Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/01141

 

“Б З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 656 дугаар шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар магадлалтай,

“Б З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г.Жд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батдоржийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батдорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Б З” ХХК нь Г.Жд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 656 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 276 дугаар зүйлийн 276.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Жд холбогдох, нэхэмжлэгч Б З ХХК-ийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

3. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар магадлалаар Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 656 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б З ХХК-ийн захирал М.Батдоржийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Батдоржийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батдорж хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч “Б З” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэг, нэхэмжлэгч “Б З” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг хариуцагч Г.Ж нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг гаргасан. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэл бүрдэнэ. Энэ үндэслэлээр “Б З” ХХК-ийн захирал М.Батдорж би хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргалгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмыг зөрчиж байна. Хоёр, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх хуулийн шаардлага нь эвлэрлийн гэрээнд хамааралтай байхаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заажээ. Ийм байхад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Хас банк” ХХК-ийн Увс аймаг дахь салбарын эрх, хууль ёсны хөндөгдөнө гэж гуравдагч этгээдээр татан оролцуулж, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Ийм байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй алдааг засаж залруулахын оронд шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг зөрчиж байна. Гурав, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэдэг. Ипотекийн зүйлийн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлэх, түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалуулсан газар дээрээ барилга байгууламж барих зэргээр туйлын эрхээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд ингэснээрээ барьцаалагчийн эрхийг зөрчихгүй, барьцаалагчид гэм хор учруулахгүй. Учир нь ипотекийн зүйлийн өмчлөл, эзэмшил хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь барьцаалагчид хэвээр хадгалагддаг. Уг үндэслэлээр нэхэмжлэгч “Б З” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг хариуцагч Г.Ж нь хүлээн зөвшөөрсөн нь уг хөдлөх хөрөнгөд барьцааны эрхтэй “Хас банк” ХХК-ийн Увс аймаг дахь салбарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй. Иймдээ ч гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн Увс аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөс үл хамааран барьцааны эрх хөндөгдөхгүй талаар шийдвэрт тухайлан дурдаж өгнө үү гэдэг тайлбарыг шүүхэд гаргасан. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд нь “Б З” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Жд холбогдох иргэний хэргийн шийдвэрлэлтийн улмаас “Хас банк” ХХК-ийн Увс аймаг дахь салбарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж дүгнэснийг хэрэглэвэл зохих хууль буюу Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасныг хэрэглээгүй гэж үзэж байна. Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн захиргааны ар талын 16 айлын орон сууцны 47 м.кв пудволын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь бодит байдлаар Г.Жгийн эзэмшилд шилжээгүй. Уг үл хөдлөх хөрөнгийг бодит байдалд эзэмшиж, ашиглаж байгаа субъект нь “Б З” ХХК юм. Зөвхөн барьцаанд тавьж, зээл авах зорилгыг нь хангахад зориулж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нь Г.Жгийн нэр дээр шилжүүлсэн төдий. Иймдээ ч уг үл хөдлөх хөрөнгийг бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах “Б З” ХХК-ийн нэхэмжлэлийг Г.Ж хүлээн зөвшөөрсөн болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “Б З” ХХК-ийн Г.Жд холбогдох иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “Б З” ХХК, хариуцагч Г.Жд холбогдуулан 2012.04.12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ “...бид нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх хүсэл зориг байгаагүй, ...Г.Ж нь уг эд хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавьж, зээл аваад 3 жилийн дараа зээлээ төлж дуусаад буцааж шилжүүлж өгнө гэж тохирсон... Гэвч одоо хүртэл зээлээ төлөөгүй, буцааж өгөөгүй...” гэж тодорхойлжээ. Хариуцагч гэрээг хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

“Хас банк” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө барьцааны зүйл болсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар тайлбар гаргажээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3-т нийцсэн, хүчин төгөлдөр, гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө банкны барьцаанд байгаа гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ гэрээ байгуулсан талуудын хүсэл зориг, гэрээний хэлбэр, агуулга зэрэг эрх зүйн асуудлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх ба хяналтын шатны шүүх залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

8. Нэхэмжлэгч “Б З” ХХК болон хариуцагч Г.Ж нар 2012.04.12-ны өдөр “Б З” ХХК-ийн өмчлөлийн 0000000000 тоот гэрчилгээтэй, Ү-0000000000 тоот улсын бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Захиргааны ар талын 16 айлын орон сууц хаягт байрлах, 47 м.кв талбай бүхий, подволын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрх  Г.Жд шилжсэн, хариуцагч Г.Ж нь 2012.04.13-ны өдөр “Хасбанк” ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.13-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар Хасбанкны нэхэмжлэлийг хариуцагч Ш.Г.Ж зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогджээ.

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг хэлдэг.

Гэрээний талууд болох “Б З” ХХК болон хариуцагч Г.Ж нар аль аль нь үл хөдлөх хөрөнгийг бэлэглэх хүсэл зориг байгаагүй, Г.Ж нь хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж, зээлийн үүрэгт барьцаалах зорилготой, зээлээ төлөөд өмчлөх эрхийг буцааж төлөхөөр тохирсон болохыг талууд маргаагүй, “Б З” ХХК-ийн захирал М.Батдорж үл хөдлөх хөрөнгийг эзэмшсэн хэвээр байгаа үйл баримтаас үзэхэд бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон, хоёр шатны шүүх эдгээр үйл баримтыг дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

Түүнчлэн маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгө банкны зээлийн барьцаанд байгаа явдал нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус эсэхэд нөлөөлөхгүй. Учир нь нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өмчлөх эрхээ олж авах хэдий ч уг эд хөрөнгөд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр байхыг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан, хуулийн эдгээр хэм хэмжээг шүүх хэрэглээгүй нь алдаатай болсон байна.

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж, 172 дугаар зүйлийн 172.1-д “Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно.” гэж заасан, нэхэмжлэгч нь өмчлөгч болсон хэдий ч барьцааны үүргээс эд хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй, улмаар гуравдагч этгээд “Хасбанк” ХХК нь шударга барьцаалагч тул эрх ашиг нь хөндөгдөхгүй юм. Нэхэмжлэгч нь эд хөрөнгөө алдахгүйн тулд хариуцагчийн үүргийг гүйцэтгэж хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлж авах, эсвэл хариуцагч Г.Ж үүргээ гүйцэтгэж эд хөрөнгийг чөлөөлөх л боломжтой байна.

10. Дээрх үндэслэлээр бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, түүний үр дагавар болох өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж нэхэмжлэлийг ханган, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дах хэсгийг баримтлан “Б З” ХХК болон хариуцагч Г.Ж нарын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 0000000000 тоот гэрчилгээтэй, Ү-0000000000 тоот дугаартай, Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, Захиргааны ар талын 16 айлын орон сууц хаягт байрлах, 47 м.кв талбай бүхий, подволын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “Б З” ХХК-д шилжүүлсүгэй” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...үлдээсүгэй...” гэснийг “үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.11-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАНЗРАГЧ

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ