Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01112

 

Т.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03004 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 89 дүгээр магадлалтай,

Т.Зын нэхэмжлэлтэй

С.Рд холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,436,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Т.З нь С.Рд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,436,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03004 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Раас 3,283,340 /гурван сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун дөчин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгож, нэхэмжлэлээс үлдэх 152,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,930 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Раас улсын тэмдэгтийн хураамжид 67,483 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 89 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03004 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Рас 2 268 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 168 040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын “...67 483 төгрөг” гэснийг “...51 238 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 66 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсүрэн хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаж байна. ...Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзээгүй, хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалтыг хэрэглэсний улмаас шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг ба уг магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Нэг. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Идэрмед эмнэлэгт үзүүлсэн төлбөр 20,000 төгрөг, Монтүрүү эмгэлэгт рентгенд харуулсны төлбөр 25,000 төгрөг, Юндэн марал эмнэлэгт эмчилгээ хийлгэсний төлбөр 300,000 төгрөг, Марал хангай эмийн сан болон Толбот хайтан тун эмийн сангаас эм худалдаж авсны төлбөр 323,040 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан шаардлагыг хангаагүй байна... төлбөр төлсөн гэх баримтуудад Тээврийн прокурорын газрын “Хуулбар үнэн” тэмдэг дарсныг нотариат гэрчилснийг эх хувиас нь хуулбарлан гэрчлэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан байдаг. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д “Баримт бичгийн бүрэн буюу хэсэгчилсэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ.”, 49.3.-д “Анхны хуулбар урьд нь нотариатчаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг гэрчилнэ.” Нотариатын тухай хуулийн 49-р зүйлийн 49.1, 49.3-д заасны дагуу эх хувиас нь хуулбарласан болон уг баримтыг олгосон иргэн, хуулийн этгээд түүний үнэн зөвийг тодорхойлсон тохиолдолд баримт бичгийн хуулбарын хуулбарыг нотариат гэрчлэх эрхтэй бөгөөд эдгээр н бүгд нотариатаар гэрчлүүлсэн хуулбар мөн талаар тодорхой тусгасан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.2 дахь хэсгийн агуулгыг “эх хувиас нь хуулбарлан гэрчлэх” гэж явцууруулан тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Хоёр. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй.” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус заасан байдаг. Уг зүйл заалтуудтай холбоотой буюу нотлох баримтыг үнэлэх ажиллагааны талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заасан зарчим, зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, нотлох баримтыг үнэлэх аргачлал олгох зорилгоор 2008.10.10-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмж гарсан байдаг. Уг зөвлөмжид “Ямар нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх талаар хуульчилсан шаардлага тогтоох боломжгүй юм. Шүүх ямар нотлох баримтыг хэрхэн үнэлэх вэ гэдгийг түүнд хэн ч зааварчлах эрхгүй болно... Зөвхөн шүүгч нотлох баримтын үнэн зөв байдлыг тодорхойлж, түүнд агуудагдаж буй мэдээллийг бодит эсэхийг дүгнэж тогтооно. Дотоод итгэл нь өөрийн мэдлэг, шийдвэр, үйл ажиллагаанд хандах шүүгчийн хандлагын илрэл болдог. Дотоод итгэлд тулгуурлан хийгдсэн үнэлгээ өөрийн баталгаатай байдаг... зөвлөлдөх тасалгаанд чөлөөтэй илэрхийлсэн шүүгч бүрийн санал нууц байдаг, хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хянан хэлэлцэхэд шүүхээс өгсөн нотлох баримтын үнэлгээг зөв буруу гэж дүгнэх эрхгүй байдаг... шүүхийн үнэлгээний үр дүнг буруу гэж үзэх үндэслэлгүй юм.” гэж маш тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримтыг үнэлэх шүүхийн ажиллагааны ерөнхий зохицуулалт буюу зарчмыг тодорхойлсон байдаг ба уг зарчмыг хэрэглэсэн, хэрэглээгээгүй талаар, тодруулбал анхан шатны шүүхээс өгсөн нотлох баримтын үнэлгээг зөв буруу гэж дүгнэх эрх давж заалдах болон хяналтын шатны шүүхийн алинд ч байхгүй байтал уг зарчмын зохицуулалтыг магадлалдаа иш татан шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Гурав. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой харьцуулан дүгнээгүй. Магадлалын 3-4 дэх хуудаст “Тээврийн прокурорын газрын 2019.09 дүгээр сарын 377А дугаар тогтоолоор С.Р нь ... Т.Зын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогджээ. /хх-4/” гэж, 4-5 дахь хуудаст “Идэрмед эмнэлэгт үзүүлсэн төлбөр 20,000 төгрөг, Монтүрүү эмнэлэгт рентгенд харуулсны төлбөр 25,000 төгрөг, Юндэн марал эмнэлэгт эмчилгээ хийлгэсний төлбөр 300,000 төгрөг, Марал хангай эмийн сан болон Толбот хайтан тун эмийн сангаас эм худалдаж авсны төлбөр 323,040 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ” гэж заасан шаардлагыг хангаагүй байна... төлбөр төлсөн гэх баримтуудад Тээврийн прокурорын газрын “Хуулбар үнэн” тэмдэг дарсныг нотариат гэрчилсний эх хувиас нь хуулбарлан гэрчлэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. /хх-80-82/” гэж тус тус тодорхойлжээ. Хавтаст хэргийн 4 дэх хуудаст авагдсан Тээврийн прокурорын газрын тогтоол болоод 80-82 дахь хуудаст авагдсан төлбөр төлсөн баримтууд нь бүгд хэлбэрийн хувьд адил буюу тээврийн прокурорын газрын “хуулбар үнэн” тэмдэг дарсныг нотариат гэрчилсэн, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байхад шүүх нэгийг нь нотлох баримтаар үнэлж, нөгөөг нь хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа нь давж заалдах шатны шүүх өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үнэлэх зарчмыг зөрчсөн байх тул магадлалын холбогдох хэсэг нь үндэслэлгүй байна. Мөн магадлалын 5 дахь хуудаст “...нэхэмжлэгч Т.З нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны төлбөрт 2019 оны 500,000 төгрөг төлсөн гэх кассын орлогын баримт /хх10/-ыг үндэслэн Т.Зыг эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан, гэрээний дагуу төлбөр төлсөн гэж дүгнэхээргүй байна. Иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.” гэсэн байдаг. Аливаа эрх зүйн маргаанд шалтгаант холбоо гэх ойлголт яригддаг. С.Рын учруулсан хор хохирлын улмаас Т.Зын тархинд цус хуралт үүсэж, нуруунд бага зэрэг мурийлт өгсөн бөгөөд үүнээс болж 7 хоног орчим хөл дээрээ явж чадаагүй, энэ бүх хугацаанд эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэх, шинжилгээ өгөх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага гарж, үүнээс үүдэлтэй унааны мөнгө, сахиурын хоолны мөнгө зэрэг бусад зардлууд зөвхөн уг гэм хороос үүдэлтэйгээр гарсан. Мөн түүнчлэн тархины гэмтэл учир удаан хугацаанд эмчийн хяналтад байж, эмчилгээ сувилгаа үргэлжлүүлэн хийлгэж байсан ба тээврийн прокурорын газар хэрэг үүссэн байхад хариуцагчийн зүгээс гэм буруугүй гэж марган, элдвээр дарамталдаг байсан тул арга буюу өмгөөлөгч хөлсөлж авсан байдаг. Хавтаст хэргийн 6 дахь талд тээврийн прокурорын газрын хавтаст хэргээс хуулбарлан авсан баримт байдаг ба үүний доор “Баримтыг гаргасан Б.Баясгалан өмгөөлөгч” гэх гарын үсэг байдаг. Энэ нь уг эрүүгийн хэрэгт өмгөөлөгч оролцсон болохыг хангалттай нотолж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан тул зөвхөн баримтаар нотлогдож буй зардлуудыг шүүхийн журмаар нэхэмжилсэн бөгөөд шалтгаант холбооны онолоор анхнаасаа С.Р нь уг хохирлыг учруулаагүй бол, эсвэл учруулсан хохирлоо өөрөө шударгаар арилгаж, гарсан зардлыг- төлж барагдуулсан бол нэхэмжлэгч өмгөөлөгч авах шаардлага үүсэхгүй байсан тул энэхүү зардлыг хариуцагчаас нэхэмжлэх нь хууль тогтоомж болон ёс зүйд нийцнэ гэж үзэж байна. Дээр дурдсан шалтгаануудыг үндэслэн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч С.Рд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох “Мед травма” эмнэлэгт 2019.03.17, 21-ний өдөр компьютер томографик болон соронзон үелзүүрт томографикийн шинжилгээ хийлгэсний төлбөр 920,000 төгрөг, “Эм Би Жи Мед” эмнэлэгт 2019.03.17-2019.03.25 хүртэл хэвтэж эмчлүүлсний төлбөр 1,228,000 төгрөг, “Натур мед” эмнэлэгт толгойн соронзон үелзүүрт томографикийн шинжилгээний төлбөр 120,000 төгрөг, “Идэрмед” эмнэлэгт 2019.04.08-ны өдөр үзүүлсэн төлбөр 20,000 төгрөг, “Монтүрүү” эмнэлэгт 2019.05.23-ны өдөр рентгенд харуулсны төлбөр 25,000 төгрөг, “Юндэн марал” эмнэлэгт 2019.05.08-ны өдөр эмчилгээ хийлгэсний төлбөр 300,000 төгрөг, “Марал хангай” эмийн сангаас 2019.03.30-ны өдөр эм авсны төлбөр 127,700 төгрөг, “Толбот хайтан тун” эмийн сангаас 2019.04.18-ны өдөр эм худалдаж авсны төлбөр 195,340 төгрөг, өмгөөллийн хөлс 500,000 төгрөг, нийт 3,436,040 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч томографикийн шинжилгээний төлбөр 920,000 төгрөг, “Эм Би Жи Мед” эмнэлэгт эмчлүүлсний төлбөр 1,228,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх зардлыг үндэслэлгүй гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хохирлын хэмжээг багасгахдаа нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн “Идэрмед” эмнэлэг, “Юндэн” марал эмнэлгийн төлбөр төлсөн гэх баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, хариуцагчаас 2,268,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

8. С.Р нь 2019.03.17-ны өдөр Тоёота Ландкрузер-200 маркийн 68-89 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Т.Зыг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан хууль бус үйлдэл Тээврийн прокурорын газрын Прокурорын 2019.09.23-ны өдрийн 377А дугаар тогтоолоор тогтоогдсон, хариуцагч нь гэм бурууг маргаагүй, харин хохирлын хэмжээг маргасан байна. /хх-4/

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй тул хариуцагч С.Р нь өөрийн гэм буруутай үйлдлээр учруулсан хохирлыг нэхэмжлэгч Т.Зд төлөх үүрэгтэй. Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч гэм хорын хэмжээг өөр өөрөөр тогтоосон байна.

10. Хэрэгт байгаа баримтаас үзвэл, шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг хүлээж аваад нотлох баримтын шаардлага хангах ёстой талаар сануулаагүй, баримтыг хасаагүй, ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан ба хэргийн оролцогч энэ шаардлагыг хангаагүй баримт шүүхэд гаргасан ч эсрэг тал маргаагүй бол ач холбогдолгүй. Хариуцагч нь уг баримтын хэлбэрийн шаардлагын талаар бус харин бодит зардал мөн эсэх, нэхэмжлэгч өөртөө зарцуулсан эсэхийг маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-тТөрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж заасан. Нэхэмжлэгч нь Тээврийн Прокурорын газрын “хуулбар үнэн” гэж тэмдэг дарсан баримтуудыг шүүхэд ирүүлсэн ба хэргийн оролцогч хүсэлт гаргаж шүүх эдгээр баримтыг Тээврийн Прокурорын газраас гаргуулах тохиолдолд ч “хуулбар үнэн” гэж баталгаажуулж ирүүлэх тул зарчмын ялгаа байхгүй, хуулийн дээрх шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

11. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 89 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/03004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 69,930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД