Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01253

 

                                                 ****ын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2020/00932 дугаар шийдвэр, 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2020/00083 дугаар магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

****ад холбогдох 

Ажлын хөлс, материалын үнэ 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****ад холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол болох ажлын хөлс, материалын үнэ 3,600,000 гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2020/00932 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д тус тус заасныг баримтлан ****аас ажлын хөлс 3,600,000 төгрөгийг гаргуулан ****д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан ****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,550 төгрөгийг улсын орлого болгож, ****аас 72,550 төгрөгийг гаргуулан ****д олгохоор шийдвэрлэжээ. 

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2020/00083 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2020/00932 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх ****ын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр бүхэлдээ хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн заалтуудыг өөр өөр байдлаар тайлбарлаж, хоёр янзаар шийдвэрлэж байгаагаас гадна хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, миний эрх ашгийг хөндсөн хууль бус шийдвэр гаргасан. Хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэрт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулан хуулийн заалтыг зөв хэрэглэсэн боловч, тухайн хуулийн заалтыг буруу хэрэглэж нэхэмжлэлийн дүнд өөрчлөлт оруулахгүйгээр буруу шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 зүйлийн 227.1-д заасны дагуу 3,600,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх боломжгүй. Учир нь хөлсөөр ажиллах гэрээний үнэ гэж анхан шатны шүүх миний бичсэн баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж байсан боловч энэ нь хөлсөөр ажиллах гэрээний маргаан биш байсан. Худалдсан эд зүйлийг буцаахтай холбоотой хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхийн тулд хохирлын хэмжээг зөв тогтоох ёстой. Үүнийг нотолсон баримтыг талуудаас гаргаж өгөөгүй байхад хийсвэрээр 3,600,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлыг тогтоосон ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад хэрэгт давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаагүй нь хууль бус болсон. Анхан шатны шүүхээс надад хэргийг танилцуулаагүй. Монгол хэл бичиг үсэг мэддэггүй надад хэрэгт ямар нотлох баримт цугларсныг мэдэгдэхгүйгээр хуралдаан хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч хэлэлцэхгүй орхисон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 3,600,000 төгрөг гаргуулсан хэсгийг 2,000,000 төгрөг болгон өөрчилж өгнө үү. 1,600,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хуулийг янз бүрээр тайлбарлан хэрэглэж миний эрх ашгийг зөрчсөн явдлыг залруулан хэргийг зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулжээ. 

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ. Тодруулбал: 

8. **** нь ****ад холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол болох ажлын хөлс, материалын үнэ 3,600,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 1,600,000 төгрөгийг төлөхгүй гэсэн тайлбар гарган мэтгэлцжээ. 

9. Хоёр шатны шүүхээс **** нь 2020.04.15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хар-Уул гэх газарт байршилтай, өвөлжөө, хашаа хороог худалдан авахаар ****тай харилцан тохиролцож, хариуцагч уг эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаар хийсэн дүгнэлт зохигчийн тайлбарт үндэслэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

10. Аливаа гэрээг талууд амаар байгуулсан тохиолдолд шүүхээс Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 198 дугаар зүйлийн 198.1-д тус тус зааснаар хүсэл зоригийн бүрдэл, түүний илэрхийлэл, үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар шүүхээс талуудын хүсэл зоригийг тайлбарлаж, гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийнэ. 

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

11. Байгуулсан гэрээгээ  цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд  гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн гэж үзэх, энэ нь хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ.  

**** нь ****д засвар хийхэд зарцуулсан зардал 3,600,000 төгрөгийг 2020.07.01-ний өдөр хүртэл хугацаанд төлөхийг зөвшөөрч, гарын үсгээ зурсан баримтыг шүүхээс үнэлж, хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. 

12. Хариуцагч **** “... **** чиний өвөлжөөг худалдаж авч чадахгүй юм байна, би нэг хүнд байшин зарахаар болсон чинь зарж чадаагүй, мөн хүүхдээ сургуульд явуулахаар болсон гэж хэлээд, ярьж тохирсон зүйлээсээ татгалзсан...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч уг тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй байна. Энэ талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

13. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, ****аас 3,600,000 төгрөгийг гаргуулан ****д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, ...шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй”, мөн зүйлийн 7.3-т “Шүүх энэ хуулийн 7.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй” гэж зохицуулан заасан. 

Хэрэгт авагдсан ****ын шүүхэд гаргасан тайлбар, анхан шатны шүүхээс хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг болон хэргийн материалтай танилцуулсан баримт зэргээс үзвэл хариуцагч монгол хэл, бичиг мэдэхгүй, шүүх дээрх хуулийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй тул хариуцагчийн энэ талаар хяналтын журмаар гаргасан гомдол хангагдахгүй. 

Үүнээс гадна **** гомдолдоо монгол хэл, бичиг мэдэхгүй талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч хэлэлцэхгүй орхисон гэж дурдсан байх боловч түүний давж заалдах гомдолд уг байдал тусгагдаагүй байна.

15. Хариуцагч ****ын “...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 3,600,000 төгрөг гаргуулсан хэсгийг 2,000,000 төгрөг болгох...” гэсэн утга агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 9-13 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. 

16. Давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2020/00083 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч ****ын гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаасхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД 

                                    ШҮҮГЧИД                                          Н.БАЯРМАА 

 Б.МӨНХТУЯА 

 П.ЗОЛЗАЯА 

             С.СОЁМБО-ЭРДЭНЭ