Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/02337

 

 

2020 оны 08 сарын 19 өдөр                      Дугаар 102/ШШ2020/02337                      Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч:Г ХХХК нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Г.С.Д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 5 540 854 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Г нь Г.Стай 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ1905026573 тоот зээлийн гэрээгээр 2 500 000 төгрөгийг, жилийн 24.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн, гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч Г.С нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчиж байгаа бөгөөд үндсэн төлбөр 1 423 573 төгрөг, хүү 2 027 114 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368 173 төгрөг нийт 3 818 862 төгрөг байна. Мөн Г нь Г.Стай 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ1905025400 тоот зээлийн гэрээгээр 2 500 000 төгрөгийг, жилийн 24.0 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч Г.С гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Үндсэн зээлийн төлбөр 531 542 төгрөг, хүү 955 384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 235 065 төгрөг нийт 1 721 992 төгрөг байна. Иймд Г.С-лиас ЗГ1905026573 болон ЗГ1905025400 тоот зээлийн гэрээний үүрэгт 5 540 854.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч Г.С шүүхэд гаргасан тайлбартаа:Би Гны нэхэмжилсэн 5 540 854 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тус тус дууссан ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г нь Г.С-иас 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болон 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэж 5 540 854 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ зээлийн гэрээ нь 2 жилийн хугацаатай гэрээ байсан, 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дууссан, банк нь 2016 оны 3 сарын 07-ны өдрөөс хойш шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа 2019 оны 3 дугаар сарын 07-ны дотор байгаа. Энэ хугацаанд Гнаас шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн байна. Дараагийн зээлийн хугацаа 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дуусч байх бөгөөд мөн 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл Гнаас нэхэмжлэлээ 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар гэрээтэй холбоотой шаардах эрх 3 жил, 76.3-т Тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй холбогдсон шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг уг шаардлага зөрчигдсөн үеэс эхлэн тоолно гэж заасан. Үүрэг зөрчиж байгаа үеэс хугацаагаа тооцох ёстой. 77.1-т Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасан. Эдгээр хуулийн заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу зээлийн төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна. Хугацаа хэтрүүлсэн учраас үндсэн үүрэг, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн эрсдэлийн санд шилжээд зээлийн эрсдэлийн сангаас төлөгдөх ёстой. Зээлийн эрсдэлийн санд зээлийн мөнгөнөөс 1 хувийг суутгаж авсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа 250 000 төгрөгийг буцаан нэхэх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Үүргээ хүлээн зөвшөөрсөн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй, хугацаа дууссаны дараа Гнаас өөрт нь танилцуулаад гэрээ хэлцэл хийсэн бол хугацаа хэтэрсэн ч гэсэн үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Гэтэл өнөөдрийн байдлаар үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Шаардах эрхээ 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлээд хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Г ХХКомпани нь хариуцагч Г.Сд холбогдуулан ЗГ1905026573 болон ЗГ1905025400 тоот зээлийн гэрээний үүрэгт 5 540 854 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 

 

Г.С нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Г ХХКомпаниас 2 500 000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, жилийн 24.00 хувийн хүүтэй, мөн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2 500 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 24.00 хувийн хүүтэй тус тус зээлж авсан үйл баримтад талууд маргахгүй байна.

 

 

 

Зээлдэгч нь дээрх 2 зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2015 оны 01 дүгээр сараас хойш зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулгын баримтуудаар нотлогдож байна.

 

 

Иймд хариуцагчаас ЗГ1905026573 болон ЗГ1905025400 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1 955 116 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2 982 500 төгрөг нийт 4 937 615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зааснаар нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгчийн хариуцлага байх боловч хариуцагчийн ажиллаж байсан байгууллага нь тухайн үед цалингаа өгч чадахгүй байгаа тухайгаа Г ХХКомпанид мэдэгдэж байсан гэдгийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч нь одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Г ХХКомпанийн нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүүгийн 603 239 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан байна.

 

Хариуцагч Г.С нь нэхэмжлэгч байгууллагад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан хүсэлтдээ ЗГ1905026573, ЗГ1905025400 тоот зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулна гэжээ.

 

 Мөн дээрх зээлийн гэрээний үүргээс 2019 оны 7 дугаар сарын 03, 2019 оны 10 дугаар сарын 31, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдэд төлөлт хийж байсан болох нь хүү тооцооллын хүснэгт болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

 Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жил дууссан байна гэж үзэх боломжгүй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.12, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 заасныг баримтлан Г-С-с 4 937 615 /дөрвөн сая есөн зуун гучин долоон мянга зургаан зуун арван таван/ төгрөгийг гаргуулан Г ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 603 239 /зургаан зуун гурван мянга хоёр зуун гучин есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 604 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93 952 /ерэн гурван мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан Г ХХКомпанид олгосугай.

 

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН