Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01810

 

 Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00430 дугаар шийдвэр,

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаар магадлалтай,

   Д ын нэхэмжлэлтэй,

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

            Гэм хорын хохирол 2,300,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний өмчлөлийн 4-23-36 тоот 2 өрөө орон сууцыг 2015 оны 10 сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдаанд оруулж "Эмпипи” ХЗХ ялагч болсон. Тухайн үед орон сууц маань Орхон аймаг дахь ХААН банкны барьцаанд байсан бөгөөд орон сууцны үнээс төлбөр авагч нарт хуваагаад Орхон аймаг дахь ХААН банкны салбарт төлөх учиртай байсан 32,500,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Эрдэнэхүү албаныхаа дансанд авч үлдсэн байсан. ХААН банкны нэхэмжлэлтэй шүүх хурал болж Д  банктай 32,500,000 төгрөг дээр эвлэрээд тус албаны дансанд байршигдсан 32,500,000 төгрөгийг банканд төлж орон сууцаа чөлөөлүүлж авах гэтэл 2,300,000 төгрөгийг нь байхгүй болгосон байна. Дээрх мөнгийг "Эмпипи" ХЗХ-ны хүсэлтээр битүүмжилсэн байсан юм билээ. 1-рт дансанд байршсан мөнгө, 2-рт Барьцаанд байж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр битүүмжлэгдсэн мөнгийг барьцаанаас чөлөөлөөгүй байхад албан тушаалаа ашиглан авч хэрэглэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хууль бусаар авсан мөнгийг нь би хариуцах учиргүй юм. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2,300,000 төгрөг гаргуулан Д  надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бямбасүрэнгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжуудаар төлбөр төлөгч Д аас 58,183,875 төгрөг гаргуулж А.Саруултуяад, 6,432,210 төгрөг гаргуулж Л.Даваанямд, 3,005,800 төгрөг гаргуулж Т.Туяад, 10,175,000 төгрөгийг И.Батжаргалд тус тус олгохоор шийдвэрлэгдсэн. Дээрх гүйцэтгэх баримт бичгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д ын өмчлөлийн ХААН банкны барьцаанд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-23-36 тоот орон сууцыг 2014 оны 06 сарын 19-ний өдөр битүүмжилж, 2014 оны 09 сарын 09-ний өдөр хураан авсан. Хураан авсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж 72,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эд хөрөнгийн үнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр авагч Л.Давааням, И.Батжаргал, Т.Туяа, А.Саруултуяа нарт 2015 оны 11 сарын 18-ны өдөр 42,200,000 төгрөгийг шилжүүлсэн байна. “Эмпипи” ХЗХ-ны нэхэмжлэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд байгаа дуудлага худалдааны үнээс үлдсэн мөнгийг ХААН банк руу шилжүүлэхгүй дансанд нь битүүмжлэх хүсэлтийг шүүх хүлээн авч 2015 оны 12 сарын 03-ны өдрийн 5713 тоот захирамжаар битүүмжилсэн байсан ба шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул төлбөр төлөгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх албаны дансанд байршсан үлдэгдэл 30,300,000 төгрөгийг 2016 оны 08 сарын 30-нд ХААН банканд шилжүүлсэн. Төлбөр төлөгч Д  нь А.Саруултуяад төлөх 11,883,875 төгрөг, Т.Туяад төлөх 905,800 төгрөгийн төлбөрийн материалд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болно. 2015.10.15-ны өдрийн 10 цагт 4-23-36 тоот орон сууцыг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухайгаа Орхон аймаг дахь ХААН банкны салбарт 2015.10.08-ны өдөр албан тоот явуулахад ХААН банк 2015.10.14-ний өдөр тодорхой бус хариу ирүүлсэн. Ингээд товлосон цагтаа дуудлага худалдаа явуулахад Орхон аймгийн “Эмпипи” ХЗХ ялагч болж албаны дансанд 72,500,000 төгрөг байршуулсан. Төлбөр авагч нарт хуульд нийцүүлэн мөнгийг хувааж дансанд 30,300,000 төгрөг үлдсэн байдаг. Нэхэмжлэгчийн ХААН банкны барьцаанд байсан орон сууцыг худалдан борлуулаад төлбөрийг бүрэн барагдуулсангүй гэж маргаж байгаа нь нотлогдохгүй байгаа бөгөөд 2011.06.30-ны өдрийн Зээлийн ЗГ/226 дугаартай гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт Д , Д.Оюунгэрэл нар байх бөгөөд зээлийн гэрээний хавсралт болох 2011.06.30-ны өдрийн БПҮ/226 дугаартай барьцааны гэрээний 2.2-т: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-23-36 тоот 2 өрөө орон сууц, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хүрэнбулаг” ХХК-ийн байранд байрлах 68 м.кв үйлчилгээний зориулалттай барилга гэжээ. Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүдээс харахад нэхэмжлэгч Д  ганцаараа банкны өмнө үүрэг хүлээгээгүй, мөн дан ганц орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангагдах үндэслэлгүй болох нь нотлогдож байна. ХААН банкны нэхэмжлэлтэй хэргийг Орхон аймгийн сум дундын шүүх 2016.06.27-ны өдрийн 891 дугаартай захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийн тогтоох хэсгийн 1-д 32,500,000 төгрөг болгож бууруулсныг хариуцагч Д , Д.Оюунгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн байх тул..." гэжээ. 3ахирамжийн тогтоох хэсгээс харахад хамтран зээлдэгч Д.Оюунгэрэл төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөөгүй байна. Барьцаалагч гээд байгаа ХААН банк шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол зэргүүдийн аль нэгээр дээрх орон сууцыг битүүмжлүүлж ямар нэгэн байдлаар хориг тавиулаагүй байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ч шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх гүйцэтгэх хуудсыг манай албанд ирүүлээгүй байгаа болох нь ХААН банкны манай албанд ирүүлсэн 2017.03.21-ний өдрийн 457 дугаартай тоотод “Хариуцагч Д , Д.Оюунгэрэл нараас 32,500,000 төгрөг гаргуулан ХААН банканд олгохоор шийдвэрлэгдсэн бөгөөд хариуцагч нараас 1,418,210 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна” гэсэн зэргүүдээр нотлогдох юм. 2015.10.15-ны өдрийн дуудлага худалдаагаар нэхэмжлэгч Д ын орон сууц худалдан борлогдох үед Д тай холбоотой шүүхийн 4 шийдвэр албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж нийт 57,796,800 төгрөгийн төлбөр байсан бөгөөд үүнээс 41,732,000 төгрөгийн төлбөр төлөгдөж 32,500,000 төгрөг үлдэх учиртай байтал иргэн Даваанямд хэрэв тэнцүүлж олгосон бол 4,700,000 төгрөг шилжүүлэх учиртай байтал төлбөрийг нь 100 хувь төлж 314,000 төгрөг илүү шилжүүлснийг татан авч Д  нарын ХААН банкан дахь төлбөрт нь тушаасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3.1-д “Албадан дуудлага худалдаа явуулсан зардлыг тэргүүн ээлжид тооцож авах” тухай заажээ. Гэтэл Д ын өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулсны зардлаа манайх өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа. Албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан учир нийт зардал 980,000 төгрөг болсон байдаг. Манай алба битүүмжлэгдсэн орон сууцыг худалдан борлуулаагүй, хууль ёсоор барьцаалагдсан орон сууцыг худалдан борлуулсны улмаас ХААН банканд төлөх төлбөрийг 100 хувь хариуцан шилжүүлэх үүрэг хүлээгээгүй. Д ын бусдад төлөх төлбөр төлөгдсөн болохоос манай албаны шийдвэр гүйцэтгэгч ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулж дуудлага худалдааны орлогоос өөрөө ашигласан зүйл байхгүй. ХААН банканд төлөх төлбөрийн үлдэгдлийг Д  төлж чадахгүй төлбөрийн чадваргүй юм бол хамтран зээлдэгч Д.Оюунгэрэл нь төлөх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэжээ. ХААН банк Д , Д.Оюунгэрэл нараас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийн үлдэгдэл болох 1,418,210 төгрөгийг гаргуулан авна биз гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00430 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гэм хорын хохирол 2,300,000 төгрөг гаргуулах Д ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00430 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гэм хорын хохирол 2,300,000 төгрөг гаргуулах Д ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гэм хорын хохирол 2,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д т олгосугай” гэж, шийдвэрийн 2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 51,750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 51,750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 51,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулгын хяналтын журмаар гаргасан гомдолд: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалагч ХААН банк болон албадан дуудлага худалдааны ялагч болсон “Эм Пи Пи” ХЗХоршооны эрх ашиг хөндөгдөж байхад Д ын эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Эрх ашиг нь хөндөгдөөгүй этгээд нэхэмжлэл гаргасан, шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан албан тушаалаа ашиглан мөнгийг үрэгдүүлсэн байдал тогтоогдоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан 2002 оны ШШГТХуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид тухайн үедээ гомдол гаргаагүй байхад мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тэргүүн ээлжид Д ын Хаан банканд төлөх төлбөрийг барагдуулах байсан ч, төлбөр авагч Л.Даваанямын төлбөрийг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасныг зөрчин эхний ээлжид бүрэн барагдуулсан нь Д т ямар нэгэн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд өөр өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 430 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д  хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “...шийдвэр гүйцэтгэх албаны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 2,300,000.00 төгрөг гаргуулах” шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д  нь шүүхийн шийдвэрээр А.Саруултуяа, Л.Давааням, Т.Туяа, И.Батжаргал нарт төлбөр төлөх үүрэг хүлээсэн ба Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Д ын өмчлөлийн ХААН банкны барьцаанд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-23-36 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, 72,500,000.00 төгрөгөөр худалдан борлуулж, дуудлага худалдаагаар төвлөрсөн 72,500,000.00 төгрөгийг төлбөр авагч нарт хуваарилж, нийт 42,200,000.00 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн байна.

Шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн  00891 дугаартай захирамжаар Д  нь ХААН банкинд 32,500,000.00 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгчтэй эвлэрснийг баталж шийдвэрлэсэн нь хэрэгт авагджээ. Энэхүү захирамж гарахаас өмнө Д  нь шүүхийн шийдвэрээр А.Саруултуяа, Л.Давааням, Т.Туяа, И.Батжаргал нарт төлбөртэй байсан байна.  

Д аас 58,183,875 төгрөг гаргуулж А.Саруултуяад олгох 133 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-23-36 тоот 2 өрөө орон сууцыг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн, “Эмпипи” ХЗХ 72,500,000 төгрөгөөр худалдан авсан байна.

Шийдвэр гүйцэтгэгч дээрх төлбөрөөс Л.Давааням, И.Батжаргал нарт тус бүр 6,900,000 төгрөг, Т.Туяад 2,100,000 төгрөг, А.Саруултуяад 26,300,000 төгрөг, үлдэх 30,300,000 төгрөгийг ХААН банкинд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Д ын төлбөрт шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

Орон сууцны дуудлага худалдааны орлогыг бусад төлбөр авагч нарт хувь тэнцүүлэн олгох байтал шийдвэр гүйцэтгэгч техникийн алдаа гарган төлбөр авагч Л.Даваанямд илүү шилжүүлснийг хууль бус үйл ажиллагаа гэж үзэхгүй, мөнгийг хувьдаа ашиглаагүй, төлбөр төлөгчид шилжүүлсэн, илүү шилжүүлсэн мөнгө нь Д ын төлбөрт шилжсэн гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд төлбөр төлөгч Д ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-23-36 тоот 2 өрөө орон сууцны дуудлага худалдааны орлогыг төлбөр авагч нэг бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоогүй нь хууль зөрчсөн тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 77 дугаар зүйлийн 77.1-д нийцсэн гэж үзнэ.

Шийдвэр гүйцэтгэгчийн хайнга ажиллагааны улмаас  дуудлага худалдааны орлогыг төлбөр авагч нарт хуваарилахдаа төлбөр авагч Л.Даваанямд илүү мөнгө хуваарилж, Хаан банкинд төлөх төлбөр дутагдсан болох нь нотлогдож байх боловч, энэхүү үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор, хохирол учирсан байдал тогтоогдоогүй, төлбөр авагч Л.Даваанямын төлбөр бүрэн төлөгдсөн ба илүү төлөгдсөн мөнгийг Л.Даваанямаас гаргуулан Хаан банкинд шилжүүлсэн тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.  

Иймээс шийдвэр гүйцэтгэгчийн гэм буруутай, хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн зөрчлийн улмаас үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

            Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “... төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учирсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зохицуулсныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

        2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                     ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН