Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00243

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00243

 

Б.Бгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2020/03363 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Бгийн хариуцагч “Х.Ц.К” ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж хохиролд 26 100 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 16 874 800 төгрөг болон түрээсийн гэрээгээр авсан бараа материал гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Х.Ц.К” ХХК-тай “Эгшиглэн Классикал Мюзик” ХХК-ийн барилгын төслийг гүйцэтгэж, 140 000 000 төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2020 оны 7 сарын 05-ны өдрөөс ажлаа эхлүүлсэн боловч “Х.Ц.К” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж барилгын талбайн бүхий л дүрэм журмыг ноцтой зөрчиж, алдаа гаргаж, эцэстээ барилгын талбайг хүний амь нас эрсдэж болохуйц аюултай байдалд орхин, гэрээний үүргээсээ зугтан ажлаа хаяж явсан. Барилгын суурийн ажлыг хийхдээ мэргэжлийн инженергүй ажиллаж зургийн дагуу 4.5 метр байх ёстой суурийн гүний хэмжээг 1 метрийн  өндөржилтийн алдаа гаргаж 3.5 метр гүнтэй хийсэн. Суурийн арматурыг хийхдээ сэнстэй далий хийснээс гадна зүүн урд талын суурийн гол баганыг 10 см-ийн хэмийн алдаатай хийснийг мөн адил зургийн автор болон захиалагч талын хяналтын инженер тогтоон ажлыг засах даалгавар өгч тэмдэглэгээ хийж, тухайн ажлыг түр зогсоох болсон. Мөн тухайн гүйцэтгэгч компанийн алдаатай, стандартын дагуу бус хийсэн ажлаас болж газар шорооны ажлыг дахин шинээр хийх, арматурын бэлдэцийг талбайгаас зөөж гаргах, суурийн гол арматуруудыг дахин шинээр худалдан авч, шинээр хийх гээд санхүүгийн хувьд асар их эрсдэл, цаг хугацааны алдагдалд орсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иймд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Х.Ц.К” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн урьдчилгаа 10 000 000 төгрөг, мөн гэрээний 4.6-д зааснаар хариуцлага тооцож гэрээний нийт үнийн дүн 0.5 хувиар ажил тасалдуулсан хоног бүрт алданги тооцуулж 16 100 000 төгрөгийн нөхөн төлбөр нийт 26 100 000 төгрөгийг “Х.Ц.К” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х.Ц.К” ХХК-ийн захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Ц.К” ХХК нь 2020 оны 5 сарын 01-ний өдөр иргэн Б.Бтэй Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд Хөгжмийн сургалтын төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр АГ2020/05-01 дугаартай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т зааснаар захиалагч буюу Б.Б нь манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхэд шаардагдах ажлын зураг, баримт бичиг, бусад мэдээллийг өгөх үүрэгтэй. Гэтэл барилгын зургийг авч Хөгжмийн сургалтын төвийн барилга барих газар дээр хэмжээ цэгийг тавиулж барилгын газрыг ухаж эхлэхэд барилгын зураг нь барилга барих газар дээр багтахгүй, барилгын ажлыг үргэлжлүүлэхэд тухайн барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулах, аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл үүссэн тул энэ байдлыг захиалагч Б.Бд удаа дараа хэлж анхааруулж, газар дээр танилцуулж байсан. Б.Б  нь  дээрх байдлыг үл тоож та нар гэрээний дагуу барилгын ажлыг цааш нь үргэлжлүүл, би гарах бүх эрсдэлийг хариуцна гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу ажлыг үргэлжлүүлж суурийн нүхийг ухах явцад хажуу талын барилгын суурийн дам нуруу нурж унасан юм. Барилгын суурийн ажлыг зургийн дагуу мэргэжлийн инженерийн хяналт доор ухаж эхэлсэн бөгөөд зургийн автортой ярилцан түүний зөвшөөрлөөр 4,5 м хэмжээтэй ухах ёстой байсныг 3,5 м ухаж үндсэн хөрсөнд хүргээд суурийг хийхээр болсон. Зургийн дагуу 4,5 м ухсан тохиолдолд зэргэлдээ 2 барилгын суурь нурах байсан тул улсын болон хувийн байгууллагын эд хөрөнгөд хохирол учирч, хүний амь насанд аюултай байсан энэ байдлыг манай инженер техникийн ажилтнууд олж харж оновчтой шийдвэр гаргаж ажлыг явуулж байсан бөгөөд уг барилгын арматурыг ямар ч буруу тайрсан зүйл байхгүй. Бетон захиалгыг манай компани захиалга өгөөгүй, захиалагч Б.Б маш хурдан бетоноо авмаар байна тэгэхгүй бол хажуу барилгын суурь нурсныг хүмүүс мэдэх юм бол манай барилга зогсож асуудал үүснэ гэж манай ажлыг шахаж байсан манай компани батлагдсан зургийн дагуу боломжгүй хэмээн ажлаа зогсоосон. Барилгын ажил 2020 оны 7 сарын 05-ны өдөр эхлэж түр хашааг манай компанийн ажилтнууд барьж 2020 оны 7 сарын 10-ны өдөр дуусч, 2020 оны 7 сарын 17-ны өдрөөс ажил эхэлж 27-ны өдөр ажлаа зогсоосон гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад зэргэлдээ барилгын суурь нь тулж, уг барилга зургийн дагуу сууриндаа багтахаа больж, зэргэлдээ барилга болох “Их Монгол” рестораны барилгын сууринд ан, цав үүсгэж, ус алдах, нэвчсэн, Улаанбаатар хотын нийтийн номын сангийн барилгын суурийн блок нурж унасан зэрэг хохирол учраад байгаа талаар албан бичиг ирсэн. Үүний дагуу Б.Б ирж барилга угсралтын ажилтай танилцаад цааш үргэлжлүүлээд хий, маш хурдтай ажиллаад сууриа ухаад дуусгачих, хажууд барилга хэл ам хийгээд байна, бүх хариуцлагыг би өөрөө хүлээнэ гэж хэлсэн. Бид ажлаа цааш үргэлжлүүлж байтал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, захиалагч талыг тус газарт барилга барих, зураг төсөл байгаа эсэхийг шалгах шаардлагатай тул эдгээр бичиг баримтуудыг авч ирсэний дараа барилга угсралтын ажлыг дахин эхлэхийг сануулсан. Мөн ажил гүйцэтгэх явцад зэргэлдээ барилгын суурийн сул шороо нураад ажиллаж болохгүй байсан. Үүнтэй холбоотой нэмэлт зардлыг шаардахад шийдвэрлэж өгөхгүй хугацаа алдсан. Захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас уг барилга угсралтын ажил зогссон. Ингээд манай компанид дараах зардал гарч, хохирол учирсан байна. Барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгч бригадыг авч ажиллуулсан. Ажиллуулсны хөлс болон худалдаж авсан туслах материалуудад нийт 16 538 000 төгрөг төлсөн. Үүнээс захиалагчийн урьдчилгаанд төлбөр болох 10 000 000 төгрөгийг хасч тооцоод үлдэх 6 538 000 төгрөг, Барилга угсралтын ажлыг явуулахад ашиглагдах хэв хашмалыг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “Хэв хашмал” ХХК, “Стандарт форм” ХХК-иас түрээслэн авсан. Түрээслэн авсан нийт бараа материалыг одоог хүртэл нэхэмжлэгч тал надад хүлээлгэн өгөөгүй, ашиглаж байгаа. Манай компани уг материалыг бусдад ашиглуулсны түрээсийн төлбөрт орсон байгаа. Энэ зардал нийт 10 336 800 төгрөг болсон. Дээрх материалуудыг нэхэмжлэгчээс гаргуулан авч түрээслүүлэгч талд яаралтай өгөх шаардлагатай байна. Одоо манай компани тус ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлыг гүйцэтгэхэд илүү төлсөн хөлс болох 6 538 000 төгрөг, түрээсийн гэрээний төлбөрт 10 336 800 төгрөг нийт 16 874 800 төгрөг, мөн түрээсийн гэрээгээр авсан бараа материал болох булан, хэв, сапуд, гадар, дотор зэргийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай барилгын үйл ажиллагаа нь Улаанбаатар хотын төв номын сангийн барилгаас зайтай хол баригдаж байгаа бөгөөд үүнийг зургаар харуулсан. Нэгэнт баригдаж буй барилга нь өөрөө УБ хотын төв номын сангийн барилгаас зайтай баригдаж байхад барилгын суурь номын сангийн барилгад сөргөөр нөлөөлөх ямар ч боломжгүй. Уг барилга нь 2018 оны 9 сарын 18-ны өдрийн дугаар МЗХ2018/22-04 дугаартай Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарын баталсан “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын дагуу тэнхлэгээрээ 12,5х 12,0 м хэмжээндээ багтаж барилгын үйл ажиллагаа одоо хэвийн явагдаж байгаа. Барилгын тэг тэнхлэгийн акт нь бусад барилгын тэг тэнхлэгтэй болон инженерийн шугам сүлжээтэй давхцахгүй байдлыг нь хянасны үндсэн дээр хотын мэдээллийн санд оруулдаг. Мөн манайд Мэргэжлийн хяналтын газраас нэг ч сануулга, анхааруулга ирж байгаагүй бөгөөд үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байгаагүй. Их Монгол рестораны зоорийн давхрын хүзүүвч хэсгийн сууриасаа наашаа илүү 3.5 м гарсан нь усны хаялага хэсэг. Энэхүү хэсгийг хөндөж болохгүй гэж манай зүгээс “Х.Ц.К” ХХК-ийн захирал Б.Галбаатарт сануулж хэлж байсан бөгөөд тэрээр бидний шаардлагыг үл оошоон хаялагийг хөндсөн байсан. Хаялгийг хөндөх ямар ч шаардлагагүй байсан. Ийнхүү өөрийнхөө буруутай үйлдлээс болж хөндсөн хэсгээ буцаан цементээр бүрж хэвийн байдалд оруулсан. Гэтэл гүйцэтгэгч “Х.Ц.К” ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж туслан гүйцэтгэгч ажиллуулсан ба түүний өмнө хүлээх үүргийг Б.Б хариуцахгүй. Бид “Гагнуур сервис” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу өөрсдийн материалаар барилгын хашааг хийж гүйцэтгүүлсэн. Харин хариуцагч “Х.Ц.К” ХХК нь бэлэн болсон хашааг гэрээнд заасан гүйцэтгэгчийн үүргийнхээ дагуу суурилуулах ажлыг хийсэн. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөний улмаас талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалсан ба түүнээс болж гүйцэтгэгчид учирсан хохирлыг захиалагч хариуцахгүй. Хариуцагч “Хана цохио констакшн” ХХК нь нийт 16,058,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж нэхэмжилсэн нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдохгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлд барилга угсралтын ажлыг явуулахад ашиглагдах хэв хашмалыг бидэнд буцаан өгөөгүйгээс  түрээсийн төлбөрт 10 336 800 төгрөгийн төгрөгийн зардлыг гаргуулах тухай шаардлагын тухайд хариуцагч нь  хэв хашмал болох пум, сапудаа үлдээгээд явсан бөгөөд одоогоор огт хэрэглэгдээгүй, барилга баригдаж буй хашаанд байгаа бөгөөд энэ тухайгаа хариуцагч Б.Бд нэхэмжлэгч “Х.Ц.К” ХХК захирал Б.Галбаатар нь авах талаар  нэг ч шаардлага гаргаж байгаагүй, буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэгч “Х.Ц.К” ХХК-ийн захирал Б.Галбаатарын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлыг гүйцэтгэсэн төлбөрт 6,538,000 төгрөг, хохирол 10,336,800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х.Ц.К” ХХК-иас 26,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч Б.Бгээс 16,874,800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа 10х10 хэмжээтэй булан 8 ширхэг, 2х4 хэмжээтэй булан 24 ширхэг, 45х120 хэмжээтэй хэв 4 ширхэг, 50х120 хэмжээтэй хэв 20 ширхэг, 60х120 хэмжээтэй хэв 170 ширхэг, 100х200 хэмжээтэй дотор булан 11 ширхэг, гадар булан 4 ширхэг, 500х1200 хэмжээтэй хэв 64 ширхэг, Ү-2 сапуд 11 ширхэг, Ү-4 сапуд 1 ширхэг, 200х1200 хэмжээтэй хэв 8 ширхэг, 300х1200 хэмжээтэй хэв 30 ширхэг, 400х1200 хэмжээтэй хэв 80 ширхэг, 30 ширхэг турбаг хариуцагч “Х.Ц.К” ХХК-д буцаан өгөхийг нэхэмжлэгч Б.Бд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,450 төгрөг, хариуцагчийн төлсөн 242,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад” гэсэн боловч үндэслэх хэсэгтээ нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаагүй буюу тэмдэглэлд дурдаагүй байна. Гэрч Л.Баярт нь нэхэмжлэгч талаас барилгын ажилд хяналт тавьж алдаа дутагдлыг илрүүлэн ажиллаж байсан. Гэрчийн мэдүүлгийг авах талаар хуульд заасан журмыг шүүх баримтлаагүй буюу зөрчсөн бол тухайн гэрчийн мэдүүлэг нотлох чадвараа алдах ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Б нь “Долт Интернэшнл” ХХК-тай гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлж байгаа бөгөөд барилгын ажилд шаардлагатай бараа материалыг “Улаанбаатар менежмент” ХХК-аас /42,834.940 төгрөг/ авсан санхүүгийн баримтыг шүүхэд өгсөн боловч шүүх үүнийг үнэлээгүй байна. Гэрээний харилцааг бичгийн бусад баримтаар нотлож болно. Иймд дээрх санхүүгийн баримтыг шүүх үнэлээгүй байна. Шүүх дээрх баримтуудаар доголдолтой гэдгийг нотолсон боловч үүнийг зөвхөн нэхэмжлэгчид учирсан гэм хор гэж үзсэн. Шүүх ажлын доголдлыг тогтоосон атлаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааруулаагүй. Иймд доголдолтой бүтээгдэхүүнийг ажлын гүйцэтгэл гэж үзэхгүй. Захиалагч ажлын үр дүнг хүлээн аваагүй бөгөөд ажил гүйцэтгэгч ажлыг доголдолтой хийж гүйцэтгэсэн. Иймд иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас урьдчилгаа төлбөр болох 10 сая төгрөгийг шаардах эрхтэй байна. Гэрээний нэг талын гэм буруутай үйлдээс болж харилцан итгэлцэл үгүй болсон бөгөөд гэрээний зорилго биелэх бараг боломжгүй болсон тохиолдолд нөгөө талаас гэрээгээ баримтлахыг шаардах нь илт хохиролтой байхаар бол үүнийг ноцтой зөрчил гэж үздэг. Иймд нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалж, учирсан хохиролоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна. Хариуцагч нь шүүх хуралд сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийнхээ шаардлагад дээрх тоо баримтаар бараа материалыг гаргуулахыг шаардаагүй байхад шүүх дээрх бараа материалыг нэхэмжлэгчээс гаргуулахыг шаардаж байгаа нь хууль бус байна. Мөн дээрх бараа материалыг хариуцагч компани нь барилгын суурийн ажлыг хийхдээ ашигласан бөгөөд өөрийн буруутай үйлдлийн улмаас буруу тайрч, бараа материалын дутагдал гаргасан. Иймд дээрх тоо баримтаар гаргаж өгөх боломжгүй. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч “Хана Цохио” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд талууд ажлын үр дүнгийн чанар, байдлын талаар тодорхой тохиролцож заагаагүй байна. Түүнчлэн, маргааны зүйл болох дутуу орхисон барилгын суурийг уг байдлаар цааш үргэлжлүүлэн барих боломжгүй буюу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой болох нь гэрч Л.Баяртын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдсон. Иймд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэгтэй тул ажлын хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б хариуцагч “Хана Цохио” ХХК-иас шаардах эрхтэй. Иймд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг болон түүний хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Х.Ц.К” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хохиролд урьдчилан өгсөн 10 000 000 төгрөг, алданги 16 100 000 төгрөг, нийт 26 100 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 16 874 800 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... хариуцагч компани ажлаа хаяж явсан, гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй тул гэрээг цуцлаж, уг ажлыг дахин өөр этгээдээр гүйцэтгүүлсэн ...” гэж, хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ “... гэрээний дагуу 16 538 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа, материал бусдаас түрээсэлсний төлбөр 10 336 800 төгрөгийн зардал  гарсан ...” гэж тус тус тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Талууд ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нөхцөл байдал болон гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбоотой ажлын үр дүн буюу гүйцэтгэсэн ажлын хэмжээ, уг ажлыг бусдаар дахин гүйцэтгүүлсний улмаас гарсан зардлын талаар маргажээ. 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт “захиалагч ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусахаас өмнө хэдийд ч цуцлах эрхтэй” гэж, мөн  352 дугаар зүйлийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй” гэж тус тус заасан.

Хэрэгт талуудын хооронд цахим шуудангаар харилцсан захидал, фото зураг зэрэг  баримт авагдсан./хх7-10/ Нэхэмжлэгч шаардлагатай бол шүүхийн зүгээс үзлэг хийж бодитойгоор шалгуулах боломжтой талаар тайлбарласан байна. Хэдийгээр эдгээр нь бичгийн баримт биш боловч цахим эх сурвалжид агуулагдаж буй мэдээлэлд анхан шатны шүүхээс үзлэг хийх замаар доторх агуулгыг тодруулах нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбоотой нэхэмжлэгч, ажил гүйцэтгэгч нарын тайлбар үндэслэлтэй эсэх, талуудын маргааны зүйл болж буй гэрээ цуцлах болсон шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээ зэргийг тогтооход хамааралтай, ач холбогдолтой баримт байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулах талаар зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй нь буруу байна.

Түүнчлэн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянаж шийдэрлэх ажиллагааны явцад эсрэг талын шаардлага, тайлбар, түүнийг нотлох баримттай танилцах, тайлбар өгөх эрхтэй.

Хэргийн 123 дугаар талд авагдсан баримтаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох эд зүйлсийг нэг бүрчлэн тоочин тодруулсан байхад нэхэмжлэгчид танилцуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн тодруулсан нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулаагүй, үүнтэй нэхэмжлэгчийг танилцуулж, хангалттай мэтгэлцүүлсэн гэж үзэхгүй юм.    

Нөгөө талаар хариуцагч өөрийн эд зүйлсийг /түрээсийн/ нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардсантай холбоотойгоор тухайн эд зүйлс нь нэхэмжлэгчийн эзэмшилд бодитой байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай байжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй.

Иймд, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлт хангагдаагүй, маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2020/03363 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 450 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                       ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

                                                                                       Б.НАРМАНДАХ