Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 603

 

Б.Эод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жаргал,

өсвөр насны шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч А.Бүдханд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор С.Гансэлэмийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 26 дугаартай эсэргүүцлээр Б.Эод холбогдох эрүүгийн 1905038480182 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

..................., 2002 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Гёте” дунд сургуулийн 12 дугаар ангид суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 56б байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......../;

 

Б.Э нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн спорт зааланд насанд хүрээгүй иргэн З.Сайнхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, өргөж газар унаган эрүүл мэндэд нь баруун мөрний үений урд хэсгийн булчингийн булчин шөрмөсний шилжих бүсэд урагдал, хаван бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч .......................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Эод мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын чанартай арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Э нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, өсвөр насны шүүгдэгч Б.Эод тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хараа хяналтандаа байлгаж хянан хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Х.Цогзолмаад тус тус даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт дискийг хавтас хэрэгт хадгалаж, өсвөр насны шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.Сайнханд 445.000 төгрөг хохиролд тооцож нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч З.Сайнхан, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Залаа-Уул нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Гансэлэм бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг буруу хэрэглэсэн байна. Учир нь, шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар Б.Э нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн атлаа уг хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хэрхэх талаар дурдаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж шийтгэх тогтоолд дурдах ёстой буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 3-т заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 Б.Э нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн спорт зааланд насанд хүрээгүй иргэн З.Сайнхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, өргөж газар унаган эрүүл мэндэд нь баруун мөрний үений урд хэсгийн булчингийн булчин шөрмөсний шилжих бүсэд урагдал, хаван бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч З.Сайнханы “...Тэмүүлэн уурлаад “чамаас бөмбөг гарсан” гэж маргалдсан. Тэгээд миний нүүр рүү хэд хэдэн удаа алгадаад дараа нь цээж рүү түлхтэл араас Тэмүүлэнгийн найз Эрдэнэболд гүйж ирээд миний толгой руу 2 удаа цохисон. ...Эрдэнэболд намайг араас тэвэрч аваад заалны шал руу шидсэн. Тэр үед миний баруун мөр мултарсан. ...” /хх 12-16/,

гэрч З.Дөлгөөний “...12 дугаар ангийн сурагч Эрдэнэболд ирээд Сайнханы толгой, дагз хэсэг рүү гараараа цохисон. ...Тэмүүлэн, Эрдэнэболд Сайнханы араас очоод газар унагаасан. ...” /хх 23-24/,

гэрч Т.Намунханы “...Эрдэнэболд “чи амжихгүй шүү” гээд Сайнханы хойноос баруун гарын булчин орчим өшиглөөд араас нь тэврээд унагаасан. ...” /хх 25-26/,

шинжээч эмч Т.Туяагийн “...тус гэмтэл нь унах үед өшиглөх, эвгүй дарж унах үед үүсэх боломжтой. ...” /хх 36/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10854 дугаартай “...З.Сайнханы биед баруун мөрний үений урд хэсгийн булчин шөрмөсний шилжих бүсэд урагдал, хаван гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 38/ гэх дүгнэлт,

 

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 91-100/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, өсвөр насны шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Эын хохирогч З.Сайнханыг өргөж газар унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх, өсвөр насны шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Прокурор С.Гансэлэмийн “...шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар Б.Э нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн атлаа уг хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хэрхэх талаар дурдаж өгөөгүй. ...” гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

 Учир нь, анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэсэн атлаа хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хэрхэх талаар орхигдуулсан нь  буруу болжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна.” гэж хуульчилжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тохиолдолд биелүүлээгүй бол хэрхэх талаар заавал дурдах нь зүйтэй.

 

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх юм.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Эод шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ