Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0789

 

“Сод монгол групп” ХХК, “Мэргэван” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК-ийн захирал Н.Ганболд, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа, гуравдагч этгээд “МИАТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 898 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Магнай трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Содмонгол групп” ХХК, “Мэргэван” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 898 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 6 дугаар зүйлийн 6.1, 20 дугаар зүйлийн 20.2, 20.6, 28 дугаар зүйлийн 28.3-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК, “Мэргэван” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 5/5828 дугаар албан бичиг /захиргааны акт/-ийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Магнай трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Манай компани “МИАТ” ХК-иас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарласан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх 16/2016-М дугаартай 6 багц бүхий тендерт оролцохоор бэлтгэж байсан. Уг тендер шалгаруулалтын хүлээн авах эцсийн хугацаа 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минут байсан боловч “Мэргэван” ХХК-иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасантай холбогдуулан тендер нээх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай “МИАТ” ХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 02/2743 тоот албан бичгээр тендерт оролцогч компаниудад мэдэгдсэн. Энэхүү тендерийн нээлт нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 30 минутад “МИАТ” ХК-ийн 3 давхарын хурлын зааланд болсон ба тендерийн нээлтэд “Магнай трейд” ХХК, “Мэргэван” ХХК, “Интер Стандарт Нефть” ХХК, “Содмонгол групп” ХХК-иуд оролцсон ч “Мэргэван” ХХК, “Содмонгол групп” ХХК-ийн тендерийн материалд ирүүлсэн банкны баталгаа нь хууль, журамд заасан хугацаанд хүрэхгүй байсан билээ. Шүүхээс нэхэмжлэгч компаниуд доорх журмыг заасныг үгүйсгээгүй. Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 20 дугаар зүйлийн 20.2-т “Онцгой нөхцөл байдал үүсч тендер хүчинтэй байх хугацааг сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд захиалагч бүх тендерт оролцогчид хандаж өөрсдийн тендер хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлт тавина. Энэхүү хүсэлт гаргах болон түүний хариуг ирүүлэхдээ бичгээр эсхүл утсан холбоогоор харилцана. Тендерт оролцогч тендерийн баталгааг улсын орлого болгохгүйгээр уг хүсэлтээс татгалзах эрхтэй. Хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн тендерт оролцогчоос тендерийнх нь агуулгыг өөрчлөхийг санал болгох, эсхүл өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхийг хориглоно. Хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн тендерт оролцогч тендерийн баталгааны хугацааг 21 дүгээр зүйлд нийцүүлэн мөн хугацаагаар сунгана” гэж заасан байдаг. Энэхүү журмыг зөрчин тендер шалгаруулалтад оролцож шалгарч болох мэтээр тайлбарлан шийдвэр гаргажээ. Журамд нийцүүлэн тендерийн баталгаа гаргаагүй явдал нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д зааснаар “Төрийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасан байтал захиалагчийн хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөн шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 898 тоот шийдвэр гуравдагч этгээд “Магнай трейд” ХХК-ийн эрх, ашгийг ноцтой зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

“МИАТ” ХК-иас зарлагдсан “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх 16/2016-М дугаартай 6 багц бүхий тендер шалгаруулалтын 1, 2 дугаар багцад “Мэргэван” ХХК, 3, 4, 5, 6 дугаар багцад “Содмонгол групп” ХХК-ийг тус тус шалгаруулж, “МИАТ” ХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 01/3186, 01/3187 дугаар албан бичгээр гүйцэтгэлийн баталгаа гаргуулж гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн байх ба тендерт оролцогч “Магнай трейд” ХХК-ийн гомдол гаргасны дагуу Сангийн яам гомдлыг хянаж үзээд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5/5828 дугаар албан бичгээр “...тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин хийх шаардлагатай” болохыг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК, “Мэргэван” ХХК-иуд дээрх Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Гомдол хянан үзсэн тухай” 5/5828 дугаар албан бичгийг эс зөвшөөрч хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба уг захиргааны акт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг  зөрчсөн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ. Тодруулбал,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасан бөгөөд хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д ”тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг” гэж тодорхойлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тендерийн баталгаа ирүүлээгүй тохиолдолд захиалагч тендерээс татгалзах үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгч нар тендерийн баталгааг ирүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тендерээс татгалзах үүрэгтэй ч мөн нэхэмжлэгч нар хуульд заасан шаардлага хангасан тендерийн баталгаа ирүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл “МИАТ” ХК-иас “Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх 16/2016-М дугаартай 6 багц бүхий нээлттэй тендэр шалгаруулалт”-ыг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 11.30 цагт нээсэн байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар тендер 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хүчинтэй, тендерт шалгарсан этгээдүүдэд гэрээ байгуулах тухай мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өгсөнд дүгнэлт хийвэл нэхэмжлэгч нарын тендерийн баталгааны хүчинтэй хугацаа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаатай байгаа нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй юм.

Захиалагч тендерийн баталгаа ирүүлэхийг шаардаж байгаа гол зорилго нь тендерийн хүчин төгөлдөр байдал, тендерт оролцогч шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж, оролцогчдыг хариуцлагажуулж байгаа хэлбэр бөгөөд тендерийн хүчинтэй байх хугацаа болон гэрээ байгуулах боломжит хугацаанд тендерийн баталгааны хугацаа хүчин төгөлдөр байхад гагцхүү тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 21.2-т “Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр тендер шалгаруулалтыг дахин явуулахаар шийдвэрлэсэн маргаан бүхий акт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай нийцэхгүй, энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Мөн ТОӨЗ-ны 24.1, 28.1-д тендер нээх хугацааг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөр тогтоосон боловч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тендерийн нээлт хийх ажиллагааг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор хойшилж 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нээсэн бөгөөд энэ нь “тендер хүчинтэй байх хугацааг сунгах” тухай ойлголтод хамаарахгүй тул ТОӨЗ-ийн 20.2-т заасныг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Магнай трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Магнай трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “Магнай трейд” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                                

                  ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР

                  ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

                  ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН