Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 492

 

 

 

 

 

 

    2020             4            21                                           2020/ДШМ/492                                            

 

 

Б.Эад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Энхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Эад холбогдох эрүүгийн 1911029940004 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хадныхан овгийн Бямбадоогийн Б.Э, 1999 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ДХИС-ийн Эрх зүй-Нийгмийн ухааны ангийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байр, 31 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ТА99012245/;

Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 52 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Цэцэг төвийн урд замд, “Гуртын тавилан” ЗГБХН-ийн өмчлөлийн Тоёота королла спасио /Toyota corolla spacio/ маркийн 21-04 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота приус-30 /Toyota prius/ маркийн 57-62 УАЕ улсын дугаартай, Тоёота марк-2 /Тоуota mark-2/ маркийн 51-15 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, жолооч Г.Энхгэрэлийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Тоёота приус-30 /Toyota prius/ маркийн 57-62 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Энхгэрэлд нийт 2.120.000 төгрөгийн хохирол, Тоёота марк-2 /Тоуota mark-2/ маркийн 51-15 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч А.Нэргүйд нийт 119.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хадныхан овгийн Бямбадоогийн Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван сар/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Эад сануулж, Б.Э нь бусдын эд хөрөнгөнд учирсан хохиролд 1.569.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Г.Энхгэрэл нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл журмын дагуу иргэний хариуцагч Т.Дэлгэрээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Хохирогч Г.Энхгэрэл давж заалдах гомдолдоо: “...Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн/...”-ыг нарийвчлан тогтоож чадаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Тухайлбал: Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолд “...Яллагдагч Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 52 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Цэцэг төвийн урд замд ...” гэж тодорхойлсон байхад хохирогч Г.Энхгэрэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 50 минутын орчим ...” Иргэний нэхэмжлэгч Н.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед “... 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 50 минутын орчим”, гэрч Л.Зоригоо мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагийн орчим гэж тус тус мэдүүлэг өгсөн байдаг. Дээрх байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоож чадаагүй, дээрх нөхцөл байдлыг прокурор, шүүхийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээний хэргийг хянан үзэж алдааг залруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн алдаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...Гэмт хэргийг хэн үйлдсэн...” гэх нөхцөл байдлыг гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал гэж тодорхойлсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Энхгэрэл болон Н.Нямсүрэн нарт яллагдагч Б.Эын гэм буруутай үйлдлээс шалтгаалж хор уршиг учирсан болохыг тогтоож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх нь хэсэгт “...Шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгөнд учирсан хохиролд 1.569.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, иргэний хариуцагч Т.Дэлгэр нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцах үүрэг хүлээнэ...” гэж заасан байгаа нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх Эрүүгийн хуулийн үндсэн зарчмыг алдагдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн зөрчил болно. Зүй нь хохирогч Г.Энхгэрэлийн зүгээс цаашид гарах эмчилгээ, үзлэгийн бодит зардлыг шүүгдэгч Б.Эаас нэхэмжлэх хууль зүйн үр дагавартай болохоос осол хэрэгт ямар ч хамааралгүй “...иргэний хариуцагч Т.Дэлгэр ...” гэх хүнээс хохирол төлбөр шаардах эрхгүй юм.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Энхгэрэлийн бие махбодид учирсан хохирлын шинж байдлыг үнэн зөв тогтоож чадсан эсэх нь эргэлзээтэй. Тодруулбал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Энхгэрэлийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13727 дугаартай актын дүгнэлтээр “...Г.Энхгэрэлийн биед хүзүүний 6, 7 дугаар нугаламын жийргэвч мөгөөрсний урагдал гэмтэл тогтоогдлоо, ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, ... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэж дүгнэсэн.

Дээрх гэмтлийн зэргийг тогтоох явцад хийсэн гэрэл зургийн болон бусад үзлэгийн үр дагаварууд нь хохирогч Г.Энхгэрэлийн биед бодитой учирсан байгаа гэмтэл, шинж тэмдэглэлүүдийг бүрэн гүйцэд, нарийвчлалтай оношилж илрүүлж тогтоож чадаагүй гэж үзэж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд биеийн байдал улам бүр муудаж гэмтлээс үүдэлтэй нуруу нугас, тархи мэдрэлийн төрлийн өвдөлт зовиур улам бүр нэмэгдэж байна. Энэ байдлаараа хохирогч Г.Энхгэрэлийн бие махбодид учирсан гэмтлийн зэрэг буруу тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоож чадаагүй болохыг нотлон харуулна.

Нөгөө талаас гэмтлийн зэргийг бодитой тогтоож чадаагүй нөхцөл байдал нь гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт тохирох Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлчлэлийн хэм хэмжээнд нөлөөлөх, гэм буруутай этгээдээс ял завших гэх мэт илтэд хууль бус үр дагаваруудыг шууд үүсгэж болзошгүй юм.

Иймд гомдол дурдсан нөхцөл байдлуудад дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Н.Уранбайгаль шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрыг тогтоосон байдал хавтас хэргийн 11 дүгээр талд тусгагдсан байдаг. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 52 минутад Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад Жанчивравдан тухайн дуудлагыг авч 19 цаг 02 минутад үзлэг хийсэн нь дүгнэлт хэлбэрээр үйлдсэн нь тэмдэглэгдсэн байдаг /хх 16/. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 52 минутад хэрэг гарсан болох нь зам тээврийн ослын хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослыг тогтоосон байдал зэргээр тогтоогдсон. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг хэзээ, хэдэн цагт, хаана гарсныг тогтоосон нь хууль үндэслэлтэй бичигдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдаанд оролцогч нар “19 цагийн орчим”, “18 цаг 50 минутын орчим” гэж тус тус мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан үзлэг, бусад баримтаар 18 цаг 52 минутад тухайн хэрэг гарсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн шүүгдэгч Б.Эын жолоодож явсанТоёота королла спасио /Toyota corolla spacio/ маркийн 21-04 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Гуртын тавилан” ЗГБХН-ийн өмчлөлд байх боловч тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэний хариуцагч Т.Дэлгэр юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар Т.Дэлгэр нь уг тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд байлгаж байсан, Б.Эад тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, ашиглах, жолоодох эрхийг олгосон байх тул тээврийн хэрэгсэл ашиглалтын улмаас бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Тодруулбал, хохирогч Г.Энхгэрэл давж заалдах гомдолдоо огт хамааралгүй хүнээс хохирол гаргуулахаар заасан байна. Би Б.Эаас цаашид гарах хохирлоо нэхэмжлэх ёстой байсан гэж дурдсан. Гэтэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Дэлгэрээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Т.Дэлгэрийг гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах үүрэг хүлээнэ гэж шийтгэх тогтоолд дурдан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч анхан шатны шүүх хуралдааны үед болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын баримтыг гаргаж өгөөгүй. Шүүгдэгч Б.Эрдэнсувдын зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 1.569.000 төгрөг төлсөн. Гэвч шүүх хохирогчийн хүзүүний гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэрэг гарсны дараа хохирогч Г.Энхгэрэл 5 хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба 15727 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хүзүүний 6, 7 дугаар нугаламд мөгөөрсний хугарал гэмтэл тогтоогдлоо. Хүзүүний гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн гэмтэл байна” гэж тогтоогдсон. Эрүүл мэндийн байдлаас гадна нугас гэмтэлтэй, биеийн байдал сайжраагүй гэж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд нугастай холбоотой асуудал огт яригдаж байгаагүй. Хүзүү, нүүрний гэмтлийн талаар яригдаж байсан. Иймд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хууль зүйн гарсан үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 52 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Цэцэг төвийн урд замд, “Гуртын тавилан” ЗГБХН-ийн өмчлөлийн Тоёота королла спасио /Toyota corolla spacio/ маркийн 21-04 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота приус-30 /Toyota prius/ маркийн 57-62 УАЕ улсын дугаартай, Тоёота марк-2 /Тоуota mark-2/ маркийн 51-15 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, жолооч Г.Энхгэрэлийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Тоёота приус-30 /Toyota prius/ маркийн 57-62 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Энхгэрэлд нийт 2.120.000 төгрөгийн хохирол, Тоёота марк-2 /Тоуota mark-2/ маркийн 51-15 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч А.Нэргүйд нийт 119.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Энхгэрэлийн “...Цэцэг төвийн урд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд ногоон гэрэл дохио асахыг хүлээгээд зогсож байтал араас маш хүчтэй машин мөргөсөн. ...Тэр үед уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч ирсэн. Тэгээд хэргийн газарт үзлэг хэмжилт хийсэн. ...гэмтлийн хүндэвтэр зэргийн дүгнэлт гарсан. ...ослын улмаас миний жолоодон явсан автомашины хойд буфер хагарсан, хойд багаж чихэгдэж, багажны хаалга эвдэрсэн, хойд хоёр их гэрэл хагарсан, урд буфер бага зэрэг будаг нь халцарсан байна. ...” /хх 20-21/,

иргэний нэхэмжлэгч Н.Нямсүрэнгийн “...Цэцэг төвийн уулзварын зүүн талын замд гэрэл дохион дээр зорчих эгнээний 3 дугаар эгнээнд гэрэл хүлээгээд зогсож байтал ард аймаар чимээ гарсан би араас мөргөх вий гэж бодтол араас Т.Приус маркын 57-62 УАЕ улсын дугаартай автомашин мөргөсөн. Ослын дараа харахад Т.Приус маркын автомашиныг Т.Королла маркын 21-04 УБД улсын дугаартай автомашин мөргөж мөргөлтийн улмаас миний жолоодон явсан автомашины араас мөргөсөн байсан. ...байгалийн гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар таатай байсан. ...” /хх 25-26/,

гэрч Л.Зоригоогийн “..Тэр үед жолооч Б.Э зогсох гэж тоормоз гишгэх үедээ андуурч хаазан дээрээ гишгэж урдаа зогсож байсан Тоёота Приус-30 маркийн 57-62 УАЕ улсын дугаартай автомашиныг мөргөсөн. Тоёота приус 30 маркын автомашин нь урдаа зогсож байсан Т.Марк 2 маркийн 51-15 УБС улсын дугаартай автомашины араас нь мөргөсөн. ...” /хх 30-31/,

Шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн        “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 77-78/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Энхгэрэлийн биед хүзүүний 6, 7-р нугалмын жийргэвч мөгөөрсний урагдал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 36-37/ гэх дүгнэлт,

Мөрдөгчийн 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 12 дугаартай магадлагаа /хх 82/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-13/, “Вендо” ХХК, Ухаа шүрт консалтингийн автомашин техникийн үнэлгээний тайлангууд /хх 56-57, 67-68/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Эын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимыг үндэслэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Хохирогч Г.Энхгэрэлийн “...гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоож чадаагүй, ...бие махбодид учирсан хохирлын шинж байдлыг үнэн зөв тогтоож чадсан эсэх нь эргэлзээтэй. ... хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/, хохирогч Г.Энхгэрэл /хх 18, 20/, хохирогч Н.Нямсүрэн /хх 26/, гэрч Л.Зоригоо /хх 30/, яллагдагч Б.Э /хх 80/ нарын мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа /хх 82/ зэрэгт зам тээврийн осол болсон цагийг “12 цагийн орчим” гэсэн байна.

Энэ нь Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлд “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг, 52 минут...” /хх 9/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Үзлэгийг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 52 минутанд эхлүүлж, ...” /хх 10/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдалд “...18 цаг 52 минутад дуудлага авч, 19 цаг 02 минутанд үзлэг хийхэд уг осол мөргөлдөх хэлбэрээр гарчээ. ...” /хх 11/, бичиг баримт хураан авах тогтоолд “...18 цаг 52 минут...” /хх 14/, яллагдагч Б.Эын өгсөн мэдүүлэгт “...18 цаг 52 минут...” гэсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ.

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотлодог юм.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодиттой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хооронд нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Анхан шатны шүүхээс хэргийн оролцогч нарын тайлбар, дүгнэлт, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг тодруулж, шүүгдэгч Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 52 минутын үед зам тээврийн осол гарсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан баримтуудад зам тээврийн осол болсон цаг хугацаа зөрүүтэй байгаа нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй, энэ нь хохирогч, шүүгдэгч  нарын эрх зүйн байдал дордуулахгүй, хэргийн оролцогч нарын хэн алины хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлд нөлөөлөхгүй.

Харин анхан шатны шүүх хохирогч Г.Энхгэрэл иргэний хариуцагч Т.Дэлгэрээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэж заажээ.

Аливаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид иргэний журмаар нэхэмжлэл гаргах, хэнийг хариуцагчаар татах нь тухайн хохирогчийн эрх тул шийтгэх тогтоолд хохирол хариуцвал зохих этгээдийг нэр заан тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй.

Хохирогч Г.Энхгэрэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцуулахад /хх 41, 109/ тэрээр шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүхээс хохирогч Г.Энхгэрэлийн давж заалдах гомдолд дурьдсан “...бие махбодид учирсан хохирлын шинж байдлыг үнэн зөв тогтоож чадсан эсэх нь эргэлзээтэй...” гэснийг үндэслэлтэй, үнэн зөв гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.

Иймээс давж заалдах шатны шүүхээс бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүнд хууль зүйн дүгнэлт хийхэд хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан тул дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй.

            Иймд хохирогч Г.Энхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоос “...Иргэний хариуцагч Т.Дэлгэр гэх хүнээс хохирол төлбөр шаардах эрхгүй. ...” гэснийг хүлээн авч, бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...хохирогч Г.Энхгэрэл нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл журмын дагуу үүрэг бүхий этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Хохирогч Г.Энхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоос “...Иргэний хариуцагч Т.Дэлгэр гэх хүнээс хохирол төлбөр шаардах эрхгүй.” гэснийг хүлээн авч, бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ