Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/02400

 

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/02400

Улаанбаатар хот

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б И СӨХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Г.Г-д холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болон нотариатын зардлын 463 890  төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Б хариуцагч Р.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Г нь 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны Сууц Өмчлөгчдийн Холбоонд төлөх төлбөрийг төлөхгүй байна. Сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж заасны дагуу төлөх ёстой. Иймд 21 сарын төлбөр болох 463 890 төгрөгийг Р.Гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч БИ Сууц Өмчлөгчдийн Холбооны төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай СӨХ 2015 онд анх байгуулагдсан, байгуулагдахдаа оршин суугчдынхаа дунд хурал хийгээд үнэ тарифаа тогтоосон. Р.Г ганц ч удаа орж ирж санхүүгийн тайлантай танилцаж  байгаагүй, мөнгөө төл гэхээр төлдөггүй байсан. Би төлчхөөрэй гээд л явдаг байсан. Харуулын цалингийн 5000 төгрөгийг хасаад одоо СӨХ-ны төлбөрт 22090 төгрөг төлж байгаа. Р.Г СӨХ-ны төлбөрөө төлөхгүй биш ганц, хоёр сараар төлөөд яваад байдаг, 2018 оны 11, 12 сар, 2019 оны 01-12 сар, 2020 оны 01-4 сарын СӨХ-ны төлбөрийг төлөөлөөгүй байгаа нийт 397 620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Айл бүрээс 1 м.кв-ын төлбөрт 160 төгрөг, цэвэрлэгээний төлбөрт 5000 төг, лифтний төлбөрт 7000 төгрөг, хогны мөнгө 2500 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг авдаг. СӨХ-ны дээд зөвлөлөөс тогтоосон тарифын дагуу л мөнгөө авч байгаа. Р.Гынх 46.5 м.кв сард 7440 төгрөг төлдөг юм байна. Тэгээд нийт 22 090 төгрөг болж байгаа. 2015 оны 11, 12 дугаар сард харуул ажиллуулдаг байсан бөгөөд харуулын төлбөр гэж 5000 төгрөг авдаг байсан. Тэгээд л больсон, орон сууцны харуул гэж байсан. Одоо гараашийн харуул ажиллаж байгаа. Гараашийн харуулын цалинг гарааштай хүмүүсээс авч байгаа гэв.

Хариуцагч Р.Г шүүхэд гаргасан тайлбартаа:Сууц өмчлөгчдийн холбоо нь санхүү тайлангаа нийтэд тайлагнадаггүй, мэдээлэл хийдэггүй, үргүй зардал их гаргадаг, СӨХ-ны төлбөрийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж тогтоодоггүй, хэсэг бүлэг хүмүүс өөрсдөө дур мэдэн СӨХ-ны төлбөрийг тогтоосон. Оршин суугчдын эрх ашгийг хамгаалж дундын өмчийг хамгаалж хэвийн үйл ажиллагааг хангаж чаддаггүй. Нийт гишүүдийн хурлаар өмнө хийсэн болон ирэх онд хийх ажлын саналыг авч баталгаажуулаагүй тул нэхэмжилсэн мөнгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Р.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би одоо яг 400 000 төгрөг төлөөгүй яваад байгаа, яагаад гэхээр банкин дээр очихоор өмнөх сараасаа төлөгдөөд явдаг, 9 000 төгрөг болсон хурлын протокол, 22 090 төгрөг болсон хурлын протоколыг яагаад гаргаж өгөхгүй байгаа юм, байгаа гээд байгаа боловч хэрэгт өгөөгүй байгаа. Хамгийн гол нь 22 090 төгрөг, 28 000 төгрөг төлөх, 19 000 төгрөг төлөх 3 баримтын үнийг нь тогтоосон хурлын тэмдэглэлийг үзүүлээчээ, 11 сард нь 19 000 төгрөг байж байгаад 12 сард нь 22 090 төгрөг, 1 сард нь 28 000 төгрөг болсон. Би СӨХ-ны энэ зардлуудын талаар М.Бямбаа гуайтай уулзаж харуулын төлбөрийг төлөхгүй гээд 19 000 төгрөг болсон. Гол нь би энэ үнийг тогтоосон бүх гишүүдийн хурлын тэмдэглэл байгаа юу гэж яриад байна. М.Бямбаа гуай чи наад группээ устгачих би 400 000 төгрөгийг чинь тэглэчихье гэж байсан гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бидний Ирээдүй Сууц Өмчлөгчдийн Холбоо нь хариуцагч Р.Гаас холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон  зардлын 463 890 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Р.Г нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, тоотод байршилтай орон сууцны өмчлөгч байх бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны 375 530 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь төлбөрийн жагсаалт, мэдэгдлүүд  болон зохигчдын тайлбараар баримтаар нотлогдож байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох гэж заасан байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан байна.

Энэхүү дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчийн тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг гэж үзнэ.

Иймд Р.Гаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 375 530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, үлдсэн 88 360 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Р.Гаас 375 530 гурван зуун далан таван мянга таван зуун гучин/ төгрөгийг гаргуулан БИ Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 88 360 /наян найман мянга гурван зуун жаран/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  14 567 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Гаас 11 916 /арван нэгэн мянга есөн зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БИ Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН