Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00094

 

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2018/00094

 

 

Л.Ц-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Д-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Т.Ганбат, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00486 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Л.Ц-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Д-д холбогдох,

Орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4.717.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-, хариуцагч Д.Д-, хариуцагчийн өмгөөлөгч О.С, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2.500.000 төгрөг зээлж авсан. Зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн **** тоот орон сууцныхаа гэрчилгээг барьцаанд өгсөн юм. Тухайн зээлж авсан мөнгийг миний ойрын хамаатны эгч П авсан бөгөөд зээлийг хугацаа хэтрүүлсэн хэдий ч бэлэн мөнгө болон УАЗ фургон автомашинаараа төлж барагдуулсан юм. Ингээд миний байрны гэрчилгээг П эгч авч өгнө гэж өнөөг хүргэсэн бөгөөд одоо надад тухайн бичиг баримт хэрэгтэй болж, П эгч Д-тэй уулзахад өрөндөө өгсөн автомашинаа буцааж ав, машин хадгалж байсны төлбөр гээд зөндөө мөнгө нэхээд тохиролцож чадахгүй, миний бичиг баримтыг өгөхгүй байгаа учраас би энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд миний нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж, миний өмчлөлийн орон сууцны гэрчилгээг Д.Д-гөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д- би 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Л.Ц-тай зээлийн гэрээ хийж, Л.Ц- нь өөрийн өмч болох 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, тэр үеийн 2 өрөө байрны үнэнд дүйцүүлэн 2.500.000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 0,2 хувийн алданги төлөхөөр тооцож зээлсэн. Үүнээс хойш Ц- Улаанбаатар яваад шилжин огт олдохгүй, өчнөөн жил алга болж зээлсэн мөнгөө огт төлөөгүй мөртлөө одоо надаас байрны гэрчилгээ нэхэж шүүхэд өгсөнд гомдолтой байна. Би өөрийн мөнгөөр хохирч, өдий олон жил явж байхад Ц- нь өөртөө огт хамаагүй пургоныг барьцаанд өгсөн гэж юу ярьж байгаан вэ тэр пургон нь М.П- нь тусдаа өөрөө 2004 оны 02 дугаар сарын 03-нд 4.000.000 төгрөгийг зээлсэндээ нөхөр Ганбаатарын пургоныг тавьсан. Үүнийг нотлох тээврийн хэрэгслийн гэрчилгээ, П-ын өөрийн гараар бичсэн баримтыг хавсарганаа. Энэ пургон нь Л.Ц-тай ямар ч хамаагүй болно. Би одоо Ц-аас өөрийн үндсэн мөнгө 2.500.000 төгрөг болон 3 сарын хүү 450.000 төгрөг, 3 сарын алданги 450.000 төгрөг бодож, нийт 3.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би өөрөө маш олон жил хохирч явсан учраас маш их гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Д.Д- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Д- нь 2003 оны 08 дугаар сарын 11-нд 2.500.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сар 9 хоногийн хугацаатай зээлсэн. Хугацаа хэтэрвэл алданги тооцохоор гэрээндээ тусгаж зээлийн гэрээгээр уг мөнгийг зээлсэн. Л.Ц- нь уг мөнгийг төлөөгүй тул үлдсэн зээлсэн 2.500.000 төгрөг, 2 сарын хүү 345.000 төгрөг, алданги 1.422.500 төгрөг нийт 4.267.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Л.Ц-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 450.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Учир нь бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2003 оны 11 дүгээр сарын 11-нээс 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар сунгаж байсан. Энэ талаар 2 тал гарын үсэг зурж бичгээр сунгалтыг хийсэн. Иймд 3 сарын хүү 450.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00486 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1,160.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ц-ын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,75 дугаар зүйлийн 75.2.1,82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан Д.Д-гийн 4,717,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 83.500 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- давж заалдсан гомдолдоо: Л.Ц- нь 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2.500.000 төгрөг зээлж авсан зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн **** тоот орон сууцныхаа гэрчилгээг барьцаанд өгсөн юм. Тухайн зээлж авсан мөнгийг Л.Ц-ын ойрын хамаатны эгч Павсан бөгөөд зээлийг хугацаа хэтрүүлсэн хэдий ч бэлэн мөнгө болон УАЗ Фургон автомашинаараа төлж барагдуулсан юм. Тэгээд тус байрны гэрчилгээг Павч өгнө гэж өнөөг хүргэсэн бөгөөд одоо Л.Ц-т тухайн бичиг баримт хэрэгтэй болж, ПД-тэй уулзахад өрөндөө өгсөн автомашинаа буцааж ав, машин хадгалж байсны төлбөр гээд зөндөө мөнгө нэхээд тохиролцож чадахгүй, орон сууцны бичиг баримтыг өгөхгүй байгаа учраас нэхэмжлэл гаргаж байна. Л.Ц-ын өмчлөлийн орон сууцны гэрчилгээг Д.Д-гөөс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан ба энэхүү нэхэмжлэлийг Сум дундын шүүх иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 486 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:

Хариуцагч Д.Д- нь нэхэмжлэлтэй танилцаад сөрөг нэхэмжлэл гаргахдаа тухайн орон сууцны гэрчилгээг барьцаалж зээл өгсөнөө дурьдаад зээлүүлсэн гэх мөнгөө хүүгийн хамт нэхэмжилсэн боловч шүүх сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгосон юм. Ингэж барьцаагаар дамжуулж эд хөрөнгө нэхэмжлэх эрх дуусгавар болсныг тогтоосон атлаа барьцааг барьцаанаас чөлөөлөх, барьцааны эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Барьцааны гэрээг нотлох баримтаар ирүүлээгүй гэж шүүхийн шийдвэрт заасан мөртлөө барьцааны гэрээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаагүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь барьцааны гэрээг үнэлээгүй хирнээ үүнийг хүчин төгөлдөр гэрээ мөн гэж таамаглалаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Энэ нэхэмжлэлийн утга нь Д.Д-д байгаа бичиг баримтаа түүнээс гаргуулах болохоос бус барьцааны гэрээг хүчин төгөлдөр, эсхүл хүчин төгөлдөр бусыг тооцуулахын аль нь ч биш юм, учир нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу эрхээ хэрэгжүүлэх боломжтой болохоо шүүхээр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэл юм. Барьцааны гэрээ нь эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах зорилгоор хийгддэг гэрээ ба зээлдүүлсэн гэх хөрөнгөө нэхэмжилсэн эрхийг хэрэгсээгүй атлаа эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж өмчлөлдөө байгаа эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх гэсэн нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгосон нь шүүхэд хандсан нэхэмжлэгчийн итгэлийг хөсөрдүүлсэн явдал боллоо.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Ц- 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр С.Б-т хариуцагч Д-д холбогдох иргэний хэрэгт 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосны үндсэн дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Баян-Өндөр сумын Зэст багийн **** тоот бүхий орон сууцны гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэгч Л.Ц-ын нэр дээр иргэний хэрэг үүсгэсэн, итгэмжлэлийн хугацаа дууссан, дахин шүүхэд ирүүлсэн итгэмжлэлд бичигдсэн хугацаа засвартай байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Б-ыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...Улсын бүртгэлийн хэлтсээс орон сууцны талаарх лавлагааг гаргуулах тухай хүсэлтийг шүүх хангаж, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1471 дугаар захирамжийн дагуу Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн № 426 дугаар албан бичгээр Зэст багийн **** дугаар орон сууцны өмчлөлийн гэрчилгээний хуулбар, Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийн хуулбар, 2003 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар зэрэг 3 хуудас баримтыг ирүүлсэн ба Л.Ц-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд дээрх зээлийн гэрээнд үүрэг ногдуулалт хийгдээгүй, харин хариуцагч Д.Д- уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгөнд барьцааны үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийсэн талаарх Улсын бүртгэгийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн № 61-74141 дугаартай лавлагаа, зээлийн гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд бүрдүүлж өгсөн байна.

Гэтэл шүүх хариуцагч Д.Д-гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг татгалзаж буй татгалзлалаа нотолж өгсөн зээлийн гэрээ болон улсын бүртгэгчийн гаргасан лавлагаа зэрэг баримтыг нотлох баримтанд үнэлж дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийсэн болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн атлаа Улсын бүртгэлээс ирүүлсэн баримтанд барьцааны гэрээ болон зээлийн гэрээ байгуулагдсан талаарх баримт байхгүй, талуудаас барьцааны гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, барьцааны гэрээ дуусгавар болсон, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна. Иймээс нэхэмжлэгч Л.Ц-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үндсэн дээр үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдсэн эсэх, зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 15 жил өнгөрсөн хэдий ч нэхэмжлэгчийн шаардах эрх хэзээнээс үүссэн эсэх үйл баримтыг харьцуулан дүгнэх шаардлагатай байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00486 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНБАТ

Б.ОЮУНЦЭЦЭГ