Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2019/0832/З |
Дугаар | 128/ШШ2020/0239 |
Огноо | 2020-04-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2020/0239
2020 оны 04 сарын 09 өдөр Дугаар 128/ШШ2020/0239 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А
Хариуцагч: Нийслэлийн мал эмнэлгийн газар
Гуравдагч этгээд: П.Д /
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах,
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З , хариуцагчийн төлөөлөгч А.Н хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г , түүний өмгөөлөгч Т.Д , гуравдагч этгээд П.Д нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б овогтой А миний бие 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б/18 дугаар тушаалаар Нийслэлийн мал эмнэлгийн газарт бичиг хэргийн эрхлэгч, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэнгээр Хөдөлмөрийн гэрээгээр анх ажилд орж, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Хүний нөөц, мэдээллийн технологийн ажилтан зэрэг ажлуудыг хийж байсан.
Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2018 оны А./35 дугаар тушаалаар зохион байгуулалт, бүтэц, орон тооны хязгаар ажлын байрны жагсаалт шинэчлэн батлагдаж миний бие 2018 онд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн байсан тул Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан.
Гэтэл Нийслэлийн малын эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалаар П н Д ын хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан гэх үндэслэлээр Б.А намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.
Архив, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрууд нь ажлын байрны тодорхойлолт болон гүйцэтгэх ажил, чиг үүргээрээ өөр хоорондоо ялгаатай тул П.Д ын өмнө эрхэлж байсан ажил албан тушаал гэж үзэх үндэслэлгүй.
Иймд Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б.А гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн мал эмнэлгийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийслэлийн мал эмнэлгийн газрын архив, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн П.Д 2017 оны 04 дүгээр сард ээлжийн амралтаа авч, улмаар үргэлжлүүлэн жирэмсний болон амаржсаны амралтаа авсан.
Түүний албан тушаалд тухайн үед Нийслэлийн мал эмнэлгийн газарт бичиг хэрэг, мэдээллийн технологийн ажилтнаар түр томилогдон ажиллаж байсан Б.А г хүсэлтийнх нь дагуу орлуулан томилсон.
2018 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/174 дугаар тушаалаар тус байгууллагын бүтцэд өөрчлөлт орж, ажлын байрны нэрийг нь тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэж томьёолсон.
Тус тушаалтай уялдуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2018 оны 12 сарын 28-ны өдрийн Б/143 дугаар Б.А г ажилд түр томилох тухай тушаалаар тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр түр томилж ажиллуулж байсан.
Тус албан тушаалыг өмнө эрхэлж байгаад амаржсаны амралтаа эдэлж байсан П.Д ажилд орох хүсэлтээ гаргасан тул Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн.
Б.А нь тухайн албанд зарлагдсан сонгон шалгаруулалтад тэнцэж томилогдон тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч биш бөгөөд харин Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан тул түүнд төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа шууд хамаарахгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д "жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэж заасны дагуу ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байсан албан хаагч ажилдаа орохоор болсон тул түр орлон гүйцэтгэгчийг Төрийн албаны тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1.6 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан үндэслэлээр чөлөөлсөн.
Иймд тус тушаал холбогдох хууль тогтоомжид нийцэж гарсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд П.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...1993 оны 09 дүгээр сараас Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байгаад 1995 оны 09 дүгээр сараас Нийслэлийн мал эмнэлгийн газарт Архив, бичиг хэргийн эрхлэгч, 2005 оноос архив, бичиг хэргийн эрхлэгч, тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2012 оноос Хүний нөөц, дотоод ажил, архив хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.
Хүний нөөц, дотоод ажил, архив хариуцсан мэргэжилтний ажлын байр нь манай байгууллагын бүтэц, зохион байгуулалтад байсан, нэрийн хувьд өөрчлөгдсөөр байсан албан тушаал юм.
Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаал дээр жишээлбэл 2006 оноос Ё.М , 2009 оноос С.Г зэрэг малын эмч нар ажиллаж байсан юм.
2012 оны 03 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх /Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт хийх тухай / зорилгоор Нийслэлийн мал эмнэлгийн газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтэс байгуулагдаж, даргаар нь тухайд үед дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С.Г томилогдон ажилласантай холбогдуулан хүний нөөц, дотоод ажил, архив хариуцсан мэргэжилтэн хэмээн уг ажлын байрны нэрийг өөрчилж, намайг томилсон.
Архивын ажлын байрны хувьд тухайн үед тус байгууллагад архивын ажлыг хариуцан ажиллах мэргэшсэн боловсон хүчин байгаагүй болно.
Дотоод ажил гэх нэрийн хувьд ажлын байрны хийж гүйцэтгэх ажил нь одоогоор тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажил үүрэгтэй ижил, нэрийн хувьд л өөрчлөгдсөн. хүний нөөц, архивын ажлын байр тусдаа салсан байна.
2017 оны 04 дүгээр сард ээлжийн амралтаа авч, үргэлжлүүлэн жирэмсний амралтаа эдлэх болсонтой холбогдуулан хүний нөөц, дотоод ажил, архив хариуцсан мэргэжилтэн буюу миний оронд хэнийг томилох вэ гэсэн асуудал яригдаж эхэлсэн.
Тухайн үед Б.А бичиг хэрэг, мэдээллийн технологи хариуцсан ажилтнаар ажиллаж байсан бөгөөд бид 2 нэг өрөөнд суудаг байсан, та намайг өөрийнхөө оронд томилуулчих л даа, Н даргад хэлээд өгчихөөч, цалин мөнгөний хувьд ч ахиу юм гэж удаа дараа надаас гуйдаг байсан.
Нээрээ ч миний хажууд суугаад миний хийдэг ажлуудыг гадарладаг болсон байх гэсэн бодлоор Н дарга болон Захиргааны албаны дарга нарт санал болгож, /итгэсний үндсэн дээр/ хүний нөөц, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээр Б.А г 2017 оны 04 дүгээр сараас томилж, бичиг хэрэг, архивын ажилтны ажлын байранд өөр хүн томилсон.
Миний бие 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа буцаж орох тухай өмнө нь Б.А тай хэд хэдэн удаа уулзахдаа ч хэлсэн, 2 ч удаа өргөдөл өгсөн. Гэтэл тухайн үед манай байгууллагын даргаар ажиллаж байсан М.А , хүний нөөцийн мэргэжилтэн Б.А нар таны орон тоо тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, эрх зүйч, хүний нөөцийн мэргэжилтэн, архив, бичиг хэргийн ажилтан гэж 3 салсан, та төрийн албаны шалгалт өгөөгүй, бас одоогоор орон тоо байхгүй байгаа тул түр хүлээж бай гээд удаа дараа хойшлуулсан.
Жич: Б.А гийн хувьд манай байгууллагаас зарласан тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байран дээр төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, түр тушаалаар томилогдсон ажилтан байсан.
Миний хувьд өмнө ажиллаж байсан ажлын байр Төрийн үйлчилгээний албан тушаал байсан бөгөөд хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/174 дүгээр тушаалаар Төрийн захиргааны албан тушаал болсон тул төрийн албаны шалгалт өгөөгүй байсан болно.
Миний бие энэ асуудлын талаар Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хандсан, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ үү гэсэн хариу өгсөн байдаг.
Гэхдээ миний бие 2019 оны 03 дугаар сард ажилдаа эргэж орж чадаагүй бөгөөд 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд тань эргүүлэн авна гэсэн хариу хэлсэн тул хүлээж байгаад 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа буцаж томилогдсон.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд Нийслэлийн мал эмнэлгийн газарт холбогдуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаад П.Д ыг эргэж ажилдаа орсонтой маргаагүй, харин миний эрхэлж байсан Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, намайг ажлаас чөлөөлсөнтэй маргаж байгаа гэсэн боловч П.Д ыг тухайн албан тушаалд томилсон Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/105 дугаар П.Д ыг тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилох тухай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гэвч шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулах, П.Д ын эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй үндэслэлээр түүнийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, тайлбар мэдүүлгийг авсан болно.
Анх нэхэмжлэгч Б.А г Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар бичиг хэргийн эрхлэгч, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр түр хугацаагаар ажиллуулсан байна.
Улмаар Архив, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн П.Д жирэмсний амралт авах болсонтой холбогдуулан тус газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/06 дугаар тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталсны дагуу П.Д ын орон тоон дээр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Б.А г хүний нөөц, мэдээллийн технологийн ажилтнаар томилон ТҮ-7-2 ангиллаар цалинжуулан ажиллуулжээ.
Үүний дараагаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны Б-174 дүгээр тушаалын дагуу тус газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/35 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар Б.А г албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр түр томилж, ТЗ-5-5 ангиллаар цалинжуулсан байна.
Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалаар П.Д ын хүүхдээ асрах чөлөөний хугацаа дуусч, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул Б.А г Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж, тус өдрийн Б/105 дугаар тушаалд П.Д ыг Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан ажилтнаар томилжээ.
Маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бүтэц, орон тооны жагсаалтаас харахад Архив-бичиг хэргийн ажилтан, Эрх зүй-хүний нөөцийн мэргэжилтэн, Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэж П.Д ын эрхэлж байсан Архив, хүний нөөц, дотоод ажил хариуцсан албан тушаалын байдал нь 3 төрлийн албан тушаалын чиг үүрэгт хуваагдсан нь тухайн байгууллагын чиг үүрэг, цар хүрээ улам тэлж, орон тоо нэмэгдсэнтэй холбоотой төдийгүй, 2018 оны Сайдын тушаалаар ТҮ ангилалд ажиллаж байсан албан хаагчдын албан тушаалын ангиллыг ТЗ болгон өөрчилсөн ба олон дахин бүтэц, орон тоо шинэчлэн баталсан төвөгтэй нөхцөл байдал үүссэнийг дурьдах нь зүйтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ...П.Д нь манай байгууллагад 1995 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа, манай байгууллагын дотоод зохион байгуулалт, тайлан, төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь, удирдах дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт гэх мэт жижиг байгууллагын бүх үйл ажиллагааг нарийн зохион байгуулж, ажиллаж ирсэн, манай цөөхөн хэдэн мэргэжилтнүүдийн нэг. Энэ хүнийг бид мэргэшил, дадлага туршлага, ажлын байрны тодорхойлолтын дагуу Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд буцаан томилсон. Харин Б.А гийн хувьд бол архив-бичиг хэргийн ажилтан, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд орохыг хүсвэл одоо ч ажлын шаардлагын дагуу хүмүүсийг түр томилсон байгаа, цаашдаа бүтэц орон тоо нэмэгдэхтэй холбоотой Мэдээллийн технологийн ажилтны орон тоо ч нэмж батлагдана. Гэхдээ эдгээр албан тушаалд орох хүсэлтээ гаргаагүй гэх тайлбарыг ирүүлснийг шүүх хүлээн авах үндэслэлтэй ба хэрэгт цугларсан П.Д ын боловсролын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, түүнийг ажилд томилсон тушаалууд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-174 дүгээр тушаалаар тус газрын зарим албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийг Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болгон өөрчилсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Б.А г тус газрын даргын 2018 оны Б/143 дугаар тушаалаар төрийн захиргааны албан тушаалд түр томилсон учир захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд маргаж буй Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй болох нь тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль эрх зүйн боломжгүй болно.
Учир нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2018 оны А/35 дугаар тушаалаар баталсан тус байгууллагын бүтцээр Захиргаа, санхүүгийн хэлтэст Төрийн Захиргааны алба ангиллын 2 /эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтэн, Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн/, Төрийн үйлчилгээний алба ангилалд 8 /Ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, нярав, архив-бичиг хэргийн ажилтан, жолооч, сантехникч, үйлчлэгч, сахиул/ нийт 10 орон тоог баталсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэх заалтын дагуу түүний өмнө гүйцэтгэж байсан ажлын байрны нэг чиг үүргийг хадгалсан хүний нөөцийн мэргэжилтнийг хууль эрх зүйн чиг үүрэгтэй хамтатгаснаар эрх зүйч мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай болсон учир энэхүү албан тушаалд томилох боломжгүй, харин Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, нэхэмжлэгч Б.А г уг албан тушаалд түр томилсонтой холбогдуулж чөлөөлсөн хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.
Харин тус газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/01 дугаар тушаалаар мөн бүтэц, орон тоо, цалин шинэчлэн тогтоох тухай тушаалд зааснаар Хүний нөөцийн мэргэжилтэн, Бичиг хэрэг, архивын мэргэжилтэн гэх албан тушаалуудыг тусад нь баталсантай холбогдуулж хэрэв нэхэмжлэгч Б.А тухайн албан тушаалд томилогдох хүсэлтээ гаргасан тохиолдолд хуульд заасан шаардлагын дагуу хүсэлтийг шийдвэрлэх эрх нь хариуцагчид нээлттэй болохыг дурьдаж байна.
Мөн тус байгууллагаас зарим албан тушаалын ангиллыг Төрийн захиргааны алба болгон өөрчилсөнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлд захиалга өгч, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд нэхэмжлэгч тухайн албан тушаалд нэрээ дэвшүүлэх, өрсөлдөх хууль эрх зүйн боломж нээлттэй байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.3.4-д жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, ... тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.А гийн Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.3.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А гийн Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА