Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 02076

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/02337 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Сд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 540 854 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь Г.Стай 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ1905026573 тоот зээлийн гэрээгээр 2 500 000 төгрөгийг, жилийн 24.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн, гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч Г.С нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчиж байгаа бөгөөд түүний төлбөр үндсэн зээл нь 1 423 573 төгрөг, хүү 2 027 114 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 368 173 төгрөг нийт 3 818 862 төгрөг байна. Мөн “Г” ХХК нь Г.Стай 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ1905025400 тоот зээлийн гэрээгээр 2 500 000 төгрөгийг, жилийн 24.0 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч Г.С гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Энэ зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 531 542 төгрөг, хүү 955 384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 235 065 төгрөг нийт 1 721 992 төгрөг байна. Иймд Г.Сонгуулиас ЗГ1905026573 болон ЗГ1905025400 тоот зээлийн гэрээний үүрэгт 5 540 854.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.С шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ 2 жилийн хугацаатай байсан, 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дууссан, банк нь 2016 оны 3 сарын 07-ны өдрөөс хойш шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа 2019 оны 3 дугаар сарын 07-ны дотор байгаа. Энэ хугацаанд “Г” ХХК-аас шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн байна. Дараагийн зээлийн хугацаа 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дуусч байх бөгөөд мөн 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл “Г” ХХК-аас нэхэмжлэлээ 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж байна. Иргэний хуулийн 75 , 76 дугаар зүйлийн 76.3, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт  тус тус заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу зээлийн төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна. Хугацаа хэтрүүлсэн учраас үндсэн үүрэг, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзэж байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн эрсдэлийн санд шилжээд зээлийн эрсдэлийн сангаас төлөгдөх ёстой. Зээлийн эрсдэлийн санд зээлийн мөнгөнөөс 1 хувийг суутгаж авсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа 250 000 төгрөгийг буцаан нэхэх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Үүргээ хүлээн зөвшөөрсөн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй, хугацаа дууссаны дараа “Г” ХХК-аас өөрт нь танилцуулаад гэрээ хэлцэл хийсэн бол хугацаа хэтэрсэн ч гэсэн үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Гэтэл өнөөдрийн байдлаар үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Шаардах эрхээ 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлээд хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 заасныг баримтлан Г.С 4 937 615 /дөрвөн сая есөн зуун гучин долоон мянга зургаан зуун арван таван/ төгрөгийг гаргуулан Г ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 603 239 /зургаан зуун гурван мянга хоёр зуун гучин есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 604 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93 952 /ерэн гурван мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан Г ХХКомпанид олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Г.С үлдэгдлийг төлнө гэж 2019 оны 4 дүгээр сард бичсэн байна. 2 зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Энэ нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл байсан атал энэ хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.  Шүүхэд хандсан гэдэг боловч энэ талаар нотлох баримт байхгүй. 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дууссан зээлд 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдр хүртэл үндсэн хүүг 955 384.72 төгрөг болтол тооцож буй нь үүрэг гүйцэтгэгчийн буруутай ажиллагаа болно. Энэ нь зээл нь зээлийн эрсдэлийн сангаас төлөгдсөн байхыг үгүйсгэхгүй юм. 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дууссан зээлийн үүргийг шүүхэд хандан шийдвэрлүүлэх хугацаа 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл үндсэн хүүг 2 027 114 төгрөг болтол тооцож буй үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлж буй байдал харагдаж байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байж байгаад 4 жилийн хүүг тооцож буй нь дээрх заалттай нийцнэ. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэсэн хуулийн зохицуулалтыг шүүх ер хэрэглэсэнгүй. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хариуцагчийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Г.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 540 854 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэл заан маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ1905025400 тоот зээл болон барьцааны гэрээгээр 2 500 000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, жилийн 24.00 хувийн хүүтэй, мөн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ1905026573 тоот зээл болон барьцааны гэрээгээр 2 500 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 24.00 хувийн хүүтэй мөнгө зээлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.6, 8/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгээр хийсэн байх бөгөөд талууд гарын үсэг зурсан, зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан заалттай нийцсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч Г.С нь нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гаргасан тооцоолол, зээл төлсөн дансны хуулга гэсэн баримтыг няцаан маргаагүй байна. /хх.22-30/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Г.С нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ1905025400 тоот зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр зээлийн хүүд 100 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 248 685.05 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үндсэн зээл 248 377.95 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ1905026573 тоот зээлийн гэрээний үүрэгт 7 дугаар сарын 03-ны өдөр зээлийн хүүд 100 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 248 685.05 төгрөгийг тус тус төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх.5, 12, 31/

Түүнчлэн, хариуцагч Г.С “Г” ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “...тодорхой шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийг хийлгүй удаасан, ахиу төлөлтөөр хэдэн сарын дотор хувааж барагдуулах хүсэлтэй” байгаагаа илэрхийлж байсан бичгийн баримт хэрэгт авагдсан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан сүүлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 3 жилийн дотор нэхэмжлэгч банкны зүгээс хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзнэ. Мөн хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 248 685.05 төгрөг төлж байсан үйл баримт тогтоогдсон тул гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нийцжээ.  

Анхан шатны шүүх хариуцагч Г.Сонгуулиас ЗГ1905026573 болон ЗГ1905025400 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 4 937 615 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 603 239 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн нэрийг “Ганбаатарын Согууль” гэж буруу бичсэнийг залруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.