Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 00761

 

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2020/00761

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар  О.Э / /-гийн нэхэмжлэлтэй, Ч.М / /-д  холбогдох, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 153/2020/00777/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр Ч.Мтой 2017 онд танилцаж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин М.А төрсөн. Одоо охин маань 1 нас 8 сартай. Гэрлэлтээ батлуулаагүй байсан. Нөхөр болох Ч.М нь өөр эхнэртэй болж тусдаа амьдрахаар болсон тул хүүхдийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагч Ч.М нарт шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Э нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 36/004807 дугаар гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаагаар өмнө нь гэрлэлтгүй, О.Э, Ч.М нарын дундаас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин М.А нь төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа болох хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 3, 6 дугаар тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гардан авсан болох нь шүүхийн Нэхэмжлэлийн хувийг гардуулсан тухай Баримт №4-өөр тогтоогдож байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлд хариу тайлбар өгөх үүргийг хүлээсэн байна.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлийн хариу тайлбарыг ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй / нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 14 хоногийн дотор хариу тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх/ түүнчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйгээр хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсаны дагуу нэхэмжлэгч О.Эгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.Аыг эх О.Эгийн асрамжид үлдээж, эцэг  Ч.Моос  хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Ч.Моос хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин М.Аыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Ч.Мийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Ч.Моос Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх О.Э нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.Аыг Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 203,400 төгрөгийн 50 хувь болох 101,700 төгрөгийг сар бүр хариуцагч Ч.М  төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар  охин М.Ад сар бүр төлөх тэтгэлэг  101,700 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход  1,220,400 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,840 төгрөгийг Ч.Моос гаргуулан улсын орлогод оруулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагч Ч.Моос гаргуулан нэхэмжлэгч О.Эд олгохоор тогтов.

Хүүхдүүдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч О.Эд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Ч.Мид тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.Аыг эх О.Эгийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин М.Аыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ч.Моос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Ч.М, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч О.Э нарт  тус тус даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Моос 33,840 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг мөн хариуцагч Ч.Моос гаргуулан нэхэмжлэгч О.Эд олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч О.Эд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Ч.Мид тус тус мэдэгдсүгэй.

6. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Х.ОТГОНЖАРГАЛ