Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 696

 

С.Өт холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбаатар,

шүүгдэгч С.Ө, түүний өмгөөлөгч Ө.Болормаа, Ц.Баасанжаргал, Ш.Оюумаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Өын өмгөөлөгч Ц.Баасанжаргал, Ө.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Өт холбогдох эрүүгийн 1809019851316 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.................., 19....... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 29 дүгээр гудамжны 330 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......../;

 

С.Ө нь 2018 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Золзаяагийн түргэн үйлчилгээний цэгийн хаалгыг хөшиж нэвтрэн, “Нокиа” маркийн 2 ширхэг гар утас, бэлэн 60.000 төгрөг, “Макспан” нэртэй шоколад 7 ширхэг, битүү чанагч 1 ширхэг, ундаа 1 ширхэг, “Сникерс” нэртэй шоколад 7 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлан авч нийт 201.470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ............ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Өын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Ө нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, С.Өыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Өын өмгөөлөгч Ц.Баасанжаргал гаргасан давж заалдах гомдолдоо: “Тус анхан шатны хуралдааны хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3917 дугаар дүгнэлтэд Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй 1, 2, 3 гэж дугаарласан гарын мөрний тухай шинжлэн судлуулж, тус хурууны хээ хэнийх болох талаар олж тогтоосноор тус гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг тогтооё гэсэн байр суурийг тодорхой илэрхийлсэн байхад тус шийтгэх тогтоолд огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч С.Өын өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлынхоо үндэслэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Шүүгдэгч С.Ө нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж хохирлыг бүрэн барагдуулсан. С.Ө нь эхнэр болон хүүхдийн хамт амьдардаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч С.Өын өмгөөлөгч Ө.Болормаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус анхан шатны хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө нь гадны ятгалаг зөвлөгөөг даган өөрийн эрх зүйн байдлаа дордуулж оролцсон байна. С.Ө нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан 201.470 төгрөгийн хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдаг. Иймд түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хувийн байдал, хохирол бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тухай гомдол зэргийг хянан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор С.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч С.Өын өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс С.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие 2 хоногийн өмнө С.Өтай очиж уулзахад өөрийнхөө хийсэн хэрэгт маш их гэмшиж байсан. Иймд шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлийг тэнсэж өгнө үү. Мөн С.Өын ээж нь даралт ихсэж харвасны улмаас бие нь маш муу байгаа. Өөрийнх нь зүрх өвчтэй учир цагдан хоригдоход маш хүнд байгаа.” гэв.

 

Шүүгдэгч С.Ө тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор П.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдах гомдол гаргасан өмгөөлөгч Ц.Баасанжаргал давж заалдах гомдлоо өөрчилж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч гэж байгаад тусгайлан гаргах санал байхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч С.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай буюу хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хөнгөн ангиллын гэмт хэрэгт буюу хорих ялын дээд хэмжээ 5 жилээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хэрэглэх боломжтой. Иймд тэнсэх боломжгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй.” гэв.

                                                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

С.Ө нь 2018 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Золзаяагийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгийн хаалгыг хөшиж нэвтрэн, “Нокиа” маркийн 2 ширхэг гар утас, бэлэн 60.000 төгрөг, “Макспан” нэртэй шоколад 7 ширхэг, битүү чанагч 1 ширхэг, ундаа 1 ширхэг, “Сникерс” нэртэй шоколад 7 ширхэг зэрэг эд хөрөнгө хулгайлан авч нийт 201.470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

 

хохирогч Т.Золзаяагийн “...2018 оны 4 дүгээр сарын 11-ний орой 20 цаг 30 минутад хаагаад гэртээ харьсан юм. Тэгээд өглөө 8 цаг 30 минутын орчим ...түргэн үйлчилгээний цэгтээ иртэл хаалга онгорхой хулгайч орсон байсан. “Нокиа” маркийн хоёр гар утас, бэлэн мөнгө 60.000 орчим төгрөг, том “Макспан” шоколад 5 ширхэг, жижгээс нь 2 ширхэг, битүү чанагч, бидний ундаа 1 ширхэг, том “Сникерс” 5 ширхэг, жижгээс нь 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /хх 27-28/,

 

шинжээч А.Азжаргалын “...Мөр хүлээн авагч гадаргын онцлог, цаг уур, орчны нөлөөлөл, механик үйлчлэлээр устах буюу орчин цэвэрлэхээс бусад тохиолдолд харилцан адилгүй хадгалагддаг. Жишээ нь эхний гарын мөр үүсээд мөн үүссэн обьектод дараагийн хүн гар хүрэхэд эхний мөр давхардаж арилдаг юм. ...” /хх 108-111/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 3917 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагдаагийн хошууч С.Баярсайханы хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй 1 гэж дугаарласан гарын мөр санд MN000110004149 дугаараар 1 удаа бүртгэгдсэн Сүхбаатарын Өсөхбаярын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна. ...” /хх 46-47/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 417 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Сүхбаатар овогтой Өсөхбаярын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Санд “12.04.2018 СБД 11-р хороо СБД-ийн нэгдсэн эмнэлгийн баруун талд байрлах ТҮЦ-нд хулгай” гэсэн хэргийн утга бүхий “2018-7147-СБД” /2/ дугаараар бүртгэгдсэн гарын мөр Сүхбаатар овогтой Өсөхбаярын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна. Гарын мөр хадгалагдах үйл явц мөр хүлээн авагч обьектын гадаргын онцлог, цаг уур, орчны нөхцлөөс хамаарах ба механик үйлчлэлээр мөр устах буюу арчиж цэвэрлэхээс бусад тохиолдолд харилцан адилгүй хугацаагаар хадгалагдах боломжтой. Хүн эхийн хэвлийд бүрэлдэх явцад гарын хээ үүсч арьсны бүрэн ялзрал явагдах хүртэлх хугацаанд гарын хээ дахин давтагдашгүй харьцангуй тогтвортой байна. ...” /хх 95-96/ гэх дүгнэлтүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16-17/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 18-19/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 56-57/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч С.Өыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч С.Өын иргэн Т.Золзаяагийн үйл ажиллагаа явуулах зориулалттай түргэн үйлчилгээний цэгийн хаалгыг хөшин нэвтэрч, 201.470 төгрөгийн эд зүйл авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч С.Өын өмгөөлөгч Ц.Баасанжаргал “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3917 дугаар дүгнэлтэд Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй 1, 2, 3 гэж дугаарласан гарын мөрний тухай шинжлэн судлуулж, тус хурууны хээ хэнийх болох талаар олж тогтоосноор тус гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг тогтооё гэсэн байр суурийг тодорхой илэрхийлсэн байхад тус шийтгэх тогтоолд огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасныг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч тус шүүх хуралдаанд “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэж гомдлынхоо агуулгыг өөрчилснийг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч С.Өын өмгөөлөгч Ө.Болормаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч С.Ө нь давж заалдах шатны шүүхэд “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлыг бүрэн барагдуулсан болно. ...” гэсэн хүсэлт ирүүлжээ. /хх 206/

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Өын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал, Ө.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч ..............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Шүүгдэгч ...................ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ