Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/01156

 

“МАК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/02175 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0074 дүгээр магадлалтай,

“МАК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“ББР” ХХК-д холбогдох

Илүү нийлүүлсэн цементийн төлбөр 153,470,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 13,637,220 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн төлөөлөгч М.Баасандуламын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “МАК” ХХК нь “ББР” ХХК-д холбогдуулан илүү нийлүүлсэн цементийн төлбөр 153,470,800 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, “ББР” ХХК нь “МАК” ХХК-д холбогдуулан бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 13,637,220 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч, нэхэмжлэгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.  

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/02175 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч ББР ХХК-иас илүү нийлүүлсэн цементийн үнэ 153,470,800 төгрөг гаргуулах тухай МАК ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1-д зааснаар Монгол алт ХХК-иас бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 13,637,220 төгрөгийг гаргуулж ББР ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Монгол алт ХХК-иас 226,140 төгрөг гаргуулж ББР ХХК-д олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,161,280 /828,500+226,140+106,640/ төгрөгийг, хариуцагчийн төлсөн 226,140 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0074 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/02175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 926 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч М.Баасандулам хяналтын гомдолдоо: ...Магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон “Шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хөөн хэлэлцэх хугацааг буруу дүгнэсэн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд бидний зүгээс энэхүү гомдлыг гаргахдаа анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл болгосон хуулийн заалтыг давж заалдах шатны шүүхээс “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Магадлалын хянавал хэсэгт “Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг нарийвчлан тогтоож эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болсон байна” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч ... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримт материалыг нэхэмжлэлийн хариу тайлбартай хамт шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан өөр бусад баримт материалыг үндэслэн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт тодорхой дурдсан байна. Мөн нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэх бичгийн нотлох баримт болох үнэлгээний тайлан, барилга.мн сайтаас авсан баримт материалуудыг хэргийн 42-78 дугаар талд гаргаж өгсөн бөгөөд уг баримтууд нь хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул шүүхээс үнэлэх боломжгүй юм. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 349-р зүйлийн 349.1, 349.2 дахь заалтуудыг үндэслэл болгон Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн магадлалд “...зохигчдын тайлбар нь нотлох баримт болох бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 21,485,200 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч төлнө гэсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна...” гэжээ. Манай компанийн зүгээс анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...21,485,200 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч төлнө...” гэж огт хэлээгүй бөгөөд харин 21,485,200 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг 2012.10.16-ны өдөр “Хөтөл Тэлмэн” ХХК-ний “Хаан банк” ХХК дахь 5030017977 тоот дансанд шилжүүлсэн талаар тайлбар хийн, мөнгө шилжүүлсэн анхан шатны баримтыг шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон нотлох баримтыг буруу ойлгон, тайлбарлаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээр дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтуудыг “Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч “МАК” ХХК нь хариуцагч “ББР” ХХК-д холбогдуулан илүү нийлүүлсэн цементийн үнэ 153,470,800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь нийлүүлсэн бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 13,637,220 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

6.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 5588.9 тн цемент нийлүүлсэн, хариуцагч нь 10,843м3 бетон зуурмагийг “Лотте инженеринг” ХХК-д хүлээлгэн өгсөн, үүнд 3597.7тн цемент орж, 1991.2 тн цемент илүү гарна, энэ үнэ нь 302,662,400 төгрөг бөгөөд манай бусад төсөлд авсан 154,922,000 төгрөгийн үнэ бүхий 870 м3 бетон зуурмагийн төлбөрийг хасаж тооцвол зөрүү төлбөр 147,740,400 төгрөг, үүнээс 2014 оны төлбөр 13,637,220 төгрөгийг хасвал 134,103,180 төгрөгийг шаардах эрхтэй гэж нэхэмжлэгч нь үндэслэлээ тодорхойлсон.

6.2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, илүү нийлүүлсэн цементийн хэмжээ 1357.6 тн болж байгаа бөгөөд 1 тонн цементийг 152,000 төгрөгөөр тооцож үзвэл 206,356,720 төгрөгийн өглөгтэй гарч байгаа, үүнээс “МАК” ХХК-ийн бусад төсөлд авсан 1009 м3 бетон зуурмагийн үнэ болох 184,871,520 төгрөгийг хасаж тооцвол 21,485,200 төгрөгийн өглөгтэй, гэвч 2012.10.16-ны өдөр “Хөтөл тэлмэн” ХХК-д /нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд/ 30,375,000 төгрөгийг төлсөн тул төлөх төлбөргүй гээд 2014 оны тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэгч нь 13,636,220 төгрөгийг төлөх үүрэгтэй тул энэ үүргийг шаардана гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ. Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцсэн байна.

8. Хэрэгт байгаа баримтаар,  “МАК” ХХК нь “Лотте инженеринг” ХХК-тай барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээг , “Лотте инженеринг” ХХК нь “ББР” ХХК-иас бетон зуурмаг худалдан авах гэрээг тус тус байгуулсан, үүний тулд “МАК” ХХК нь “ББР” ХХК-д цемент нийлүүлэх, “ББР” ХХК нь бетон зуурмаг үйлдвэрлэж “Лотте инженеринг” ХХК-д нийлүүлэхдээ цементийн үнийг хасч төлбөрөө авах эрх, үүргийг харилцан хүлээжээ.

9. Нэхэмжлэгч нь 5,588.93 тонн цемент нийлүүлсэн, хариуцагч нь 10,843м3 зуурмагийг “Лотте инженеринг” ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримтыг зохигч маргаагүй байна. Харин дараах асуудлаар талууд маргасан.

9.1. Талууд бетон зуурмагт орсон цементийн хэмжээг маргаж, нэхэмжлэгч 1991.2 тн цемент илүү гарсан гэсэн бол хариуцагч нь 1357.6 тн цемент илүү гарсан гэж, нэхэмжлэгч нь өөрийн хамаарал бүхий этгээдийн хүлээн авсан бетон зуурмагийн хэмжээг 870м3 гэсэн бол хариуцагч 2012.09.29-ний өдөр орхигдуулсан 139м3 зуурмагийг нэмж тооцоод 1009 м3 гэж тус тус маргасан байна. Анхан шатны шүүх маргааны зүйл бүрээр хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.

Бетон зуурмаг хийхэд орсон цементийн орц найрлагаас хамаарч илүү гарсан цементийн хэмжээний талаар талууд зөрүүтэй тайлбар гаргасан, иймд нийлүүлсэн цементийн хэмжээг тогтооход зуурмагт орсон цементийн орц найрлагыг буюу хичнээн хэмжээний цемент орсон болохыг тогтоох нь маргааны зүйл болсон, ач холбогдол бүхий уг нөхцөл байдлыг тогтоогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Зохигч энэ талаар бүрэн мэтгэлцэж чадаагүй байна.

9.2.Түүнчлэн зохигч талууд 2017.09.27-ны өдрийн 04/1282 тоот, 2017.10.24-ний өдрийн 17/210 тоот албан бичгүүдээр харилцаж байсан баримтыг анхан шатны шүүх анхаараагүй, шаардах эрх хэзээ үүссэн, хөөн хэлэлцэх хугацааг тоолох талаар зохих дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,  82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин хариуцагч 21,485,200 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байсан гэх дүгнэлт оновчтой болоогүй боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Хариуцагч нь тооцооны хувьд ийм үлдэгдэл байгааг дурдаж, харин зарим төлбөр тооцоог орхигдуулсныг тооцож үзвэл төлөх төлбөргүй гэсэн тайлбар гаргасан байв.

10. Иймд маргааны ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0074 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 993,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД

                              ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Б.МӨНХТУЯА

                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ