Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00030

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Д.О-ын нэхэмжлэлтэй,

                   хариуцагч Орхон аймаг дахь ШШ

            гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00025 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Д.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь ШШгүйцэтгэх албанд холбогдох,

“1.418.210 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.О миний өмчлөлийн 4-23-ХХ тоот 2 өрөө орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ШШгүйцэтгэх албаны дуудлага худалдаанд оруулж "ЭМПИПИ" ХЗХ ялагч болсон. Тухайн үед орон сууц маань Орхон аймаг дахь ХААН банкны барьцаанд байсан бөгөөд орон сууцны үнээс төлбөр авагч нарт хуваагаад Орхон аймаг дахь ХААН банкны салбарт төлөх учиртай байсан 32.500.000 төгрөгийг ШШгүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Эрдэнэхүү албаныхаа дансанд авч үлдсэн байсан. ХААН банкны нэхэмжлэлтэй шүүх хурал болж Д.О банктай 32.500.000 төгрөгөн дээр эвлэрээд тус албаны дансанд байршигдсан 32.500.000 төгрөгийг банканд төлж орон сууцаа чөлөөлүүлж авах гэтэл 2.300.000 төгрөгийг нь байхгүй болгосон байна. Дээрх мөнгийг "ЭМПИПИ" ХЗХ-ны хүсэлтээр битүүмжилсэн байсан юм билээ. 1-рт дансанд байршсан мөнгө, 2-рт Барьцаанд байж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр битүүмжлэгдсэн мөнгийг барьцаанаас чөлөөлөөгүй байхад албан тушаалаа ашиглан авч хэрэглэсэн ШШгүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажилагааны улмаас хууль бусаар авсан мөнгийг нь би хариуцах учиргүй юм. Иймд Орхон аймаг дахь ШШгүйцэтгэх албанаас 2.300.000 төгрөг гаргуулан Д.О надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайдбартаа: ...Д.О-ын Хаан банкинд төлөөгүй төлбөр нь 1.418.210 төгрөг гэсэн 457 тоот албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж одоо 1.418.210 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжуудаар төлбөр төлөгч Д.Оаас 58.183.875 төгрөг гаргуулж А.Саруултуяад, 6.432.210 төгрөг гаргуулж Л.Даваанямд, 3.005.800 төгрөг гаргуулж Т.Туяад 10.175.000 төгрөгийг И.Батжаргалд тус тус олгохоор шийдвэрлэгдсэн. Дээрх гүйцэтгэх баримт бичгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.О-ын өмчлөлийн ХААН банкны барьцаанд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-23-ХХ тоот орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр битүүмжилж 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хураан авсан. Хураан авсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж 72.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон. Дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эд хөрөнгийн үнээс ШШгүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр авагч Л.Давааням, И.Батжаргал, Т.Туяа, А.Саруултуяа нарт 2015 оны 11-р сарын 18-ны өдөр 42.200.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Эм пи пи ХЗХ-ны нэхэмжлэлээр ШШГА-ны дансанд байгаа дуудлага худалдааны үнээс үлдсэн мөнгийг ХААН банк руу шилжүүлэхгүй дансанд нь битүүмжлэх хүсэлийг шүүх хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5713 тоот захирамжаар битүүмжилсэн байсан ба шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул төлбөр төлөгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх албаны дансанд байршсан үлдэгдэл 30.300.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 30-нд ХААН банкинд шилжүүлсэн. Төлбөр төлөгч Д.О нь А.Саруултуяад төлөх 11.883.875 төгрөг, Т.Туяад төлөх 905.800 төгрөгийн төлбөрийн материалд шийдвэр гүйцэтгэх явуулж байгаа болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00025 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Д.О-ын Орхон аймгийн ШШгүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 51.750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Д.О иргэн А.Саруултуяа, Давааням нарт шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх болсон бөгөөд бүгд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичигдэн Орхон аймгийн ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Эрдэнэхүү дээр очсон байсан. Тухайн үед Д.О-ын өмчлөлийн 4-23-ХХ тоот 2 өрөө орон сууц Орхон аймаг ХААН банкны барьцаанд байсны зэрэгцээ Хаан банкны нэхэмжлэл шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан. Дээрх орон сууцыг 2015-10-15-ны өдөр Орхон аймгийн ШШгүйцэтгэх алба албадан дуудлага худалдаанд оруулж 72.500.000 төгрөгөөр "ЭМПИПИ" ХЗХ-д зарагдсан. Дээрх дуудлага худалдаа болохоос нэг өдрийн өмнө буюу 2015-10-14-ний өдөр 1126 тоотоор Орхон аймаг дахь ХААН банкны салбар Орхон аймгийн ШШГА-нд нэхэмжлэгч Д.О-ын зээлийн үлдэгдэл төлбөр 32.783.000 төгрөг байна гэсэн утга бүхий албан тоотыг хүргүүлсэн болох нь ХААН банкнаас ирүүлсэн баримтууд болон хариуцагч ШШГА-аас гаргуулсан баримтуудаар нотлогдож байгаа юм.

2015.10.16-ны өдөр тухайн орон сууцны үнэ ялагчаас ШШГА-ны дансанд орсоноор ШШГА-ны 54-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Эрдэнэхүү ХААН банкинд Д.О-ын төлөх учиртай төлбөрийн үлдэгдэл гэж 32.783.000 төгрөгийг байгууллагынхаа дансанд авч үлдлээ гэж Д.От хэлсэн гэдэг бөгөөд ХААН банкны салбарын нэхэмжлэлтэй хэргийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016.06.27-ны өдөр хянан хэлэлцэх явцад хоёр тал ШШГА-ны дансандаа байршуулж үлдсэн 32.500.000 төгрөгөн дээр эвлэрч нэхэмжлэгч ХААН банкны Орхон аймаг дахь салбар нэхэмжлэлийн шаардлагаа 2.521.994 төгрөгөөр бууруулсан болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамжаар нотлогдох бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгэдэггүй.

ХААН банкны Орхон аймаг дахь салбар шүүгчийн захирамж гарснаар ШШГА-ны данснаас 32.500.000 төгрөгөө авах гэтэл 30.200.000 төгрөг дансанд байна гээд 2.300.000 төгрөийг дутуу шилжүүлснээр өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгө болох орон сууцаа чөлөөлүүлж авч чадахгүй байгаан дээр "ЭМПИПИ" ХЗХ-г давхар хохироож байгаа юм. ШШГТХ-ийн /2002 оны / 54-р зүйлд: Барьцаалагдсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулах 54.2-т: "Энэ хуулийн 54.1-д заасан барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдэлнэ" гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэлээ дэмжсэн байхад шүүх хуулийн энэ заалтыг 2015 онд хүчингүй болсон гэсэн дүгнэлтийг хийжээ. Хуулийн энэ хэсэг хүчингүй болоогүй бөгөөд тухайн зүйл заалтын "Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ" гэсэн хэсэг нь хүчингүй болсон байхад үүнд анхаарсангүй. Нэхэмжлэгч Д.О ХААН банкинд төлөх төлбөргүй дуудлага худалдааны ялагч "ЭМПИПИ" ХЗХ өмчлөх эрхээ хэрэгжүүлээд байж байх ёстой байтал Д.Оаас ХААН банк мөнгөө нэхэж, ''ЭМПИПИ" ХЗХ орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэж Д.О-ын хууль ёсны эрх ашиг хохирсоор байхад хохирсон зүйлгүй гэсэн дүгнэлт нь үнэхээр үндэслэлгүй дүгнэлт болжээ. Хэрэгт Улсын Дээд Шүүхийн 2017.09.29-ний өдрийн 001/ХТ2017/01057 дугаартай тогтоолын хянах хэсэгт: "Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх зохицуулалт тухайн маргааны нөхцөлд хамааралгүй байгааг анхаараагүй байна гэжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо мөн хуулийн энэ заалтыг үндэслэсэн ШШГА-ны ажилтан шийдвэр гүйцэтгэгч Эрдэнэхүүгийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 2.200.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болох нь нотлогдсоор байтал шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Иймд дээрх шийдвэртэй хэргийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны ШШхууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Орхон аймаг дахь ШШгүйцэтгэх албанд холбогдуулан 1.418.210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О-ын өмчлөлийн тус аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-23-ХХ тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2101000427 дугаар бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг ХААН банктай байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаалагдсан байх ба хариуцагч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс тус ипотекоор хангагдах шаардлагыг бүрэн хэмжээгээр гаргуулаагүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан “анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаар хянан хэлэлцэж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4 “Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн”-д заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2018/00025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Д.О-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.650 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

 

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ