Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/02861

 

2020 10 23                                                                             183/ШШ2020/02861

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А Б цэцэрлэг НҮТББ-т холбогдох

Ажилласан хугацааны цалин болон амралтын мөнгө 1 400 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтрээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянав.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019.9.01-ний өдөр Хан-Уул дүүрэг, Кингтауэр дахь АВ буюу А Б хэмээх хувийн цэцэрлэгт 2020.4 сар хүртэл бүлгийн багшаар ажиллаж байсан. Тус байгууллагад 7 сар ажилласан. Гэтэл захирал А нь ямар ч шалтгаангүй баримт нотлогдоогүй ямар нэгэн сануулгагүй, зөрчил гаргасан хэмээн огт холбоо барих боломжгүй болсон. Тухайн үе нь хорио цээрийн үе буюу 2-3 сар байсан. 3 сард цалингүй холбогдох ямар ч арга байхгүй утсаа авахгүй, хорио тавьсан байсан учир 4 сараас өөр ажилд орох болсон. Тиймээс ямар ч үндэслэлгүй ялангуяа хорио цээрийн үед ажлаас халж болохгүй гэсэн тушаалтай үед тийм байдалд хүргэсэн учир ажилласан хугацаанд дутуу олгосон цалин болон ажилласан хугацааны амралтын мөнгө гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн миний нийгмийн даатгалын дэвтрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй тул дэвтрээ гаргуулахаар шаардлага гаргасан. Харин 2 сард 420 000 төгрөг цалин гэж орсон. Миний хувьд 2020.04.09-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалд маргахгүй байгаа бөгөөд 2020 оны 2, 3 сарын цалинг 400 000 төгрөгөөр тооцож, үүн дээр амралтын мөнгийг 1 000 000 төгрөг гэж нийт 1 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2020 оны 9 сард цалин гэж 200 000 төгрөг орсон. Утсаар холбогдох гэсэн боловч захирал А нь миний утас болон мессэнжерийг блоколсон холбогдож чадаагүй. Тухайн байгууллагад 5 сарын эхээр очиж цалин болон амралтын мөнгөө авах талаар өргөдөл өгсөн боловч өргөдлөө зас гэхээс өөр ямар нэг хариу өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Иймд А Б цэцэрлэгээс нийт 1 400 000 төгрөгийг ниймийн даатгалын дэвтрийн хамт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А Б цэцэрлэг НҮТББ-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. А Б цэцэрлэгт нэхэмжлэгч С.Д нь 2019 оны 09 сард бүлгийн багшийн ажил албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба түүний ажлаас гарах хүсэлтийн дагуу 2020 оны 04 сарын 09-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно, мөн Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 14 дэх хэсэгт ... хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олголгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ. гэж тус тус заажээ. Иймд нэхэмжлэгч С.Д нь ажлаас гарах хүсэлтээ гаргасан тул тэрээр цалин болон амралтын мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн дотоод журмын 7.9-т байгууллагад 11 сар ажиллаагүй тул амралтын мөнгийг тооцон олгох боломжгүй, ажилласан хугацааны цалинг олгосон тул зөвшөөрөхгүй. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин нийгмийн даатгалын дэвтрийг шүүхэд гаргаж өгсөн байгаа гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

 

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч А Б цэцэрлэг НҮТББ-д холбогдуулан ажилласан хугацааны цалин болон амралтын мөнгө 1 400 000 төгрөг гаргуулахаар шаардсныг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

С.Д нь А Б цэцэрлэг НҮТББ-д 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс бүлгийн багшаар ажиллаж байгаад 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 20/04 гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан тушаалууд, зохигчдын тайлбар, С.Д-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Д нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд маргаагүйн дээр ажилласан хугацаанд дутуу олгосон цалин болон амралтын мөнгө гаргуулахаар шаардсныг хариуцагч тал Хөдөлмөрийн дотоод журмын 7.9-т байгууллагад 11 сар ажиллаагүй тул амралтын мөнгийг тооцон олгох боломжгүй, ажилласан хугацааны цалинг олгосон тул зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж маргажээ.

Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтаас дүгнэхэд ажил олгогч А Б цэцэрлэг НҮТББ нь нэхэмжлэгч С.Д-тай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд авч ажиллуулсан нь хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ зөрчсөн байгаа хэдий ч талууд уг ажилд ажилласан ажиллаагүй талаар маргаагүй байна.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч С.Д-д 2020 оны 4 сарыг дуустал цалин олгосон гэж түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь хавтаст хэргийн 39-р талд авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор /ХУР системээс авсан лавлагаа/ тогтоогдож байгаагийн дээр С.Д-г 2020.04.09-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн байх тул энэ өдрийг хүртэл ажилласан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь 3, 4 сарын цалинг олгоогүй..., 2020 оны 9 сард цалин гэж 200 000 төгрөг орсон. гэж тайлбар гаргасныг хариуцагч хавтаст хэрэгт ямар нэг бичгийн баримт гаргаж маргаагүй тул ажилласан хугацааны цалинг 2020 оны 3 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэл тооцож олгох үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр дэлхий нийтэд COVID 19 өвчин гарсантай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, улмаар багш нарын цалинг сард 420 000 төгрөг байхаар тогтоосон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон, түүнчлэн талууд уг асуудлаар маргаагүй тул нэхэмжлэгчийн ажилласан хугацааны 1 сар 6 хоногийн цалинг дээрх дүнгээс тооцож, 537 210 төгрөгөөр тогтоож, 2020 оны 9 сард цалинд шилжүүлсэн 200 000 төгрөгийг хасаж, нийт 337 210 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн мөн хуулийн 55 дугаар зүйлд Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно. Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно. гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно.  гэж зааснаар нэхэмжлэгч С.Д нь ажилласан хугацаандаа тохирсон ээлжийн амралтын мөнгөө шаардаж авах эрхтэй байна.

Харин хариуцагч талын тайлбарт дурдсан тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9-т заасан зохицуулалт нь ажилтны ээлжийн амралтын мөнгийг хэрхэн олгох, түүнчлэн ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх харилцааг зохицуулсан зохицуулалт болохыг дурдах нь зүйтэй юм.

Иймд нэхэмжлэгчийн нийт 7 сар 6 хоногт авсан цалингаас ээлжийн амралтын 1 өдөрт олгох мөнгийг тооцоход 24 773 төгрөг болж байх ба хөдөлмөрийн дотоод журмын 7.10-т заасан ...цэцэрлэгийн бүлэг хариуцсан багш...ажлын 33 хоног, ...амралт олгоно. гэснээр нийт 817 509 төгрөгийг олгох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Д нь 7 сар 6 хоногийн цалинд нийт 5 858 725 төгрөг авсан ба үүнийг 11 сард хуваахад 1 сарын цалинг 532 611 төгрөгөөр тогтоож, үүнээс ажлын 1 өдрийн цалинг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход 24 77 төгрөг /532 611:21,5/ болсныг ажлын 33 хоногт тооцоход амралтын мөнгө 817 509 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. гэснээр хариуцагч нь дээрх үүргийг зөрчиж ажилтанд нийгмийн даатгалын дэвтрийг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрээр С.Д-д нийгмийн даатгалын дэвтрийг хариуцагчаас гаргуулан хүлээлгэн өгөх нь хуульд нийцнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэснийг зөрчиж хугацаа хэтрүүлж нэхэмжлэлээ гаргасан гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч С.Д нь цалин хөлстэй холбоотой асуудлаар тухайн байгууллагын удирдлагад 2020 оны 2 сараас хойш хандсныг урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлсэн гэж үзэв.

Тодруулбал, нэхэмжлэгч нь уг асуудлаа шийдвэрлүүлж чадалгүй шүүхэд хандсан үйл баримт ........... фэйсбүүк хаягнаас ............ гэсэн хаягт явуулсан мессэжинд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх ба ажил олгогч нь 2020 оны 4 сарын 09-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч С.Д-д гардуулж өгсөн талаараа нотлоогүй байна. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийг 2020.06.29-ний өдөр гаргасан байх тул хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас цалинд 337 210 төгрөг, амралтын мөнгө 817 509 төгрөг, нийт 1 154 719 төгрөгийг хангаж, үлдэх 245 281 төгрөг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А Б цэцэрлэг НҮТББ-аас ажилласан хугацааны цалин болон амралтын мөнгө 1 154 719 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 245 281 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Д-ийн ажилласан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийж, нийгмийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгөхийг А Б цэцэрлэг НҮТББ-т даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А Б цэцэрлэг НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжинд 32 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                             ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ