэ  байдлыг захиалагч Б.Б-д удаа дараа хэлж анхааруулж, газар дээр танилцуулж байсан. Б.Б  нь  дээрх байдлыг үл тоож та нар гэрээний дагуу барилгын ажлыг цааш нь үргэлжлүүл, би гарах бүх эрсдэлийг хариуцна гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу ажлыг үргэлжлүүлж суурийн нүхийг ухах явцад хажуу талын барилгын суурийн дам нуруу нурж унасан юм. Манай компанийн зүгээс гэрээний дагуу барилгын угсралтын ажлыг зураг төсөл, барилгын норм, дүрэм стандартын дагуу хийж гүйцэтгэх боломжгүй болоход Б.Б нь өөрийн дураар барилгын хэмжээг өөрчилж, суурийн ухсан нүхэнд багтааж барилгыг барина гэж хэлэхэд манай компанийн зүгээс Б.Б-г гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж мөн гэрээнд заасны дагуу татгалзсаны улмаас захиалагч болон гүйцэтгэгч талуудын хооронд маргаан үүссэн. Б.Б-ээс гаргасан нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны норм дүрмийг чанд сахиж ажилладаг бөгөөд олон барилга байгууламж барьсан туршлагатай хамт олон бөгөөд аюул осолгүй ажиллаж байна. ”Хана цохио констракшн” ХХК-ийн ерөнхий инженер Э.Б уг суурийн ажлыг зохион байгуулж эхэлсэн. Захиалагч Б.Б-н барилга нь эхнээсээ хэрүүл маргаан ихтэй ажил явуулахад хүндрэл учруулж байсан бөгөөд зэргэлдээ барилга болох И ресторанаас удаа дараа гомдол гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж ажлыг нь зогсоож байсан. Б.Б нь Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг дахин эхлүүлэхэд гарсан 30-40 сая төгрөгийн зардал гарсан, энэ зардлыг танай компанийн хийсэн ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгээс хасна гэж удаа дараа дарамталж байсан. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн суурийн нурсан блокийг нуун далдлахын тулд шөнийн цагаар том машинаар зөөж ачуулсан байсан. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.И нь барилгын суурийн блок нь нурсныг мэдсэн боловч энэ талаар ямар ч гомдол хүсэлт гаргаагүй. Барилгын суурийн ажлыг зургийн дагуу мэргэжлийн инженерийн хяналт доор ухаж эхэлсэн бөгөөд зургийн автортой ярилцан түүний зөвшөөрлөөр 4,5 м хэмжээтэй ухах ёстой байсныг 3,5 м ухаж үндсэн хөрсөнд хүргээд суурийг хийхээр болсон. Зургийн дагуу 4,5 м ухсан тохиолдолд зэргэлдээ 2 барилгын суурь нурах байсан тул улсын болон хувийн байгууллагын эд хөрөнгөд хохирол учирч хамгийн чухал нь хүний амь насанд аюултай байсан энэ байдлыг манай инженер техникийн ажилтнууд олж харж оновчтой шийдвэр гаргаж ажлыг явуулж байсан бөгөөд уг барилгын арматурыг ямар ч буруу тайрсан зүйл байхгүй. Захиалагч Б.Б нь хувийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж улсын эд хөрөнгөд дур мэдэн халдаж нурааж хаясныг шалгуулахыг хүсч байна. Суурийн арматурыг боохдоо зургийн дагуу алслал алхамтай хийж байсан бөгөөд батлагдсан зургийн дагуу биш учир ойс, тэнхлэг нь зөрж байсныг захиалагчид хэлэхэд Б.Б зүгээр би автортой тохирсон тохируулаад хийчих гэж хэлж байсан. Суурийн арматурыг хийж байх явцад барилга нь хэмжээндээ багтахгүй ажил гүйцэтгэх явцад шороо нь нурж ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй байдал үүссэнийг захиалагч нь мэдэж байсан бөгөөд уг суурийн шороог хамгаалах зардлыг гаргаж өг гэсэн боловч гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Уг барилгын газар шорооны ажлыг манай компани хийх үүрэг хүлээгээгүй, гэрээ байхгүй бөгөөд захиалагч Б.Б нь энэ ажлыг хийх хүн олдохгүй байна танайх хийгээд өгөөч гэж гуйхад нь газар шорооны ажлыг хийсэн. Захиалагч тал газар шорооны ажилд гарах нэмэлт зардлаа хэмнэснээс шалтгаалж сул шороо нь бороо орох үед нурж ажил хийхэд ихээхэн хүндрэл учруулж байсан. Барилгын зургийг мэргэжлийн хүмүүс уншиж танилцаж баганан суурийн шатлал нь 2 шатлалтай байна. Дараа нь гарах хариуцлагыг би хүлээхгүй зургийн автороос асууж байж больё гэхэд би зургийн автортой ярьсан би бүх хариуцлагыг хүлээнэ гэсэн. Барилгын голын 3 х 3 баганан суурь нь хэмжээ алдаагүй тойрсон сууриа аваад дараа нь авахаар төлөвлөсөн байсан. Бетон захиалгыг манай компани захиалга өгөөгүй, захиалагч Б.Б маш хурдан бетоноо авмаар байна тэгэхгүй бол хажуу барилгын суурь нурсныг хүмүүс мэдэх юм бол манай барилга зогсож асуудал үүснэ гэж манай ажлыг шахаж байсан манай компани батлагдсан зургийн дагуу боломжгүй хэмээн ажлаа зогсоосон. Барилгын суурийн газар шорооны ажил хийх гэрээ хийгээгүй бөгөөд захиалагч Б.Б нь өөрөө техник оруулж суурийн ажлаа эхэлсэн. Зэргэлдээ барилгын суурийн ажлыг хамгаалах ёстой болохыг Б.Б-д хэлж байсан. Хэрэв ажлаа хаяж явах байсан бол өөрсдийн түрээслэн авсан барилгын материал болох пум, сапуд, турба, паниар, прусс гэх мэт барилгын материалуудаа орхихгүй ачаад явах байсан бөгөөд Б.Бтэй ярилцан танайх түрээслээд ажлаа үргэлжлүүл гэж хэлээд үлдээсэн. Захиалагч Б.Б-н хэлсэнчлэн ямар ч хяналтын инженерийн бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй бөгөөд өөрсдөө зургийн дагуу барилга бариулах боломжгүй учир ямар ч алдаа дутагдлыг харах боломжгүй, мэргэжлийн биш хүн өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс Улаанбаатар хотын А бүсэд нийтийн эзэмшлийн газар дээр ногоон байгууламжийг устган хувийн барилгыг батлагдсан зургийн бус өөрийн дураар барьж байгааг мэргэжлийн байгууллага шалгах шаардлагатай, барилга боссоны дараа ямар ч асуудал үүсч болзошгүйн үүднээс анхааруулж байна. Барилгын ажил 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эхлэж түр хашааг манай компанийн ажилтнууд барьж 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуусч, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс ажил эхэлж 27-ны өдөр ажлаа зогсоосон.

            Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Б “Х”ХХК-д хандаж хөгжмийн сургалтын төвийн барилга угсралтын ажлыг хийлгэхээр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ингээд манай компани ажилдаа 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн орсон. Уг гэрээгээр захиалагч тал нь бетон, арматурын материалуудыг нийлүүлж, гүйцэтгэж хүлээлгэгч тал нь ажиллах хүч, туслах материалуудыг өөрсдөөсөө гаргаж ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх байсан. Ажил эхлэхэд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг манай нягтлан бодогч Э.Мөнхзаяагийн Хаан банкин дахь 5009626545 дансанд төлсөн. Гэтэл уг гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад зэргэлдээ барилгын суурь нь тулж, уг барилга зургийн дагуу сууриндаа багтахаа больж, зэргэлдээ барилга болох “И” рестораны барилгын сууринд ан, цав үүсгэж, ус алдах, нэвчсэн, Улаанбаатар хотын нийтийн номын сангийн барилгын суурийн блок нурж унасан зэрэг хохирол учраад байгаа талаар албан бичиг ирсэн. Ингээд бид ажлаа зогсоож 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр захиалагч талд утсаар мэдэгдсэн. Үүний дагуу Б.Б ирж барилга угсралтын ажилтай танилцаад цааш үргэлжлүүлээд хий, маш хурдтай ажиллаад сууриа ухаад дуусгачих, хажууд барилга хэл ам хийгээд байна, бүх хариуцлагыг би өөрөө хүлээнэ гэж хэлсэн. Бид ажлаа цааш үргэлжлүүлж байтал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, захиалагч талыг тус газарт барилга барих, зураг төсөл байгаа эсэхийг шалгах шаардлагатай тул эдгээр бичиг баримтуудыг авч ирсэний дараа барилга угсралтын ажлыг дахин эхлэхийг сануулсан. Ингээд бид үйл ажиллагаагаа зогсоосон. Хэсэг хугацааны дараа Б.Б Мэргэжлийн хяналтын байгууллагад баримт бичгийг үзүүлж шалгуулсан, 30-40 сая төгрөгийн хахууль өгч байж бид уг ажлыг үргэлжлүүлэх болсон. Уг мөнгийг манай компанийг төлөхийг шаардсан, бид уг төлбөрийг төлөх боломжгүй, бидний буруугаас энэ асуудал үүсээгүй талаар хэлснээр бидний хооронд үл ойлголцол үүсэж маргаан үүссэн. Мөн ажил гүйцэтгэх явцад зэргэлдээ барилгын суурийн сул шороо нураад ажиллаж болохгүй байсан. Үүнтэй холбоотой нэмэлт зардлыг шаардахад шийдвэрлэж өгөхгүй хугацаа алдсан. Захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас уг барилга угсралтын ажил зогссон. Ингээд манай компанид дараах зардал гарч, хохирол учирсан байна. Барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгч бригадыг авч ажиллуулсан. Ажиллуулсны хөлс болон худалдаж авсан туслах материалуудад нийт 16,538,000 төгрөг төлсөн. Үүнээс захиалагчийн урьдчилгаанд төлбөр болох 10,000,000 төгрөгийг хасч тооцоод үлдэх 6,538,000 төгрөг, Барилга угсралтын ажлыг явуулахад ашиглагдах хэв хашмалыг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “Х” ХХК, “С” ХХК-иас түрээслэн авсан. Түрээслэн авсан нийт бараа материалыг одоог хүртэл нэхэмжлэгч тал надад хүлээлгэн өгөөгүй, ашиглаж байгаа. Манай компани уг материалыг бусдад ашиглуулсны түрээсийн төлбөрт орсон байгаа. Энэ зардал нийт 10,336,800 төгрөг болсон. Дээрх материалуудыг нэхэмжлэгчээс гаргуулан авч түрээслүүлэгч талд яаралтай өгөх шаардлагатай байна. Одоо манай компани тус ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлыг гүйцэтгэхэд илүү төлсөн хөлс болох 6,538,000 төгрөг, түрээсийн гэрээний төлбөрт 10,336,800 төгрөг нийт 16,874,800 төгрөг, мөн түрээсийн гэрээгээр авсан бараа материал болох булан, хэв, сапуд, гадар, дотор зэргийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай барилгын үйл ажиллагаа нь Улаанбаатар хотын төв номын сангийн барилгаас зайтай хол баригдаж байгаа бөгөөд үүнийг зургаар харуулсан. Нэгэнт баригдаж буй барилга нь өөрөө УБ хотын төв номын сангийн барилгаас зайтай баригдаж байхад барилгын суурь номын сангийн барилгад сөргөөр нөлөөлөх ямар ч боломжгүй.

Уг барилга нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар МЗХ2018/22-04 дугаартай Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А баталсан “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын дагуу тэнхлэгээрээ 12,5х 12,0 м хэмжээндээ багтаж барилгын үйл ажиллагаа одоо хэвийн явагдаж байгаа. Барилгын тэг тэнхлэгийн акт нь бусад барилгын тэг тэнхлэгтэй болон инженерийн шугам сүлжээтэй давхцахгүй байдлыг нь хянасны үндсэн дээр хотын мэдээллийн санд оруулдаг. Тиймээс сөрөг нэхэмжлэлд дурдагдаж буй бусдын барилгатай давхцсан гэсэн нь ор үндэслэлгүй. Мөн зэргэлдээ байрлах И ресторан болон Улаанбаатар хотын төв номын сангийн алинаас нь ч үүнтэй холбоотой ямар нэгэн гомдол бидэнд амаар болон бичгээр ирээгүй болно. Энэ нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №01/133 тоот албан бичгээр нотлогдож байна. "Г” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №76 тоот албан бичгээр “Х” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд тус компанийн “И” ресторан байрладаг талбайн дэргэд барилгын ажил явагдсанаар мэдээлэл холбооны 3 ширхэг худаг 111 метр сувагчлал, ус дулааны шугам зэрэг инженерийн дэд бүтцийг гэмтээх, барилга байшинд суулт өгөх , ан, цав гарах, ус алдах, нэвчих зэрэг хохирол учрах эрсдэлээс хамгаалж ажиллахыг мэдэгдэж, барилга барих зохих зөвшөөрлүүдийг ирүүлнэ үү” гэсэн байна.

Энэхүү мэдэгдэл нь эрсдэлээс хамгаалж ажиллахыг урьдчилан сануулсан байх ба дээрх нэхэмжлэгчийн тайлбар нь хохирол учраад байгаа талаар албан бичиг ирсэн гэсэн нь учраагүй хохирлыг учирсан болгож худал тайлбар гаргаж байгаа нь нотлогдож байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд бид ажлаа цааш үргэлжлүүлж байтал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, захиалагч талыг тус газарт барилга барих, зураг төсөл байгаа эсэхийг шалгах шаардлагатай байгаа тул эдгээр бичиг баримтуудыг авч ирсэний дараа барилга угсралтын ажлыг дахин эхлэхийг сануулсан гэжээ.

"Х” ХХК-ийн захирал Б.Г нь нэхэмжлэлдээ хавсаргасан баримт бичигт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичгийг хавсаргасан гэх боловч нотлох баримтаар өгсөн баримт бичиг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ДБХГ-ийн БТХУБ Ж.Ж РД дугаартай улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шалгалт хийсэн тухай тэмдэглэл байх бөгөөд тус тэмдэглэлд “холбогдох бичиг баримтыг үзэх, улсын байцаагчийн зөвлөгөө өглөө” гэж бичсэн байсан нь Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичиг биш учир нотлогдохгүй байна. Мөн манайд Мэргэжлийн хяналтын газраас нэг ч сануулга, анхааруулга ирж байгаагүй бөгөөд үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байгаагүй. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд “Ингээд бид үйл ажиллагаагаа зогсоосон. Хэсэг хугацааны дараа Б.Б Мэргэжлийн хяналтын байгууллагад баримт бичгийг үзүүлж шалгуулсан, 30-40 сая төгрөгийн хахууль өгч байж бид уг ажлыг үргэлжлүүлэх болсон. Уг мөнгийг манай компанийг төлөхийг шаардсан, бид уг төлбөрийг төлөх боломжгүй, бидний буруугаас энэ асуудал үүсээгүй талаар хэлснээр бидний хооронд үл ойлголцол үүсэж маргаан үүссэн" гэжээ. Дээрх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч “Х”ХХК-ийн захирал Б.Г нь бусдыг хээл хахууль өгсөн асуудлаар гүтгэж буй үйлдэл гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд “Мөн ажил гүйцэтгэх явцад зэргэлдээ барилгын сул шороо нураад ажиллаж болохгүй байсан. Үүнтэй холбоотой нэмэлт зардлыг шаардахад шийдвэрлэж өгөхгүй хугацаа алдсан.” гэжээ. Гэтэл бодит байдалд И рестораны зоорийн давхрын хүзүүвч хэсгийн сууриасаа наашаа илүү 3.5 м гарсан нь усны хаялага хэсэг. Энэхүү хэсгийг хөндөж болохгүй гэж манай зүгээс “Х” ХХК-ийн захирал Б.Г-д сануулж хэлж байсан бөгөөд тэрээр бидний шаардлагыг үл оошоон хаялагийг хөндсөн байсан. Хаялгийг хөндөх ямар ч шаардлагагүй байсан. Ийнхүү өөрийнхөө буруутай үйлдлээс болж хөндсөн хэсгээ буцаан цементээр бүрж хэвийн байдалд оруулсан. Талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №АГ2020/05-01 дугаартай Сүхбаатар дүүрэг,... дугаар хороо, хөгжмийн сургалтын төвийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ гүйцэтгэгч биелүүлээгүй улмаас гэрээ цуцалсантай холбоотойгоор үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.Б нь “Х” ХХК-ийн бусдын өмнө хүлээх хариуцлагыг хүлээх тухай зохицуулалт талуудын хооронд байгуулсан гэрээнд байхгүй, мөн хуулиар тийм үүргийг хүлээхгүй.

Дээр дурдсан талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлд ажлыг хийж гүйцэтгэх ажиллах хүчин, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлсон. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ажиллах хүчний тоо хэмжээг тодорхойлсон ба харин 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт дээрх ажилтнууд нь гүйцэтгэгчийн зөвхөн орон тооны ажилтан, мөн мэргэжлийн үнэмлэхтэй байхаар заасан. Гэтэл гүйцэтгэгч “Х”ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж туслан гүйцэтгэгч ажиллуулсан ба түүний өмнө хүлээх үүргийг Б.Б хариуцахгүй. Бид “Г” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу өөрсдийн материалаар барилгын хашааг хийж гүйцэтгүүлсэн. Харин хариуцагч “Х” ХХК нь бэлэн болсон хашааг гэрээнд заасан гүйцэтгэгчийн үүргийнхээ дагуу суурилуулах ажлыг хийсэн. Барилгын суурийн нүх ухах ажил нийт 8 өдөр ажилласан. 8 хүнтэй 4 өдөр ажилласан. 15 хүнтэй 4 өдөр газар шороог гараар тэгшилгээ хийж ажилласан. 1 хүний өдрийн цалин 80,000 төгрөг гэсэн. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөний улмаас талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалсан ба түүнээс болж гүйцэтгэгчид учирсан хохирлыг захиалагч хариуцахгүй. Мөн ул бетон авах 12мЗ бетон цутгасан. Ажлын хөлс 1,296,000 төгрөг, суурийн арматур бэлдэц 144м2х 15,000=2,160,000 төгрөгийн тухайд хариуцагч “Х”ХХК нь газар шорооны ажлын түвшинг буруу тооцоолж түүндээ тааруулан арматурыг баталсан зургийн хэмжээнээс өөрчлөн багасган тайрч, нийт 4 тонн арматур буюу нийт 6,9 сая төгрөгийн хохирлыг манай талд учруулсан. Газар шорооны ажлыг дахин хийлгэж нэмэлтээр 2,5 сая төгрөгийн зардал гаргуулсан. Барилгын ажлыг 7 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ямар нэгэн ажлын ахиц гаргалгүйгээр цаг хугацааны алдагдал учруулснаар барилга угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу 2020 оны 11 сард дуусах боломжгүй болгосон. Мөн нэхэмжлэлд  “Номын сангийн хана нурсныг буцааж өрсөн ажлын хөлс нийт 792,000 төгрөг" гэсэн байна.

 Номын сан, Их монгол ресторан хоёрыг холбосон хүзүүвчний ус орох хэсгийг бетондож бэхэлж цутгасан гэх боловч гэрээний 5.14 дэх хэсэгт “Ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж, болон тээврийн хөлс гэх мэт/ гүйцэтгэгч бүрэн хариуцна гэж заасан тул дээрх зардлыг захиалагч тал төлөх нь үндэслэлгүй байна.

“Барилга руу 380 квт тог татсан ажлын хөлс 600,000 төгрөгийн шаардлагын тухайд бид Улаанбаатар хотын төв номын сангаас түр цахилгаан аваагүй бөгөөд өнөөдрийг хүртэл барилгын хэрэглээний цахилгаанаа бид өөрийн бие даасан хэлбэрээр буюу “цахилгаан мотор” ашиглан гүйцэтгэж байна. Харин барилгын хийц, бэлдэцийн ажил нь тусдаа газар, хуучнаар “Шаацан ваар”-ны үйлдвэрийн барилгын хашаанд явагдаж байгаа. Хариуцагч “Х”ХХК-ийн анх татсан гэх цахилгааны утас нь стандартын түвшинд хүрэхгүй, хэт нарийн утсаар цахилгааны холболт хийсэн гэдэг үндэслэлээр Улаанбаатар хотын төв номын сан бидэнд түр цахилгаан өгөхөөс татгалзсан. Мөн Улаанбаатар хотын төв номын сангийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний №01/133 тоот албан бичгээр манай барилгыг цахилгаан хэрэглээгүй болохыг дурдсан байдаг.

Хариуцагч “Х” ХХК нь нийт 16,058,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж нэхэмжилсэн нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдохгүй байна.

Мөн сөрөг нэхэмжлэлд барилга угсралтын ажлыг явуулахад ашиглагдах хэв хашмалыг бидэнд буцаан өгөөгүйгээс  түрээсийн төлбөрт 10,336,800 төгрөгийн төгрөгийн зардлыг гаргуулах тухай шаардлагын тухайд хариуцагч нь  хэв хашмал болох пум, сапудаа үлдээгээд явсан бөгөөд одоогоор огт хэрэглэгдээгүй, барилга баригдаж буй хашаанд байгаа бөгөөд энэ тухайгаа хариуцагч Б.Бд нэхэмжлэгч “Х”ХХК захирал Б.Г нь авах талаар  нэг ч шаардлага гаргаж байгаагүй, буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. 

Иймд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Б.Г-ийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлыг гүйцэтгэсэн төлбөрт 6,538,000 төгрөг, хохирол 10,336,800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь “Х” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилан өгсөн 10,000,000 төгрөг, учирсан хохирол 16,100,000 төгрөг, нийт 26,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин нэхэмжлэгчээс илүү гүйцэтгэсэн ажлын хөлс 6,538,000 төгрөг, хохирол 10,336,800 төгрөг, нийт 16,874,800 төгрөг, барилгын ажилд хэргэлэж байсан бараа, материалыг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Талууд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр АГ2020/05-01 дугаартай “Хөгжмийн сургалтын төвийн барилга угсралтын  ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулсан, гэрээг цуцласан, хариуцагч тал гэрээний урьдчилгаанд 10,000,000 төгрөг авсан, нэхэмжлэгчийн эзэмшилд хариуцагчийн барилгын ажил гүйцэтгэхэд хэрэглэж байсан бараа, материал үлдсэн /хэв хашмал, булан, сапуд/ тухайд маргаагүй.  

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагч компани ажлаа хаяж явсан, гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй тул гэрээг цуцлаж, уг ажлыг дахин өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэж тайлбарласан.

 Талууд АГ2020/05-01 дугаартай гэрээгээр барилгын ажлын нийт өртөг 140,000,000 төгрөг байх, гүйцэтгэгч нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хөгжмийн сургалтын төвийн барилгын угсралтын ажил эхлэх, дуусахад шаардагдах бэлтгэл ба цэвэрлэгээний ажлын хамт гэрээнд хавсрагдсан барилгын ажлыг заасан хугацаанд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн  343.1, 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заажээ.

Хуулийн зохицуулалт, тэдний байгуулсан гэрээний агуулгаас дүгнэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээг талууд цуцласан байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндсэлэл, гэрээг цуцласнаас талуудад үүссэн хохирлыг нөгөө талаас шаардах эрхийн талаар зохицуулсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан эсэх, хариуцагч хэдэн төгрөгөөр үнэлэгдэх ажил гүйцэтгэсэн эсэх, өөр этгээдээр гүйцэтгүүлсэн ажлын хэмжээ, үнэ зэрэг  учирсан хохирлоо тодорхойлсон баримтыг гаргаж өгөөгүй тул хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Нэхэмжлэгчийн шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн гэрээ, авторын хяналтын  архитектор төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зураг, зохиогчийн хяналт хийх гэрээ зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа боловч нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тодорхойлохгүй, нотлохгүй байна.  /хх-ийн 13, 17, 101-107/

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр алдангийн талаар тохиролцоогүй байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7 дахь хэсгүүдэд анзын гэрээг бичгээр хийх, үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй байхаар зохицуулсан.

Нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт төлсөн урьдчилгаа 10,000,000 төгрөг, мөн гэрээний 4.6-д зааснаар хариуцлага тооцож гэрээний нийт үнийн дүн 0.5 хувиар ажил тасалдуулсан хоног бүрт алданги тооцуулж 16,100,000 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 26,100,000 төгрөгийг “Х”ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 16,538,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа, материал /хэв хашмал, сапуд, булан/ бусдаас түрээсэлсний төлбөр 10,336,800 төгрөг болсон гэрээ цуцлагдсан тул урьдчилан авсан 10,000,000 төгрөгийг хасч тооцон хохиролд 16,874,800 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй маргаж байна.

Харин нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас барилгын ажилд хэрэглэж байсан бараа, материал /хэв хашмал, сапуд, булан/ гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэдэн ширхэг, ямар эд зүйл байгаа талаар хариуцагчийн гаргасан тоо хэмжээтэй маргахгүй байгаа болно.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор иргэн Ж.Д-тэй 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан АГ2020/07-01 тоот ажил гүйцэтгэх гэрээ, “С” ХХК, “Х” ХХК-тай бйгуулсан барилгын материал түрээслэх гэрээ, авлаг өглөгийн тооцоо, хүлээн авсан бараа материалын тооцоо зэрэг баримтууд гаргаж өгсөн.  /хх-ийн 80, 85, 88/

Дурдсан баримтаас үзэхэд  барилгын ажилд хэрэглэх шаардлагатай бараа, туслах материалыг түрээслэн авсан боловч, түрээсийн төлбөр төлсөн эсэх, түрээслэсэн туслах материал нь нэхэмжлэгчийн барилгад ашиглахаар түрээслэж авсан гэдгийг нотлохгүй бөгөөд хариуцагч “Х”ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь барилгын засвар болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-ийн 31/

Хариуцагч компани иргэн Ж.Д-г туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан, туслан гүйцэтгэгчид 16,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа ч энэхүү төлбөр зөвхөн нэхэмжлэгч Б.Б-гийн хөгжмийн сургалтын төвийн барилга  дээр ажилласан ажлын хөлс гэж үзэх боломжгүй юм.

Учир нь хариуцагч байгууллага нь Ж.Д-тэй байнга хамтран ажилладаг, мөн гэрээ цуцлагдсан хойно буюу 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Э.М-ийн Хаан банк дахь 5009626545 тоот данснаас 5071204744 тоот дансанд 15,000,000 төгрөгийг цалин гэсэн агуулгаар шилжүүлсэн, хариуцагч компани нийт 16,058,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэснээс дүгнэхэд хариуцагч компанийн гүйцэтгэсэн бүх ажлыг Ж.Д өөрийн бригадын хамт гүйцэтгэсэн байх үндэслэлгүй байна.

Талуудын тайлбараас үзэхэд хариуцагч “Х” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны  7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хөгжмийн сургалтын төвийн барилга дээр ажилласан боловч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгч хүлээн аваагүй, хариуцагч хэдэн төгрөгөөр үнэлэгдэх  ажил гүйцэтгэсэн нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн  355.6 дахь хэсэгт ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид хохирол учирсан гэх үндэслэлгүй байна.

Иймд илүү ажил гүйцэтгэсэн хөлс 6,538,000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх, энэхүү эрх нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахаар заасан байх бөгөөд хариуцагч  “Х”ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу хөгжмийн сургалтын төвийн барилгын ажил гүйцэтгэхээр барилгын тайлбайд авч ирсэн хэв хашмал, булан, сапуд зэрэг барилгын туслах материалуудыг нэхэмжлэгч буцаан өгөхөөр зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа барилгын туслах матералууд нь 10х10 хэмжээтэй булан 8 ширхэг, 2х4 хэмжээтэй булан 24 ширхэг, 45х120 хэмжээтэй хэв 4 ширхэг, 50х120 хэмжээтэй хэв 20 ширхэг, 60х120 хэмжээтэй хэв 170 ширхэг, 100х200 хэмжээтэй дотор булан 11 ширхэг, гадар булан 4 ширхэг, 500х1200 хэмжээтэй хэв 64 ширхэг, Ү-2 сапуд 11 ширхэг, Ү-4 сапуд 1 ширхэг, 200х1200 хэмжээтэй хэв 8 ширхэг, 300х1200 хэмжээтэй хэв 30 ширхэг, 400х1200 хэмжээтэй хэв 80 ширхэг, турба 30 ширхэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

                                    ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 26,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч Б.Б-гээс 16,874,800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа 10х10 хэмжээтэй булан 8 ширхэг, 2х4 хэмжээтэй булан 24 ширхэг, 45х120 хэмжээтэй хэв 4 ширхэг, 50х120 хэмжээтэй хэв 20 ширхэг, 60х120 хэмжээтэй хэв 170 ширхэг, 100х200 хэмжээтэй дотор булан 11 ширхэг, гадар булан 4 ширхэг, 500х1200 хэмжээтэй хэв 64 ширхэг, Ү-2 сапуд 11 ширхэг, Ү-4 сапуд 1 ширхэг, 200х1200 хэмжээтэй хэв 8 ширхэг, 300х1200 хэмжээтэй хэв 30 ширхэг, 400х1200 хэмжээтэй хэв 80 ширхэг, 30 ширхэг турбаг хариуцагч “Х” ХХК-д буцаан өгөхийг нэхэмжлэгч Б.Бд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,450 төгрөг, хариуцагчийн төлсөн 242,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАТСҮХ