Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2018/0658/З |
Дугаар | 128/ШШ2020/0017 |
Огноо | 2020-01-06 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2020/0017
2020 оны 01 сарын 06 өдөр Дугаар 128/ШШ2020/0017 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х д э х ТББ
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам
Нэхэмжлэлийн шаардлага: 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ биелүүлээгүй Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох;
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д , хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э , Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , иргэдийн төлөөлөгч Ц.С , Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х д э х ТББ-ын тэргүүн Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ биелүүлээгүй Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Х д э х ТББ нь 2006 үүсгэн байгуулагдсан бөгөөд байгаль орчныг хамгаалах, иргэдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль нь 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдан гарснаас хойш огт хэрэгжихгүй өнөөг хүрлээ. Ийнхүү хэрэгжихгүй буюу ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгжүүдээс хуульд заасан төлбөрийг авч чадалгүй явж ирсний гол шалтгаан нь хуулийг хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой журам болох Хаягдал усны эзлэхүүн (хэмжээ) болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцох аргачлалыг батлагдан гараагүй байгаатай шууд холбоотой юм.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан дээрх журмыг батлан гаргах үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран гаргах үүргийг хүлээсэн билээ.
Гэтэл дээрх төрийн захиргааны төв байгууллагууд 2012 оноос өнөөг хүртэл бүтэн 6 жилийн хугацаанд хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхгүй явж ирсэн эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус үйл ажиллагаа юм.
Ийнхүү холбогдох журам, аргачлалыг батлаагүйгээс ус бохирдуулагчдын хариуцлагыг сулруулж, усны бохирдлыг улам бүр нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлснээс гадна улсын төсвийн орлогыг алдагдуулж, усны бохирдлыг бууруулах, сэргийлэх арга хэмжээнд зарцуулах мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж чадаагүй. Хэрэв хууль хэрэгжсэн бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тооцоогоор жилд дунджаар 9 тэрбум төгрөгийн төлбөр, нөхөн төлбөрийн орлого улсын төсөвт төвлөрөх боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл, хууль хүчин төгөлдөр болсноос хойш өнөөг хүртэлх 6 жилийн хугацаанд ойролцоогоор 54 орчим тэрбум төгрөгийн төсвийн орлогыг алдагдуулсан байна.
Түүнчлэн ус бохирдуулагчдын үүрэг, хариуцлагыг сулруулснаас иТуул, Орхон, Хараа, Хангал гэх мэт олон тооны гол, усны эх үүсвэрийн бохирдол дээд цэгтээ хүрч хот, суурин газрын ойролцоо голын урсгалын доод хэсэгт хүн амын дунд уснаас шалтгаалсан өвчлөлийн эрсдэл улам ихэсч, эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлэх хэмжээнд хүрч2, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, нийтийн эрүүл мэнд, ашиг сонирхолд ноцтой хохирол учрах аюул нүүрлээд байна. Туул голын усны бохирдол болон уул уурхай ажилладаг зуны улиралд тохиолддог Орхон, Хараа, Хангал голуудын бохирдлыг дурдаж болно. Ийнхүү хот, суурин газрын ойролцоо голын урсгалын доод хэсэгт хүн амын дунд уснаас шалтгаалсан өвчлөлийн эрсдэл улам ихэсч, эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлэх хэмжээнд хүрээд байна.
Ийнхүү нийтийн эрүүл мэнд, хүний эрх, нийтийн эрх ашигт учирсан хохирол зөрчлийг арилгуулах үүднээс Х д э ТББ нь Захиргааны ерөнхий хууль ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамны Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох; Иргэдийн Үндсэн хуульд хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн ашиг сонирхлыг зөрсөн дээрх байгууллагуудад хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, Хаягдал усны эзлэхүүн (хэмжээ) болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцох аргачлалыг батлан гаргахыг хариуцагчид даалгах тухай гомдлыг Засгийн газарт гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
...Хариуцагч талаас бид энэ асуудлыг хэд хэдэн удаа Засгийн газарт оруулж байсан боловч Засгийн газар буцаасан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бүрдэл хангаагүй гэх үндэслэлээр буцаасан гэх мэт тайлбаруудыг өмнөх шүүх хуралдаанууд дээр хэлж байсан. Тодорхой хэмжээний хууль тогтоомжийн хүрээнд үүргээ биелүүлээгүй, хойрго хандсан үйлдэл байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэж хүсэж байна. ...Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан биш гэдгийг давж заалдах шатны шүүхээс тогтоосон байгаа. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр гэж үзээд, энэ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох бүрэн үндэслэлтэй. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэж хүсэж байна гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална гэж заасны дагуу Хаягдал усны эзлэхүүн болох бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, "Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал-ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А-299/204 дугаартай хамтарсан тушаалаар баталсан.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг Улсын Их хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болгосон.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, түүнийг дагаж гарах захиргааны хэм хэмжээний актыг боловсруулах, нөлөөллийн шинжилгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/331 дүгээр тушаалаар байгуулсан.
Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ, Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаар тогтоолыг батлуулсан.
Ажлын хэсэг дараах захиргааны хэм хэмжээний актын төслүүдийг боловсруулж, холбогдох талуудтай хэлэлцүүлэг зохион байгуулах, яамны цахим сайтад тавьж иргэдээс санал авах, олон нийтэд суртачилан таниулах, хянах, баталгаажуулах ажлыг хийж байна:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/6315 дугаартай албан бичгээр Хуулийн хэрэгжилтийг хангаж, ус бохирдуулсны төлбөрийг ногдуулж, төлбөрийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж ажиллах, холбогдох мэдээллийг тухай бүрт нь яаманд ирүүлж, хамтран ажиллах талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт болон Сав газрын захиргаадад хүргүүлж ажилласан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.1.1 дэх заалтад улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан-ыг давж заалдах шатны шүүх тусгай журмаар шийдвэрлэх зохицуулалттай байх тул шүүхийн харьяаллыг зөв тодорхойлж шийдвэрлэнэ үү.
...УИХ-ын 2018 оны нэгдсэн чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хүчингүй болгосон. Хүчингүй болсон хуулийн заалтыг шүүх хэлэлцээд эцэслэн шийдвэрлэлээ гэхэд яаж хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хэрэгжүүлэх боломжтой байх ёстой. Гэтэл хүчингүй болсон хуулийн заалтыг шүүх хянан хэлэлцээд, ямар шийдвэр гарах, үр дагавар нь юу байх нь ойлгомжгүй. ...2 захиргааны байгууллага хуулийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй байна гэж нэхэмжлэгч тал үзээд байгаа. ...5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасантай холбоотой журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн боловч хэлэлцүүлгийн материал дутуу гэдэг үндэслэлээр 2016 онд буцаагдсан. ...2012 онд батлагдсан тус хуулийг хэрэгжүүлэхэд яагаад хүндрэлтэй байсан гэхээр иргэдээс ус бохирдуулсны төлбөр авах хэмжээ маш өндөр гарсан нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэж Монгол Улсын Засгийн газар үзсэн учир төлбөрийн хэмжээг бууруулах шаардлагатай байсан. ...Нөгөө талаар бохирдуулагч нь төлөгч байх гэсэн байгаль орчны том захирамж байдаг. Энэ хүрээнд УИХ-аас 2019 онд батлагдсан хуульд нөхөн төлбөрийг 2-5 дахин нэмэгдүүлэх ч гэдэг юм уу, хуульд дахин өөрчлөлт оруулах шаардлага, хэрэгцээ байсан учир УИХ-ын үндсэн чиглэлд 2012 оны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн заалтыг оруулаад, хуулийн төслийг өргөн бариад батлуулсан байгаа. Одоо хэрэгжүүлээд, холбогдох дүрэм, журмыг нь бүгдийг нь боловсруулаад Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Үүнийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл байхгүй. ...Энэ хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжгүй учир тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг буцааж, харьяаллын дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд бичгээр гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдсан. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална гэж заасан.
Хуулиар олгогдсон эрхийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/, Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-299/204 дугаар хамтарсан тушаалаар Хог хаягдлын эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулагч бодисын хэмжээг тогтоох журам, Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал-ыг тус тус баталсан.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам эрхлэх асуудлын хүрээнд тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүйн яаманд /хуучин нэрээр/ хүргүүлсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 66.1.1 дэх хэсэгт заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй гэдэг үндэслэлээр буцаасан байна.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдсан тул хуулийн дагуу холбогдох журмыг шинэчлэн баталж Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх ёстой гэж үзэж байна.
...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлээгүй эс үйлдэхүй гэж яриад байгаа юм уу, эсхүл юуг хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа нь тодорхойгүй байна. Журам бүхэлдээ хууль бус гэж маргаад байгаа юм уу, эсхүл аль нэг хэсэг нь хууль бус юм уу. Ямар эс үйлдэхүй гаргасан гэж яриад байгаа талаараа тодорхой дурдсангүй. Маргаан бүхий актыг захиргааны акт гэж үзээд байгаа юм уу, эсхүл захиргааны хэм хэмжээний акт гэж үзээд байгаа юм уу гэдгээ өөрөө ойлгомжгүй байдлаар тайлбарлаад байна. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх өмнө нь зөв дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь энэ маргаан анхан шатны шүүхийн харьяаллын маргаан биш. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харьяаллын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэр хангаагүй байна гэж буцаасан. Хэм хэмжээний акт мөн учраас бүрдүүлбэр хангуулж ир гэсэн агуулгатай албан бичгээр буцааж хүргүүлсэн гэж үзэж байна. Хэрвээ хэм хэмжээний акт биш байсан бол хэм хэмжээний акт биш тул захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэх боломжгүй гэдэг агуулгаар буцааж хүргүүлэх байсан байх. ...Хэрвээ нэхэмжлэлийн шаардлага нь хангагдаж шийдвэрлэгдвэл ямар эрх ашиг нь сэргэх нь тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалт нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Монгол Улсын Засгийн газар нь 2012 онд батлагдсан хуультай холбогдуулаад, эрх зүйн томоохон баримт бичгүүд дээр ажилласан. Ус бохирдуулсантай холбоотой стандарт байх ёстой гэж үзээд, 2015 онд Хүрээлэн буй орчинд нийлүүлэх хаягдал усны стандарт 43, 49 стандартыг баталсан. 2012 онд батлагдсан хуультай холбогдуулаад 2 жил гаруйн хугацаанд олон ажил хийсэн. Бид хамгийн сүүлд дахин ашиглах цэвэрлэсэн ус гэсэн стандарт батлуулсан байгаа. 2018 онд хийсэн стандартыг бид жил гаруйн хугацаанд хийсэн. ...Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хувьд агаар орчны бохирдлыг бууруулах, хаягдал усны хэмжээг багасгах, хаягдал усны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой зорилго, зорилтууд тусгагдсан байдаг. ...2016 оны 11 дүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн хурлаар тус хуулийг хэрэгжүүлэхийн тулд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн үүднээс нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулагдаад эхэлсэн. ...2017 онд үзэл баримтлал нь батлагдаад, МУ-ын Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан үзэл баримтлалыг дахин шинэчлэх шаардлага тавьсны дагуу дахин үзэл баримтлалыг шинээр батлуулсан. Процессын дагуу явж байгаад 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан.
...Хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт маш амархан юм шиг хэрнээ хэцүү зохицуулалт байгаа. Учир нь энд уул, уурхайн компаниуд орж ирнэ. Уул уурхайн компаниудад ус бохирдуулсны төлбөрийг ногдуулахдаа хэд хэдэн томоохон уул уурхайн компаниудад судалгаа хийх маягаар ажлын хэсэг ажиллуулсан. ...нүүрс, газрын тос, алт, зэс гээд олон төрлийн уул уурхайн компаниуд байгаа. Эдгээр үйлдвэрүүд олборлож байгаа баялгийн төрлөөсөө хамаараад ашиглаж байгаа техник, технологи нь өөр учир хэдий хэмжээний ус ашиглаж, хэдий хэмжээний бохир ус байгальд нийлүүлж байна гэдгийг маш нарийн тооцохгүй бол болохгүй. Уул, уурхайн салбарт ус бохирдуулсны төлбөр ногдуулах байрь суурьтай хэвээрээ байгаа, ногдуулах ёстой гэж үзэж байгаа. Харин төлбөр ногдуулахдаа зөв, хүртээмжтэй шударга байдлаар ногдуулна гэсэн зорилттой байгаа.
Тиймээс нэхэмжлэгч тал Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа хуультай холбоотой хэлэлцүүлэгт оролцоод, хамтарч ажиллаач гэж хүсэж байна. Тус хуулийн үндсэн концепц нь хаягдал усны бохирдлыг үе шаттайгаар бууруулах зорилготой байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хөшүүргээр усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах зорилготой хууль байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х д э х ТББ-ын тэргүүн Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ биелүүлээгүй Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулсан байна.
Шүүх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны байгууллагаас хэм хэмжээний актыг боловсруулах үйлдэл, үйл ажиллагаатай холбоотой маргаан тул захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ...журам, ... аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална гэх үүргийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй гэж зааснаар Сангийн яамыг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан болно.
Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль-ийг батлан мөрдүүлж, энэ хуулийн зорилтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон байна.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална, 7 дугаар зүйлийн 7.2-т Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно хэмээн захиргааны байгууллагуудын эрх үүргийг заасан.
Нэхэмжлэгч Х д э х ТББ нь нэхэмжлэлийн шаардлагадаа ...ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгжүүдээс хуульд заасан төлбөрийг авч чадалгүй явж ирсний гол шалтгаан нь хуулийг хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой журам болох Хаягдал усны эзлэхүүн (хэмжээ) болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцох аргачлалыг батлагдан гараагүй байгаатай шууд холбоотой. ... холбогдох журам, аргачлалыг батлаагүйгээс ус бохирдуулагчдын хариуцлагыг сулруулж, усны бохирдлыг улам бүр нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлснээс гадна улсын төсвийн орлогыг алдагдуулж, усны бохирдлыг бууруулах, сэргийлэх арга хэмжээнд зарцуулах мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж чадаагүй... гэж дурьджээ.
Нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яаманд холбогдуулан гаргасан 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална гэж заасны дагуу Хаягдал усны эзлэхүүн болох бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, "Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал-ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А-299/204 дугаартай хамтарсан тушаалаар тус тус баталж, Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүйн яаманд хүргүүлсэн боловч тус яамны сайдын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1-1/2837 тоот албан бичгээр ...баримтын бүрдэл шаардлага хангаагүй тул бүртгэх боломжгүй хэмээн буцаасан.
Үүний зэрэгцээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/3146 тоот албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Б од Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.4-д тус тус заасны дагуу үйл ажиллагаа явуулж, Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журам, Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ, Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай журмын төслийг, мөн 2016 оны 02 дугаар сарын 01/177 тоот албан бичгээр Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох, журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг 2016 оны Усны үндэсний хурлаар хэлэлцүүлж, Эрүүл мэнд, спортын яам, Аж үйлдвэрийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам болон холбогдох байгууллагуудаас санал хүсэлт авсаны үндсэн дээр дахин боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус хүргүүлж байсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/7678 тоот албан бичгээр МУ-ын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.З т Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдах бусад хуулийн төсөл, үзэл баримтлал, хуулийн төсөлд хийсэн тандан судалгаа, нөлөөллийн үнэлгээний тайлан, яамдаас ирүүлсэн санал зэргийг хүргүүлснээр МУ-ын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар түүнийг дагаж гарах захиргааны хэм хэмжээний актыг боловсруулах, нөлөөллийн шинжилгээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/331 дүгээр тушаалаар байгуулж, ажлын хэсэг холбогдох захиргааны хэм хэмжээний актын төслүүдийг боловсруулж, холбогдох талуудтай хэлэлцүүлэг зохион байгуулах, яамны цахим сайтад тавьж иргэдээс санал авах, олон нийтэд сурталчлан таниулах, хянах, баталгаажуулах ажлуудыг хийсэн ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01/6315 дугаартай албан бичгээр Хуулийн хэрэгжилтийг хангаж, ус бохирдуулсны төлбөрийг ногдуулж, төлбөрийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж ажиллах, холбогдох мэдээллийг тухай бүрт нь яаманд ирүүлж, хамтран ажиллах талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт болон Сав газрын захиргаадад хүргүүлж ажилласныг нотлох баримтууд хэрэгт авагдсан болохыг дурьдаж байна.
Харин Сангийн сайд нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А-299/204 дугаартай хамтарсан тушаалыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдтай хамтран баталсан, тус хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг дахин боловсруулж хүргүүлсэн тохиолдолд батлах ба ямар нэг хууль бус эс үйлдэхүй гаргасан тохиолдол тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамыг тус тус Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийн төсөл боловсруулах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргийг биелүүлэхээс татгалзаагүй, тодорхой хэмжээнд судалгаа шинжилгээ, хэлэлцүүлэг, санал, хүсэлт гаргах, журам, аргачлалыг боловсруулсан үйл ажиллагааг явуулж байсан учир хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Хоёр. Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ биелүүлээгүй Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:
2012 оны Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно гэж заасан байсныг Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болгожээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг заалт хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд буюу 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 7 жилийн хугацаанд Засгийн газар уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан эрх үүргийг хэрэгжүүлсэн эсэхтэй холбоотой харилцааг хянан магадалсан болно.
Харин дээр дурьдсанчлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас 2015, 2016 онуудад Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.4-д тус тус заасны дагуу Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журам, Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ, Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай журмын төслийг хүргүүлж байсан боловч Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хойшлуулж, тухайн үед батлаагүй байна.
Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолоор Туул голын асуудлаар иргэдээс ирсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, ... хамгаалах, бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ...арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож байжээ.
Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/03 дугаар Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай зөвлөмжийн 2 дугаар зүйлд Засгийн газарт Агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож, хориглох зүйлсийг гаргах, ...үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах ...төслийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны дотор боловсруулж, Улсын Их хуралд өргөн барьж батлуулах гэж үүрэг болгожээ.
Энэхүү Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн биелэлтийг хариуцагч биелүүлсэн талаарх үйл ажиллагааны баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Улсын Их Хурлаас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан боловч хуулийг дагалдан гарах журмыг тухайн хугацаанд Засгийн газар батлаагүйн улмаас уг хууль хэрэгжих нөхцөл боломж бүрдээгүй.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Төлбөрийн хэмжээг усны сав газрын ус хэрэглээний даац, бохирдлын эрсдэлийг харгалзан гурван бүлэгт хувааж, усны экологи-эдийн засгийн суурь үнэлгээг үндэслэн эрсдэл багатай сав газарт бохирдуулах бодисын төрөл болон жинд харгалзах хамгийн бага төлбөрийн хэмжээгээр, харин экологи-эдийн засгийн өндөр үнэлгээ бүхий сав газрын төлбөрийн хэмжээг ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээнээс 5,10 хүртэл хувиар шатлан өсгөх байдлаар ялгамжтай тогтоож, Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн дагуу Ус бохирдуулсны төлбөрийн орлогыг сум, дүүргийн татварын албанд төлж, Байгаль хамгаалах санд төвлөрүүлэн шаардлагатай үйл ажиллагааг санхүүжүүлэх чухал ач холбогдолтойгоос гадна хүчин төгөлдөр хуулийн заалт хэрэгжээгүйгээс усны бохирдлоос хамгаалах төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, тэдгээрийн хоорондын харилцаа, эрх үүрэг нь нарийвчлан зохицуулагдаагүй гэж үзэхээр байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүргүүлсэн төслийн дагуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төлбөрийн хэмжээг хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд үндэслэн ... хязгаарт багтаан Засгийн газар тогтооно, 8 дугаар зүйлийн 8.4-д Энэ хуулийн 8.3-т заасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг заасан журмыг Засгийн газар батална гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаар тогтоолоор Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ, Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай журам-ыг баталсныг шүүх үгүйсгээгүй боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуулийн заалт хүчин төгөлдөр байх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ, 2012 оны Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн ... Засгийн газар тогтоох үүргээ биелүүлээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус үндэслэл болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х д э х ТББ-ын тэргүүн Б.Б гийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яаманд холбогдуулан гаргасан 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 2012 оны Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ уг заалт хуулийн хүчин төгөлдөр байх үед буюу 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ