Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00049

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 207/МА2018/00049

 

 

Ж.Д-гийн нэхэмжлэлтэй

хариуцагч Х.О, Х.А  нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00205 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.Д-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.О, Х.А  нарт холбогдох,

Ажлын байр чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ж.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С , хариуцагч Х.О, нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Д- би 2017-05-25-ны өдөр Орхон аймаг Баян- Өндөр сум Уурхайчин баг Хүрэнбулагхудалдааны төвийн урд хэсгийн өргөтгөлд 24м2 талбай бүхий ажлын байрыг иргэн Н.Б аас худалдаж авсан. Намайг анх уг ажлын байрыг худалдаж авахад А , О гэх эхнэр нөхөр хоёр гар утас засварын үйл ажиллагаа явуулж байгаа удахгүй гэрээний хугацаа дуусаад гарах юм гэж хэлсэн. Би удахгүй гарах байх гэж хүлээсээр 6 сарын хугацаа өнгөрлөө. Саяхан би ажпын байрыг маань чөлөөлж өг гэсэн шаардлага тавихад чөлөөлж өгөхгүй гэнэ. Би өөрийн өмчөө тэд нарт түрээслүүлээгүй тэд нар надтай чуулзаагүй, тэд нараас нэг ч төгрөг аваагүй байж би өөрийн ажлын байрандаа ямар нэгэн төлбөргүйгээр тэд нарыг байлгах боломжгүй юм. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг худалдааны төвийн урд талын өргөтгөл хэсэгт байрлах 24 м2 талбай бүхий ажлын байрыг маань А , А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би Ж.Д- гэдэг хүнийг огт танихгүй. Би Б  гэдэг хүнтэй зарын дагуу холбогдож түрээсэлсэн. Д- нь надтай 2017 оны 11 дүгээр сард утсаар яриад байрыг чөлөөлж өг гэсэн. Би Б тай гэрээ байгуулсан. Өмнө нь би Б  гэдэг хүнийг мэддэг, тэр обьектийн эзэн гэж мэддэг байсан. Гэрээ байгуулахдаа гэрчилгээг нь үзье гээгүй гэрээ хийсэн. Эд нарын дунд нэг л учир байгаа байх... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00205 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Х.А д холбогдох Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэн булаг худалдааны төвийн урд талын өргөтгөл хэсэгт байрлах 24м2бүхий объектыг / ажлын байрыг / чөлөөлүүлэх Ж.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Д- давж заалдсан гомдолдоо:

Миний бие Ж.Д- нь иргэн Х.А  Х.О нарт холбогдуулан Хүрэн булаг худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойш харсан /төв замруу/ 24мкв талбай бүхий худалдааны зориулалттай өргөтгөл хийсэн ҮХЭХ-г Х.А  Х.О нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлдээ үл хөдлөх хөрөнгийн өмчлөл болсон улсын бүртгэлийн гэрчилгээ, уг гэрчилгээгээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа байдлыг үндэслэн гаргасан шүүх миний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Ж.Д- нь 24 мкв талбай бүхий объектыг хууль ёсны дагуу эзэмшил өмчлөлдөө авсан болох нь эргэлзээтэй байх тул мөн гэрч Б ын Д-гийннэр дээр зээл авахуулах гэж шилжүүлсэн гэсэн нь эргэлзээ төрүүлж байна гэдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй. Улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлаар өмчлөгч нь Б  биш эх Д- миний бие байхад уг ҮХЭХ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ буюу өмчлөгч гэдгээ нотолсон дээрхи нотлох баримтыг хэрхэн дүгнэн үзсэн нь тодорхойгүй байгаа Иймд шийдвэрийн нэгдүгээр заалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангасугай гэж өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулсаны үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг гүйцэт хэрэгжүүлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Д- өөрийн өмчлөлийн 24 м/кв талбай бүхий байрыг хариуцагч Х.О, Х.А  нараас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар уг байрыг ... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх шүүх хуралдааны шатанд гэрч Б ын зээл авахын тулд шилжүүлсэн, миний өмч мөн гэх мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн нэхэмжлэгч уг байрыг Б аас өрөндөө авсан гэх тайлбарууд нь эргэлзээ төрүүлж байна гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан зохицуулалтыг зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нэхэмжлэгч Ж.Д- нь тус сумын 3 дугаар баг Уурхайчин 3 хороолол 17 дугаар байрны үйлчилгээний төвийн 1 давхарт байрлалтай 24 м/кв талбай бүхий байрны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2101020649 дугаартэй бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон ба Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу өмнөх өмчлөгч Н.Б ын өмчлөх эрх дуусгавар болжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх ба Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т зааснаар эрх шилжүүлж авч байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрх хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргцэхээс бусад үнэн зөв гэж тооцох бөгөөд нэхэмжлэгч Ж.Д-д олгогдсон эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа ба Н.Б  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон байх тул түүний хуульд заасан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Д- өөрийн өмчлөлийн хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул түүний гаргасан ... нэхэмжлэгч нь 24 м/кв талбай бүхий объектыг хууль ёсны дагуу эзэмшил өмчлөлдөө авсан болох нь эргэлзээтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2018/00205 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдож байх тул хариуцагч О, А  нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Ж.Д-гийн өмчлөлийн 24 м/кв байрыг чөлөөлсүгэй гэж, шийдвэрийн 2 дугаар заалтанд хариуцагч О, А  нараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Д-д олгосугай гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Нэхэмжлэгч Ж.Д-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ